Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0025

 

2020 оны 01 сарын 02 өдөр           Дугаар 221/МА2020/0025                          Улаанбаатар хот

У.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу У.Ц-н нэхэмжлэлтэй, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Ц-н, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан “тус Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “У.Ц-ыг албанаас халах тухай” Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд  эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч У.Ц нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг эс зөвшөөрч, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг тушаал нь У.Ц-н хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тушаал болсныг шүүх нотлох баримтын хүрээнд бодитой үнэлж чадсангүй.

Нэхэмжлэгч У.Ц нь өөрийн гаргасан зөрчлийг үгүйсгээгүй ч, зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл ногдуулах эрх хэмжээгээ газрын дарга хэрэгжүүлээгүйд, мөн зөрчлийн талаар гомдол гаргасан н.Баярмаа гэгчийн хувийн байдал /хүн ардаас иймэрхүү аргаар удаа дараа мөнгө төгрөг нэхдэг/-ын талаар тодруулж, зөрчлийн шалтгаант нөхцөлийг харгалзалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд ч тайлбарласан.

Хэдийгээр газрын дарга өөрийн эрх хэмжэнийхээ хүрээнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс сонгож хэрэглэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ цагдаагийн албанд хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Сахилгын дүрмийн 6.1-т “сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, үр дагавар, анх буюу давтан үйлдсэн эсэх, шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзнэ” гэсэн заалтыг огт харгалзаагүй болох нь газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээс болон албаны шалгалт явуулсан материалаас тодорхой харагддаг.

Зөвлөлийн хурлын тэмдэглэлд газрын даргаас “... архи уусан л бол ямар ч асуудалгүй, халлаа” гэсэн шийдвэр нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.5, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, У.Ц нь тухайн зөрчил гаргах үедээ ажлын бус цагаар, албан үүргээ гүйцэтгээгүй, энгийн хувцастай явж байсан гэдэг нь зөрчлийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, албаны шалгалт явуулсан мэдээ зэргээр нотлогдсоор байтал “архи уусан л юм чинь хална” гэж алба хаагчийнхаа эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Алба хаагчийнхаа эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн үндэслэл нь:

У.Ц нь 2015 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь сум дундын Цагдаагийн тасагт цагдаа-жолоочоор анх ажилд орж, хөдөө орон нутагт 4 жил гаран ажиллаж байгаа үед буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ажилласан хугацааны цол нэмэх болзол шаардлага хангаж байсан үед,

Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журмын 2-т заасны дагуу хөдөө орон нутагт тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутамд 1 удаа мөнгөн урамшил авах эрх үүсэх болзол шаардлагыг хангаж байх үед уг жилийг тасалдуулсан шийтгэлээс сонгож хэрэглсэн.

Цагдаагийн албаны тухай хуулийн 71.1-д зааснаар цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор тогтоох бөгөөд хэргийн 22-25 дугаар хуудсанд авагдсан У.Ц-н ажлын байрны тодорхойлолтоор У.Ц нь цагдаагийн албаны автомашины ашиглалт, бэлэн, шуурхай байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиж ажиллах, автомашин засвар үйлчилгээ, техник хэрэгслийн хэвийн байдлыг хангаж ажиллах гэсэн үндсэн чиг үүрэгтэй, уг үүргээ зөрчөөгүй байтал халах хүртэл арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.

У.Ц нь 3 хүүхэдтэй, эхнэр нь цэцэрлэгийн туслах багш ажилтай, энэ гэр бүл 3 зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзаагүй зэргээр алба хаагчийнхаа ахуй амьдрал, эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсан гэж үзэж байна.

Цагдаагийн газрын даргын 102 дугаар тушаалд Цагдаагийн албаны тухай хуулийн 81, 82 дугаар зүйлийг хольж хутгаж баримталсан, тушаалын үндэслэлд хамааралгүй заалт болох Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дахь заалт зэргийг баримталж тушаал гаргасан гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг шүүхээс зөвтгөж шийдвэрлэсэн ч энэ нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэнийг, зөвлөлийн хуралдааныг сонсох ажиллагаа явуулсан гэж үзнэ гэсэн дүгнэлтийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа захиргааны акт нь түүнийг биелүүлэх, хэрэгжүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаас гадна хуулийг хэлбэрэлтгүй дагаж, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг холбогдох дүрэм, журмуудад нийцүүлэн зөрчлийн шинж байдалд тохируулан үнэлж, Б/102 тоот тушаалын үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.Ц-ыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар “2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэдийг өдөөн хоргоож, хэрүүл маргаан дэгдээн иргэн Д.Б-ийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан үйлдэл нь 20190380000033 дугаартай албаны шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураажээ.

Нэхэмжлэгчээс “Цагдаагийн газрын даргын зөвлөл ... албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах санал гаргасан атал уг зөвлөлийн хурлын шийдвэрийг үл харгалзан ... халсанд гомдолтой ... ажлаас халах тухай тушаал нь хүндэдсэн, миний эрх зүйн байдлыг дордуулсан” гэсэн үндэслэлээр маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “... төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн үүрэг байхаар зохицуулж, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахаар заасантай маргаан бүхий акт нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс албаны шалгалтаар илэрсэн “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... иргэн Д.Б-ийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан” зөрчил гаргаснаа үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.6-д заасан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй ... У.Ц нь зөрчил гаргах үедээ ажлын бус цагаар, албан үүргээ гүйцэтгээгүй, энгийн хувцастай явж байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэний биед халдсан нь албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15-д “Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журмыг зөрчсөн ... албаны нэр хүндэд ноцтой хохирол учирсан бол ... цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Давж заалдах гомдлын “зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл ногдуулах эрх хэмжээгээ газрын дарга хэрэгжүүлээгүйд, зөрчлийн талаар гомдол гаргасан Д.Б-ийн хувийн байдлыг тодруулж, зөрчлийн шалтгаант нөхцөлийг харгалзалгүй шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 6.1-д “сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, үр дагавар, анх буюу давтан үйлдсэн эсэх, шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзнэ” гэж сахилгын шийтгэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар заасан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзвэл сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэхээр зохицуулаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаар, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа зөрчлийн шинж байдлыг үнэлж оногдуулсан шийтгэл нь гаргасан зөрчилтэй харьцуулбал илт хүндэдсэн биш байгаа тул шүүх захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч тухайн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэнийхээ хувьд хариуцлага хүлээсэн нь түүнийг төрийн тусгай албан хаагчийн хувьд хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй, нэг үйлдэлд давхардуулан шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэл биш юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ