Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155

 

“Хонгор-Ирээдүй” хадгаламж зээлийн

хоршооны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай
                                                           

Хэргийн индекс: 135/2016/00343/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Оюунцэцэг даргалж,  шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 940 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хонгор-Ирээдүй хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Буд овогт Э-ын М-д  холбогдох

          “Зээлийн төлбөр 660.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

            Хариуцагч Э.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хонгор-Ирээдүй хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дэлгэрмаа нар  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хонгор-Ирээдүй” хадгаламж зээлийн хоршооноос Э.М- нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 540.000 төгрөгийг, 7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Эхний үед зээлээ төлж байгаад сүүлийн жилд шалтаг заан үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагч Э.М- зээл авснаас хойш 7 удаагийн төлөлтөөр зээлийн хүүд 348.706 төгрөг, үндсэн зээлд 289.740 төгрөг нийт 638.446 төгрөг төлсөн. Хариуцагч Э.М-аас 2013 оны 7 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл үндсэн зээл 429.600 төгрөг, хүү 238.650 төгрөг нийт 660.150 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие “Хонгор-Ирээдүй” хадгаламж зээлийн хоршоонд 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг өгч элсэн орсон. Уг хоршооноос 2011 онд 400.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлж аваад уг мөнгийг хүүтэй нь 1.067.105 төгрөг болгон төлж барагдуулсан. 2012 оны 5 дугаар сарын 31-нд 540.000 төгрөгийг энэ хоршооноос аваагүй. Одоо энэ “Хонгор-Ирээдүй” хадгаламж зээлийн хоршоонд төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн 940 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Э.М-аас 170.144 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хонгор-Ирээдүй хадгаламж зээлийн хоршоонд олгож, 490.006 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20.393 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М-аас 20.393 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Э.М- давж заалдсан гомдолдоо:

            Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн 940 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч байна.

            Миний бие 2011 онд тус хоршооноос 400.000 төгрөгийн зээл авч байсан түүнийгээ 1.067.105 төгрөг болгон төлсөн учраас одоо төлөх төлбөргүй. 2012 оны 05 дугаар сарын 31-ны өдөр дахин зээл авсан удаа байхгүй зээл хүссэн өргөдөл баримт бүрдүүлж өгөөгүй. Миний гарын үсгийг дуурайлган зурж зээл олгосон мэт гэрээ хийсэн байсан. 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ хийгээгүй. Надад 540.000 төгрөг өгөөгүй харин өмнөх зээлийн хүү нь нэмэгдсээр 540.000 төгрөг болсон гэж гэрээ болон бусад бичиг баримтыг бүрдүүлж зээл олгосон мэт материал бүрдүүлсэн байдаг. Миний гарын үсгийг 2011 онд хийж байсан гэрээнд зурсан байдлаар дуурайлгаж маш адилхан зурсан тул 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг мөн гэж шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байсан. Шүүх шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр тул 170.144 төгрөг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байсан нь үндэслэлгүй юм. Зээлдэгч нь гэрээний зүйл болох төгрөгийг зээлдүүлэгчээс бодит байдлаар шилжүүлэн аваагүй тохиолдолд гэрээний дагуу зээлийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй.

          Тиймээс дээрх гэрээгээр аливаа үүрэг хүлээхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 170.000 төгрөг төлөхгүй гэж тайлбар гаргасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн би тус хоршооны гишүүн надад ногдох ашиг гэж байх ёстой боловч нэг ч удаа өгөөгүй байж үндэслэлгүй мөнгө нэхэж байгааг шүүх анхааран үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны  шүүхийн  шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл  бүхий байна” гэснийг  зөрчөөгүй байна.

          Нэхэмжлэгч “Хонгор-Ирээдүй” хадгаламж зээлийн хоршоо нь  хариуцагч  Э.М-ад  холбогдуулан “Зээлийн гэрээний  үүрэгт  660.150 төгрөг”  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан  байна.

          Хариуцагч Э.М- нь  “...хадгаламж зээлийн хоршоонд  2011 оны 8 дугаар сарын 30-ны  өдөр  50.000 төгрөг өгч элсэн орж 400.000 төгрөгийг  1 жилийн хугацаатай зээлж аваад  хүүтэй нь 1.067.105  төгрөг  болгон төлж барагдуулсан, 2012 оны 5 дугаар сарын 31-нд 540.000 төгрөгийг аваагүй, төлбөр тооцоо байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... “  гэж  тайлбар  гарган  маргажээ.

           Хэрэгт  авагдсан нотлох баримтаас үзэхэд  Хонгор-Ирээдүй хадгаламж зээлийн хоршоо  Э.М- нар 2012 оны 5 дугаар сарын  31-ний өдөр  0091 тоот зээлийн гэрээ байгуулж 540.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай , сарын 7 хувийн хүүтэй  зээлдүүлж  зээлийн гэрээнд талууд гарын үсгээ  зурсанаар  талуудын хооронд  хийгдсэн зээлийн гэрээ нь  \хх-ийн 5 дугаар хуудас\ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д  заасантай  нийцсэн,  зээлдүүлэгч  нь зээлдэгчид  гэрээнд  тохирсон  мөнгийг  хүлээлгэн өгсөн  болох нь  бэлэн мөнгөний  зарлагын баримтаар  тогтоогдсон  байна. \хх-ийн 6 дугаар хуудас\

          Анхан шатны  шүүх, талуудын  хооронд  үүссэн харилцааг зөв тодорхойлж, зээлийн гэрээ,  эргэн төлөх хуваарь, зээл  төлсөн баримтуудад үндэслэн хариуцагч Э.М-ыг  170.144  төгрөг төлөх  үүргээ  биелүүлээгүй  гэж  үзэн  нэхэмжлэлийн  шаардлагын  зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн нь    буруу биш байна.

          Хариуцагч Э.М-ын  давж  заалдсан гомдолд дурдсан “...шүүх шинжээчийн дүгнэлтэнд  тулгуурлаж  170.144 төгрөг  төлүүлэхээр шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй,  бодит байдлаар шилжүүлэн аваагүй,  тохиолдолд  гэрээний дагуу зээлийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй...”  гэснийг  шалгахад:

         Э.М-ын  хүсэлтийн дагуу  шүүгчийн  2016 оны 4 дүгээр сарын 04 дүгээр захирамжаар  \хх-78 дугаар хуудас\  Дархан-Уул аймгийн  Шүүхийн шинжилгээний  албыг шинжээчээр томилж,   Б.Түвшинтөр   шинжээчийн  2016 оны  5 дугаар сарын 17-ны өдрийн  87 дугаар  дүгнэлтэд  “2012  оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Хонгор-Ирээдүй” хадгаламж  зээлийн хоршоо,  Э.М- нарын хооронд байгуулсан  зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь  Э.М-ын гарын үсэг мөн”  \хх-ийн 83 дугаар хуудас\  гэдэг нь  тогтоогдсон  шинжээчийн  дүгнэлтэд  гомдол, хүсэлт гаргаагүй,  тус зээлийн гэрээний үүрэгт  993.600  төгрөг  төлөх  үүргээ  бүрэн  биелүүлсэн  гэдгээ  нотлох баримтаар нотолж  үгүйсгэж  чадаагүй  байх тул  давж заалдсан гомдлыг хангах боломжгүй  гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн 940 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч Э.М-ын давж заалдсан гомдлыг  хангахгүй орхисугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Э.М-  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  11.600  төгрөг төлснийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЦЭЦЭГ  

                           ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААРЕНЧИН 

                                                                                               С.ЭНХЖАРГАЛ