| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2025/00122/И |
| Дугаар | 210/МА2025/00771 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00771
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03528 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Гэм хорын хохиролд 9,565,258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 9,565,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ус алдаж, манай байранд их хэмжээний хохирол учирсан тул үнэлгээний компанийн тогтоосон 9,024,258 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 541,000 төгрөг, нийт 9,565,258 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь уг байрны өмчлөгч нь би биш, ус алдсан паарны спон ком дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
3.Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1.Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* байрны ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчилдөг, ******* тоот орон сууцыг хариуцагч ******* эзэмшдэг байна.
3.2.ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/34 тоот албан бичигт 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* тоот ус алдсан дуудлагаар тухайн айлд үзлэг хийхэд жижиг өрөөний халаах хэрэгслийн холболт цоорч 41 тоот айл руу ус алдсан байсан, 45 тоотод материал захиж усны алдагдал зогсоож халаах хэрэгслийн холболтыг засварлан ажилласан талаар тодорхойлж, шуурхай үйлчилгээний тэмдэглэл, ажлын явцыг бэхжүүлсэн зургуудыг хавсралтаар шүүхэд ирүүлжээ.
Мөн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтэд Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны ******* байрны ****** тоот сууцанд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр паарны спон комоос ус алдсан, 41 тоот сууцны жижиг өрөө, коридорын тааз, ханын обой, эмульс, замаска, шохой хуурсан, жижиг өрөө, коридорын шал бөмбийж норсон гэмтсэн болохыг тогтоожээ.
3.3.*******ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланд 41 тоот орон сууцны хана, тааз хусаж цэвэрлэх, замаска татах, зүлгүүр хийх, обой наах, эмульс хийх, паркетан шал хуулах, шахах, мөн хаалганы кроп суурилуулах, хог хаягдал цэвэрлэх ажлын хөлсөнд 2,765,000 төгрөг, паркетан шал, түүний дэвсгэр, обой, цавуу, замаск, эмульс, туслах материал, хаалганы кроп, хувцасны шкафны зардалд 6,159,258 төгрөг, тээврийн зардалд 100,000 төгрөг, нийт 9,024,258 төгрөг зарцуулахаар тооцжээ. Тус үнэлгээний байгууллага нь хохирлыг тогтоохдоо тухайн орон сууцанд үзлэг хийсэн байх ба унтлагын өрөөний хана, тааз, коридорын тааз халтартаж, обой хууларч, паркетан шал хөөж дэвтэж, унтлагын өрөөний шкафны хаалга, шургуулга хөөж, хуулга ирмэг хөндиийрч, тавцан тавиурууд хөөж арзайж, өрөөний хаалганы кроп дэвтэж хөөж гажсан болохыг тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч уг үнэлгээний зардалд 541,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан.
3.4.Хариуцагч нь ус алдсан паарны спон ком дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарна гэж маргасан байх ба сууцны дотор байрлаж буй халаах хэрэгсэл нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасантай нийцсэн байна.
3.5.Дээрх баримтуудаар хариуцагчийн эзэмшиж буй орон сууцны паарны спон комоос ус алдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны унтлагын өрөө, коридорын тааз, хана хэсэгт обой, эмульс, замаска, шохой хуурсан, эдгээр өрөө болон том өрөө, гал тогооны хэсгийн паркетан шал хөөсөн, шкаф, хаалганы кроп хөөж, гажсан, мөн тус хохирлыг арилгахад 9,024,258 төгрөг шаардлагатай болох нь тогтоогдсон байна.
4.Эрчим хүчний хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй ба хариуцагч уг үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан гэж дүгнэх үндэслэлтэй.
5.Нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан нь хариуцагчийн дээрх хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой, түүнчлэн хохирол учрахаас өмнөх байдалд сэргээх буюу сууц, тавилга, эд хогшилд засвар хийхэд шаардлагатай зардлын хэмжээ 9,024,258 төгрөг төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, мөн нэхэмжлэгч хохирлын хэмжээг тогтоолгоход 541,000 төгрөгийн зардал гаргасан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9,565,258 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульд заасан боловч хэргийн баримтаар хариуцагч буруугүй гэх байдал тогтоогдоогүй байна.
6.Хариуцагчийн давж заалдах гомдолд миний бие дулааны шугам болон халуун хүйтэн ус зэргийн ашиглалт, хамгаалалт, засварыг ХҮТ 15-д даатгаж, үүнийхээ төлбөрийг ч мөн цаг тухайд нь төлж явдаг ... хэрэг маргааны хариуцагч биш гэж дурдсан байх боловч Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотой асуудал тус маргаанд хамааралгүй болно.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ХХК-ийн үнэлгээний тайланг маргаж нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/03528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 168,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА