Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 90

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                       А.Энхтуяа

Нарийн бичгийн даргаар                     Б.Түвшинтуул нар  оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Жанцансамбуугийн Эрдэнэчимэгт холбогдох 1931001540078 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг 7-08 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Харчин овогт Жанцансамбуугийн Эрдэнэчимэг, /РД:/МА-70121801/

Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэг нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөний 04:00 цагийн орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхсарнайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...2019 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө гэртээ байж байтал шөнийн 02 цаг өнгөрч байхад миний төрсөн ах Галбадрах нь өөрийн хамтран амьдардаг гэх Мөнхсарнай гэх эмэгтэйн хамт Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд хоол цай болоод Мөнхсарнай “та нар машинаа асаачих, төв орох уу шөнийн дэлгүүр оръё” гэж хэлсэн. Тэгээд машинтай Мөнхсарнайгийн ээжийн гэрээс хүүхдийг нь авсан, энэ үедээ нэг шил архи авсан. Тэгээд гэрт архи уусан. Ингээд Мөнхсарнай нилээн согтож над руу дайрч агсам тавьж “танайхан надад байнга дарамт үзүүлдэг” гэх мэтээр дайрч гэрт шүлс хаясан. Ингээд миний өмсөж байсан цамцыг урж хаясан, ба надыг өшиглөж авахаар нь би нэг удаа нүүр лүү нь түлхэж авсан юм. Бид хоёр хоорондоо харилцан зодоон хийсэн. Энэ Мөнхсарнай өөрөө архи авч уучхаад бид нар луу санаатай дайрч агсам тавьж зодоон хийсэн. Тэгээд ч энэ Мөнхсарнай чинь манай гэрт согтуурч шүлс хаяж намайг өдөж хэрүүл хийж байгаад ийм зүйл болсон юмаа. Тэгээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Би Мөнхсарнайг цохиж авсан юм байхгүй. Надруу дайраад байхаар би нэг удаа нүүр лүү түлхэж авсан. Түүнээс биш би зодсон юм байхгүй. Миний хөл рүү өшиглөж авсан. Мөн миний өмсөж байсан хар эрээн өнгийн даавуун цамцны энгэр талыг урсан, мөн миний ах Галбадрахын тухайн үед өмсөж байсан саарал өнгийн ноолууран цамцны ар зах хэсгийг урсан. Миний хөл хөхөрсөн байсан. Галбадрахын биед гэмтэл байгаа эсэхийг мэдэхгүй. Бид нарыг явсан хойно Галбадрахтай маргалдаж бөөн юм болсон гэсэн. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би хохирогчид туслалцаа үзүүлсэн юм байхгүй. Тухайн үед гэмтэл авсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд ч Элбэг гэх айлд 2 хоног архи уусан гэсэн яриа байна лээ. Би нөхөр Эрдэнэбат, ах Лхагвасүрэнтэй гэртээ 3-лаа амьдарч байна. Тэгэхдээ миний бага охин Дархан-Уул аймагт төрсөн эгчийндээ байдаг юм, Нөхөр бид хоёр хувиараа засварын ажилд хийдэг, болохоор өрхийн орлого байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р ху/,

2. Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Минйи бие нь 2019 оны 04 дүгээр сарын 28-нд ах Галбадрахынд байж байхад манай ах Галбадрахтай хамтран амьдрагч Мөнхсарнай нь “бид хотоос очиж байна, хоол хийсэн үү” гээд байнга утастаад “одоо тэнд явж байна” гээд яриад байсан. Энэ үед манай нөхөр жаахан архи уучихсан би уугаагүй байж байхад   Мөнхсарнай нь ирсэн. Тэгээд “охиноо авч ирнэ” гэж гараад ирэхдээ нэг шил архи авчирсныг бид хувааж уусан. Тэгээд би архи ууж байхдаа “та хоёр олон сар ажил хийлээ, олсон мөнгө чинь хаана байна, өмссөн зүүснээ хар” гээд жаахан үглэснээс болж маргаан үүссэн.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч Мөнхсарнайгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би хамтран амьдардаг Галбадрахтай Улаанбаатар хотоос 16 цаг өнгөрч байхад хүн тээврийн машинд сууж Дархан аймагт ирсэн. Тэгээд мөн тэндээс Алтанбулаг орох хүн тээврийн машинд сууж шөнийн 02 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд Галбадрахын гэрт ирсэн. Бид хоёрыг ирэхэд Галбадрахын төрсөн дүү болох Эрдэнэчимэг нь нөхөртэйгээ архи уучихсан нилээн согтуу байдалтай байсан. Тэгээд би өөрийнхөө охин хүүхдийг төрсөн ээж Адъяадолгорын гэрээс очиж авсан. Ингэж явахдаа Галбадрах бид хоёр Лхагвасүрэнтай Эрдэнэчимэгийн нөхрийн машиныг Эрдэнэчимэгээр жолоодуулж явсан юм. Ингээд буцах замдаа Галбадрах Алтанбулаг сумын “Баян-Ундрах” ХХК-ний буудлаас 1 ширхэг 75 гр “Хараа” архи авсан. Тэгээд буцаж Галбдрахын гэрт очсон. Ингээд хоол унд идээд нөгөө авсан архиа хувааж уугаад байж байтал 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөний 04:00 цаг болж байхад би Галбадрахын дүү охин Эрдэнэчимэгт “намайг битгий ингэж дарамтлаж бай, ажил хийлгэхгүй надад хэцүү байна” гэхэд “чамайг доромжилсон ч яадаг юм бэ муу гуйлгачин минь манайхаас зайл” гээд миний зүүн талын нүд рүү гараараа хоёр удаа цохиж авсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гэтэл Галбадрах намайг барьж авсан. Энэ үед Эрдэнэчимэг нь дахин миний баруун талын гуя, шилбэ рүү 2 удаа өшиглөж авсан. Мөн зүүн талын хөл рүү өшиглөж авсан. Миний цээж рүү гараараа 1 удаа цохиж авсан. Энэ үед намайг Галбадрах дүүгээ “чи яаж байгаа юм бэ” гээд машинтай нь явуулсан. Ингэж явахдаа Эрдэнэчимэг нь машинаа жолоодож явсан. Тэгээд өглөө нь Галбадрахыг дүү нар нь ирээд аваад явсан. Галбадрах бид хоёр Улаанбаатар хотоос ирэхдээ ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм байхгүй, эрүүл саруул хүмүүс ирсэн. Харин бид хоёрыг ирэхэд Эрдэнэчимэг нөхөр Лхагвасүрэнтэй нэг шил архи ууж байсан. Дараа харин бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Тэгэхдээ би нэг их уугаагүй. Ингэхдээ надтай хамтран амьдарч байгаа Галбадрах, Эрдэнэчимэг хоёр бол ямар ч байсан болсон явдлыг мэдэхээр ухаантай байсан. Харин Эрдэнэчимэгийн нөхөр бол нилээн согтуу байсан. Бид нар ер хэрүүл маргаан хийгээгүй, би архи ууж байхдаа Галбадрахын дүүд “чи үүнээс хойш намайг битгий дарамтлаж бай” гэж хэлсэн чинь л над руу “чамайг яасан ч яадаг юм бэ” гээд л намайг зодсон юмаа. Энэ үед намайг надтай хамтран амьдардаг Галбадрах барьсан байсан тул Эрдэнэчимэг зодсон юмаа. Тэгээд ч энэ хүүхэн чинь том биетэй болохоор намайг алах юм байна лээ. Бид хоёр хоорондоо зодолдсон юм байхгүй, намайг л Эрдэнэчимэг зодсон. Үүнээс болж миний нүдэнд цус хурч, зүүн, баруун бугалганы дотор тал, баруун шууны хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт, баруун шилбэний гадна талд улаан хүрэн цус хуралтууд үүсч хөхөрсөн байгаа. Мөн их өвчтэй байсан ба би ээжийнхээ гэрт 2 хоног хэвтсэн. Миний биед энэ учирсан гэмтэл нь Эрдэнэчимэг намайг зодсоноос болж үүссэн. Түүнээс биш би эрүүл саруул байсан. Миний биеийг эрүүл саруул байсныг Галбадрах ч өөрөө мэдэх байх. Эрдэнэчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. “Баян-Ундрах” ХХК-ний буудлаас шөнийн 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд Галбадрах орж нэг шил архи худалдаж авсан. Тэр шөнө буудлын жижүүр нь Эрдэнэцэцэг гэх эмэгтэй гарч байсан. Миний биеийн байдал одоо зүгээр байна. Толгойгоо бариулж байна Би аймагт хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа. Галбадрах бид хоёрыг Улаанбаатар хотоос ирсэн шөнө Эрдэнэчимэг гэрийн хойд талын орон дзэр хувцастайгаа хэвтэж байсан. Харин нөхөр нь сууж байсан. Энэ хоёр нэг шил архи хувааж уусан бололтой тал шил архи байсан. Би тэр шөнө архи уугаад тэдний гэрт шүлс хаяж агсам тавьсан явдал юу ч байхгүй. Эрдэнэчимэг над руу “чи муу гуйлгачин хужаа чи муу манай гэрээс зайл” гээд намайг зодсон. Энэ үед Галбадрах намайг барьж байгаад дүүдээ зодуулсан. Би хувцас хунар урсан юм байхгүй. Тэгээд ч би Эрдэнэчимэгийн биед нь хүрээгүй. Ингэж хүрэх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл Галбадрах намайг миний хоёр гарыг барьчихсан байсан. Тэд нар үүнийг өөрсдөө мэдэж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р ху/,

4. Гэрч Ж.Галбадрахын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би хамтран амьдардаг Т.Мөнхсарнайтай хамт Улаанбаатар хотоос 16 цаг өнгөрч байхад таксинд сууж Дархан аймагт ирсэн. Тэгээд мөн тэндээс Алтанбулаг орох таксинд сууж шөнийн 02 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Аптанбулаг суманд өөрийн гэрт ирсэн. Гэрт манай төрсөн дүү болох Ж.Эрдэнэчимэг нь нөхөр Лхагвасүрэнгийн хамт унтаж байсан. Тэгээд бид хоёрыг орж ирсэн чинь боссон. Мөнхсарнай “ээжийнхээ гэрээс хүүхдээ авна” гээд бид 4 манай дүүгийн “Приус-20” маркийн 13-22 СЭА тээврийн хэрэгслээр явж авсан. Ингэж явах замдаа дэлгүүр хайж яваад Аптанбулаг сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Сараа гэх хүний буудал руу Мөнхсарнай бид хоёр орж 1 шил архи худалдаж авсан. Тэгээд гэртээ очоод нөгөө авсан архиа бид 4 ууж байгаад манай хүргэн Лхагвасүрэн амарсан. Ингээд байж байтал манай дүү Эрдэнэчимэг “ах та хоёр Улаанбаатар хотод ажил хийсэн түүний цалин мөнгө хаана байна” гэж хэлсэн чинь Мөнхсарнай “цалин мөнгө араас ирнэ” гэж хэлээд тамхи татаж байгаад гэрт шүлсээ хаясан чинь манай дүү Эрдэнэчимэг уурлаж Мөнхсарнай Эрдэнэчимэг хоёр хоорондоо маргалдаж улмаар бие биеэ заамдаж авахаар нь би салгаж дундуур нь орсон. Энэ үед манай дүү Эрдэнэчимэг Мөнхсарнайгийн нүүр лүү нэг удаа түлхэж авсан. Тэгээд л дүү нөхөртэйгээ гарч явсан. Түүний дараа Мөнхсарнай намайг “чи дүүгээ өмөөрч байна, би үхнэ” гээд бөөн юм болсон. Мөнхсарнай бид хоёрыг Улаанбаатар хотоос ирэхэд манай гэрт манай дүү Эрдэнэчимэг нөхөртэйгээ амарч унтаж байсан. Ийм архи уусан явдал байгаагүй. Миний хамтран амьдрагч Мөнхсарнай архи ууж байхдаа гэрт шүлс хаясан юмаа. Тэгэхээр нь манай дүү уурлаж тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар манай дүү нүүр лүү нь түлхэж унагасан. Энэ хоёр хоорондоо бие биеэ харилцан цохиж авсан. Эрдэнэчимэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон юм байхгүй. “Баян-Ундрах” ХХК-ний буудлаас шөнийн 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд нэг шил архи худалдаж авсан. Тэр шөнө буудлын жижүүр нь Эрдэнэцэцэг гарч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/,

5. Гэрч Б.Адъяадолгорын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Миний охин Мөнхсарнай хамтран амьдардаг хүнтэйгээ Улаанбаатар хотод 2 сар гаруй ажил хийсэн юм. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр надад “Алтанбулаг сум руу гарах гэж байна” гэж ярьсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө гэрт машинтай ирээд 5 настай охиноо аваад явсан. Энэ үед эрүүл саруул явсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 22 цагийн үед ирсэн, тэгээд гэрт хоол идчихээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би Мөнхсарнайн утас руу залгаж үзэхэд танихгүй эмэгтэй хүн аваад “тийм хүн байхгүй” гэж хэлээд тасалсан. Тэгээд гэртээ 2 хоног хэвтсэн. Миний охин “Улаанбаатар хотоос ирлээ” гээд охиноо авахдаа эрүүл байсан. Маргааш өглөө нь ирэхдээ мөн адил эрүүл байсан. Манай охин 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Алтанбулаг сумын хүн эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгээд л би охиноо зодуулсныг мэдсэн. Надад ярихдаа “одоо нөхөр болох хүнийхээ эмэгтэй дүүг зодсон” гэсэн. Миний 5 настай зээ охин Мөнхнаран ярихдаа “манай ээжийг бүжиг хийдэг эгч баахан зодсон, Галаа аав ээжийг бариад байсан” гэж ярьж байна лээ. Би охиноо архи уудаг талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан “танай охин энд тэнд согтуу явж байна” гэж хүн амьтнаас дуулж байсан юм байхгүй. Харин Галбадрах болон тэдний дүү нар архи уудаг улс. Би энэ хүмүүст их гомдож байна. Миний охины хувцас хунарыг манай гэрийн гадна авч ирээд “үүнийг нь ав дахин манайх руу битгий явуулаарай” гээд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,

6. Гэрч Н.Гантулгын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14-15 цагийн хооронд намайг ажил дээр байхад тус сумын харъяат гэх Мөнхсарнай гэх эмэгтэй ээжийнхээ хамт ирж үзүүлсэн. Ингэхдээ “2019 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө хүнд зодуулсан” гэсэн. Намайг үзэхэд тэр эмэгтэйн нүдний дотор хэсэгт бага зэрэг цус хуралттай 2 гар хөхрөлттэй хоёр гар бугалга, баруун талын гуяаны дунд хэсэг нилээн том газар хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би тодорхойлолт бичиж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

7. Насанд хүрээгүй гэрч М.Мөнхнарангийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө эмээгийндээ унтаж байхад миний төрсөн ээж орж ирээд намайг Галаа аавын гэрлүү машинтай авч явсан. Тэнд очоод Галаа аав ээж нэг ах эгчийн хамт архи уусан. Ингэж байгаад бүжиг хийдэг Эрдэнээ эгч ээжийг зодсон. Тэр үед Галаа ээжийг барьсан. Эрдэнээ эгч манай ээжийн хөл рүү цохисон. Мөн нүд рүү нь цохисон, бас бие рүү нь цохисон. Энэ үед би айж уйлсан. Ингэж байгаад Эрдэнээ эгч нөхөртэйгээ хамт явсан. Энэ үед ээж бид хоёр Галаа аавын гэрт байсан. Мөн Галаа ээжийг нэг удаа цохиж аваад гэрээс гарч явсан. Тэгээд ээж бид хоёр эмээгийн гэрт ирсэн. Галаа аавын гэрт ээж, Галаа аав, Эрдэнээ эгч түүний нөхөр архи хувааж уусан. Энэ үед би тэдний гэрийн орон дээр тоглоомоороо тоглож байсан. Манай ээжийг Эрдэнээ эгч зодсон талаар маргааш өдөр нь эмээдээ хэлсэн өөр хүнд хэлээгүй. Галаа аавын гэрт энэ 4 архи уусан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

8. Гэрч Т.Эрдэнэцэцэгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө ажилтай байсан. Алтанбулаг сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Ундрага” ХХК-ний Алтанбулаг зочид буудлын жижүүр ажилтай байсан. Би архи согтууруулах ундааны зүйл зарсан юм байхгүй. Манай нөхрийн дүүгийн эхнэр Мөнхсарнай орж ирээд “таны дэлгүүр шөнө ажиллахгүй юм уу, эгчээ надад нэг шил архи хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би өдөр айлд очно гээд баахан хүнсний зүйл авсан байсан юм. Түүнээс нэг шил архийг өгч явуулсан. Түүнээс биш би хүнд архи согтууруулах ундааны зүйл зараагүй. Би өөрийн компанийн дэлгүүрээс хүнсний зүйл авсан. Тэгээд ч би зарахгүй. Тэр хүмүүс архи уусан талаар мэдэхгүй эрүүл байсан байх. “Улаанбаатар хотод ажил хийгээд ирлээ” гээд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/

9. Гэрч Р.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:  ...Т.Мөнхсарнай нь манай ангийн охин байгаа юм. Мөнхсарнайтай 7 дугаар анги хүртэл хамт сурсан. Зан байдлын хувьд даруухан охин байсан. Одоо бол сайн мэдэхгүй. Саяхан нэг хүнтэй суусан гэж сонссон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32–р ху/,

10. Гэрч Д.Элбэгзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би тус сумын Т.Мөнхсарнай гэх эмэгтэйг танина, найз нөхөд байгаа юм. Энэ Мөнхсарнай 2019 оны 04 дүгээр сарын 28,29-ний үед л байх нэг орой намайг айлд юм хийгээд ирэхэд манай гэрт эхнэртэй хамт Мөнхсарнай охинтойгоо хамт ирсэн байсан. Тэгээд манай гэрт бид гурав нэг шил архи уугаад амарсан Тэгээд маргааш нь 11 цагийн үед гэрлүүгээ явна гээд л гарч явсан. Т.Мөнхсарнай нь Ж. Галбадрахын гэрт архи ууж байгаад Галбадрахын дүүтэй маргалдаж зодуулсан гэж ярьсан. Мөнхсарнайн гарынхаа хөхөрсөн хэсгийг л үзүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33–р ху/,

11. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:  ... : Миний хариуцсан 1 дүгээр багт иргэн Ж.Эрдэнэчимэг гэх эмэгтэй нөхрийн хамт ам бүл 2-лаа амьдардаг. Иргэн Ж.Эрдэнэчимэг нь урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдож байсан талаар би мэдэхгүй. Манай багийн иргэн Ж.Эрдэнэчимэг нь ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа нь харагдаж байгаагүй. Нөхөртэйгээ хамт амьдардаг 2-лаа ажил хөдөлмөр хийж байгаагүй хувираараа барилгын засвар хийдэг. Ямар нэгэн мал байхгүй өөрийн гэсэн орлого байхгүй байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34–р ху/,

12. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Т.Мөнхсарнайгийн биед нүдний салстад цус харвалт, бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 14-р ху/,

13. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-р ху/, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 14-р ху/, анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, /хх-ийн 15-р ху/, хохирогчид  шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 18-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 19-р ху/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан шүүгдэгчийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 35-р ху/, хохирогч Т.Мөнхсарнайгийн Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, /хх-ийн 36-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 45-51-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 52-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 38-39-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 41-42-р ху/, хохирогч Т.Мөнхсарнайд  хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 55-р ху/,  шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгт  хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 56-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэг нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өглөөний 04:00 цагийн орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхсарнайтай хамтран архи уун согтуурч хоорондоо маргалдан улмаар түүнийг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт,  хохирогчид  шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан шүүгдэгчийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт,  хохирогч Т.Мөнхсарнайгийн Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгт  хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгийг “Хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрсний улмаас Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал ирүүлсний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, оногдуулах ялыг прокурорын торгох саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харчин овогт Жанцансамбуугийн Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Жанцансамбуугийн Эрдэнэчимэгийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Эрдэнэчимэгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацааны дараа 1/нэг/ сарын хугацаатайгаар  хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Ж.Эрдэнэчимэгт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэг нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН