Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00772

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00510 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Гэм хорын хохиролд 688,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 688,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...дээд айл болох 15 тоот сууцнаас 3 удаа ус алдсаны улмаас нийт 688,100 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай гал тогооны холимгийн уянгаас ус шүүрч, слесарь дуудаж солиулсан, харин ахин ус алдаагүй. ******* гэгч нь *******ХХК-ийн ажлын байран дээр байнга очиж, бичиг гаргаад өгөөч, би өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсээр байгаад акт бичүүлсэн, уг дүгнэлтүүд худал тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

3.Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.Баянзүрх дүүрэг, ****** дугаар хороо, ******* дугаар хороолол, Намьяанжугийн гудамж ****** байрны ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч *******, ***** тоот орон сууцыг хариуцагч ******* тус тус өмчилдөг талаар зохигчийн маргаагүй.

3.2.*******ХХК-ийн Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон акт хэрэгт авагдсан ба 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд 8а-15 тоотын гал тогооны холигч уян холболт задарсан, 8а-9 тоот айлын гал тогооны таазны шохой цуурсан, гал тогооны тавилга гэмтсэн, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн актад 8а-9 тоотын дээрээс 15 тоотын ахуйн хэрэглээнээс ус алдсан, ванны өрөөний таазны эмульс, замаск, хана замаск хуйларсан, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн актад 8а-15 тоот айлын гар угаалтуурны уян холбооноос ус алдсан, том өрөөний тааз шохой замаск гэмтсэн гэж тус тус тодорхойлжээ.

3.3.*******ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланд 9 тоот орон сууцны тааз хусаж цэвэрлэх, зүлгүүр хийх, замаска татах, эмульс хийх, гал тогооны тавилга сэргээн засварлах ажлын хөлсөнд 445,000 төгрөг, материалын үнэд 193,100 төгрөг, багаж, тоног төхөөрөмж, тээврийн зардалд 50,000 төгрөг, нийт 688,100 төгрөг зарцуулахаар тооцжээ.

3.4.Хариуцагч нь манай орон сууцнаас ус алдаагүй, нэхэмжлэгч нь *******ХХК-аар худал акт, дүгнэлтүүд бичүүлсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

3.5.Дээрх баримтуудаар хариуцагчийн орон сууцнаас 3 удаа ус алдаж, нэхэмжлэгчийн орон сууцны гал тогооны таазны шохой цуурсан, гал тогооны тавилга гэмтсэн, угаалгын өрөөний таазны эмульс, замаск хуйларсан, том өрөөний таазны шохой замаск гэмтсэн, мөн уг хохирлыг арилгахад 688,100 төгрөг шаардлагатай болох нь тогтоогдсон байна.

4.Сууц өмчлөгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцагч уг үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан болохыг шүүх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар зөв дүгнэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн орон сууцанд хохирол учирсан нь хариуцагчийн дээрх хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой, түүнчлэн хохирол учрахаас өмнөх байдалд сэргээх буюу сууц, тавилга, эд хогшилд засвар хийхэд шаардлагатай зардлын хэмжээ 688,100 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 688,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульд заасан боловч хариуцагч өөрийн буруугүй гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

6.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул 3 удаа ус алдсан гэх дуудлага бүгд үндэслэлгүй, инженер Д.Үүрцайх өөрийн гараар тайлбар бичиж өгсөн, слесарийг гэрчээр оролцуулах хүсэлтэй, манайхаас өмнөх айл ус алдсан байх болохыг тодруулах, *******ХХК-ийн үнэлгээний тайланд тусгасан хохирлын нэгдсэн дүн үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 21,065 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА