Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 05

 

Г.Сүхтөмөр, Ж.Батцэрэн нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

          Ялтан  Г.Сүхтөмөр

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60а дугаартай шийтгэх тогтоолтой, Г.Сүхтөмөр, Ж.Батцэрэн нарт холбогдох 201616000067 тоот эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч Г.Сүхтөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Ж.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Ж.Батцэрэн нь Г.Сүхтөмөр өөрийнх нь бие эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “бөгсөөрөө суун тусч унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Г.Сүхтөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан, Ж.Батцэрэнд Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батцэрэнд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Батцэрэнг цагаатгаж, шүүгдэгч Г.Сүхтөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Батцэрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй

болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаанаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагаатгагдсан этгээд Ж.Батцэрэнд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч Н.Ундрахаас давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:             Шүүгдэгч Г.Сүхтөмөр, Ж.Батцэрэн нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Ж.Батцэрэн нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт болоогүй зүйлийг болсон мэтээр илт гуйвуулж худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүний “бөгсөөрөө суун туссан” гэх мэдүүлэг нь шүүн таслан хэвийн ажиллагааг алдагдуулсан шинжгүй гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батцэрэнгийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Батцэрэнг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч Ж.Батцэрэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр шүүх хурал болохоос өмнө Ц.Баярмаа өмгөөлөгч надтай уулзаад шүүгч чамаас асуувал газар унахдаа бөгсөөрөө суун тусаад унасан гэж хэлээрэй гэж үг заасан, шүүх хурал дээр ингэж хэлбэл Г.Сүхтөмөрийн ял шийтгэл бага гарна гэсний дагуу би худал мэдүүлэг өгсөн нь үнэн гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн байцаалтанд хүлээн мэдүүлсэн болно.

Шүүх дээрх худал мэдүүлгийг үндэслэн “Сүхтөмөр тохойгоор хохирогчийн цээжин хэсэгт цохих үйлдэл хийсний улмаас хохирогч бөгсөөрөө суун тусаж унасан” гэж дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байхад Ж.Батцэрэн худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй гэж цагаатгасан нь үндэслэлгүй байна. Хохирогч А.Ганболд, гэрч Т.Ганболд, Д.Ганболд нар нь хохирогчийг хэрхэн яаж цохьсон болохыг хараагүй, зөвхөн газар унасан байсаныг харсан гэдгээ мэдүүлсэн тул тэднийг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шүүгдэгч Ж.Батцэрэн хохирогчоор болон сэжигтэн яллагдагчаар худал мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байхад хохирогч, шүүгдэгч Ж.Батцэрэнгийн мэдүүлгийн эх сурвалж хохирогч А.Ганболд, гэрч Т.Отгонбаатар нарын мэдүүлгээр давхар нотлогдоно гэж дүгнэлт хийсэн нь буруу байна. Түүнчлэн шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудсанд хохирогч А.Ганболдын мэдүүлсэн /хх-ийн 160-р хуудас/ мэдүүлгийг гэрч Д.Ганболд мэдүүлсэн гэж бичсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Ж.Батцэрэнгийн бөгсөөрөө суун тусч унасан гэх мэдүүлгийг хэргийн

бодит үнэнийг мэдүүлсэн гэж шүүх дүгнэсэн боловч хэрэгт цугларсан баримтууд болон шүүхийн байцаалтаар “Хохирогч Ж.Батцэрэн арагшаа дагзаараа унаж хүнд гэмтэл авсан” гэж шинжлэн судлуулсан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж хэргийг цагаатгасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бодит байдлыг зөрүүтэй ойлгож, хуулийг жинхэнэ агуулгаас зөрөөтэй хэрэглэж “Тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх”, Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 321 дүгээр зүйлийн 321.1.3-д заасан “хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн” гэснийг тус зөрчиж, шүүгдэгч Ж.Батцэрэнг үндэслэлгүй цагаатгаж, ялтанд ял завшуулсан байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60а дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Ялтан Г.Сүхтөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Ж.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүгдэгч Ж.Батцэрэнгийн хувьд Г.Сүхтөмөр нь хохирогч Ж.Батцэрэнгийн бие эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бөгсөөрөө суун тусч унасан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдсон.

Прокурорын бичсэн эсэргүүцэлдээ тодорхой тайлбарлаж хэлсэн учир уг эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Ж.Батцэрэнг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж шийтгэх тогтоолыг гаргасан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Г.Сүхтөмөрөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан нь миний буруу. Батцэрэн миний араас ирж турхираагүй байсан бол өнөөдөр би энд ингээд зогсож байхгүй байсан байх гэж бодож байна. Эрхэм шүүгч нар та бүхэн надад итгэл хүлээлгэх юм бол итгэлийг алдахгүй ээжийгээ асраад сайхан амьдарна гэж бодож байна. Хэргийн зүйлчлэлийн маань хөнгөрүүлж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн

шийтгэх тогтоол нь Ж.Батцэрэнгийн үйлдэл холбогдолд бодитой дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх эсэргүүцэлд бичсэнчлэн хуулийг буруу ойлгож, зөрүүтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Г.Сүхтөмөрт холбогдох эрүүгийн хэргийг анх Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 60а тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ ...бөгсөөрөө суун тусан унаж, улмаар толгойн ар хэсгээрээ газар цементэн шал хэсэг дээр савж унасан болох нь...гэж болсон зүйлийг шүүх мөн л бодитойгоор нь дүгнэсэн байхад улсын яллагч эсэргүүцэлдээ шүүхийн тогтоолын дүгнэлтийн зарим хэсгийг хасаж бичсэн нь ойлгомжгүй, бичээгүй мэтээр гуйвуулан бичсэн байна. Шүүх өөрөөр хэлбэл ганц бөгсөөрөө суун тусан унасан гэсэн дүгнэлтийг хийгээгүй, толгойгоороо унасныг ч дүгнэсэн байдаг.

Шүүх А.Ганболдын хавтас хэргийн 160 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгийг бичихдээ Д.Ганболд мэдүүлсэн мэтээр бичсэн нь тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтой зөрчөөгүй. Шийтгэх тогтоолыг шивэхдээ овгийн үсгийг ташаа бичсэн байна.

Хохирогч Ж.Батцэрэнг дагзаараа унаж хүнд гэмтэл авсантай өмгөөлөгч миний бие болон хэргийн бусад оролцогч нар хэн нь ч маргадаггүй. Хүнд гэмтэл авсантай ч маргах зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болох гэрч А.Ганболд, Т.Отгонбаатарын мэдүүлэгээс хохирогч хэрхэн яаж унасанг тодорхой мэдүүлсэн байдаг тул шүүхийг бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 Ж.Батцэрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ж.Батцэрэнгийн өмгөөлөгч Э.Наранцацрал улсын яллагчийн эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Хохирогч Ж.Батцэрэн нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Г.Сүхтөмөр нь намайг тохойгоороо тохойлдсон. Би арагшаагаа суун тусаад гэдэргээ савсан...” гэж мэдүүлсэн бөгөөд дагзаараа савж унан хүнд гэмтэл авсан талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нар нь тууштай мэдүүлсэн ба энэ талаар маргадаггүй юм.

Өөрөөр хэлбэл Ж.Батцэрэнгийн үйлдлийг хавтаст хэргийн хүрээнд нухацтай аваад үзэхэд болоогүй зүйлийг яриагүй юм байна гэдэг нь гэрч А.Ганболдын /хх-ийн 160, 176-р хуудас/, Т.Отгонбаатар нарын /хх-ийн 161, 177-р хуудас/ мэдүүлгүүдээр бөгсөөрөө суун тусаад дагзаараа саваад унасан юм байна гэдэг нь тодорхой харагддаг.

Өмгөөлөгч миний ойлгож байгаагаар “бөгсөөрөө суун туссан” гэх үйлдэл нь бөгсөөрөө суун тусч унаад улмаар арагшаагаа дагзаараа савж тархиндаа гэмтэл авсан, яаж, ямар байдлаар дагзаараа савж унасан нь хоорондоо шалтгаант холбоотой үргэлжилсэн үйлдэл гэж ойлгогдож байгаа юм.

Эндээс харахад шүүгдэгч, хохирогч Ж.Батцэрэнгийн хувьд мэдүүлгээ заалгаж

түүнийгээ шүүх хуралдаанд хэлсэнийхээ төлөө өөрт давуу байдал үүсгэх, амлалт авсан, ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго агуулаагүй, энэ мэдүүлгийн улмаас бусдад ноцтой хор уршиг учраагүй, бусдын ашиг сонирхол хөндөгдөөгүй, шүүн таслах хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан шинжгүй байна гэж үзэж байна.

Хохирогч А.Ганболдын мэдүүлсэн /ХХ-ийн 160-р хуудас/ мэдүүлгийг гэрч Д.Ганболд мэдүүлсэн гэж бичсэн нь техникийн алдаа гэж харагдаж байгаагаас биш гэрч, хохирогч гэж зөрүүлэн бичсэнээс болж шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Г.Сүхтөмөр, Ж.Батцэрэн нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

Харин шүүх хохирогч А.Ганболд /хх-31, 160, 176/, хохирогч А.Ганболд, хохирогч Ж.Батцэрэн нар, / хх-33-34/, хохирогч Ж.Батцэрэн гэрч Т.Отгонбаатар /хх-36/, хохирогч Ж.Батцэрэн гэрч Д.Ганболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд /хх-37/,  хохирогч Ж.Батцэрэн / 123-124, 158-159, 228/, гэрч Д.Ганболд /хх-35, 178/, гэрч Т.Отгонбаатар /хх-38, 161, 177/, сэжигтэн, яллагдагч Ж.Батцэрэн  /хх-164, 166/ нарын мэдүүлгүүд зэрэгт авагдсан мэдээлэл нь хохирогч Ж.Батцэрэнгийн  “...Сүхтөмөр.. гэнэт эргэж хараад тохойлдсон чинь би арагшаа саваад унасан...” /хх-27/, “... Сүхтөмөр намайг тохойлдсоныг санаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирээд сэргэсэн...” /хх-29/ гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй биш байгааг болон хохирогч Ж.Батцэрэн өөрийнхөө  “бөгсөөрөө суун тусч унасан” гэсэн мэдүүлэгийг анхан шатны шүүх хуралдаанд өгөх болсныгоо “өмгөөлөгчийн зааж өгсний дагуу хэлсэн” гэснийг хооронд нь харьцуулан үзэлгүйгээр хохирогч Ж.Батцэрэнгийн бөгсөөрөө суун тусч унасан гэх мэдүүлгийг хэргийн бодит үнэнийг мэдүүлсэн гэж шүүхээс үзснийг  Ж.Батцэрэнгийн мэдүүлгээ дээрх байдлаар өөрчилсөн субъектив санаа зорилгыг үндэслэлтэйгээр тодорхойлж чадаагүй гэж үзлээ.

Иймд “нотлох баримтаас зөрүүтэй байдлаар дүгнэлт хийж, хуулийг жинхэнэ

агуулгаас зөрүүтэй буруу ойлгож Ж.Батцэрэнг үндэслэлгүй цагаатгасан” гэж бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул ялтан, түүний өмгөөлөгч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.  

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60а дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Сүхтөмөрт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                                                                 Х.ГЭРЭЛМАА