| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0093/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 92
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх-Боржигон овогт Цэрэн-Очирын Баттуулд холбогдох 1931001390079 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дүгээр сарын 31-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгч дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг Зүүнбзрэн сум Жаргалант 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 23 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Халх боржигон овогт Цэрэн-Очирын Баттуул, РД:/МЖ81073113/
Шүүгдэгч Ц.Баттуул нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Ган” хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй О.Мөнхжинг /15 нас 3 сар, 14 хоног/ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ц.Баттуулын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 олы 04 дүгээр сарын 19-ний өдөр нутгийн ганц нэг хүнтэй архи ууж байгаад тэд нараасаа салаад Зүүнбүрэн суманд байдаг “Ган” нэртэй дэлгүүрт пиво авах санаатай хөршийн хүүхдийн нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үед согтуудаа зүгээр явж байсан хүүхдийг цохичихсон юм. Өөрөөр бол ямар нэгэн санаа зорилго, урд өмнө нь хэрэлдэж маргалдаж, үл ойлголцох асуудал ч гаргаж байгаагүй. Тухайн үед уусан архиндаа балайрч яваад хүний хүүхдэд гар хүрчихсэн. Би нэг л удаа гараараа цохисон. Өөрөөр бол гар хүрээгүй. Тухай үед “Ган” дэлгүүрийн Хүрлээ ахын эхнэр бас манай сумын Алтай эгч байсан. Эдгээр хүмүүс яг хажууд байсан. өөр хүн ганц нэг хүн байсан байх. Би Мөнхжинтэй уулзаж уучлал гуйсан. Биеийн байдал гайгүй сайн байгаа гэсэн. эмчилгээний зардал мөнгийг надаас нэхэж байсан. Би ойрын хугацаанд хохирол мөнгөө төлж барагдуулах болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 63-р ху/,
2.Шүүгдэгч Ц.Баттуулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тэр өдөр архи уучихсан явсан болохоор ийм хэрэг хийчихлээ. Гэхдээ би тэр хүүхдийг цуг архи ууж байсан найзыгаа намайг дагаад дэргүүрт орж ирлээ гээд бодоод гараараа нүүр нь савчихсан юм. түүнээс би өөрийнхөө хүүхэдтэй адилхан хүүхдийг юу гэж цохих вэ. Би энэ хүүхдээс болон ээжээс нь их олон удаа уучлалт гуйсан. Хохирлын мөнгийг нь өгнө. Сая 195.000 төгрөг ширжүүлж өгсөн. Үлдсэн зүйлд нь үхэр өгье гээд байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн -р ху/
3. Насанд хүрээгүй хохирогч О.Мөнхжингийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед “Ган” гэх хүнсний дэлгүүрээс алаг салат авсан чинь нь “буруу салат авсан байна” гээд Анхмаа анай хэлсэн. Тэгэхээр нь солиулахаар буцаад дэлгүүр дээр ирсэн. Тэгээд дэлгүүрт ороод орж ирээд зогсож байсан чинь худалдагч нэг согтуу хүнийг “гар” гээд хөөж байсан. Тэгээд би худалдагчид “эгчээ энийг солиулах гэсэн юм аа?” гэж хэлэхэд худалдагч эгч “за” гэж хэлэхээр нь би салатаа тавьчихаад байж байтал согтуу хүн араас юм яриад байсан. Гэхдээ яг юу яриад байгааг нь сонсоогүй. Тэгээд намайг эргээд харах гэхэд ард юм хөдлөх шиг болохоор нь эргээд харсан чинь тэр согтуу хүн намайг шууд нүүр лүү нэг удаа цохисон. Цохингуут л хамарнаас цус гарсан. Тэгээд хажууд зогсож байсан хоёр эгч нойлийн цаас өгсөн. Тэгээд цусаа тогтоож байхад дэлгүүрийн худалдагч эгч эмээ рүү ярьсан.Тэгээд удалгүй манай эгч Оюунцэцэг ирсэн. Тухайн хүнийг нээх сайн танихгүй. Гудамжаар архи уугаад явж байдаг л хүн. Энэ хүнтэй уг нь тааралдаж байсан болохоос юм ярьж байгаагүй. Миний биед ил харагдах сорви гэвэл хамар хавдсан байгаа. Эмнэлэгт үзүүлсэн зураг авахуулах шаардлагатай гээд зураг авахуулсан. Хамрын яс хугарсан байна гэсэн. Миний хувьд хамраа эмчлүүлмээр байна. Гомдолтой байна, тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ...гэх мэдүүлэг, /хх-ийн 04-р ху/,
4. Гэрч Б.Ууганцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Одоо О.Мөнхжингийн биед эмчилгээ хийлгэж байгаа. Ер нь эдгээгүй байгаа, хамар нь далий болсон байгаа. О.Мөнхжингийн эмчилгээний зардал одоогоор 500 гаран мянган төгрөг болсон байгаа. Наашаа цаашаа явсан зардалтайгаа. Мөнхжинд цаашид зүгээр болтол нь эмчилгээ хийлгэнэ. Дарханд “Саран” гэдэг эмнэлэгт үзүүлж байгаа. Эмч нь “дахиж ирж үзүүлээрэй” гэсэн. Өөрсдөөсөө гарсан эмчилгээний зардлаа төлүүлж авмаар байна. Жоохон хүүхэд цохьсон болохоор гомдолтой байна. Үеийн хүнээ цохьсон бол одоо яахав гэхсэн хүүхэд шүү дээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
5.Гэрч Б.Отгончимэгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед би Алтанцэцэг гэдэг эмэгтэй, охин Чимгээгийн хамт орж ирээд юм худалдаж аваад тэр хоёр авсан юмаа бодуулахаар миний хажууд зогсож байсан. Тэгтэл гаднаас Баттуул гэх залуу согтуу орж ирсэн. Тэгээд Баттуулыг “гар” гэж хэлээд байж байтал гаднаас дэлгүүрт нэг банди орж ирсэн. Тэр банди орж ирээд өмнө авч явсан “Алаг салат” авснаа солиод “Өег” гэх салат болгоод зөрүүгээ өгөх гээд байж байсан гэсэн. Би өмнө нь орж ирсэн хоёр хүнтэйгээ тооцоо хийх гээд доошоо харж байсан. Тэгэхэд Баттуул тэр хүүхэдтэй янз бүрийн юм яриад загнаж байсныг сонссон. Баттуулыг яг цохиж байхыг нь бол харж чадаагүй. Тэгээд тэр хүүхдийг цохичихлоо гэхэд л дээшээ харахад хүүхдийн хамарнаас цус гараад тонгойж байсан. Тэгээд би тэр хүүхдэд нойлын цаас авч өгсөн. Дараа нь тэр хүүгээс эмээгийнх нь утасны дугаарыг авч, би эмээд нь хэлсэн. Тэгээд дараа нь цагдаа руу залгасан. Тэгээд удалгүй эгч Омоо гэх эмэгтэй ирсэн. Би Баттуулыг манай хажуу гудманд байдгийг нь л мэднэ. Аав нь гэх Цэрэн-Очир гэдэг хүнийг мэддэг байсан. Сайн танихгүй ээ. Би цохиулсан гэх хүүхдийг танина. Тэр хүүхэд бас манай урд байдаг хүүхэд. Би эмээ, өвөө нарыг нь танина. Баттуул манай дэлгүүрээс хаяа л архи авдаг. Гэхдээ тэр өдөр бол манайхаас бол архи аваагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,
6.Гэрч Г.Хүрэлбаатарын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Ган” гэх дэлгүүрийн би өөрөө ажиллуулдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед би дэлгүүрийн цаад талд байдаг өрөөн дотор байж байсан. Тэгсэн нэг согтуу байж магадгүй хүн орилоод байсан юм. Тэгэхээр нь би гараад харсан чинь Баттуул гэх залуу согтуу орилж байхаар нь гаргах санаатай, дөхөж очиж байтал нэг эрэгтэй хүүхдийг цохиод авсан. Тэгээд би Баттуулыг түлхээд аваад гарсан. Баттуул цохичоод дахиад дайраад байсан. Би “цагдаа юм уу эмнэлэг дууд” гэж хэлсэн. Би Баттуулыг танина. Гэр нь хажуугийн гудамжинд байдаг. Баттуул өөрөө унаган Зүүнбүрэнгийн залуу байгаа юм. Би цохиулсан хүүхдийг танина. Манай урд талд байдаг Мөнхжин гэдэг хүүхэд байгаа юм. Эмээ нь Сэлэнгэ, өвөө Бүрэнсайхан, эгч Омоо гээд бүгдийг нь танина. Би Баттуулыг хүүхдийг цохихоос нь өмнө арай л очиж амжаагүй. Наанаас нь очиж байтал цохиод авсан. Цохино гэж бодоогүй юм. Өмнө нь орж ирээд орилж хашгираад л орж гараад л яваад байдаг болохоор нь өмнөх шигээ гараад явах байх гэж бодсон юм. Согтуу орж ирэхдээ юм авахгүй гараад л явчихдаг байсан. Манай хүүхдүүд орж ирэхээр нь уг нь хөөгөөд гаргачихдаг гэж байсан. Баттуул тэр хүүхдийн нүүр лүү нь нэг л удаа цохисон. Тэр хүүхдийг цохингуут л хамарнаас нь цус гараад нөгөө хүү доошоо суугаад өгсөн. Тэгээд удалгүй тэр хүүхдийн эгч нь ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,
7. Гэрч Л.Бямбаагийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Баттуулыг танина. Баттуулын аав манайхтай хөрш айл байсан юм. Ер нь бага байхаас нь танина. Баттуул нь хааяа архи уусан яваад байгаа харагддаг. Уг нь хүнтэй нэг их муудалцаад байдаггүй л хүүхэд байгаа юм. Зүүнбүрэнгийн хүмүүс ихэнх нь андахгүй дээ. Баттуул дэлгүүр дотор айлын хүүхэд цохисон байна гэж хүний ярианаас сонссон юм. Яг хэзээ сонссоноо санахгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
8. Гэрч С.Алтанцэцэгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 17-ны оройхон шиг санаж байна. Манай суманд үйл ажиллагаа явуулдаг “Ган” нэртэй худалдан авалт хийгээд байж байхад Баттуул гэдэг залуу нилээд согтуу орж ирээд дэлгүүрийн эзэн Хүрлээгийн эхнэр буюу худалдагчийн хажууд зогсож байгаад. Мөнхжин гээд хүүг гаднаас ороод ирсэн чинь л эхэлж цохих гэж нэг айлгаад тэгснээ шууд улаан нүүрэн дундуур нь гараараа цохиод хамар амнаас нь цус гаргачихсан. Тэгэхээр нь би уурлаад “чи яаж байгаан хүний нялх хүүхдийг” гэж хэлээд Баттуулыг цохиж авах гээд чадаагүй юм. Дэлгүүрийн эзэн Хүрлээ Баттуулыг тэр хүүгээс холдуулаад дэлгүүрээс гаргасан. Тэр Мөнхжин гээд хүү худалдагчийн хажууд ззүгээр зогсож байсан. Баттуул ямар ч учир шалтгаан хэрүүл маргаангүйгээр шууд л нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Яг тэгж цохих үед “таг” гээд чимээ гарсан. Их л хүчтэй цохиод тийм чимээ гарсан байх. Мөнхжин дэлгүүрт орж ирэхдээ зүгээр байсан. Харин Баттуулд цохиулаад хамраас нь цус гараад тогтохгүй байсан Шалан дээгүүр зөндөө цус гоожсон. Баттуул бол нилээд согтуу байдалтай байсан. Баттуул, Мөнхжин нарыг хоорондоо ямар харилцаа холбоотой хүмүүс болох талаар нь надад мэдэх зүйл байхгүй, Баттуул нь хааяа нэг архи уучихсан л явж байдаг хүн байгаа юм. Тэгэхдээ архи уучихсан үедээ элдэв ааш авир гаргаж байхыг нь сая л харлаа. Мөнхжин гээд хүүг манай нутгийн хүүхэд гэдгээр нь л мэднэ. Сургуулийн жоохон хүү л байдаг. Тэрнээс өөрөөр бол сайн мэдэхгүй байна. Тухайн үед дэлгүүрийн эзэн Хүрэлбаатар бид 2 яг хараад байж байсан. Хүрэлбаатарын эхнэр Отгончимэг, бас манай охин Чимгээ, өөр нэг хүүхдээ дагуулсан эмэгтэй байсан. Тэд нар тодорхой сайн хараагүй байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,
9. Гэрч Б.Анхмаагийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай эгчийн том хүү болох О.Мөнхжин нь сумын төвд манай гэрт амьдардаг юм. Учир нь аав ээж нь хөдөө мал маллаж амьдардаг учраас хичээл сургуульдаа явах үедээ манайд байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн үед эгчийн хүүхэд болох О.Мөнхжинг дэлгүүр лүү салатанд явуулсан юм. Тэгсэн эхэлж яваад буруу салат аваад ирэхээр нь “солиулаад ир” гээд явуулсан чинь удаагүй манай дүү Мөнхжинг “хүнд зодуулчихлаа” гээд худалдагч нь хэлсэн. Тэгээд Мөнхжинг сумын эмнэлэгт байхад очиход “дэлгүүрт салатаа солиулах гээд зогсож байхад Баттуул ах хамар руу цохичихсон” гэж яриад уйлчихсан байж байсан. Тухайн үед Мөнхжингийн хамар хэсэг нь хавдчихсан бага зэрэг хөхөрчихсөн байдалтай байсан. Өөрөөр бол биед нь ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Баттуул нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дэлгүүрт явж байсан гэсэн. Тэгээд ямар ч шалтгаангүйгээр миний дүүгийн нүүр рүү цохиж гэмтээсэн гэсэн. Тухайн үед манай сумын иргэн дэлгүүрийн эзэн Хүрэлбаатар, тэр дэлгүүрээр үйлчлүүлж байсан Алтанцэцэг эгч 2 тухайн үйл явдлыг яг нүдээрээ харсан гэсэн. Хүрэлбаатар нь салгаагүй бол дахиад зодож цохих гээд дайраад байсан гэсэн. Өөрөөр бол хэргийн талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Манай дүү О.Мөнхжин нь ингэж гэмтсэнээсээ хойш хэд хэдэн удаа Дархан- Уул аймагт очиж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Энэ тухай баримтуудыг ээж нь гаргаж өгөх байх. Миний дүү чинь сургуулийн сурагч одоо дөнгөж 9 дүгээр анги, тэгж хүн амьтантай хэрэлдэж маргаж явах хүүхэд биш. Тэгээд Баттуул нь ямар ч шалтгаангүйгээр шууд л нүүр рүү нь цохисон гэсэн. Баттуулыг сайн мэднэ. Баттуул нь ганц бие, ер нь бол байнга л архи уудаг гэж хэлж болно. Эрүүл дээ бол элдэв ааш авир байхгүй, архи уусан үедээ агсам зантай хүн байгаа юм. Миний дүү Мөнхжин даруу төлөв зантай, хүнтэй хэрэлдэж маргалдаад, сөргөөд байдаггүй, гадуур дотуур дэмий тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,
10. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. О.Мөнхжингийн биед хамар ясны угт хөндлөн хугарсан, хавантай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 41-р ху/,
11. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 54/19 дугаартай магадлагааны дүгнэлт хэсэгт:
1. Иргэн Ц.Баттуул нь Бие хүний органик эмгэгтэй байна.
2. Иргэн Ц.Баттуул нь Бие хүний органик эмгэгтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.
3. Иргэн Ц.Баттуул нь Бие хүний органик эмгэгтэй боловч түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/,
12. “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, /хх-ийн 06-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 10-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын талаархи баримт, /хх-ийн 12-21-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хохирогч О.Мөнхжинд яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 40-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 39,44-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42,51-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 43,52-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 53-59-р ху/, Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 60-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 61-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 65-66-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 67-68-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 71-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 72-р ху/, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 76-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Баттуул нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Ган” хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй О.Мөнхжинг /15 нас 3 сар, 14 хоногтой/ ямарч шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын талаархи баримт, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хохирогч О.Мөнхжинд яаралтай тусламж үзүүлсэн байдал, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үзйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид нотлох баримтын дагуу хохиролд 195.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.
Хохирогчийн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн мөнгийг энэ шүүх хурлаар гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхилоо.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй зэргийг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халх боржигон овогт Цэрэн-Очирын Баттуулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халх боржигон овогт Цэрэн-Очирын Баттуулыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Баттуулын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуульд заасан төлбөр төлөх хугацаа дууссаны дараа төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Баттуулд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Баттуул нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хохирогчийн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн мөнгийг энэ шүүх хурлаар гаргах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.
8. Шүүгдэгч Ц.Баттулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН