Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 88

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                           А.Энхтуяа               

      Нарийн бичгийн даргаар                         Б.Түвшинтуул нар оролцов.

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранхүүгийн Болдод холбогдох 1902000780106 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар баг Бороогийн задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт  Наранхүүгийн Болд /РД:МЗ91062418/,         

 Шүүгдэгч Н.Болд нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” нэртэй газраас 4 метрийн урттай 15 ширхэг нарс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                      Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Н.Болдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө хөрөөчин Баасанжав, ачигчаар Ууганбаяр, Ганбилэг, Энхтулга нарын хамтаар мод бэлтгэхээр Ерөө сумын нутаг дэвсгэрт байрладаг “Цонхлон” гэх газар луу “Баянсуудал шүтээн” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбай руу мод бэлтгэхээр явсан. Бид нар “Цонхлон” гэх газар луу явж байгаад “Харганат” гэдэг газар луу андууран очиж мод бэлтгэсэн. 15 орчим тооны мод бэлтгээд уг моднуудаа 4 метрийн урттайгаар тайраад Зил 131 маркийн 73-98 СЭҮ улсын дугаартай машин дээр модоо ачаад хойноосоо 38-98 ОЧ улсын дугаартай чиргүүлийг хоосноор нь чирээд уулнаас буусан. Уулнаас бууж байгаад цагдаагийн алба хаагч нартай тааралдаж баригдсан юм. Надад “Баянсуудал шүтээн” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй ээ компанийн захирал Эрдэнэсүх ахтай уулзаж мод бэлтгэж өгөхөөр болоод Ерөө сумын “Цонхлон” гэх газар мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг хийлгүүлж аваад явсан юм. Би экологи эдийн засгийн үнэлгээ буюу шууд гарсан 1.682.500 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын торгууль хийх ёстой дансанд хийсэн. Би хохирлыг гурав дахин нэмэгдүүлж төлөх ёстой талаар мэдээгүй байсан одоо үлдсэн мөнгийг яаралтай хийх болно. Би гэм буруугийн хувьд маргахгүй, учруулсан хохирлоо бүрэн барагдуулах болно миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 226-р ху/,

2.Шүүгдэгч Н.Болд нь шүүх хуралдаанд өгсөн: О.Эрдэнэбаяр гэх хүний Зил 131 маркийн машиныг 1 сарын сүүлээр гуйж авсан. Цагаан сар болох гэж байсан болохоор таньдаг хүнээ дагаад модонд явсан. Машины дугуй хагараад дугуйгаа янзалж байх хугацаанд нөгөө машин яваад өгсөн. Шөнө байсан болохоор уулын ам андуурч ороод буруу газраас мод бэлтгэсэн байсан. Тэгээд мод бэлтгэж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирсний дараа буруу газарт орж мод бэлтгэсэн гэдгээ мэдсэн. Надад Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уул нь Компаниас мод бэлтгэх зөвшөөрөл авч явсан боловч  мод бэлтгэх уулын амаа андуурч ороод буруу газраас мод бэлтгэсэн. Байгаль экологид учруулсан хохиролд 5.047.500 төгрөг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө барагдуулсан байгаа. Хүний машиныг улсын орлого болохгүй хүнд нь эргүүлэн өгөх хүсэлтэй байна.  гэх мэдүүлэг,

3. Хохирогч Э.Одгаравын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Сэлэнгэ аймгийн ИТХ-аас ой бүхий сумдад тухайн жилд нь модны нөөцөд тулгуурлан модны хуваарь хийдэг, түүнийх нь дагуу манай сумын ИТХ-ын мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд бэлтгэх модны хэмжээ төрлийг хувиарладаг. Ерөө бүсийн сум дундын ойн анги мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн менежмент төлөвлөгөө бүхий хүсэлтийг үндэслэн сумын ИТХТ-н хуралдаанд оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг. Сумын ИТХТ-н хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй Ерөө бүсийн сум дундын ойн анги гэрээ байгуулж, тусгаарласан талбайг зааж өгч тэрхүү газраасаа мод бэлтгүүлдэг, энэхүү үйл ажиллагаанд нь байгаль хамгаалагч хяналт тавина. Иргэн Н.Болд нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ, мэргэжпийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Хэрэв хохиролоо төлж барагдуулчих юм бол гомдол санал байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан тул дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Н.Болд гэгч нь гэм буруутай үйлдлээ ухааран хохирлын мөнгө болох 1.682.640 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга зургаан зуун дөч/-н төгрөгийг манай төрийн сан дахь татварын бус орлого төвлөрүүлэх 100130200914 тоот дансанд тушаасан байгаа тул ямар нэг гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р ху/,

4. Гэрч Г.Эрдэнэсүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Цонхлон”, “Хархошуу" гэх газруудад тусгаарласан талбайд ойгоос үндсэн ашиглалтын нарс, шинс төрлийн нойтон мод бэлтгэх зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын тамгын газраас авсан. Мандал сумын төв дээр байдаг ЗИЛ-131 маркийн машинтай хүмүүстэй гэрээ байгуулж “Цонхлон”, “Хархошуу” гэх газарт байх өөрийн тусгаарласан талбайгаас мод бэлтгүүлэн авчруулж зүсэж банз, палк болгоод зарж борлуулдаг. Би өөр газраас мод бэлтгүүлж байгаагүй. Ер нь бол манай компани 2012 онд байгуулагдаж 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхлээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Майн зоо” гэдэг газарт арчилгаа цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллаа явуулж байгаад 2015 оноос үндсэн ашиглалтын зөвшөөрөл авч Ерөө сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх тусгаарласан талбайтай болсон. Н.Болд гэдэг хүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүн байгаа юм аа. Энэ хүн урьд нь надтай гэрээ байгуулж байгаагүй. Би энэ хүнээр урьд нь мод бэлтгүүлэхээр явуулж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сард Н.Болдыг гэрээт ажилтанаар авч мод бэлтгүүлэх гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр модонд явуулсан чинь манай тусгаарлаж авсан талбайн хажуу талынхан буруу амруу ороод мод бэлтгэчихсэн байсан талаар сүүлд надад хэлсэн. Би модонд явах үед нь тусгаарласан талбайгаа зааж өгсөн боловч андуураад хажуу талынхан амруу орчихсон байсан. Би Н.Болдтой гэрээ байгуулж мод бэлтгэх тусгаарласан талбайг зааж өгсөн. Энэ хүний мод бэлтгэж байсан газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газар. Тэр газар нь манай компаний тусгаарласан талбайтай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Цонхлон” гэх газрын хажуу талын зэргэлдээ аманд байдаг болохоор андуурсан байх аа. Би Н.Болдод 20191101 гэсэн дугаартай мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрлийн бичиг өгсөн. Манай компани мод бэлтгэсэн тусгай зөвшөөрлийг Ерөө сумын ойн ангиас авсан. Бас тэндээс мод тээвэрлэх хяналтын хуудсыг авдаг. Манай компани Ерөө сумын “Цонхлон”, “Хархошуу” гэх газруудаас 750 м3 хэмжээний хуурай, нойтон нарс, шинс төрлийн мод бэлтгэх зөвшөөрөлтэй. Би урьд нь тусгаарласан талбайгаас өөр талбайд мод бэлтгүүлж байгаагүй. Урьд нь андуурч тусгаарласан талбайгаас өөр газраас мод бэлтгэж байсан асуудал гарч байгаагүй. Би анх талбай тусгаарлуулж авах үед очиж үздэг тэрнээс биш мод бэлтгэх үед хамт явдаггүй. Манай компани Н.Болдтой хамтран ажиллах гэрээг албан ёсоор байгуулсан. Н.Болд өөрийн гэсэн машин байхгүй. Мандал сумын иргэн О.Эрдэнэбаярын машиныг гуйж аваад мод бэлтгэдэг юм. Манай компанид урьд нь мод бэлтгэж авчирж өгч байгаагүй. Анх удаа л яваад ийм асуудал болсон байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р ху/,

5. Гэрч Д.Баасанжавын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би жолооч Болдыг таньдаг юм. Жолооч Болд надаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “модонд явах уу” гэж асуухаар нь би “тэгье” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө 04 цагт жолооч Болдын машинтай нь ойгоос мод бэлтгэхээр явсан. Явахдаа Болд өөрөө ЗИЛ-131 загвартай машинаа жолоодоод би хөрөөчнөөр, туслах ажилчнаар Ганбилэг, Энхтулга, Ууганбаяр гэдэг нэртэй гурван залууг аваад нэг машинтай явсан. Замдаа Даваажаргал гэдэг ЗИЛ-131 загвартай авто машинтай залуутай таарч хамт 2 машинтайгаар цааш явцгаасан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ууланд очиж “Харганат” гэдэг уулын ам руу орж мод бэлтгэхээр болсон. Уулын ам руу өгсөж явж байгаад голын халиу усанд сууж арай хийж гарсан, Даваажаргал нь машиныхаа бөгсийг эвдсэн. Даваажаргалын машин эвдэрчихээр нь Даваажаргал, Болд хоёр сэлбэг авч ирэхээр явган явсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зүүнхараагаас Бат-Орших гэдэг ахын ЗИЛ-131 машинтай нь сэлбэг аваад ирсэн. Сэлбэгээ авч ирээд машинаа зассан боловч Даваажаргалын машин болж өгөхгүй байсан учраас дахиж нэг хоносон. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр босоод машинд модоо ачаад байж байтал цагдаа нар ирж шалгаад Болдын машин, Бат-Оршихын машин хоёрыг Зүүнхараагийн журмын хашаанд хийсэн. Даваажаргал машин эвдэрсэн учраас ууланд орхисон. Эрдэнээ захиралтай “Баянсуудал шүтээн” ХХК-ний модыг бэлтгэхээр явсан юм. Болдод ойгоос мод бэлтгэх хяналтын хуудас байсан. Ялбагт байрлалтай Байгаль орчны хяналтын постонд нэлээд удаан зогссон шүү дээ хяналтын хуудсаа бүртгүүлсэн байхаа. Бид нар ургаа, нойтон нарс мод хөрөөдөж бэлтэсэн. Би 11 билүү, 12 ширхэг билүү ургаа мод хөрөөдөж унагааж тайрсан. Би жолооч Болдтой 2018 оны 11 дүгээр сард хоёр удаа л модонд явсан, 2019 он гарсаар хамт модонд яваагүй байж байгаад анх удаа л явж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49–р ху/,

6. Насанд хүрээгүй гэрч Г.Ганбилэгийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай сургуулийн хичээлийн амралт эхэлчихсэн байгаа, Цагаан сар болох гэж байгаа учраас мөнгө хэрэг болоод би ЗИЛ-131 машинтай ууланд мод бэлтгэхэд туслах ажилтнаар явах болсон юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө 04 цагт Болд ахын ЗИЛ-131 машинтай уул руу модонд явсан. Явахдаа Болд ах өөрөө машинаа жолоодоод хөрөөчнөөр Баасанжав ах, туслах ажилчнаар Ууганбаяр ах, Энхтулга, бид гурав, нийт тавуулаа хамт нэг машинд сууж явсан. Замдаа Даваажаргал гэдэг хүний ЗИЛ-131 машинтай таарч хамт уул руу явж очсон. Ууланд очоод голын усны халиа усанд сууж Даваажаргал гэдэг хүний ЗИЛ- 131 машины бөгс нь эвдэрсэн. Хамт ууланд очсон болохоороо Даваажаргал ахын машиныг засч янзалж дуусахыг хүлээгээд хоёр хоносон. Ууланд байхад Даваажаргал ах, Болд ах хоёр Мандал сум руу сэлбэг авч ирэхээр явган явцгаасан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ууланд модоо ачаад байж байтал цагдаа нар ирж шалгаад бид нарын машиныг Мандал суманд авч ирж саатуулсан. Би жолооч Болдтой анх удаа л модонд явж байна, компаний модонд явж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Бид нар ууланд ургаа, нойтон нарс мод хөрөөдөн унагааж 4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн. Бид нар арав гаран ургаа мод унагаасан, яг тоолж үзээгүй.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51–р ху/,

7. Гэрч Э.Энхтулгын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Төв аймгийн Сэргэлэн сум дахь Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад 1 жилийн хугацаатай цэргийн алба хааж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэртээ ирсэн. Цэргийн албанаас ирээд хийх ажилгүй гэртээ байж байхад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЗИЛ-131 машинтай жолооч Болдоо ах утасдаж “Чи надтай хамт модонд явах уу” гэж асуухаар нь би Цагаан сар болох гэж байгаа юм чинь хэдэн төгрөг олъё гэж бодоод “тэгье” гэж хэлсэн. Тэгээд жолооч Болдоо ах 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө 04 цагт гэрээс ирж намайг авсан. Болдоо ах ЗИЛ-131 загвартай машинаа жолоодоод хөрөөчнөөр Баасанжав ах, туслах ажилтнаар Ганбилэг, Ууганбаяр ах бид гурав явж, нийт тавуулаа уул руу явсан. Уул руу явахад манай машинаас гадна Даваажаргал гэдэг хүний ЗИЛ-131 машин, нийт хоёр машинтай явсан. Шенөжин явсаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний еглөө ууланд очсон. Ууланд очоод ургаа, нойтон, нарс мод хөрөөдөж унагаагаад 4 метрийн урттайгаар бэлтгэсэн. Ууланд мод бэлтгэхээр явж байхдаа уулын голын усны халиа, мөсөнд хоёр ЗИЛ-131 машин маань сууж саатаад гарах гэж зүтгэсээр байгаад машинаа эвдсэн. Эвдэрсэн машинаа хоёр хоног засч янзалсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нар бууж байх үед бид нар машинд модоо ачиж байхад цагдаа нар ирж шалгасан. Зөвшөөрөлтэй болоод л уул руу явж байгаа байлгүй дээ. Би яг ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг нь бол хараагүй. Шалгуулсан байхаа, Ялбагийн пост дээр зогссон шүү дээ. Жолооч Болд тэр газарт очоод зогсохоор нь л бид нар модоо бэлтгэж эхэлсэн. Би жолооч Болдтой анх удаа л хамт модонд явж байна. Арав гаран босоо мод унагаасан байхдаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52–р ху/,

8. Гэрч Ш.Ууганбаярын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би эрхэлсэн тодорхой ажилгүй болохоороо Сэлэнгэ аймгийн Мандал суманд ЗИЛ-131 машинтай ойгоос мод бэлтгэхэд туслах ажилтнаар ажилладаг юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Болдоо над руу утсаар яриад “Модонд явах уу, ойгоос мод бэлтгэх эрхийн бичигээ авчихсан” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 2019 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө 04 цагийн үед Болдоо өөрийн ЗИЛ-131 машинтайгаа манай гэрийн гадаа ирж намайг аваад уул руу модонд явсан. Тэр үед Болдоо өөрөө машинаа жолоодож, хөрөөчнөөр Баасанжав, туслах ажилтнаар Ганбилэг, Энхтулга бид гурав явж, нийт тавуулаа нэг машинтай явсан. Шөнөжин явсаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө “Харганат” гэдэг газарт очсон. Очоод ургаа, нойтон нарс мод хөрөөдөж унагаагаад 4 метрийн урттайгаар хөрөөдөж бэлтгэсэн. Бид нартай хамт ууланд очсон Даваажаргал гэдэг хүний ЗИЛ-131 загвартай машиных нь бөгс нь эвдэрчихээд жолооч Даваажаргал нь Зүүнхараа руу сэлбэг авч ирэхээр явсан. Бид нар хамт ууланд очсон машинаа орхиод явчихаж болохгүй, бас хөрөө эвдэрч саатаад ууланд хоёр хоносон. Жолооч Даваажаргал 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой Зүүнхараагаас машиныхаа сэлбэгийг аваад Бат-Орших гэдэг залуутай хамт очсон, тэгээд ч машин нь болж өгөхгүй байсан. Ингээд бид нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр машиндаа ойгоос бэлтгэсэн модоо ачиж байтал өдөр 15 цагийн үед цагдаа нар ирж шалгасан. Ер нь бол ЗИЛ-131 жолооч нар чинь өөрсдөө ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээ аваад явдаг шүү дээ, байгаа байх гэж бодож байна. Би жолооч Болдтой 2018 оны зун 7 дугаар сард 5 удаа хамт модонд явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

9. Гэрч Д.Отгонбаатарын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Н.Болд нь 10 гаран жилийн өмнө ээжээсээ өнчирсөн. 2008 онд Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсгөөд өөрийнхөө ажиллаж байгаа албан газарт буюу Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангид 2008 онд уурын зуухны галчаар ажилд оруулж өгч байсан. Түүний дараа нь 2015 онд мэргэжлээрээ сантехникын слесерээр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын үед өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарсан. Н.Болд нь эхнэр Ганцэцэг болон 2 настай хүү, 6 настай охины хамт амьдардаг, эхнэр Ганцэцэг нь одоо жирэмсэн 4 сард төрнө. Эхнэр Ганцэцэг нь Мандал сумын нэгдсэн эмнэлэгт сувилагч хийдэг, одоо жирэмсний амралтаа авсан байх. Хойд аав Батжаргал нь үе мөчний өвчний улмаас группэд байдаг, дүү Жаргалбат нь Мандал сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, одоо Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангид уурын зуухны галчаар ажиллаж байгаа. Хойд аав Батжаргал, дүү Б.Жаргалбат нарын хамт амьдардаг. Н.Болд нь 5 жилийн өмнө эхнэр Ганцэцэгтэйгээ гэр бүл болж тусдаа гарсан Хувийн зан төлөвийн хувьд төлөв томоотой, хүний үгэнд сайн ордог архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршил байхгүй. Амьдралаа өөрөө толгойлоод авч явахын төлөө хөдөлмөрлөж байгаа. Болд уг нь ууланд мод ачигч хийж байгаа гэж сонсож байсан, би ажилтай байдаг болохоороо тэр бүр уулзаад байж чадахгүй юм. Ажлаасаа гарсан шалтгаан нь Өмнөговь аймагт очиж нүүрсний машин барина гэж ажлаасаа гарсан. Манай дүү Д.Олзвой Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний машин барьдаг юм, “Олзвойтой хамт том машин барина” гэж ярьж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 63–р ху/,

10. Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Ой судлалын сургуулийг “Ой зүйч” мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байж байгаад 2013 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө бүсийн сум дундын ойн ангид мэргэжилтнээр ажилд орсон. Тэрнээс хойш 6 жил ажиллаж байна. Миний үндсэн үүрэг ажил бол ажлын байрны тодорхойлолтоор ой ашиглалт, ойжуулалтт, нөхөн сэргээлтийг хариуцдаг. Тухайн жилд бэлтгэх модны хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүрийн 7-8 сарын үед хуваарийг гаргаж өгдөг. Тэр хуваарь ирэхээр Сэлэнгэ аймгийн ИТХ-аас сумдад мод бэлтгэх хуваарь гаргадаг. Ерөө сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд модны төрөл, огтлолтын төрөл, хэмжээг зааж хувиарлдаг. Дээрхи хувиарын дагуу аж ахуй нэгжүүд сумын Ерөө бүсийн сум дундын ойн ангитай гэрээ байгуулж, бүсийн сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбай, модны хэмжээ, нэр төрөл, огтлолт явуулах төрөл зэргийг заалган, талбай тусгаарлалтын материалыг гаргуулна. Тухайн аж ахуй нэгжүүдийн мод бэлтгэх үйл ажиллагаанд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хяналтан дор гүйцэтгэн, хяналтын постоор хяналтын хуудсаа хянуулж явна. Энэ талаар 2017 онд баталсан Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн а/133 дугаар тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх” журам дээр дэлгэрэнгүй зааж өгч хуульчилсан байдаг. “Баян суудал” ХХК нь үйлвэрлэлийн ашиглалт, арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх тусгай зөвшөөрөлтэй. “Баян суудал шүтээн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Ерөө сумаас мод бэлтгэдэг мэргэжлийн байгууллага. 2013 онд би Ерөө бүсийн ойн ангид инженерээр ажилд орох үед ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 онд Сэлэнг аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цонхлон”, “Хар хясааны ар” гэдэг нэртэй газруудад талбай тусгаарлалт хийлгэж үйлдвэрлэлийн огтлолтын нарс 50мЗ, үйлдвэрлэлийн огтлолтын шинэс 250мЗ мод бэлтгэхээр талбай тусгаарлуулалт хийгдсэн. “Баян суудал шүтээн” ХХК-ний тусгай зөвшөөрлийн дагуу тусгаарлалт хийгдсэн талбайд нойтон болон хуурай аль ч төрлийн модны огтлолт хийж байна. Манайхаас жил бүр аж ахуйн нэгжүүдэд баригад байгуулж мод бэлтгүүлэх чиглэлээр анхааруулж байгаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Е106 56 297 N49 13 101, Е106 56 063, N49 13 153, Е106 56 064, N49 13 158, Е106 56 062, N49 13 164, Е106 56 045, N49 13 138, Е106 56 039, N49 13 137, Е106 56 055, N49 13 113, Е106 56 055, N49 13 161, Е106 56 070, N49 13 097, Е106 56 075, N49 13 099, Е106 56 073, N49 13 100, Е106 56 072, N49 13 108 солбилцолын цэгүүдийг Ерөө сумын Ойн сангийн мэдээллүүдийг байрлуулсан компьютерийн Агс 015 программ дээр оруулан үзэхэд “Баян суудал шүтээн” ХХК-ний мод бэлтгэхээр тусгаарлуулалт хийсэн талбайгаас өөр газарт гарч байна. “Баян суудал шүтээн” ХХК нь 607, 609, 792 гэж дугаартай хэсэглэлд мод бэлтгэхээр талбай авсан бол Н.Болдын мод бэлтгэсэн гэх талбайн 599 дугаартай хэсэглэлд цэгт гарч байна. Энэ хоёр цэгүүд нь ямар ч давхцал байхгүй бөгөөд хоорондоо 12 км орчим зайтай газар байна. Би зургийг гаргаж өгч болно. Тусгай хамгаалалттай газар бол биш. Би Н.Болд гэдэг хүнийг танихгүй ямар нэгэн холбоо байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67–р ху/,

11. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Е106 56 297 N49 13 101, Е 106 56 063 N49 13 153 , Е 106 56 064 N49 13 158 , Е106 56 062 N49 13 164, Е 106 56 045 N49 13 138 , Е 106 56 039 N49 13 137 , Е106 56 055 N49 13 113, Е 106 56 055 N49 13 161 , Е 106 56 070 N49 13 097 , Е106 56 075 N49 13 099, Е 106 56 073 N49 13 100 цэгүүдийг Сэлэнгэ аймгйин Ерөө сумын ойн сангийн зурагтай давхцуулж үзэхэд Ерөө сумын нутаг Харганат гэдэг газар байна.

2. Тухайн мод бэлтгэсэн газар буюу Сэлэнгэ аймгйин Ерөө сумын Харганат гэдэг газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй байна.

3. экологи эдийн засгийн үнэлгээ 7.79х1,8х120000=1.282.640 төгрөг /нэг сая зургаан зуун наян хоёр мянг зургаан зуун дөч/

4. ЗИЛ-131 маркийн 73-98 СЭҮ улсын дугаартай автомашин дээр бэлтгэсэн мод, модон материал нь бөөрөнхий нойтон, нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн байна.

5. шинжээчид тавьсан асуултаас өөр нөхцөл байдал илрээгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 80-р ху/,

12. Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. модлог давирхайн замтай тэдгээр нь хөндлөн огтлол дээрээ жилийн үеийн оройн модлогийн бараан өнгийн бүсэд жижигхэн тод цэг хэлбэртэй, давирхай босоо суваг дагуу огтлол дээрээ орчны модлогоос нилээн бараан нарийн зураас хэлбэртэй, цөм нь зуламнаасаа тод, оройн модлогийн хөгжилт харьцангуй сайн, эрт оройн модлогийн завсар шилжилтийн муж байхгүй байгаагаас харахад эгэл нарс /Pinus sylvwstis/ мод байна.

2. Н.Болд Эгэл нарс модны чийглэг  50%. ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 91-р ху/,

13. “Арвижих-Эстимэйт” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/018 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт

1. ЗИЛ-131 маркийн автомашин, 73-98 СЭА улсын дугаартай, 1982 онд үйлдвэрлэгдсэн1982 онд Монгол улсад орж ирсэн хуучин, 8,500,000 /найман сая таван зуун мянга/.

2. 38-98 ОЧ улсын дугаартай чиргүүл, 1983 онд үйлдвэрлэгдсэн хуучин, 2,000,000/ хоёр сая/. ...гэх дүгнэлт, /хх-ийн 97-р ху/,

11.Хэрэг бүртгэлтийн хэрэг  нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-14,15-24-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-31-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлэгх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 69-70, 84-85, 95-96-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 81, 93, 98 -р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 82, 94, 99,-р ху/, шүүгдэгчтэй холбоотой түүний хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 106-174, 178-188-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 176-р ху/, мод бэлтгэх гэрээ, /хх-ийн 199-218-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 223-224-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 225-226-р ху/,эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 229-р ху/, шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн талаарх баримт, /хх-ийн 231-232-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 234-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 237-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 238-р ху/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал, /хх-ийн 246-247-р ху/, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогчийн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Болд нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Харганат” нэртэй газраас 4 метрийн урттай 15 ширхэг нарс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлэгх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол,  яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн талаарх баримт, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуугдсан  гэрч хохирогчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал зэргийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзсэн болно.

Улсын яллагч нь шүүгдэгчийг 1.682.500 төгрөгний бодит хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт гараагүй байхад яллах дүгнэлтийн хавсралтаараа уг хохирлыг 3 нугалуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна..

Мөн ямар ч эрхийн актгүй 73-98 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл,  38-98 ОЧ улсын дугаартай чиргүүл зэргийг Мандал сумын тээврийн хэрэгслийн журмын хашаанд  битүүмжилсэн  юм уу, эсвэл  хураан авсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, мөн ямарч эрхийн актгүй өнөөдрийг хүртэл саатуулж байгаа болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.Болд нь хэдийгээр чиргүүлтэй машинтай явсан боловч машиныхаа тэвшин дээр 4 метрийн урттай 15 ширхэг нарс мод ачаад чиргүүл дээрээ мод ачаагүй болох нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслээс зөвхөн 73-98 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар 4 метрийн урттай 15 ширхэг хуурай нарс мод хураагдсан байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн,17.4-р зүйлийн 2,4,5, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Наранхүүгийн Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Наранхүүгийн Болдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Болдын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн хугацаа дууссаны дараа тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Болдод мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Н.Болд нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар 73-98 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл,  38-98 ОЧ улсын дугаартай чиргүүл зэргийг жинхэнэ эзэмшигч Отгонжаргалын Эрдэнэбаярт олгож,  шүүгдэгч Н.Болдоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.500.000 төгрөг гаргуулан, мөн Мандал сумын тээврийн хэрэгслийн журмын хашаанд байгаа 4 метрийн урттай, 15 ширхэг нарс мод зэргийг тус тус  улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай.

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Болдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН