| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/04801/И |
| Дугаар | 210/МА2025/00897 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00897
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/01745 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
15,668,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******, *******нар 2021 оны 11 сарын 17-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* баруун зүг рүү харсан цонхтой тоосжилтын бүсээс дээш, өдрийн нар бүтэн тусдаг таатай байрлалтай 49.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,400,000 төгрөгөөр тооцон 118,896,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
1.2. Гэрээнд заасан 30 хувь болох 35,668,800 төгрөгийг гэрээ хийсэн өдөр буюу 2021 оны 11 сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийг өөрийн ******* банк дахь ******* тоот данснаас, 2022 оны 05 сарын 25-ны өдөр 5,668,800 төгрөгийг ******* банк дахь ******* тоот данснаас тус тус ******* ХХК-ийн ******* банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн.
1.3. Хариуцагч нь гэрээний 1.1-д гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасны дагуу захиалагчид хүлээлгэн өгөх, 3.1.2-д гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж гэрээний 1.3-д заасан хугацаанд буюу 2022 оны 06 сарын 30-ны өдрийн дотор барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулах үүргээ тус тус гүйцэтгээгүй. *******, *******нар 2022 оны 09 сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзах мэдэгдлийг ******* ХХК-ийн борлуулалтын ажилтан н.Даваанямд хүлээлгэн өгсөн. Тухайн мэдэгдлийг хүлээн аваад, 2022 оны 10 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг *******гийн ******* банкны ******* тоот дансанд буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг одоо хүртэл буцаан шилжүүлээгүй байгаа тул 15,668,800 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ******* нь 2023 оны 10 сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15,668,800 төгрөгийг 2023 оны 10 сард 7,668,000 төгрөг, үлдсэн 8,000,000 төгрөгийг 11 сард тус тус 2 хуваан төлнө гэж өөрийн гараар бичиг өгч баталгаа гаргаж өгсөн боловч амлалтандаа огт хүрдэггүй, мөн удаа дараа хүнийг үнэмшүүлж худал мэдээлэл өгдөг гүйцэтгэх захирал *******т хариуцлага тооцож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК нь *******, *******нартай 2021 оны 11 сарын 17-ны өдөр Б2-Д11-БЗ дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох орон сууцны барилгын 123 тоот үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэрээний 2.2.-т захиалагчийн захиалсан орон сууцны нийт үнэ 118,896,000 төгрөг байх ба гэрээний үнийг захиалагч нь гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Захиалагч хуваарийн дагуу гэрээний урьдчилгаа болох 35,668,800 төгрөгийг 2 хувааж 2021 оны 11 сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 05 сарын 25-ны өдөр 5,668,800 төгрөгийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд үлдэгдэл 83,227,200 төгрөгийг ипотек 6 хувь батлагдахад бүхлээр нь захиалагчийн гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байсан.
2.2. Тус гэрээний 1.3-д зааснаар барилгыг 2022 оны 06 сарын 30-ны өдөр улсын комисс ажиллуулах үүрэг хариуцагч хүлээсэн. Орон сууцны төслийг үргэлжлүүлэх хугацаанд Ковид 19 цар тахал, хөл хорионы үеийн дараах эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас компанийн санхүү, төлбөрийн чадвар илт доройтож барилгын ажлын гүйцэтгэл зөвхөн тухайн төслийн захиалагчдын төлөх төлбөртэй хамааралтай болсон нөхцөл байдлаас гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Үүний улмаас гэрээний 1.4-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 1.3-т заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд Гүйцэтгэгч тал нь уг хугацааг хоёр удаа шаардлагатай хугацаагаар сунгана. гэж зааснаар хугацаа сунгах нөхцөл байдал үүссэн.
Харин тухайн гэрээнд тохирсон хугацаанд буюу орон сууцыг барьж дуусгах хугацаа өнгөрсөн ч захиалагч талын зүгээс урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс гадна үлдэх 83,227,200 төгрөгөөс ямар ч төлөлт хийгдээгүй. Улмаар захиалагчид нь 2020 оны 09 сарын 03-ны өдөр гэрээг цуцлах хүсэлтээ мэдэгдсэн. ******* ХХК нь нэхэмжлэгчийн мэдэгдэл, мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, цаашид богино хугацаанд тухайн үүргээ биелүүлэх боломжгүй байгаа илэрхий нөхцөл байдлыг бодолцон, гэрээний урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс гэрээнд заасан холбогдох суутгалыг хасаж, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болно.
******* ХХК нь захиалагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 83,227,200 төгрөгөөс хохиролд 20 хувь болох 16,645,440 төгрөгийг суутгах байсан нь нэхэмжлэгчийн шаардаад буй 15,558,800 төгрөгөөс хэтэрсэн байх тул тухайн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 15,668,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236,294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй, нийтэд илэрхий үйл баримтыг дүгнээгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Тодруулбал, нөхцөл байдлыг тодруулаагүй, нийтэд илэрхий үйл баримтыг дүгнээгүй. Дэлхий нийтэд Корона вируст цар тахал гарч бүх нийтийн хөл хорио, хил гаалын зорчих хөдөлгөөнийг хаасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хориг тогтоосон. Үүний улмаас барилгын материалын эргэлт нэмэгдэж, үнийн өсөлт үүсч компанийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж компанийн хэрэгжүүлж байсан бүх төслүүд шууд зогсож, компанид учирсан санхүүгийн хүндрэл өдийг хүртэл үргэлжилсэн байдалтай байна. Энэ нь талуудын байгуулсан гэрээний 4.14-т заасан нөхцөл байдалд хамаарахыг шүүхээс харгалзан үзээгүй болно.
4.2. Хэрэгт цугларсан материалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 1.3-т заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын коммист хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь уг хугацааг 2 удаа шаардлагатай хугацаагаар сунгана гэж заасны дагуу гэрээний хугацааг сунгах нь захиалагч талаас хамааралгүйгээр гүйцэтгэгч талын хэрэгжүүлэх эрхийг шүүхээс зөвхөн нөгөө талдаа мэдэгдсэний дагуу гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Гэтэл хариуцагч тал гэрээний хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгасан байх хугацаанд нэхэмжлэгч нар гэрээ цуцлах мэдэгдлийг манай компанид хүргүүлсэн тул гэрээний 4.5-д заасан торгуулийг суутган авсан байдаг. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 15,668,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...ковидын улмаас барилга хугацаандаа ашиглалтад ороогүй, үлдэгдэл төлбөрөө хийгээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээнд заасан суутгалыг хасаж үлдэгдлийг шилжүүлсэн... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
3.1. Тодруулбал, шүүх талуудын байгуулсан 2021 оны 11 сарын 17-ны өдрийн Б2-Д11-Б3 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. /хх-13-18/
3.2. Мөн хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 17-ны өдрийн Б2-Д11-Б3 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, *******гийн эзэмшлийн ******* банк дахь ******* тоот дансны хуулга, ******* банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн *******, *******нар нь гэрээний 2.5-д заасан хуваарийн дагуу урьдчилгаа төлбөрт ******* ХХК-ийн эзэмшлийн ******* банк дахь ******* тоот данс руу 2021 оны 11 сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, ******* банк дахь ******* тоот данс руу 2022 оны 05 сарын 25-ны өдөр 5,668,800 төгрөг, нийт 35,668,800 төгрөгийг төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. /хх-13-40, 58-63, 107-108/
4. Зохигч дээрх үйл баримтад маргаангүй, харин үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан үндэслэл, үүргийн гүйцэтгэлээс анз тооцон, суутгах хууль зүйн үндэслэлийн талаар маргасан байна.
5. Хариуцагч ******* ХХК нь гэрээний 1.3-т заасан хугацаанд буюу 2022 оны 06 сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээ ... Ковид-19 цар тахал, хөл хорионы үеийн дараах эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн улмаас компанийн санхүү төлбөрийн чадвар илт доройтож барилгын ажил гүйцэтгэл тухайн төслийн захиалагчдын төлөх төлбөртэй хамааралтай болсон нөхцөл байдлаас товлосон хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон, гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацааг сунгах нөхцөл байдал үүссэн. ... гэж тайлбарлажээ.
5.1. Талууд гэрээний 1.4-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний 1.3-д заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь уг хугацааг хоёр удаа шаардлагатай хугацаагаар сунгана., 1.6-д Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь уг хугацааг хоёр удаа шаардлагатай хугацаагаар сунгах эрхтэй ба захиалагч талд шинэчилсэн хугацааг мэдэгдэх үүрэгтэй., 4.14-т гэрээний үүргийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын нөлөөгөөр арилах хүртэл хугацаагаар хойшлуулан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал арилсан тохиолдолд гэрээний үүргийг үргэлжлүүлнэ. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал хоёр сараас дээш хугацаагаар үргэлжилвэл талууд гэрээний үүргийн талаар дахин хэлэлцэж, гэрээг дуусгавар болгох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шийдвэрлэнэ. гэж тус тус харилцан тохиролцсон байна. /хх13-16/
5.2. Дээрх гэрээгээр тохиролцсон нөхцөл байдал үүссэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний хугацааг сунгасан талаар хариуцагч талаас нэхэмжлэгч нарт мэдэгдсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5.3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******, *******нарын 2022 оны 09 сарын 03-ны өдрийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүлээн авсан болох нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасантай нийцэж байна.
6. Нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй.
6.1. Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 10 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 02 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг *******д буцаан шилжүүлсэн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх-19-40/ Харин үлдэх 15,668,000 төгрөгийг гэрээний 4.5-д зааснаар нэхэмжлэгч нарын төлөх төлбөрөөс 20 хувьтай тэнцэх торгуульд суутган тооцсон гэж тайлбарлан, маргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Учир нь хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул хариуцагч нь гүйцэтгээгүй үүрэгтэй холбогдуулан хариуцлага тооцох хуулийн үндэслэлгүй тул ... захиалагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 83,227,200 төгрөгөөс хохиролд 20 хувь болох 16,645,440 төгрөгийг суутгах байсан нь нэхэмжлэгчийн шаардаад буй 15,558,800 төгрөгөөс хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй.
6.2. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар зөв дүгнэж, хариуцагчаас 15,668,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.
7. Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нийтэд илэрхий үйл баримтыг бүрэн дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/01745 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,294 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД