Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01032

 

                                                                            *******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02713 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь , , гудамж, дугаар байр, хаягт байршилтай орон сууцыг худалдан авахад охин *******т 11,000,000 төгрөг өгсөн. 19,600,000 төгрөг дутсан тул *******гээс авсан. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр *******т нийт 31,300,000 төгрөг шилжүүлсэн.

1.2 Дээрх орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр аас 62,740,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед охин *******т итгээд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулсан.

1.3 Миний бие *******т удаа дараа орон сууцны хамтран өмчлөгчөөр намайг оруулахыг шаардсан боловч удахгүй оруулна гэсээр өдий хүрсэн. Гэтэл ******* сүүлдээ хамтран өмчлөгчөөр оруулахгүй гэсэн.

Иймд намайг , , гудамж, дугаар байр, хаягт байршилтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.1 Миний бие 2019 оны 09 дүгээр сард , , гудамж, дугаар байр, хаягт байршилтай орон сууцыг 62,740,000 төгрөгөөр аас худалдан авсан. Тухайн үед миний хувьд банкны зээлд хамрагдах боломжгүй байсан тул ээж *******аас мөнгөн тусламж хүссэний дагуу тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний данс руу 31,440,400 төгрөг шилжүүлэн, уг мөнгийг байрны мөнгөнд шилжүүлсэн.

2.2 Тухайн үед ээж ******* ...охиндоо тусалж байгаа юм, би боломжтой үедээ буцаан өгнө гэж ярилцаж байсан. Ээж өөрийн гэрт амьдардаг байсан боловч сүүлийн үед хамт амьдрах болсон ба үүнээс үүдэж маргаан гарах болсон. Уг орон сууцыг худалдаж авахад миний бие 11,840,000 төгрөгийг, *******гээс 19,600,000 төгрөгийг, нийлээд 31,440,000 төгрөгийг бүрдүүлсэн бөгөөд үлдэгдэл 31,300,000 төгрөгийг ээж *******аас авч орон сууцны төлбөрийг төлсөн.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн тайлбарын агуулга:

3.1 ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1510088195 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг *******, нартай байгуулан, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 74,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 1510088195-01 дугаартай Ипотекийн гэрээгээр барьцаалуулагч *******ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн, , гудамж, дугаар байр, хаягт байршилтай 53.5 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.

3.2 Ипотекийн гэрээг байгуулах өдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байсан бөгөөд ******* нь бүртгэл тус бүрийг үнэн зөв гэж үзэж ипотекийн гэрээг байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Иймд барьцаагаар хангагдах эрх дуусгавар болоогүй тохиолдолд хуульд зааснаар барьцааны эрх хөндөгдөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцаалагчийн эрх, үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй гэдгийг шийдвэрт дурдаж өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Би *******тэй 2014 онд танилцан, байр түрээслэн хамтран амьдарч байсан. 2017 оны 12 дугаар сард би БНСУ руу гэрээгээр ажиллахаар явсан. Тус улсад ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ирэхдээ мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******тэй гэрлэлтээ бүртгүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр БНСУ руу буцсан.

4.2 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буцаж ирэхэд ******* нь намайг гэрт оруулаагүй, хөөж гаргасан. Үүнээс үүдэлтэй миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа.

4.3 Миний бие ******* рүү тогтмол мөнгө явуулдаг байсан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 2019 оны 09 дүгээр сард би өөрийн цалин орлогоор , , гудамж, дугаар байр, хаягт байршилтай орон сууцыг худалдаж авсан. Би БНСУ руу явахдаа өөрийн банк дахь тоот данс эзэмших картаа *******т үлдээж, уг данс руу түүнд мөнгө шилжүүлдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 16 удаагийн гүйлгээгээр 21,669,000 төгрөг, гэрлэлтээ бүртгүүлсний дараа 1 удаагийн гүйлгээгээр 150,000 төгрөг, нийт 21,819,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн. Мөн би банк дахь өөрийн тоот данснаас *******ийн банк дахь тоот данс руу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр нийт 39,129,000 төгрөг шилжүүлсэн. Мөн *******ээр дамжуулан гаас 20,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд БНСУ-д ажилласан хугацааны цалин орлогоо банк дахь тоот данснаас нийт 20 удаагийн гүйлгээгээр 34,261,000 төгрөгийг *******ийн банк дахь тоот данс руу шилжүүлж, орон сууц худалдан авахад зээлсэн 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 25,000,000 төгрөг өгч, зээлээ төлж дуусгасан ба үлдсэн мөнгийг ******* хэрэглэсэн байсан.

4.4 Харин орон сууц худалдаж авах үед би БНСУ-д ажиллаж, амьдарч байсан болохоор эх орондоо байгаагүй. ******* миний өмнөөс гэрээ, баримтууд үйлдэн маргаан бүхий орон сууцыг худалдан авч, орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай надад хэлсэн. Орон сууц худалдан авахад зарцуулсан дээрх мөнгөн хөрөнгө нь ******* бид хоёрын хамтын хөдөлмөр, үйл ажиллагаанаас олсон хөрөнгө мөнгө биш. Харин гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө БНСУ-д ажилласан миний цалин орлогоор худалдаж авсан орон сууц.

Иймд тус орон сууц нь миний хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн , гудамж, дугаар байр, орон сууцны хамтран өмчлөгчөөр *******ыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 315,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 ******* би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохдоо гуравдагч этгээдээр оролцох тухай өөрийн хүсэлт, гадаад паспортны хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, банк дахь өөрийн дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж, шүүхээс гарах шийдвэр нь миний эрхэд сөргөөр нөлөөлөх үндэслэлтэй гэж үзэн шүүх хуралдаанд өөрийн тайлбар, түүний үндэслэлийн талаар нотлох баримтад үндэслэн тодорхой ярьсан. Гэтэл шүүх шийдвэртээ ******* миний эрхийг хөндөх эсэх талаар огт дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Би орон сууц худалдаж авахын тулд өөрийн цалин орлогоо хариуцагч ******* рүү шилжүүлж байсан. банк дахь өөрийн тоот данс эзэмших картаа хариуцагч *******т үлдээж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 16 удаагийн гүйлгээгээр 21,669,000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд банк дахь өөрийн тоот данснаас хариуцагч *******ийн банк дахь тоот данс руу 13 удаагийн гүйлгээгээр нийт 39,129,000 төгрөг шилжүүлсэн.

6.2 Мөн орон сууц худалдаж авах үед бусдаас 25,000,000 төгрөг хүүтэй зээлж, маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ******* рүү 34,261,000 төгрөг шилжүүлж, орон сууц худалдан авахад зээлсэн 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгасан. Би орон сууцыг худалдан авахад Монгол улсад байгаагүй, ******* миний өмнөөс орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөгчөөр өөрийн нэрийг бүртгүүлсэн.

6.3 ******* *******т үлдээсэн данс руу шилжүүлсэн 21,669,000 төгрөгийг ******* банк дахь өөрийн тоот данс руу хийж, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд өөрийн ээж *******ы банк дахь тоот данс руу 33 удаагийн гүйлгээгээр 11,660,000 төгрөг, банк дахь тоот данс руу 6 удаагийн гүйлгээгээр 5,045,000 төгрөг нийт 16,705,000 төгрөг шилжүүлсэн, ******* 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн охин *******ийн банк дахь дээрх данс руу буцааж 6,300,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс орон сууцны үнэд төлсөн гэх 6,300,000 төгрөг нь *******гийн орон сууцны үнэд ******* рүү шилжүүлсэн мөнгө юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Орон сууцны тухайд миний үйлчлүүлэгч хөрөнгө оруулалт хийсэн учраас хамтран өмчлөх эрхтэй гэж үзнэ. Харин орон сууц авснаас хойш гэр бүл болсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 ******* 2019 оны 09 дүгээр сард иргэн аас тухайн орон сууцыг 62,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 31,400,000 төгрөгийг нь түүний эх ******* хөрөнгө оруулсан нь үнэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэр бүл болсон буюу *******тэй холбоотой асуудал нь уг орон сууцыг худалдаж авснаас хойш гэр бүл болсон учраас хамааралгүй. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх үедээ *******гээс ******* рүү тодорхой хэмжээний мөнгө шилжүүлдэг байсан нь үнэн.

Гэвч тайлбарт нь дурдсан шиг картыг нь уншуулдаг байсан зүйл байхгүй, тухайн шилжүүлсэн мөнгөний талаар нотлох баримтыг анхан шатны шүүхэд шинжлэн судалсан. Үүнд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан шиг зээлийн төлбөр төлсөн үйл баримт байдаггүй. Гүйлгээний утга дээр хайр, хоол гэх мэт утга бичиж шилжүүлсэн байдаг. *******, ******* нар нэг хүүхэдтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд хэн аль нэг нэгнийгээ болон үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Иймд энэ үүргийнхээ дагуу тэжээн тэтгэсэн гэж үзсэн. Гэтэл ******* салах болохоороо шилжүүлсэн бүх мөнгөө нэмж орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт гэх байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй.

8.2 *******гийн хувьд орон сууцны бүртгэлтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсгээгүй. *******, ******* нарын хооронд мөнгө төгрөг болон гэр бүл цуцлуулахтай холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байсан боловч энэ хэрэгтэй холбоотойгоор түдгэлзсэн. Дараа нь *******, ******* нарын хоорондын дундын хөрөнгө болон тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой байдлаар тусдаа шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Манай барьцааны эрх хөндөгдөж болзошгүй учраас ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Үүнд барьцааны гэрээ болон зээлийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр *******ыг тогтоож шийдвэрлэсэн ба *******-ийн барьцааны эрхийг хөндөхгүй болохыг үндэслэх хэсэгтээ дурдсан учраас *******-ийн эрх ашгийг хөндөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, , , гудамж дугаар байр, хаягт байршилтай, 53.5 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцаалагчийн эрх, үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй агуулгаар тайлбар гаргасан.

2.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* орон сууцыг өөрийн мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй агуулгаар тайлбар гаргасан.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс зохигч мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.1 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан дундаа хэсгээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан, эсхүл дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох эсэхийн аль нь болохыг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Дээрх эрхүүд нь хэлбэрийн болон эрх зүйн зохицуулалтын, мөн эрх зүйн үр дагаврын хувьд харилцан адилгүй. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

3.2 Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаантай эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, шүүхээр тогтоолгох зөрчигдсөн субъектив эрх байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүх зөрчигдсөн эрх байгаа эсэх, уг үйл баримтад нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

3.3 Түүнчлэн, шүүх гуравдагч этгээд ******* нь маргааны зүйлийн талаар хувийн ашиг сонирхолтой оролцсон байхад түүний эрх зүйн байдлыг тодруулаагүй байна. Анхан шатны шүүх *******г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр оролцуулж байгаа нь учир дутагдалтай. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч болон хариуцагчийн аль нэгийг дэмжин оролцдог.

Гэтэл *******гийн тайлбарын агуулга нь бие даасан шаардлагын шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг дэмжин оролцоогүй, маргааны зүйлийг өөрийн хөрөнгө гэсэн тайлбар гаргасан нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бие даасан шаардлагын шинжийг агуулсан байгааг шүүх анхаараагүй байна.

3.4 ******* нь *******т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, энэхүү маргааны зүйл болох орон сууцыг хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгож, *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. /1хх 97-101/

Тухайн маргаанд энэхүү маргааны зүйл болсон орон сууцны өмчлөлтэй холбоотой талууд маргаж буй нөхцөлд тухайн маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэснийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь, маргааны зүйлийн талаар талууд өөр өөр үндэслэлээр, тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нөхцөлд шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг шүүх харгалзан үзэх учиртай.

4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс зохигч мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээд *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН