Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00899

 

 

 

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХК-д холбогдох,

 

******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тус тус тушаалуудыг хүчингүй болгуулах, мөн компанийн захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Б/668 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь 2010 оны 10 сард ******* ХК-ийн Салбарын захирлын албан тушаалд, 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга албан тушаалд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Б/668 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай А389 дугаар тушаалын 5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 3.2.2, 8.4.5, 9.1, *******тай байгуулсан М/2023/0294 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4, Салбарын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 03/149, 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 03/176 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 461 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.

******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зөрчил гаргаагүй, тушаалын 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй болно. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Тус тушаалыг эх хувиар нь гардуулаагүй.

1.2. 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолоор Бүрэн эрхт төлөөлөгчөөр дахин томилогдсон. Тус тогтоолын 1 дэх хэсэгт УИХ-ын 28, 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон байна. УИХ-ын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолын 2.3-т ******* ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг чанд сахин мөрдүүлж олон улсын болон Монгол улсын стандарт шаардлагыг хангуулах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон байна.

Бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар надад нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, тушаалыг надад 2024 оны 06 сарын 17-ны өдөр танилцуулсан.

Тус тушаалд Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 5, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4, 8.1.2 дахь заалт, ДХЭУГ-ын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн СХ24/04 дугаар саналын хуудсаар ирүүлсэн саналыг тус тус үндэслэжээ.

*******ыг 2023 оны 12 сарын 30-ны өдрийн компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн А/458 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, хүчин төгөлдөр бус акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан зөрчил гаргасан гэж буруутгасныг зөвшөөрөхгүй. Сахилгын зөрчил нь сахилгын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байх бөгөөд тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын тушаах болон үндэслэл хэсэг хоорондоо нийцсэн байх ёстой.

1.3. 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 тушаалыг хүчингүй болгуулах тухайд:

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар *******д үндсэн цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тус тушаалыг *******д 2024 оны 06 сарын 17-ны өдөр танилцуулсан. Уг тушаалд Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 123 дугаар зүйлийн 123.2.3, Засгийн газрын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 2, 5, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 5.2.2, 8.1, 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэсэн.

*******ыг 2024 оны 04 сарын 10-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад ******* ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж буруутгасан. Дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.4. ******* нь ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 07 сарын 05-ны өдөр гомдол гаргасан, хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 07 сарын 20-ны өдөр гардан авч, мөн сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан, 2024 оны 07 сарын 31-ний өдөр хуралдаж мөн оны 08 сарын 02-ны өдөр тэмдэглэл гаргасныг мөн сарын 06-нд гардан авсан.

 

Иймээс ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг хүчингүй болгож , урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2023 оны 12 сарын 30-ны өдөр компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн А/458 дугаартай тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулсан. Уг зөрчил нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн дүгнэлтээр тогтоогддог. Мөн уг зөрчилтэй холбогдуулан ******* нь 2024 оны 01 сарын 23-ны өдөр Хүний нөөц, сургалтын судалгааны хэлтэст ирүүлсэн тайлбартаа ... тушаалыг нягтлаагүй, буруу тушаалаар хуралдуулсан асуудалд Хөдөлмөр аюулгүй байдлын ахлах ******* энэ тушаалаар хуралдахаар байна гэж надад танилцуулсан үүний дагуу 2023 оны 12 сарын 30-ны өдөр яаралтай хуралдаж, акт үйлдэж, аймгийн Хөдөлмөр халамжийн газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар баталгаажуулахаар хүргүүлсэн. Тухайн өдөр миний бие ростерийн амралтаар Улаанбаатар хотод Салбарын захиралтай буусан гэсэн байна.

2.2. Б/266 дугаартай тушаалын тухайд: Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2024 оны 04 сарын 10-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдад ******* ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар, ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Б/668 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуульд тус тус заасны дагуу ажил олгогч нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд *******д эхний удаа нийт ажилтанд зарлах хэлбэрээр сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд дараагийн удаа зөрчил гаргахад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан.

2.3. ******* нь тушаал тус бүрийг 2024 оны 06 сарын 17-ны өдөр танилцуулсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь хүний нөөцийн мэргэжилтнээс 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаал гарсан талаар өөрийнх ашигладаг албан ёсны и-мэйл хаягаар нь хүргүүлсэн байдаг. Мөн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүний нөөцийн мэргэжилтнээс утсаар холбогдож, танилцуулсан.

2.4. Монгол Улсын Засгийн газраас ******* ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг *******ад даалгасан бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль тогтоомжоор олгогдсон шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, ...хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах эрхийг олгосон. Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 сарын 02-ны өдрийн Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон байхад онцгой дэглэмийн компанид мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчиж, зөрчил гаргасан.

Түүнчлэн, Засгийн газрын 385 дугаар тогтоолоор тогтоосон Онцгой дэглэм дууссаны дараа Засгийн газрын 2023 оны 424 дүгээр тогтоолоор дахин онцгой дэглэм тогтоосон бөгөөд уг тогтоолд ...онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлж, компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх... гэж тусгасан бөгөөд маргаан бүхий тушаал гарах үед ч онцгой дэглэмийн хугацаанд ажиллаж байсан.

Иймд *******ы ******* ХК-д холбогдуулан гаргасан ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай тушаал, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, *******ыг ******* ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 102,391,296 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ы эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас 669,906 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдагдсан зөрчил нь *******ы хувьд салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргаар ажилладаг компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссыг шинэчлэгдсэн байхад ажлын байрны үндсэн үүрэг, ажлын байрны зорилтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасныг шүүх анхаараагүй.

Тодруулбал, дээрх сахилгын зөрчилд дурдсан асуудал компанийн үндсэн үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал бөгөөд Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны А/89 тушаалуудыг зөрчиж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зөрчил гаргасан байхад анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй шийдвэрлэсэн.

4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 01 сарын 23-ны өдөр Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтэст гаргасан бөгөөд хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэсэн байхад уг нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзээгүй.

 

Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 он/ 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх гэж тодорхой нарийвчлан зохицуулсан, мөн хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл буюу сахилгын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2024 оны Б/97 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь сахилгын зөрчил гаргасан эсэхэд байхад шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдохгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байгаа бөгөөд *******ы ажлын байрны зорилтод заасан чиг үүрэгт тусгагдсан байсан гэдгийг шүүх анхаараагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

4.3. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тушаалаар батлагдсан, тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан 2022 оны Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/683 дугаар тушаал, 2023 оны А/89 тушаалууд нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааны нэг хэсэг буюу Онцгой дэглэмийн хугацаанд хамаарагдах хөдөлмөр эрхлэлтийн харилцаа байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг гэж дүгнэлт хийсэн нь тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж дүгнэх шаардлагад нийцээгүй.

4.4. ******* нь 2024 оны 04 сарын 10-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдад ******* ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд шүүхээс 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй.

4.5. Нэхэмжлэгч нь тухайн үед Салбарын захирлын баталсан томилолт, удирдамжийн дагуу ажилтай байсан гэж тайлбарладаг боловч яваагүй, захиргааны байрны гадна байхад захирал ******* өөр лүү нь утасдаж, арга хэмжээнд оролцчихоод яв гэдэг үүрэг чиглэлийг өгсөн боловч удирдлагын шийдвэрийг үл тоож, явсан бөгөөд энэ талаар өөрийнх нь 2024 оны 04 сарын 19-ний өдөр Хүний нөөц, сургалт судалгааны хэлтэст бичгээр гаргасан тайлбарт тодорхой дурдагдсан байдаг.

Анхан шатны шүүхээс ажилтны гаргасан зөрчил тус бүр тус тусдаа баталгаажсан, зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдэх ёстой гэж дүгнэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй үнэн бодит талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг танилцуулсан, мэдэгдсэн гэж Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн мэргэжилтэн ******* тэмдэглэгээ хийж мэдэгдсэн, уг зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч тайлбараа хүний нөөц, хөгжил сургалтын хэлтэст хүргүүлсэн байхад уг нотлох баримтуудыг шүүхээс үнэлээгүй.

Мөн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн албан ёсны цахим хаягаар мэдэгдсэн бөгөөд уг тушаалыг танилцуулсан холбогдох гэрчүүдийн мэдүүлэг, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог.

4.6. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэлийн талаар:

Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журмыг ажилтан, албан хаагч дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д Салбарын нэг уртын ээлжийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 12 цаг байна, 6.7-д ...бусад нэгжийн ажлын цаг өглөө 07:00 цагт эхэлж орой 19:00 цагт дуусах, 6.9-д Ажилтан ажилдаа ирэх, явах үеийн цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ, 6.10.2-д Ажлаас явж, ажлын байрыг орхих үед цагаа бүртгүүлнэ гэж тус тус заасныг зөрчиж, 2024 оны 05 сарын 09-ний өдрийн орой ажил тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх үүргээ биелүүлэлгүй 20:13 цагт хотхоноос гарч явсан. /хх-62 тал/ үйл баримт тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Гагцхүү Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргаанаас 2024 оны 04 сарын 24-ний өдөр баталсан Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх ажил удирдамжийн дагуу ажилласан гэж тайлбарладаг боловч уг шалгалтын бүрэлдэхүүнтэй тухайн өдөр газар дээр нь хамтран ажилласан бөгөөд шалгалтын арга хэмжээ дуусаж, орой нь хүлээн авалтын арга хэмжээнд оролцохоор хотхоноос гарч, Цогтцэций сум /13 км/ руу явсан. Улмаар Цогтцэций суманд болсон хүлээн авалтын арга хэмжээнээс 2024 оны 05 сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнийн 04:59 цагт хотхонд нэвтэрсэн.

Ингэхдээ Хотхоны журмын 3.2.1-д Хотхонд байрлагч ажлын бус цагаар хотхоноос чөлөөгөөр гарах тохиолдолд тухайн нэгжийн удирдлагын зөвшөөрлийг үндэслэн хотхон хариуцсан ажилтан энэ журмын 2-р хавсралтын дагуу хотхоноос гарах зөвшөөрлийг олгоно гэж заасныг зөрчиж, хотхоноос гарах зөвшөөрлийг бичгээр авалгүй гарч явсан. Үүнийгээ салбарын захиралд *******д танилцуулсан, би газрын дарга учраас мэргэжилтэнд бүртгүүлэх үүрэггүй гэж тайлбарладаг.

Гэвч Салбар уурхай, түүний объектууд нь улсын онц чухал обьектод хамаарч, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн байнгын хамгаалалтад байдаг. Ажилтнууд 14 хоногоор ээлжээр ажиллах хугацаанд ажилтны амь нас, эрүүл мэнд зэрэг бүхий л асуудлыг компани бүрэн хариуцан ажилладаг бөгөөд аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дүрэм, журам, зааврыг батлан мөрдүүлэх, тэдгээрийг дагаж мөрдөж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг ажилтанд үүрэг болгодог.

Шүүх, ажил тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, хотхоноос гарах зөвшөөрлийг бичгээр аваагүй, хөл хөдөлгөөн хориглосон үеэр хотхонд нэвтрэхдээ бүртгүүлээгүй зөрчлийн талаар хариуцагчийн тайлбар татгалзал, үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа ...зөрчил бүр тусдаа тогтоогдсон байх ёстой ...тушаалыг хуулийн хугацаанд танилцуулсан нь баримтаар тогтоогдоогүй ...сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэ асуудлаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй... гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

4.7. 2024 оны 05 сарын 25-ны өдөр хооллосон ажилтнуудаас 71 хүний биеийн байдал муудаж, өвчилсөн бөгөөд 43 ажилтныг ХӨСҮТ-д, 12 ажилтныг Өмнөговь аймгийн БОЭТ-д, 6 ажилтныг Цогтцэций сумын эмнэлэгт хэвтэн эмчлэх, тусгаарлах арга хэмжээг авч, 2024 оны 05 сарын 26-ны өдөр эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгч, эмнэлгийн баг бүрэлдэхүүн газар дээр нь ирж ажиллаж, дүгнэлт зөвлөмжийг ирүүлсэн.

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 461 тоотоор ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжид тухайн халдварт өвчлөлийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тодорхойлсон бөгөөд олон ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх, сайжруулах ажлын чиглэлээр зөвлөмжид дурдсан.

Эдгээр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан харьяалах Хөдөлмөрийн аюулгүй байдлын алба, Хөдөлмөрийн эрүүл мэндийн алба-ны болон үндсэн чиг үүрэгтэй шууд холбоотой бөгөөд компанийн ажилтнуудын эрүүл мэнд болоод хөдөлмөрлөх аюулгүй байдал, түүнтэй холбоотой катерингийн үйл ажиллагаа эрхлэгч /******* ХХК/-ийн ажилтны эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дэвтэр болон өдөр тутмын үйл ажиллагаа, хоол хүнс хадгалалт, дээжлэлт, эрүүл ахуйн лабораторийн сорьц, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэгт дотоод хяналт тавих, тэдгээртэй холбоотой харьяалах нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр удирдан зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дүгнэлт, зөвлөмжөөр тогтоогдсон. ******* нь асуудал хариуцсан нэгжийн шууд харьяалах газрын даргын хувьд холбогдох харьяа нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, хэрэгжилтийг хангуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү зөрчилтэй холбоотой мөн л тодорхой дүгнэлт хийгээгүй бөгөөд зөрчил нь баримтаар тогтоогдоогүй ...хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж ажлаас буруу халсан гэх дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэнэ гэж заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар тушаал танилцуулах нь ажил олгогчийн үүрэг байдаг. Ажил олгогчийн зүгээс утсаар танилцуулсан гэж тайлбарладаг боловч үүнийг нотолдоггүй. Гэтэл 2024 оны 01 сарын 30-ны өдрийн тушаал нь нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс үзэхэд нийт ажилтанд зарлах эсхүл цахим шуудангаар танилцуулсан, эсхүл нэхэмжлэгчид танилцуулсан үйл баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг нотлоогүй тохиолдолд шүүх шаардах эрхийг тушаалтай танилцсанаас хойш тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

5.2. Харин 2024 оны 04 сарын 25-ны өдөр болон 06 сарын 07-ны өдрийн тушаалын тухайд хөөн хэлэлцэх хугацаа нь 04 сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн хугацаанд гомдол гаргана, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар 06 сарын 07-ны өдрөөр тооцоход 6 сардаа багтаагаад 1 сарын дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан учраас мөн хөөн хэлэлцэх хугацаандаа гомдлоо гаргасан гэж үзнэ. Иймд энэ агуулгаар шаардах эрхийн үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцсэн.

Хурц хордлогыг судлан бүртгэхдээ хүчингүй бүрэлдэхүүнээр хуралдуулсан гэх агуулгаар тайлбарладаг боловч комиссын хувьд тухайн бүрэлдэхүүн хуралдаанд хүчин төгөлдөр шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үр дагавар ямар нэгэн байдлаар үүсээгүй.

5.3. Мөн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн тушаалын хувьд 04 сарын 10-ны өдрийн АНУ-ын элчин сайдын яамны үйл ажиллагааны хөтөлбөр бэлтгэл ажлын төлөвлөгөөнд *******ы нэр байхгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй талаар гэрчийн мэдүүлэгт дурдсан.

Тэр үед салбарын захирлаас үүрэг даалгавар өгсөн нь тушаалаар баталсан томилолтын удирдамжтай байсан. Энэ талаар захиргааны ахлах мэргэжилтэн ******* гэрчээр мэдүүлэг өгөхдөө би залгасан гэх асуудлыг ярьдаг. Гэтэл ******* нь *******ы шууд удирдлага биш бөгөөд ******* нь салбарын захирлын өгсөн үүрэг даалгавраар явдаг. Өөрөөр хэлбэл, бичгээр үүрэг даалгавраа өгч, гадагшаа явахад томилолтыг гаргаж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталдаг учраас 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаалын талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан.

5.4. 2024 оны 06 сарын 07-ны өдрийн тушаалыг 3 үндэслэлээр гаргасан. Тушаалын 1.1, 1.2-т нэг агуулгыг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр усны газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хянан шалгалтыг ******* ХК-д хийгээд тухайн удирдамжийг ******* ХК-д явуулж салбарын захирал *******ыг томилсон. Энэ тушаалын дагуу ажиллаж байхад оройн арга хэмжээ буюу сумын төвд нийт аж ахуйн нэгж байгууллагуудын хуралд оролцохоор гарсан.

Нэгдүгээрт, хамгийн сүүлд авагдсан ирцийн тайлан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тухай бүр цаг бүртгэлийг хянаад хүний нөөц ирцийн тайлан гаргадаг. Энэ ирцийн тайланд тулгуурлаж цалин хөлс олгодог ба цалин хөлс олгосон баримт болон ирцийн тайлангаас нэхэмжлэгч *******ыг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй.

Хоёрдугаарт, ажлын цаг ашиглалтын журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байдаг. Энэ ажлын цаг ашиглалтын журмын 4.3.1-д ажилтан ажилд ирэх, ажлаас тарах аль нэгэн цагийг шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдол 1 сарын дотор 3 ба түүнээс дээш давтагдвал ажил тасалсанд тооцон сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан. Тухайлбал, сахилгын зөрчил гэдэг нь сахилгын хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг хэлдэг. Иймд энэ байгууллагын нарийвчилсан цаг ашиглалтын журмаар сард 3 ба түүнээс дээш удаа давтагдвал сахилгын зөрчилд тооцохоор журамласан учраас шүүх үүнийг харгалзаж үзсэн. Мөн хотхоноос ирэх, явах цагийг цагт нь бүртгүүлсэн нь нотлогдсон тул энэ талаар гомдол үндэслэлгүй.

5.5. Халдварт өвчний талаар гомдолд дурдсан. 2024 оны 06 сарын 07-ны өдрийн тушаалын 1.3-д ростероор 14 хоног ажиллаад 14 хоног амардаг бөгөөд буухдаа ээлж хүлээлцдэг. ******* газрын захирлын хувьд хэлтсийн даргатайгаа ээлж хүлээлцээд ээлжээ солилцдог. Өөрөөр хэлбэл, *******ыг амарч байхад хэлтсийн дарга ажил үүргийг нь гүйцэтгэдэг, хэлтсийн дарга амарч байхад ******* ажил үүргээ гүйцэтгэж, ээлжилж ажилладаг.

Иймд тухайн үед яаралтай хариу арга хэмжээ авах, удирдан зохион байгуулалтаар хангах чиг үүргээр биелүүлж ажиллаагүй гэдэг нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзнэ. Сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрлөх үйл явцтай холбоотой бөгөөд амарч байгаа ажилтныг ажлаа хий гэж шаардлага тавих эрхгүй.

Түүнчлэн, хяналт тавих гэдэг нь өдөр тутмын хяналт, тухай бүрийн хяналт, чиг үүргийн хяналт гэж байдаг. *******ы хувьд өдөр тутмын хяналт тавих үүрэг байхгүй, эрүүл ахуйн мэргэжилтэн өдөр тутмын хяналтыг тавьдаг чиг үүрэгтэй тул ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй чиг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай *******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тус тус тушаалуудыг хүчингүй болгуулах, мөн компанийн захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Б/668 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зөрчил тус бүр тогтоогдсон, сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэн заан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. ******* нь 2023 оноос ******* ХК-д ажиллаж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, талууд 2023 оны 09 сарын 01-ний өдөр М/2023/0294 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******ыг Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын албан тушаалд томилон ажиллуулсан. /1хх-30-32/

3.2. ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай тушаал гаргаж, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 5, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн А/89 дугаартай тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.2 дахь заалт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн СХ24/04 дугаартай саналын хуудсыг тус тус үндэслэн, 2023 оны 12 сарын 30-ны өдөр компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулж, хүчин төгөлдөр бус акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын дарга *******д нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. /1хх-27/

3.3. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 123 дугаар зүйлийн 123.2.2, Засгийн газрын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 2, 5, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 5.2.2, 8.1, 8.1.3-д заасныг тус тус баримтлан, ******* нь 2024 оны 04 сарын 10-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад ******* ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. /1хх-28/

3.4. ******* ХК-ийн гүйцэтгэх захирал нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр Б/668 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 5.2.1, 6.10, 6.24.1, 8.1.5, Хотхоны журмын 3.2.1, 3.2.2, 8.4.5, 9.1, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.5, 4.4, Салбарын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 03/149, 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 03/176 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн 461 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт, зөвлөмж, 2024 оны 06 сарын 06-ны өдрийн Захирлын зөвлөлийн 20 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн, ******* нь 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2024 оны 05 сарын 09-ний өдрийн орой ажлаас тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, тус өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журмын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 сарын 10-ны өдрийн үүрээр хотхонд нэвтрэхдээ харуул хамгаалалтын ажилтанд бүртгүүлээгүй, Салбарын ажилтнуудын дунд эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл үүссэн үед ажлын байрны тодорхойлолт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, яаралтай хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэн, *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 06 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. /1хх-29/

 

4. Ажилтан ******* дээрх тушаал тус бүрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хариуцагч ******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 06 сарын 25-ны өдөр хандсан, комисс өргөдлийг хүлээн авч мөн оны 07 сарын 05-ны өдөр хуралдаж, тэмдэглэл үйлдсэн байна. /1хх-5-6/ ******* уг тэмдэглэлийг хүлээн аваад Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан байх бөгөөд тус хорооны 2024 оны 07 сарын 30-ны өдрийн хуралдаанаар талууд хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан тохиролцоогүйн улмаас дуусгавар болгосон шийдвэр гаргажээ. /1хх-11-15/ Уг шийдвэрийг ******* нь 2024 оны 08 сарын 05-ны өдөр хүлээж аваад мөн сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.5, 154.6, 154.8 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

 

5. Талууд дээрх тушаал тус бүрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч компанийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаал, мөн компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Б/668 дугаартай тушаалд тус тус заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн.

 

6. Харин хариуцагч ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай тушаалын үндэслэлийн талаар дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

7. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хууль нь улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор батлагдсан, хүчин төгөлдөр байна. Хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасан.

7.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор дээрх хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга *******ыг томилжээ. /1хх-36/

7.2. Дээрх тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *******ад, 3.2-т Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч *******ад тус тус даалгасан байна. /1хх-36/

7.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 424 дугаартай ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох хугацааг сунгаж, онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр *******ад тус хугацаанд компанийн хэвийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон байна.

 

8. Нэхэмжлэгч тал ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн эрх олгосон хугацаатай холбоотой маргаагүй. Харин 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 болон Б/226 дугаартай тус тус тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргасан.

 

9. Хариуцагч ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай тушаалын үндэслэл болох .. .******* нь 2023 оны 12 сарын 30-ны өдөр компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлыг зарлан хуралдуулахдаа гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 28-ны өдрийн А/458 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон комиссын бүрэлдэхүүнийг хуралдуулж, хүчин төгөлдөр бус акт үйлдэн баталгаажуулж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан гэх сахилгын зөрчил доорх нотлох баримтаар тогтоогдсон байна.

9.1. Хэргийн баримтаас үзвэл, ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 сарын 29-ний өдрийн А/458 дугаартай тушаалаар компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, уг тушаал гарсантай холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 03 сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс байгуулах тухай А/154 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцжээ. /1хх-86-87/

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 сарын 30-ны өдөр ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны А/154 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс байгуулах тухай тушаалын дагуу ажлын хэсгийг хуралдуулж, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдсэн үйл баримт хэргийн 164-166 дахь талд авагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комиссын хурлын тэмдэглэл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай, харин сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Иймээс Б/97 дугаартай тушаалд заасан сахилгын зөрчил тогтоогдсон гэж үзэх тул уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

10. Хариуцагч ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ыг 2024 оны 04 сарын 10-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад ******* ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах үйл ажиллагаанд оролцох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн ажиллах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. /1хх-28/

Хэрэгт авагдсан Салбарын дотоод томилолтын удирдамж, Салбарын дотоод албан томилолтын зардлын төсөв зэрэг баримтаар нэхэмжлэгч ******* нь тухайн цаг хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд салбарын дотоод томилолттой байсан болох нь тогтоогдож байна. /1хх173-174/

Мөн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад ******* ХК-ийн төслийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийг танилцуулах арга хэмжээнд ******* албан тушаал, ажил үүргийн хувиар оролцох талаар тус компаниас баталсан хөтөлбөр болон ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. /1хх167-172/

Иймд *******ыг хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2-т заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв дүгнэж, хариуцагч ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдөр Б/668 дугаартай тушаалаар хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2024 оны 06 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /1хх-29/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Энэ тохиолдолд дээрх үйл явдал, зөрчил тогтоогдсон байхыг шаардана.

11.1. Талуудын байгуулсан 2023 оны 09 сарын 01-ний өдрийн М/2023/0294 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.4-д ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, чиг үүрэг, зорилтыг бүрэн хангаж ажиллах ба ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн бусадтай соёлтой харилцах, компанийн ажилтны ёс зүй, ашиг сонирхлын дүрэм-д заасан хэм хэмжээг сахих, ашиг сонирхлын зөрчил гаргалгүй ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж тохиролцсон байна. /1хх-30-32/

11.2. ******* ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д Хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм, журам, горимыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл, ажил үүргээ биелүүлээгүй ажилтны дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна, 8.1.1-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, 8.1.2-т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, 8.1.3-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 8.1.4-т албан тушаал бууруулах, 8.1.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж заажээ.

 

11.3. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 сарын 09-ний орой ажлаас тарах цагийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, тус өдрийн орой хотхоноос гарах зөвшөөрлийг Хотхоны журам-ын 2 дугаар хавсралтын дагуу бичгээр аваагүй, 2024 оны 05 сарын 10-ны өдрийн үүрээр хотхонд нэвтрэхдээ харуул хамгаалалтын ажилтанд бүртгүүлээгүй, салбарын ажилтнуудын дунд Salmonella.spp эмгэг төрөгч нянгаар үүсгэгдсэн гэдэсний халдварт өвчин тархах нөхцөл үүссэн үед ажлын байрны тодорхойлолт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих, яаралтай хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүргээ биелүүлж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үйлдэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Тодруулбал, 2024 оны 05 сарын 09-ний өдөр *******, гэрч ******* нар Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Усны газрын харьяа Дорноговь аймаг дахь Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаанаас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг ус ашиглагч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд ажлын тайлан танилцуулах, уулзалт хийх үйл ажиллагаанд оролцсон талаар гэрч ******* мэдүүлсэн байна. /1хх-202/

 

11.4. Мөн хэргийн 189-190 дэх талд авагдсан Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийн 4-т сав газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, уул уурхайн компани хамрагдахаар үүнд, /Цогтцэций сум 2024.05.09-11/ гэсэн хугацаа заасан байна.

Дээрх тохиолдолд Хотхоны журмын 3.2.3-т заасан Холбогдох хууль, дүрэм, журам, горимд заасан бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хотхоноос гарах тохиолдолд энэ журмын 3.2.1-д заасан /хотхоноос чөлөөгөөр гарах тохиолдолд тухайн нэгжийн удирдлагын зөвшөөрлийг үндэслэн хариуцсан ажилтны зөвшөөрөл олгох/ заалт хамаарахгүй гэх нөхцөл хамаарахаар байх тул нэхэмжлэгчийг ажлаас тарах цагийг цагийн бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, хотхоноос гарах журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11.5. Хариуцагч байгууллагын ажилчдын дунд 2024 оны 05 сарын 26-ны өдрөөс гэдэсний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байх бөгөөд лабораторийн шинжилгээний хариугаар 27 хүнд Salmonella.spp нян илэрсэн байна. Уг үйл баримт болсон цаг хугацаанд нэхэмжлэгч ******* ростерийн амралттай байсан болох нь хэрэгт авагдсан ******* ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салбарт уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэрс баримтаар тогтоогджээ. Иймээс нэхэмжлэгчийн сахилгын давтан зөрчил гаргасан үйлдэл баримтаар нотлогдоогүй, хариуцагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02258 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг ******* ХК-ийн Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 102,391,296 төгрөгийг хариуцагч ******* ХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Б/266 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үлдэх ******* ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 669,907 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД