| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00056/Э |
| Дугаар | 00054 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Бод холбогдох 1932000280046 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, улсаас авсар гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Сэмжидийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
С.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Эрдэнэтолгойн №52 тоотод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ззг хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сард би ээжийнхээсээ гэртээ ирээд галаа түлээд сууж байхад Ог, Зз хоёр манайд ороод ирсэн. Тэгээд ганц шил архи ууя гэхээр нь таньдаг хүн болохоор тэгье гэсэн. Манайд орж ирэхдээ 0,75 литрийн “Хараа” архитай орж ирсэнг бид нар хувааж уугаад сууж байхдаа “уулруу модонд явах уу” гэхээр нь би эхнэр эмнэлэгт хэвтсэн чадахгүй байх гэж хэлсэн. Гэтэл найз Огийг Зз дахиад нэг шил архи авахуулахаар дэлгүүр явуулсан. Тэгээд Ог 0,75 литрийн архи авч ирсэн тэгээд Зз бид хоёр маргалдаж эхэлсэн. Зз ширээн доороос хутга гаргаж ирээд бариад босож дайрахад нь би хутгыг нь булааж авах гээд санамсаргүй л хатгачихлаа даа. Тэрнээс хойш би сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд л эмнэлэг, цагдаа болсон байсан. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч С.Зз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ найз Огийн хамт байж байхад Энхүүш гэдэг залуу над руу утсаар яриад та модонд грушикээр явах уу гэж хэлсэн. Намайг явъя гэхэд нэг хүн дутчихсан Ог та хоёр олчихоорой гэж надад хэлсэн. Би Огд хэлтэл Цогоо гэдэг хүн байгаа орой очоод асууя гэсэн. Бид хоёр орой замаасаа 750 граммын Хараа архи аваад Бын гэрт очсон. Ингээд бид гурав архиа хувааж уунгаа модонд явах талаараа ярьсан. Би мөнгө гаргаж Огийг дахин архинд явуулсан. Б бид хоёр бага байхдаа би ч Хэрхийн атаман байсан чи байгаагүй гэж маргалдсан. Удалгүй Ог 750 граммын Хараа архи аваад ороод ирсэн. Түүнийгээ ууж байгаад дахин Б бид хоёр маргалдсан. Энэ үед Ог бие засахаар гарсан. Б над руу агсараад байсан. Би ширээ рүү нь хартал ширээн доор нь хутга харагдсан. Би тэр хутгийг автал Б надаас наадах чинь миний түлээ хагалдаг хутга гээд надаас булаагаад авсан. Тэгээд би согтоод цааш юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд Ог манай найзыг хутгалчихсан байна шүү дээ гээд хэлж байсан. Тэгээд цааш нь би юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд намайг хот руу яв гэж байсан. Ингээд ах дүү нартайгаа Хэрхийн эмчийн хамт Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн. … Б миний баруун далны орчим хутгалсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р хуудас/
Гэрч Ш.Ог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой 18 цагийн орчим С.Зз бид Бын гэрт 1 шил 0,75 литрын Хараа архи авч очиж хамт архи уусан. Дараа нь би дэлгүүр явж дахин 1 шил 0,75 литрийн Хараа архи авч ирж уусан. Сүүлийн архийг талдаа орж байхад Б, Зз 2 хоорондоо би ч атаман, чи ч атаман гээд, мөн аж ахуйд тийм тийм атаман байдаг гээд баахан атаман ярьж маргалдаад байсан. Тэгэж байгаад би бие засахаар гараад хашааны үүдний тэнд очиход цаанаас Бын дүү Бз ирээд намайг чи яахаараа манай ахынд архи уудаг юм гэж уурлаад түлхэж унагасан. Энэ үед гэрт Б Ззтай маргалдаж байгаад хутгалсан байсан. Зз нь байшингаас Б намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би буцаад Бынд ороход Зз хөгшнийг нь Б далны ийшээ хутгалчихлаа гэхээр нь би цамцыг нь сөхөөд үзтэл баруун далны орчмоос цус гарч байсан. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/
Гэрч С.Бз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой цагийг нь санахгүй байна намайг гэртээ хэвтэж байхад манай хүргэн Хос-Эрдэнэ манайд орж ирээд Б ах согтуу байна, архи уучихсан байна, гэрийх нь хаалга онгорхой байна, 2-3 хүн харагдаад байна гэхээр нь би босоод хувцаслаад 10 орчим минутын дараа ойролцоо амьдардаг Б ахын гэр лүү эгчийнхээ хүүхэд болох Отгонцэцэгийг дагуулаад очсон. Намайг Б ахын гэрт ороход Б ах Зз, Ог хоёртой архи уусан байдалтай нэлээн согтуу хоорондоо хэрүүл хийж байсан. Намайг ороход Зз ах намайг таниад надтай мэндлээд юм яриад байсан. Тэгэхэд цаана Ог Б ах 2 хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгаад Б ахыг цааш нь ор луу түлхээд Огийг түлхэж гэрээс гаргасан. Намайг Огийг гэрээс түлхэж гадагшаа гаргачихаад эргээд харахад Б ах Ззг хутгалчихсан гартаа хутгаа барьчихсан зогсож байсан. Хутганы үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгэхээр нь би Б ахын хутгыг гар луу нь цохиж хаяулаад арагш нь түлхэж газар унагсан. Тэгээд би Отгонцэцэгээр эмнэлэг, цагдаад дуудлага өгүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн их эмч А.Батгэрэлийн тодорхойлолт, өвчний түүх /ХХ-ийн 36-43-р хуудас/
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн №46 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1. С.Ззгийн биед цээжний баруун ар талд хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус уналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 44-45-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-9-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 10-13-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 57 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 56 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь * тоотод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ззг хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Ззгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Б над руу агсараад байсан. Би ширээ рүү нь хартал ширээн доор нь хутга харагдсан. Би тэр хутгийг автал Б надаас наадах чинь миний түлээ хагалдаг хутга гээд надаас булаагаад авсан. Тэгээд би согтоод цааш юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд Ог манай найзыг хутгалчихсан байна шүү дээ гээд хэлж байсан. Тэгээд цааш нь би юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд намайг хот руу яв гэж байсан. Ингээд ах дүү нартайгаа Хэрхийн эмчийн хамт Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн. … Б миний баруун далны орчим хутгалсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р хуудас/, Гэрч Ш.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Энэ үед гэрт Б Ззтай маргалдаж байгаад хутгалсан байсан. Зз нь байшингаас Б намайг хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би буцаад Бынд ороход Зз хөгшнийг нь Б далны ийшээ хутгалчихлаа гэхээр нь би цамцыг нь сөхөөд үзтэл баруун далны орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/, Гэрч С.Бзын мөрдөн байцаалтанд өгсөн “...Намайг Огийг гэрээс түлхэж гадагшаа гаргачихаад эргээд харахад Б ах Ззг хутгалчихсан гартаа хутгаа барьчихсан зогсож байсан. Хутганы үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгэхээр нь би Б ахын хутгыг гар луу нь цохиж хаяулаад арагш нь түлхэж газар унагсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгийн их эмч А.Батгэрэлийн тодорхойлолт, өвчний түүх /ХХ-ийн 36-43-р хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн №46 дугаартай “...1. С.Ззгийн биед цээжний баруун ар талд хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус уналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-9-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 10-13-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Быг хохирогч С.Ззгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Эрдэнэтолгойн №52 тоотод 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Ззг хутгалж, С.Ззгийн биед цээжний баруун ар талд хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун уушигны бүрэн бус уналт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны дутагдал гаргасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч С.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч С.Зз нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруугийн зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан, С.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 см урттай цагаан өнгийн хуванцар иштэй, 16 см урттай ажлын хэсэг бүхий нэг ширхэг хутга, хөх өнгийн нимгэн куртик, улаан өнгийн ханцуйтай хөх өнгийн бэлтгэлийн цамц, цэнхэр өнгийн хөндлөн судалтай цагаан өнгийн майк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн устгуулж зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч С.Зз нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сэмжидийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.Быг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар С.Бод оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнггөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 13 см урттай цагаан өнгийн хуванцар иштэй, 16 см урттай ажлын хэсэг бүхий нэг ширхэг хутга, хөх өнгийн нимгэн куртик, улаан өнгийн ханцуйтай хөх өнгийн бэлтгэлийн цамц, цэнхэр өнгийн хөндлөн судалтай цагаан өнгийн майк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.Бын эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.