Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 91

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

      Улсын яллагч                                             Г.Цолмонгэрэл

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Р.Атарцэцэг

      Нарийн бичгийн даргаар                           Б.Түвшинтуул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан хуулар овогт Мягмаржавын Ганпүрэвт холбогдох 1931000000067 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Бугант тосгон Өлөнтийн задгайд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Улаан хуулар овогт Мягмаржавын Ганпүрэв, /РД: РХ86091113/,

Шүүгдэгч М.Ганпүрэв нь 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө  Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Барс” хүнс барааны дэлгүүрийн агуулахын цонхоор хууль бусаар нэвтрэн орж 1.75 литрийн хэмжээ бүхий “Соёрхол” архи 1 ширхэг, нэг боодол улаан “вест” тамхи, 4 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хулгайлсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч М.Ганпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 17-нд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 09-ны орой 20 цагийн үед уулнаас бууж ирсэн бөгөөд хүний экскаватор харж бараг ууланд 10 гаруй хоног байсан. Бугант тосгоны төвд ирээд Бат-Эрдэнийн гэрт хоол идчихээд уулнаас авсан алтаа ченжид өгч 138,000 төгрөг болгоод уг мөнгөөрөө 1 шил 0,75 граммын шилтэй архи, ундаа тамхи аваад эргээд Бат-Эрдэнийн гэрт очсон. Бат- Эрдэнийн гэрт авсан архи, ундаагаа хувааж уусан. Бараг 23 цаг хүртэл сууж байгаад дахиж дэлгүүр гарч 1 шил 0,75 граммын архи авсан. Бат-Эрдэнэтэй авсан архиа хувааж уусан. Бат-Эрдэнэ бид 2 нийтдээ 2 шил архийг хувааж уусан. Ингээд би их согтуу барагцаагаар шөнө 01 цаг өнгөрч байхад гарсан санагдаж байна. Бат-Эрдэнийн гэрээс гараад савхны үйлдвэр орсон. Сэчин даргатай уулзах гэтэл бараг надтай уулзаагүй өрөөнөөс нь хөөгдөж гарсан. Ингээд замаараа Гантулгын гэрт орсон чинь гэрийнх нь бүгд байсан бөгөөд намайг согтуу байсан болохоор “эндээ хоноод яв” гэхээр нь зүгээрээ “гэртээ харьж амарна” гэж хэлээд  гарч явсан. Харих замдаа хорооллын “Барс” хүнсний дэлгүүрийн урдуур явах үед хашаа руу нь ороод дэлгүүрийн хойд талын цонхоор нь орж 1 шил 1,75 граммын “Соёрхол”, 1 пачик Улаан “вест” тамхи, 4 ширхэг гар утас, бэлэн байсан 9,000 төгрөгийг аваад эргээд цонхоор гарсан. Цонхоор гараад шууд хороололд байдаг гэр рүү очиж амарсан. Миний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас архиныхаа халамцуудаа л ийм гэмт хэрэг үйлдчихсэн. Архи хайж явж байгаад “Барс” хүнсний дэлгүүр рүү орчихсон юм. “Барс” хүнсний дэлгүүр рүү архи авах гэж орсон. Тэрнээс өөр надад хулгай хийх санаа бодол, зорилго шалтгаанч байхгүй, архиныхаа согтууд л дахиж архи ууя гэж бодсон. Би “Барс” хүнсний дэлгүүрийн арын агуулахын вакум цонхыг гараараа хүчтэй түлхсэн чинь онгойсон. Арын цонхоор нь ороод дэлгүүрийн урд хэсгийн лангуу руу очиж, архи зардаг лангуун дээрээс 1,75 граммын шилтэй “Соёрхол” архи, 1 пачик улаан “вест” тамхи, 4 ширхэг гар утсыг лангуун дотроос, 9,000 төгрөгийг шургуулганаас нь аваад эргээд цонхоороо гарсан. Дэлгүүрийн эд зүйл тавилга эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй. Миний хувьд нилээн согтуу байсан. Бат-Эрдэнийн хамт 2 шил 0,75 граммын шилтэй архи уусан. Миний ухаан санаа орж гараад байсан. Тэгэхдээ өөрийн хийж байсан үйлдлээ ойлгон ухамсарлаж байсан. Намайг хулгай хийхэд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Надад хулгай хийх шалтгаан байгаагүй. Тухайн үед согтуу байсан болохоор хулгай хийчихсэн. Харин архи авч байхад гар утас харагдахаар нь тухайн 4 ширхэг гар утаснуудыг авчихсан юм. Би өмнө нь уг дэлгүүрээр үйлчлүүлж байсан. “Соёрхол” архийг уусан, тамхийг нь татаад дууссан, 9,000 төгрөгийг ойр зуурын хоол хүнсний зүйл авсан. 4 ширхэг гар утас нь бүрэн бүтэн байгаа. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, надтай хамт гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69-р ху/,

2.Шүүгдэгч М.Ганпүрэв шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед архи уумаар санагдаад “Барс” гэх дэлгүүрийн агуулахын цонхыг эвдэж орсон. Ороод 1 шил архи, 1 пачик тамхи, лангуун дээр байх 4 ш утас 9000 төгрөгийг аваад буцаад цонхоор нь гараад явсан. Бугантын дэлгүүрүүд 23:30 минутаас 01 цагийн үед хаадаг. Бүх дэлгүүрүүд хаасан байсан. Согтуу явж байсан болохоор дахин архи уумаар санагдаад ийм үйлдэл хийсэн. Хохирлоо бүгдийг нь барагдуулсан. 4 ширхэг утсыг буцаан өгч мөн 75000 төгрөг бэлнээр өгч хохирлыг төлсөн. Болчимгүй зангаасаа болоод өнөөдөр ял шийтгэл сонсож байгаадаа маш их харамсаж гэмшиж байна. Эрхэм шүүгчээс ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Р.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:  ...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед дэлгүүрээ нээж үйл ажиллагаагаа явуулсан. Өдөржин дэлгүүртээ сууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гэртээ орж амарсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед дэлгүүрээ онгойлгосон. Дэлгүүртээ ороод сууж байхад эхний хүн худалдан авалт хийгээд хариулт мөнгө өгөх гээд шургуулганд байсан задгай мөнгөөр хариулт өгөх гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь дэлгүүрээ түгжээд гэртээ орж хүүхдүүдээ энэ талаар хэлсэн. Эргээд дэлгүүрт хүүхдүүдийн хамт орсон чинь дэлгүүрийн арын скпадны цонх онгорхой хүн орсон гэж бодоод хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Дэлгүүрийн урд хэсгийн 2 вакум цонх хаалт тортой. Харин арын складын цонх торгүй. Хяналтын камер байсан боловч би дэлгүүрээ хаахдаа унтраачихсан юм. Дэлгүүрт хулгай орох үед хяналтын камер унтраастай байсан. Дэлгүүрт эвдэлж гэмтсэн тавилга, сандал ширээ байхгүй. Дэлгүүрийн арын агуулахын складны цонхоор орсон. Манай дэлгүүр нилэнхүйдээ хашаан дотроо орсон байдаг бөгөөд зөвхөн урд 2 цонх, хаалга хашааны гадна байдаг. Арын складын цонхоор дэлгүүр рүү дотогш нэвтрээд урд хэсэг болох дэлгүүрийн лангуу хэсэгт байсан газраас бараа бүтээгдэхүүнээс бараа дутсан байсан. Агуулахын вакум цонх хагалаагүй, түлхэж л орсон юм шиг байсан. Манай дэлгүүр том биш 7x8 хэмжээ дэлгүүртэй, 4x6 хэмжээний склад агуулахтай. Манай Бугант тосгоны хүмүүс намайг андахгүй сайн мэддэг. Архины лангуун дээр байсан 1,75 граммын шилтэй “Соёрхол” архи, улаан “вест” тамхи 1 блок, 4 ширхэг гар утас. Задгай мөнгө болох 9,000 төгрөг эдгээр зүйл алга болсон байсан. Архи бол андашгүй лангуун дээр байсан хамгийн том содон архи, тамхи бол блокноос дутсан байсан. Лангуун дотор байсан 4 ширхэг гар утас байсан газар утас байхгүй байсан. Шургуулганд байсан мөнгө байхгүй байсан. Эдгээр зүйлийг худалдан авч байсан баримт нь байгаа. Би бараа бүтээгдэхүүнээ Дархан-Уул аймгаас татдаг. Дэлгүүрээс нэг их олон зүйл алдагдаагүй тамхи, архи, гар утас, задгай мөнгө л алга болсон байсан. Би дэлгүүрээ 2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байхад хаалга, үүд цонхоо хаагаад түгжээд гарч явсан. Дэлгүүрт надаас өөр хүн суудаггүй би өөрөө дэлгүүртээ өдөржин байдаг болохоор хаана юу байгаа ямар эд зүйл дутуу байна гэх мэт дэлгүүрт байгаа зүйлсийн, эмх цэгц, дарааллыг сайн мэддэг. Би М.Ганпүрэв гэх хүнийг танина. Бугант тосгон жижиг учраас нэгнээ мэднэ. Мэндтэй өнгөрдөг хүмүүс. Сайн бол таньж мэдэхгүй, садан төрлийн холбоо хамаарал байдаггүй. М.Ганпүрэв манай дэлгүүрээр орж гарч байдаг. Уг нь гайгүй залуу шиг санагдсан. Харин тэгсэн манай дэлгүүрийг ухсан байсан. Миний хувьд гаргах санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би 4 ширхэг гар утаа бүрэн бүтэн хүлээн авсан. Мөн надад бэлнээр 75,000 төгрөг өгсөн.М.Ганпүрэвтэй холбоотой гомдол байхгүй. Миний хохирол төлбөрийг М.Ганпүрэв бүрэн барагдуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

5.Гэрч Ц.Бат-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ганпүрэв бид 2, хөдөө хамт байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд Бугант тосгонд орж ирсэн хамт байсан. 2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой бид 2 ирчхээд манай гэрт орж ирээд хоол цай идэж уучхаад Ганпүрэв гарч яваад дэлгүүрээс 1 шил 0.75 граммын “Хараа” архи авч ирээд манай гэрт уусан. Ганпүрэв дахиад гарч яваад дахин 1 шил “Сархад” архи байсан байхаа авч ирээд бид 2 уусан. Тэгээд би согтож гэртээ унтаад Ганпүрэв гараад явсан байсан. Манай гэрт манай эхнэр Сүхтогоо, манай 2 хүүхэд, манай эхнэрийн дүүгийн 1 хүүхэд тэгээд бид 2, ийм л хүмүүс байсан, Ганпүрэв жаахан орой гарсан байхаа 01 цагийн орчимд гарсан болов уу, хагас дутуу санаад байгаа юм, би жаахан согтолттой байсан. Биднийг архи ууж байхад манай эхнэр унтаагүй байсан. Манай эхнэр архи уугаагүй. Ганпүрэв бид 2, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой манайд архи ууж байхад хар куртек, хар өнгийн түрийтэй усны гутал, хар өмд, шар цамцтай байсан. Ганпүрэв бид 2 хамт архи уусан, Ганпүрэв бас их согтуу байсан байхаа, 09-ний шөнө гарч яваад шөнөдөө ирээгүй маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд ирээд, манай дүү Энхбадрахыг дагуулан гэрлүүгээ яваад, араас нь Билгүүнээ явж Ганпүрэв, манай дүү нарыг гэрээс нь авч ирэхэд, Ганпүрэв манай гэрт орж ирэхдээ шар өнгийн ЖиМобиалын гар утсыг манай эхнэрт өгч байсан. Тэгээд Билгүүнээгийн машинтай Ганпүрэв, Билгүүн бид нар хөдөө алтанд яваад, орой 20 цагийн оримд ирсэн байхаа. Тэгээд ирээд Ганпүрэв “хоёулаа манай гэрт очихуу манайд 1,75 граммын Соёрхол архи байгаа очиж ууя” гэж хэлэхээр нь “хоёулаа барахгүй байхаа” гээд би найз Гантулга, Хуугий /Хуаниш/ хоёрыг дуудаад хамт Ганпүрэвийн гэрт очиж 1,75 граммын “Соёрхол” архийг ууж байгаад би согтоод ухаан алдаж унтсан. Тэгээд сэртэл цагдаа нар ирсэн байсан. 1,75 гарммын “Соёрхол” архи Ганпүрэвийн гэрт байсан юм, Ганпүрэв гэртээ ороод гэрийнхээ цагаан өнгийн шүүгээнээс гаргаж ирсэн юм. Ганпүрэв 1.75 граммын “Соёрхол” архи л гаргаж ирээд бид нар уусан юм. Ганпүрэв бид 2, хөдөөнөөс алтнаас ирэхдээ архи уучихсан байсан, замын унаагаар төвд ирсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө Ганпүрэв манай гэрт ирэхдээ ямар нэгэн зүйл яриагүй ээ, харин шар өнгийн шинэ бололтой ЖиМобиалын гар утас гаргаж ирээд манай эхнэрт өгч байсан. Ганпүрэв машинд суугаад явж байхдаа хар өнгийн гар утас гаргаж ирээд баттерэй суулгана гэх мэт зүйл ярьж байсан, тамхи хийснийг хараагүй. Хөдөөнөөс Бугант руу явахдаа Билгүүнээгийн машинаас улаан вест тамхи аваад надад 4 хайрцагийг өгч халаасанд хийлгэсэн. Хөдөө явж байхдаа Энхбадрахад гар утас өгсөн талаар огт яриагүй ээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/,

6. Гэрч Т.Сүхтогоогийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ байсан. Манай нөхөр, Ганпүрэв нар хөдөө ажпаас орой 22 цагийн орчимд ирсэн байхаа, ирээд хоол цай идчихээд байж байтал Ганпүрэв “алт тушаана” гэж гараад удалгүй 1 шил “Хараа” архи авчирсан. Тэгээд тэрийгээ манай нөхөртэй хамт хувааж уучихаад Ганпүрэв дахин гараад 1 шил “Цагаан” гэдэг байхаа тийм нэртэй архи оруулж ирээд ууж байтал манай нөхөр согтоод орлуугаа дөхөхөөр нь би оронд оруулчихаад, Ганаад орны урдуур ор засаад өгсөн чинь Ганаа “унтахгүй гэртээ харина” гээд гараад явсан. Би архи уудаггүй юмаа, тэр 2, шөнийн 01 цаг хүртэл уусан байх. Тэд нарыг архи ууж байхад би унтаагүй байсан, манай нөхөр 01 цаг 30 минут гэхэд унтсан гэхээр 01 цаг 20 минут орчимд гарсан болов уу гэж бодож байна. Тухайн үед би цаг хараагүй. Ганпүрэв их согтолттой байгаагүй ээ, манай нөхрийг бодвол хөл дээрээ гишгээд ухаан санаа зүгээр байсан байх. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн орчимд болов уу, бид нар орноосоо босоогүй байхад орж ирсэн. Тэгээд манай нөхрийг “ажилдаа явъя” гээд байсан. Тэгсэн манай гэрт Энхүүлээ орж ирсэн чинь, Ганпүрэв Энхүүлээг дагуулаад гэрлүүгээ явсан. Тэгсэн Билгүүнээ орж ирээд “ажилдаа явъя” гээд Баагийг босгочхоод гараад явсан. Удалгүй Ганпүрэв гадаа ирчихсэн байсан, тэгээд Ганпүрэв шар өнгийн гар утас гаргаж ирээд “авдарт удаан байсан батерей нь муудсан байна” гэх мэт зүйл яриад байхаар нь, “батерейгүй бол би батериа хийгээд барьж байя” гэсэн чинь Ганпүрэв надад өгсөн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/,

7.Гэрч Ц.Энхбадрахын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ганпүрэв  гэх хүнийг танина, манай ахтай хамт ажилладаг юм. Би Ганпүрэвтэй сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө ах Бат-Эрдэний гэрт орсон чинь Ганпүрэв сууж байсан, тэгэхэд л таарсан. Ахынд орсон чинь Ганпүрэв намайг гуйгаад “манайд очоод хуучин гэрийн эсгийг хаячхаад ирье” гээд би хамт гэрт нь очсон юм. Ганпүрэвийн гэрт очиход надаас асуугаад “чи гар утастай юм уу?” гэхээр нь би “байхгүй” гэсэн чинь, Ганпүрэв “надад 1, S-3 маркийн гар утас байгаа чи түр хэрэглэж байх юм уу?” гэхээр нь би “тэгье” гээд авсан юм. Samsung маркийн цагаан өнгийн шинэ гар утас байсан. Өөр ямар нэгэн эд зүйл өгөөгүй ээ. Орныхоо гудсан доороос гаргаж өгсөн, хэнийх хаанаас авсан талаар хэлээгүй. Өөр ямар нэгэн гар утас, эд зүйл байсан эсэхийг анзаараагүй. Би тухайн гар утсыг мөнгө төлж аваагүй ээ, зүгээр л надад өгсөн, Одоо манай гэрт байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/,

8.Гэрч Д.Билгүүний 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө ажилд явах гээд Ганпүрэвийн гэрийн гадаа очиж уулзсан, тэгэхэд Ганпүрэв 1 боодол улаан “Вест” нэртэй тамхи барьж гарч ирээд миний машины урд хайрцагт хийсэн. Тэгээд Бат-Эрдэний гэрт ирээд Баагийг аваад Ганпүрэв бид нар миний машинтай төвөөс гараад явж байтал, Ганпүрэв хар өнгийн ЖиМобиалын гар утас гаргаж өгөөд “урд хайрцагтаа хийчих” гээд өгсөн, тэрийг нь би аваад машины урд хайрцагт хийсэн юм. Өөр ямар нэгэн эд зүйл өгөөгүй. Гэрт нь ороогүй, гаднаас нь дуудаад дагуулаад явсан. Архи хэрэглэсэн байсан, яг хэзээ уусныг нь сайн мэдэхгүй, өглөө машинд суухад ямар ч байсан архи үнэртэж байсан. Ганпүрэв өөрөө гар утасгүй байдаг байсан. Ганпүрэв өмнө нь надтай хамт ажиллаж байхдаа, хүний эд зүйл дураараа авч байсан, хулгай хийж байсан тохиолдол гарч байгаагүй. Гар утас нь машинд байгаа, тамхийг Ганпүрэв, Бат-Эрдэнэ нар өөрсдөө хөдөө байхдаа аваад явсан байсан. Би тамхи татдаг, тэгэхдээ тэр улаан вест гэдэг тамхинаас авч татаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/,

9.Гэрч Ч.Хүчбаярын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ганпүрэвийг 2008 оноос танина төрөл садангийн хүн биш, найз нөхөд байгаа юм. Ганпүрэв нь хүний үгээр их л даруу төлөв хүн байгаа юм, тийм эвдэрсэн зан ааштай хүн биш, нийтэч зантай, хүнд тусархуу хүн байгаа юм. Архи их уугаад байдаггүй байхаа, хааяа нэг архи уусан үед нь би таарч байсан, мэндэлж ярилцаад явдаг, архи нэхэх юм уу? Агсам согтуу тавиад байдаггүй юм. Эхнэр 4 хүүхэдтэй байсан, эхнэр нь манай энд ирж хамт амьдарч байгаад, эхнэр нь гэр бүлээс гадуур асуудал үүсгээд Дархан-Уул аймаг руу салаад явсан юм. Анх би Ганпүрэвтэй Бугантад ирэхэд нь танилцсан юм, дүү эмэгтэйтэй нь би үерхэж байсан юм. Тэгээд бид нар хоорондоо сайн гэмгүйл байсан хүмүүс. Хөгжим тоглоно, дуулна, уг нь их авъяас чадвартай сайн залуу байгаа юм даа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

10. Гэрч Б.Оюунзаяа 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Мягмаржавын Ганпүрэв гэж хүнийг танина төрөл садангийн холбоотой хүн байгаа юм. Би М.Ганпүрэвийг 16 настай байхаас нь мэднэ. Манайд ирж байсан, бага байхад нь эцэг эх нь нас бараад, асрамжийн газарт байсан, өөрийх нь эгч нь манай гэрт бэр болж ирээд, удалгүй араас нь ирж байсан юм. М.Ганпүрэв хүний үгээр их л даруу төлөв хүн байгаа юм, тийм эвдэрсэн зан ааштай хүн биш, асрамжийн газарт боловсрол эзэмшсэн байх. Архи нэг их уугаад байдаггүй юм, хааяа нэг уусан байдаг, архи уугаад ирэхээрээ олон ааш зангүй, хүний үгэнд ордог, унтаад өгдөг хэрүүл маргаан үүсгээд байдаггүй юм. Эхнэр 4 хүүхэдтэй байсан, эхнэр нь манай энд ирж хамт амьдарч байгаад, эхнэр нь гэр бүлээс гадуур асуудал үүсгээд Дархан-Уул аймаг руу салаад явсан юм. М.Ганпүрэв нь хөгжим тоглоно, дуулна, уг нь их авъяас чадвартай сайн залуу байгаа юм даа. Ганпүрэвийн ойрийн найз нь Бугантад байдаг цэрэгт хамт явсан Мөнхбат гэдэг залуу байдаг санаж байна, хувиарай алтанд хүмүүстэй явж, ойр зурын хэрэглээгээ хангаж амьдарч байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,

11. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд тэнцэж байгаа 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн М.Ганпүрэвийн зүүн гарын долоовор, дунд хурууны хээний дардастай хоорондоо тохирч байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 41-р ху/

12. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 35 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт

  1. . Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.
  2. . Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн М.Ганпүрэвийн гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд өмсөж явсан гэх гутлын улны хээтэй хооронд нь харьцуулах боломжгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 46-р ху/

13. “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.  Samsung s3 1 ширхэг 120.000 төгрөг шинэ.

2. Samsung s4 1 ширхэг 140.000 төгрөг шинэ.

3. west улаан 10 ширхэг 25.000 төгрөг нэг боодол.

4. соёрхол архи 1 ширхэг 40.000 төгрөг нэг ширхэг.

5. Gmobile ZXET380 1 ширхэг 140.000 төгрөг шинэ.

6. Gmobile ZXET 1 ширхэг 140.000 төгрөг шинэ.

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 04 дүгээр сарын байдлаар хохирлын хэмжээ нийт 605.000/ зургаан зуун таван мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 56-р ху/,

14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-16-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 01-02-р ху/,шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 39, 53-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 50, 61-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 51, 60-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 69-78, 82-86-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 79-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 80-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 97,98-р ху/, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Ганпүрэв нь 2019 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө  Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Барс” хүнс барааны дэлгүүрийн агуулахын цонхоор хууль бусаар нэвтрэн орж 1.75 литрийн хэмжээ бүхий “Соёрхол” архи 1 ширхэг, нэг боодол “улаан вест” тамхи, 4 ширхэг гар утас зэрэг нийт 605.000 төгрөгний  эд зүйл, бэлнээр 9000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болох хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг батлагдаж байх тул шүүгдэгчийг “хулгайн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан “...үйл ажиллагаа явуулах зориулттай дэлгүүрт нууцаар, хууль бусаар  нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Ганпүрэв нь  үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзаж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  М.Ганпүрэвт 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ганпүрэв нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн   36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2, 4-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Улаан хуулар овогт Мягмаржавын Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулттай...орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Улаан хуулар овогт Мягмаржавын Ганпүрэвийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганпүрэвт оногдуулсан 01 /нэг/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.Ганпүрэв нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.

5.Шүүгдэгч М.Ганпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.НОЛХООСҮРЭН