| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 115/2024/0021/З |
| Дугаар | 001/ХТ2025/0042 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/0042
Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь
аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын
газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2024/0024 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2025/0027 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 147 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 711770 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нотариатын хөлс 12000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Б.Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/54 дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Э-г байгууллагын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй гадагш гарган хувьдаа ашигласан, албан үүргээ гүйцэтгэхдээ ажлын байрны дарамт үзүүлсэн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.1.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтыг зөрчсөн” хэмээн Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.
2.2.Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 дүгээр тушаалаар Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Э нь түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгч (эйр кондейшн)-ийг зөвшөөрөлгүйгээр гаргаж, 153 хоног ашигласан үндэслэлээр албан тушаалын цалинг 2 сар 19 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сахилгын шийтгэлийг зөрчил гарснаас хойш 13 сар 2 хоног өнгөрсний дараа, илрүүлснээс хойш 7 сар 15 хоногийн дараа ногдуулсан тул хууль, журамд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн, дууссан байсан” гэж,
4.Хариуцагчаас “... Б/54 дүгээр тушаалыг гаргахдаа материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, харин процессын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн байсан. Үүнийгээ залруулан өөрөө Б/54 дүгээр тушаалаа хүчингүй болгож, дахин сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан Б/21 дүгээр тушаалыг хуулийн шаардлага гаргуулан гаргасан. Б.Э-ийн төрийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр гэртээ ашигласан нь Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмыг зөрчсөн. ... Сахилгын шийтгэлийг 2 удаа ногдуулаагүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2024/0024 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.10, Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг баримтлан Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, уг захиргааны актын улмаас учирсан хохирол болох 711770 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох нотариатын хөлс 12000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2025/0027 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 115/ШШ2024/0024 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан “Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, түүний улмаас учирсан хохирол болох 711770 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нотариатын хөлс 12000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангажээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгч Б.Э магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Миний бие нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн байгууллагын харьяа Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Г.Э-т хэлж, ажилтан хоорондын итгэлцлийн үүднээс зөөврийн кондейшныг авч, өгөлцсөн. Хамгаалах байрны нийгмийн ажилтан Г.Э 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхдөө байгууллагын дарга Ш. А, нийгмийн ажилтан Ц.Л нарт энэ асуудлыг албан ёсоор хэлсэн байсныг хэргийн материалд нотлох баримтаар хавсрагдсан байдаг. Гэтэл Ш.А дарга дээрх цаг хугацаанд асуудал болгож үүсгээгүй, тухайн цаг хугацаанаас хойш З сар 18 хоногийн дараа илрүүлсэн мэтээр үзэж эрх мэдлийн давуу байдлаа ашиглан хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар тус тус 2 удаа сахилгын шийтгэл оногдуулсан.
7.2.Иймд миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” хуулийн хүрээнд өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гомдол гаргасан. Үүний хүрээнд холбогдох газруудаас хяналт шалгалт хийгдэж, удирдлагатай холбоотой харилцаа хандлага, хөдөлмөрийн харилцааны дарамт, шахалт, хүний эрхийн зөрчил, хууль бус ажиллагаа гэж үзсэний дагуу эрх бүхий байгууллагын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд Ш.А даргад томилох эрх бүхий байгууллагаас 2 удаагийн арга хэмжээ авагдсан. Энэ нөхцөл байдалтай холбоотой ажлын байрны дарамт шахалт бүр нэмэгдэж “чи надад хариуцлага тооцуулсан, би чамд хариуцлага тооцно” гэж удаа дараагийн дайрч, доромжлон ёс зүйгүй харилцаа, хандлага гаргаж байсан нь сонсох ажиллагаа нэртэй хийгдсэн тэмдэглэл болон байгууллагын хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн.
7.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “улмаар хариуцагчаас зохих ажиллагаа явуулж Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Г.Э, харуул хамгаалалтын ажилтан Д.Г нараас тайлбар авах ...” тухайд Г.Э-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Д.Г-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр гаргасан тайлбар нь нөхөж бичүүлсэн.
7.4.Магадлалд “2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн гэх тэмдэглэл ...” тухайд тус байгууллагын захиргааны зөвлөл нь журмаар зохицуулагдсан, хууль эрх зүйн үндэслэлтэй, хэлэлцэх асуудлаа урьдчилан гишүүддээ танилцуулах зэргээр зохион байгуулалтай хуралддаг. Гэтэл зөвлөлийн гишүүддээ мэдэгдээгүй, Хүүхдийн эрхийн улсын байцаагч надтай холбоотой зөрчилд тайлбар, мэдээлэл аваагүй, зөвлөлийн хуралд оролцуулаагүй, шалгаж тогтоосон шалгалтын дүгнэлт байхгүй, хурлаар уг асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдээгүй зэрэг хууль бус хурал болсон. Захиргааны зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудлаа ч ойлгоогүй, хууль, журмаа ч судлаагүй хүний эрхэд шууд халдаж, удирдлагаас тулган шаардаж, ямар ч шалгаж тогтоосон дүгнэлтэд үндэслэхгүйгээр “зөрчил мөн гэж үзсэн” хэмээн шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнийг шүүх нягталж, шалгахгүйгээр шалгаж тогтоосон гэж үзсэнд гомдолтой байна.
7.5.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2, 2.4, 2.6-д заасан ажиллагааг байгууллагын зүгээс огт хийгээгүй болохыг анхаарч үзнэ үү.
7.6.Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөрчил илрүүлсэн хугацааг “2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс тооцон зөрчлийг илрүүлснээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн. Тухайлбал, 7 сар 21 хоногийн дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийн шаардлагыг хангасан болно.
7.7.Хөөн хэлэлцэх хугацааны хувьд миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хянаж, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 58 дугаар тогтоолоор гомдлыг шийдвэрлэсэн. Тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны 04/734 дүгээр албан бичгээр байгууллагад ирүүлсэн байдаг. Зөрчил илрүүлснээс хойших 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа (2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 6 сар 23 хоног) 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “сонсох ажиллагаа” явуулсан, “захиргааны зөвлөлийн хурал”-аар хэлэлцсэн гэх он, цаг хугацааны хувьд зөрүүтэй, хэлэлцэх асуудал нь тодорхойгүй, худал мэдээ, тайлбараар давж заалдах шатны шүүхэд ажиллагаа хийсэн мэтээр баримт болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
7.8.Миний бие нь төрийн албанд шударгаар ажиллаж байгаа мянга, мянган төрийн албан хаагчдын нэг билээ. Байгууллагын удирдлагаас 2023, 2024 онуудад жил дараалан цалин хөлсөнд хүрсэн үндэслэлгүй шийдвэр нь миний ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, амьдралын баталгааг алдагдуулсан. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
8.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
8.2.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн зүйлийн 48.10 дахь хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж хуульчилсан болно.
8.3.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэг, мөн зүйлийн 48.10 дахь хэсгийг үндэслэж гаргасан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.9 дэх заалтыг доорх байдлаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.
8.4.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 58 дугаар тогтоолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2, 2.4-т заасан зөрчил шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, мөн журмын 2.6-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоогоогүй зөрчсөн гэж тогтоосон.
8.5.Зөрчлийг илрүүлснээс хойших сахилгын шийтгэл ногдуулах 6 сарын хугацаа Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар тогтоол гарсан 2024 оны 03 дугаар сарын 06 ны өдрийн байдлаар дуусаагүй, 2024 оны 06 дугаар сарын 04 ний өдөр дуусах байсан. Харин Дорногоговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай’ Б/21 дүгээр тушаал гаргасан 2024 оны 07 дугаар сарын 25- ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан зөрчил илрүүлснээс хойших 6 сарын хугацаа буюу хориглосон хэм хэмжээ дуусаад хэтэрсэн байсан.
8.6.Хариуцагчийн буюу эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаал гарсан, Б.Э шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасны дараа, түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 58 дугаар тогтоол гарахаас өмнө Г.Э-ээс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Д.Г-ээс 2023 оны 12 дугаар сарын 18-ны тус тус тайлбар гаргуулсан, зөрчил илрүүлснээс хойших 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “сонсох ажиллагаа” явуулсан, “захиргааны зөвлөлийн хурал”-аар хэлэлцсэн байхад хариуцагчаас зөрчлийг шалгах зохих ажиллагаа явуулсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
8.7.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.4-т гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас тайлбар авах, гомдол гаргагчаас тайлбар, тодруулга гаргуулах, шаардлагатай мэдээллийг цуглуулах, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, 2.6-д шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна гэж заасан.
8.8.Хариуцагч журамд заасан дээрх ажиллагаануудыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б/21 дүгээр тушаал гаргах хүртэлх хугацаанд огт хийж гүйцэтгээгүй, зөрчил илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулахыг хориглосон 6 сарын хугацаа дуусаж хэтэрсний дараа сонсох ажиллагаа явуулж, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байхад журамд заасан зохих ажиллагааг хөөн хэлэлцэх хугацааны дотор хийсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй, магадлал бүхэлдээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсгийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн, хууль хэрэглээний зөрүүтэй байна.
8.9.Магадлалд Төрийн албаны зөвлөл сахилгын шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрт гаргасан гомдлыг хэдий хугацаанд шалгаж шийдвэрлэснийг тооцож дурдаагүй атлаа шууд зөрчлийг илрүүлсэн хугацаа тасалдсан гэж хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, харин анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албаны зөвлөлийн гомдлыг хянаж шийдвэрлэсэн хугацааг хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд оруулж тооцоогүй, зөрчил илрүүлснээс хойш 7 сар 21 хоног хэтэрсэн гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа болно.
8.10.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 147 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
10.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
11.Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд “Түр хамгаалах байрны зөөврийн агаар шүүгч (эйр кондейшн)-ийг зөвшөөрөлгүйгээр гаргаж хувьдаа ашигласан” зөрчил гаргажээ.
12.Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар Б.Э д албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
13.Нэхэмжлэгч Б.Э дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2, 2.4-т үндэслэн дээрх сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ингэхдээ, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдсан байна.
14.Улмаар хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааг явуулж, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Б.Э-д албан тушаалын цалинг 2 сарын хугацаагаар 19 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Төрийн албаны зөвлөлөөс сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг дахин шалгасан хугацааг сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тасалдахад хамааруулах эсэх тухай байна.
15.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/ ...” гэж сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар тухайлан зохицуулжээ.
16.Маргаан бүхий тохиолдолд зөрчил үргэлжилж дууссан хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс, зөрчил илрүүлсэн хугацааг 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус тус тооцох бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.
17.Учир нь нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дүнд Төрийн албаны зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тогтоолыг хариуцагчид хүргүүлсэн, улмаар хариуцагчаас зөрчлийг шалган тогтоох ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр явуулсан байх бөгөөд дээрх хугацаа нь журмын 3.9-д заасан “зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацаа”-д хамаарна.
18.Давж заалдах шатны шүүх “Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, гомдлыг зөвлөл шийдвэрлэсэн хугацаа бүхэлдээ хамарсан байгаагаас тус тус үзэхэд 6 сарын хугацаа тасалдсан тооцно” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс зөрчил илрүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дуусах байсан гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй.
19.Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2025/0027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ