| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2025/00116/И |
| Дугаар | 210/МА2025/01031 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01031
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр *******ийг дэмжих төв-ийн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус төвийн Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. ******* нь ажилд орсон, хэлтсийн даргаар томилогдсон хугацаанаасаа хойш тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.
1.2 Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа очих үед нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан гэж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг танилцуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгосон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ажлаасаа гарах талаар өргөдөл, хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй.
1.3 *******,*******-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.2 дахь хэсэгт ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ талаарх өргөдлөө ажил олгогчид өгснөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гэж заасан. Үүнээс харвал, ******* нь ажлаас гарах санаа зорилго байгаагүй, энэ талаар хүсэлт өргөдлөө ажил олгогчид уламжилж байгаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй.
Иймд *******ыг урьд эрхэлж байсан ажил болох Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажилтантай тохиролцсон үндэслэлээр *******ыг Төсөл хөтөлбөрийн инновацийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Учир нь, ******* нь 2024 оны 4 дүгээр сард газрын дарга *******д би ажлаа өгнө гэж, 10 саруудад ерөнхий менежер *******т мөн сонгуулийн дараа ажлаа өгнө гэж хэлсэн байдаг.
2.2 ******* нь сүүлийн 6 сар ажлын цагтаа ажилдаа байнга хоцрох, ажилдаа ирэхгүй болсон. Иймд төрийн албан хаагчийн хувьд ажлын цагийг баримталж, газрын даргаас чөлөө зөвшөөрөл авч ажилдаа хандахгүй байгаа байдлыг нь хэлэхэд дараагийн ажлынхаа асуудлаар явж байна гэх мэтээр хэлдэг байсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь надтай тохиролцоогүй байж ажлаас чөлөөлсөн гэж хэлж байгаа нь ёс зүйд нийцэхгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг *******,*******-ын Төсөл, хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,425,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс тус газрын даргын 2024.11.12-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 197,480 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүхээс *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоосон атлаа энэхүү тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Тухайн Б/28 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус тушаал бөгөөд энэхүү тушаалаас үүдэн *******ын ажил хөдөлмөр эрхлэх эрх нь зөрчигдөж байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаагаас үүдэн тушаалтай холбоотой дахин маргаан үүсэх магадлалтай бөгөөд дээрх Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосноор дараа дараагийн шаардлагууд хангагдах үндэслэлтэй.
4.2 *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосон бөгөөд ******* нь 2024 оны 11 дүгээр сард 8 өдөр ажиллаж 1,150,810 төгрөгийн цалин авсан. Гэтэл ажил олгогч нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалснаас үүдэн тэрээр 2024 оны 11 дүгээр сард бүтэн ажиллаагүй байхад шүүхээс 2024 оны 09, 10, 11 дүгээр саруудын цалин хөлснөөс тооцон нэг сарын дундаж цалинг тодорхойлсон нь үндэслэлгүй.
Сарын дундаж цалин хөлсийг сүүлийн бүтэн ажилласан 3 сарын цалин хөлснөөс тооцох нь зүйд нийцэх бөгөөд хэргийн материалд авагдсан *******ын цалингийн карт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад тэрээр 2024 оны 08 дугаар сард 2,654,430 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 2,710,040 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 2,745,040 төгрөгийн цалинг тус тус авсан. Үүнээс нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход 2,703,170 төгрөг болно. Уг нэг сарын дундаж цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажлын 110 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцоход 14,159,461 төгрөг болж байна.
4.3 ******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба анхан шатны шүүхээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан атлаа нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах талаар шийдвэрлээгүй орхигдуулсан.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд шүүх дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан. Үүнд нарийвчлан тайлбар хэлэх шаардлага байхгүй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар ******* нь хэд хэдэн удаа ажлаа өгөх талаар хамт ажиллаж байсан ажилтнуудад хэлж, ярьж байсан зүйл, санаачилга гаргаж байгааг шүүх дүгнэхдээ тухайн нөхцөл байдлыг гэрчлэх, мэдэх, харсан, сонссон гэрч *******, ******* нарын мэдүүлэг, тайлбараар нотлогдож буй үйл баримтыг дутуу, буруу дүгнэсэн.
6.2 Мөн шүүх дүгнэхдээ ...ажилтан ******* өөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг, тайлбарыг үгүйсгэж байгаа нь хэт нэг талыг барьсан шударга бус байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ажилдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй байсан гэж ярьдаг. Гэтэл ажлаас халах тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн үндэслэл байдаг. Үүнээс гадна ажилтан үнэхээр ажлаа хийдэггүй, ажилдаа ирдэггүй байсан бол тухайн үед сахилгын зөрчил үйлдсэн эсэхийг нь тогтоогоод сахилгын шийтгэл ногдуулах бүрэн боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг ажлаа хийдэггүй байсантай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан ч хариуцагч үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ажлын цагийн бүртгэл нь ажилчдын дотооддоо ашигладаг системийн бүртгэл бөгөөд энэ систем нь ажилдаа хоцроод ирсэн үед засвар оруулах боломжтой систем байдаг. Гэтэл үүнийг хариуцагч нотлох баримт гэх байдлаар тайлбарладаг нь үндэслэлгүй.
7.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт маш тодорхой заасан. Ажилтан өөрөө хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцална гэж байгаа бол бичгээр эсхүл цахим хэлбэрээр өргөдлөө гаргана гэж заасан байдаг. Хуульд тодорхой заасан зүйлийг амаар хэлсэн гэж тайлбарладаг нь үндэслэлгүй учраас тушаал хууль бус. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэхдээ шүүгч нэхэмжлэгч хуульд заасны дагуу бичгээр эсхүл цахим хэлбэрээр хүсэлт өгсөн үү гэхэд гэрч бичгээр өгөөгүй гэж мэдүүлдэг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс амаар би ажлаа хүлээлгэж өгнө гэх зүйлийг мэдэгдэж байгаагүй учраас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******-т холбогдуулан, *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс *******ийг дэмжих төв-ийн сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус төвийн Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
3.1 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тушаалаар *******, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан *******ийг дэмжих төв гэснийг *******, гэж өөрчилсөн байна. /хх 135/
4. Ажил олгогч *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэг, нийслэлийн *******,*******-ын дүрмийн 3.7.1, 3.7.4 дэх заалтыг тус тус үндэслэн Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн дарга *******ын өөрийн хүсэлтийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 7/
4.1 Ажил олгогчийн дээрх тушаалын агуулга нь ажилтан *******ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэсэн байх бөгөөд талууд тухайн хүсэлтийг гаргасан эсэх талаар маргасан.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэхээр мөн хуулийн 79.2 дахь хэсэгт зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ажилтан хөдөлмөрийн харилцааг цуцлах талаар өөрийн хүсэлтээ ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байхыг ойлгоно.
5.1 Хэрэгт авагдсан баримтаар ажилтан ******* нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр болон цахим хэлбэрээр ажил олгогчид гаргасан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.
5.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч *******ийн ...өөр ажилд орно хугацаа хэрэгтэй гэж байсан гэх, *******ын ..9 хүний дунд ажлаас гарах талаар хэлсэн. Дараа нь сонгуулийн дараа өгнө гэж хэлсэн гэх гэрчүүдийн мэдүүлэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан дээрх нөхцөл байдлыг бий болгохгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчүүдийн мэдүүлэг, тайлбарыг үгүйсгэж байгаа нь хэт нэг талыг барьсан шударга бус гэх гомдлыг хангахгүй.
5.3 Түүнчлэн, хариуцагч нь ажилтан *******ыг ноцтой зөрчил гаргасан, ажил үүргээ гүйцэтгээгүй, ажилдаа ирээгүй гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалдаа ажилтны хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж тусгасан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иймд *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан *******,*******-ын Төсөл, хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалын талаарх гомдлоо Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан. Тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар ажиллагааг дуусгавар болгосон. /хх 15-18/ Улмаар нэхэмжлэгч нь мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
7.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо түүний дутуу ажилласан сарын цалин буюу 2024 оны 11 дүгээр сарын цалинг оруулж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2024 оны 8, 9, 10 дугаар сарын (2,745,040+2,710,040+2,654,430) цалин хөлсний нийлбэр 8,109,510 төгрөгөөс нэг сарын дундаж цалин 2,703,170 төгрөг, үүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 128,722 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.
7.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 110 хоног гэж зөв тооцсон байх тул түүний ажилгүй байсан хугацааны олговорт (128,722*110) 14,159,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
7.3 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцжээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. /хх 4/ Анхан шатны шүүх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэлд нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
9. Нэхэмжлэгчийн *******,*******-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь бие даасан шаардлага биш, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 11,425,260 гэснийг 14,159,420 гэж,
3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******,*******-аас улсын тэмдэгтийн хураамжид 228,747 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохигчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 129,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН