Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 09

 

 

Ш.Э, Ё.Э, Ш.Б, А.Ө

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 45а дугаар шийтгэх тогтоол,

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 98 дугаар магадлалтай, 201412000017 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Э-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, У овогт Ш-ын Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан “Бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Е овогт Ш-н Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан “Бусдын эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

 

3. Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт Ё-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

 

4. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ч овогт А-ын Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Прокурорын газраас Ё.Э-ад Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ё.Э-ыг цагаатган,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-ын “Т” ХХК-ийн 3.500.000 төгрөгийг сумын засаг даргын тамгын газрын нярав О.Мөнхбатын хувийн дансаар шилжүүлэн авч завшсан гэх үйлдлийг, “Т” ХХК-ийн сум хөгжүүлэх санд байршуулсан 50.000.000 төгрөгөөс 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 25.000.000 төгрөгийг Ш.Б-ын ХААН банкин дахь хувийн харилцах дансаар шилжүүлэн авч завшсан гэмт хэргийг үйлдэхэд уг мөнгийг сум хөгжүүлэх сангаас гаргах зөвшөөрөл олгосон 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай захирамж гаргаж хамтран оролцсон гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Ш.Э-ад Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг”, Ш.Б-т Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэг” болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Ш.Э-ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ давтан үйлдлээр урвуулан ашигласны улмаас иргэн Ё.Э-ад 10.000.000 төгрөгийн, “Талст-Орчлон” ХХК-д 20.000.000 төгрөгийн буюу бусдад хүнд хор уршиг учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ш.Б-ыг албан тушаалтан бус этгээд аж ахуй нэгжийн албан тушаалтны нэр барьсны улмаас онц их хэмжээний ашиг олох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Ө-ыг гэрчээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ын төрийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.232.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.220.400 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар А.Ө-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-ын цагдан хоригдсон нэг хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, энэхүү тогтоолоор түүнд оногдуулсан 11.232.000 төгрөгийн торгох ялаас 960.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцон хасч, Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ш.Э-ад оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг Ш.Б-, Ш.Э-, А.Ө- нарт мэдэгдэж, Ё.Э-, Ш.Б-, А.Ө- нар нь цагдан хоригдоогүй ба Ш.Б- нь хохирогч Б.Мөнгөнсүхэд 36.000.000 төгрөг, иргэн Э.Анхбаярт 5.000.000 төгрөг төлсөн, Ё.Э-, А.Ө- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Э-аас 10.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ё.Э-ад олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.000.000 төгрөгийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 35-3 тоотод байрлах “Т” ХХК /захирал Б.М/-д олгож шийдвэрлэжээ.

 

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Ш.Э- нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.220.400 /хорин найман сая хоёр зуун хорин мянга дөрвөн зуун/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар А.Ө-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, 8 дахь заалтад “ялтан Ш.Э-ад мэдэгдсүгэй” гэж, 13 дахь заалтад “Ё.Э-, Ш.Б-, А.Ө- нарт” гэж, 14 дэх заалтад “Ш.Э-ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ш.Э- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... албаны эрх мэдлээ давтан үйлдлээр урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би "Т" ХХК-д 20 сая төгрөгийн хүнд хор уршиг учруулаагүй. Анхан шатны 2 удаагийн хурал дээр иргэдийн төлөөлөгч нар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж, 3 дахь удаагийн хурал дээр иргэдийн төлөөлөгч Т гэдэг хүн “энэ залуугийн хувьд төрийн албанд 3 жил ажиллахгүй байна гэдэг хүндэдсэн ял байна” гэсээр атал бүр 4 жил болгож хүндрүүлж яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн торгуулийн ялыг зөвшөөрөхгүй. Иймд энэ хэргийг хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон саналдаа: “... Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Ш.Э-ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ давтан үйлдлээр урвуулан ашигласны улмаас бусдад онц их хэмжээний буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай нотолсон баримт хэрэгт байхгүй.

Ш.Э- нь 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 6/11 тоот захирамж гарган "Т" ХХК-иас Өлзийт сумын сум хөгжүүлэх санд нөхөн сэргээлт хийх зорилгоор байршуулсан 50.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг гарган Ш.Б-ын данс руу шилжүүлсэн нь албан тушаалын эрх мэдлийн хүрээнд захирамж гаргасан нь хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаагүй, хийвэл зохих ажил үүргээ хийсэн байдаг. Энэ захирамж гарснаар хэн нэгний эрх ашиг хохирсон зүйл огт байхгүй бөгөөд хэн нэгэн хохирол нэхэмжлээгүй, хохирогч байхгүй байдаг.

Ш.Э-ын хувьд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй бөгөөд эдийн болон эдийн бус ашиг олсон зүйл огт байхгүй.

Иймд Ш.Э-ын үйлдлийг Сум дундын 11 дүгээр шүүх Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 болгон зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Мөн хэрэг явдал болсноос хойш бүтэн 5 жил өнгөрсөн байгаа тул Ш.Э-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Б-т ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй бөгөөд гэрээ байгуулахыг М өөрөө зөвшөөрөөд улмаар түүнд тамга тэмдгээ өгөөд явуулсан гэдгээ өөрөө хэлдэг зөвшөөрдөг нь хавтаст хэрэгт авагдсан түүний мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Б- нь авах ёстой мөнгө гэж бодож авсан боловч эргүүлээд авсан мөнгөө М-д буцаагаад өгчихсөн бөгөөд ашиг олох нь байтугай өөрөө хэрэгтэн болоод хохирчихсон байдаг.

Ийм учраас Ш.Б-ын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Ш.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Ш.Э- нь Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх санд нөхөн сэргээлт хийх зорилгоор байршуулсан 50.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг нь буцаан олгох захирамж гаргаж, Ш.Б-ын дансанд шилжүүлсэн. Мөн “Х” ХХК-ийн байршуулсан мөнгийг нярав М-аар дамжуулан өөрийн дүү Ш.Э-ийн дансанд шилжүүлүүлж, албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Ш.Б-ын хувьд сум хөгжүүлэх санд нөхөн сэргээлт хийх зорилгоор байршуулсан “Т” ХХК-ийн 50.000.000 төгрөгөөс тухайн компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байхдаа тус компанийн тамга, хэвлэмэл маягтыг ашиглан өөрийн харилцах дансаараа мөнгө шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан. Ө- нь мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Ш.Э- нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлээ ашиглан сангийн хөрөнгийг бусдын данс руу шилжүүлэхийг зөвшөөрч, Ш.Б-т тухайн мөнгийг захиран зарцуулах боломжийг олгосон байдлаар гэм буруу нь хангалттай тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй учраас зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангажээ.

 

Шүүх Ш.Э-, Ё.Э-, Ш.Б-, А.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргээс Ё.Э-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Ш.Э-ад холбогдох Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Т” ХХК-ийн 3.500.000 төгрөгийг завшсан, мөн “Т” ХХК-ийн сум хөгжүүлэх санд байршуулсан 50.000.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийг завших гэмт хэрэгт  хамтран оролцсон гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ш.Э- нь Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын сум хөгжүүлэх санд нөхөн сэргээлт хийх зорилгоор “Т” ХХК-иас байршуулсан 50.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг буцаан олгох тухай 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр б/11 тоот захирамж гаргаж Ш.Б-ын данс руу шилжүүлсэн, мөн “Х” ХХК-ний байршуулсан 50.000.000 төгрөгөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөгийг нярав О.М бэлнээр авахуулж өөрийн төрсөн дүү Ш.Э-ийн ХААН банкин дахь харилцах дансанд шилжүүлсэн үйлдлүүдийг  давтан үйлдлээр төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Ш.Б- нь Дундговь аймгийн Өлзийт сумын сум хөгжүүлэх санд нөхөн сэргээлт хийх зорилгоор байршуулсан “Т” ХХК-ийн 50.000.000 төгрөгөөс 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 25.000.000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийг завшсан гэх гэмт хэргийг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоогүй атлаа өөрийгөө тус компанийн гүйцэтгэх захирал гэж бусдад ойлгуулан уг компанийн тамга, хэвлэмэл маягтыг ашиглан өөрийн харилцах дансаараа шилжүүлэн авч албан тушаалтан бус этгээд аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээний ашиг олсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч А.Ө- нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... 2011 онд Төрийн банк дахь өөрийнх нь эзэмшлийн 102100213642 тоот дансанд эхнэр Ш.Э-өөс шилжүүлсэн 12.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хэрэглээд 10.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд банкны хажууд зогсож байгаа Шинээ гэдэг хүнд өгөөрэй гэж эхнэр Ш.Э хэлэхээр нь би 10.000.000 төгрөгийг аваачиж өгсөн ...” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон үйл баримт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1, А.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ш.Б-, А.Ө- нарт оногдуулсан торгох ялыг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь хууль ёсны болсон байх бөгөөд Ш.Э-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг дээрх өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ш.Э-ын “энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,  өмгөөлөгч Д.Цэрэнхандын “Ш.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 болгон зөвтгөж, Ш.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 45а дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 98 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.ГАНЗОРИГ