| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/03216/И |
| Дугаар | 210/МА2025/00932 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00932
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02391 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөр 828,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Манай гэр бүл хөдөө амраад ирэхэд блокон хашааг автомашин мөргөсөн байсан. Цагдаад мэдэгдэхэд эзэн, холбогдогчийг олдохгүй гэсэн учир даатгалаар хохирлоо барагдуулахаар ******* ХХК-д материалаа бүрдүүлж өгсөн, 2024 оны 03 сард боломжгүй гэсэн хариу өгсөн.
1.2. ******* ХХК-тай 2023 оны 07 сарын 18-ны өдөр даатгалын гэрээ байгуулсан. *******, ******* тоот хөрөнгийн даатгалын гэрээгээр үндсэн эрсдэл, нэмэлт эрсдэл үл хөдлөх хөрөнгө /хашаа/ хамтад нь тохиролцон даатгуулсан.
Гэрээний 1.2-т нэмэлт эрсдэл, 1.2.3-д заасан гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлийн улмаас хохирол учирсан тул ******* ХХК даатгалын нөхөн төлбөр *******д олгох ёстой гэж үзэж байна.
1.3. ******* ХХК-аас эд хөрөнгө барьцаалж зээл авах үедээ зээлийн эдийн засагчийн санал болгосноор эд хөрөнгөө даатгуулсан. Тухайн ажилтан нь үндсэн болон нэмэлт эрсдэлийг даатгаж байна гэж тайлбарласан.
Иймд үнэлгээний тайлан, үйлчилгээний зардал 67,000 төгрөг, учирсан хохирол 761,000 төгрөг, нийт 828,000 төгрөгийг гэрээний 1.2.3-д заасан заалтыг биелүүлж, хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Даатгуулагч ******* нь ******* дүүрэг, ******* тоот байрлах үл хөдлөх хөрөнгийг ******* болон ******* дугаартай хөрөнгийн даатгалын гэрээг үндсэн эрсдэлийг сонгон даатгуулсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 04-ний өдөр хөдөөнөөс ирэхэд хашааг улсын дугаар тодорхойгүй автомашин мөргөсөн байсан гэсэн үндэслэлээр хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн. Манай компани баримтыг судалж үзээд Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүйг 4-2/145 дугаартай албан бичгээр мэдэгдэн татгалзсан.
2.2. Даатгуулагч ******* нь Санхүүгийн зохицуулах хороо-нд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл гарсан байсныг Санхүүгийн зохицуулах хороо танилцан үзээд ******* ХХК-аас нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэлттэй холбоотой тайлбарыг нотлох баримтын хамт гаргуулан хянахад, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзээд 3/1421 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн.
2.3. ******* ******* ХХК-аас зээл авахдаа барьцаалагдаж буй үл хөдлөх хөрөнгийг даатгалд хамруулсан байдаг. Тодруулбал, зээл авсан хугацаанд буюу ******* дугаартай даатгалын баталгааг 2023 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай 0,24 хувийн хураамжийг, ******* дугаартай даатгалын баталгааг 2025 оны 07 сарын 18-ны өдрөөс 2026 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл 06 сарын хугацаатай 0,09 хувийн хураамж төлж 30 сарын хугацаатайгаар үндсэн эрсдэлээс хамгаалуулан даатгуулсан. Өөрөөр хэлбэл ******* дугаартай мөн ******* дугаартай даатгалын 2 ширхэг гэрээт баталгаа гардуулан өгсөн нь нэмэлт эрсдэлээс хамгаалагдсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 828,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,422 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд даатгалын гэрээнд заасан тохиолдол Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн нөхцөл үүссэн байхад 2023 оны 06 сарын 01-ний өдрийн ******* ХХК болон ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ-г үндэслэн даатгалын тохиолдол гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёр байгууллагын хамтран ажиллах гэрээ *******ийн ******* ХХК-тай байгуулсан хөрөнгийн даатгалын гэрээний тохиолдол гэрээнд заасан эрсдэл гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрт *******ийн даатгалын нөхөн төлбөр 828,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж олгуулах нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээнд даатгуулагч нартай хэрхэн гэрээ байгуулах тухай болон даатгалын гэрээний хугацаа зэргийг тусгасан бөгөөд хамтран ажиллах гэрээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. *******, ******* дугаартай гэрээнд даатгалын үндсэн эрсдэл болон нэмэлт эрсдэлүүдийг бүгдийг нь зөвлөж баталгаажуулсан гэж нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдсан.
Хавтаст хэрэгт даатгалын гэрээт баталгааг эх хувиар нь өгсөн бөгөөд тус баталгаанд үндсэн эрсдэлийг зөвлөж баталгаажуулсан байдаг. Гэрээнд тусгагдсан нэмэлт эрсдэлээр нэхэмжлэгч тал хамгаалагдаагүй тул даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлийг даатгасан, гуравдагч этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол даатгалд хамаарахгүй нөхцөл гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Талууд 2023 оны 07 сарын 18-ны өдөр *******, ******* дугаартай хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууц, ******* дугаарт бүртгэлтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг жилийн хугацаатай даатгуулах, даатгагч ******* ХХК нь даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч ******* даатгалын хураамж төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-35,37/
4.1. Гэрээний дагуу даатгуулагч ******* нь 2023 оны 07 сарын 18-ны өдөр даатгалын хураамжид 36,000 төгрөг, 13,500 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх-36,38/
5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
6. Дээрх үйл баримтад талууд маргаангүй, гэрээгээр нэмэлт эрсдэлийн нөхцөлийг тохиролцсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
7. Нэхэмжлэгчээс ******* дугаартай хөрөнгийн даатгалын гэрээний /хорон/ хувийг, хариуцагчаас *******, ******* дугаартай даатгалын гэрээний өнгөн хувийг тус тус шүүхэд гарган өгчээ. /хх-6, 35,37/
7.1. Уг нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч талын өгсөн гэрээний даатгалын эрсдэл гэсэн хэсэгт үндсэн, нэмэлт гэсний урд тус тус зөвлөсөн, харин хариуцагч талын өгсөн гэрээний тус хэсэгт үндсэн гэсний урд зөвлөсөн тэмдэглэгээтэй байна.
7.2. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч талын шүүхэд өгсөн хоёр гэрээ өнгөн хувь байх тул уг гэрээнүүдийг үндэслэн талууд даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлд заасан нөхцөлтэй холбоотой даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг даатгагч төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.
8. Талуудын байгуулсан *******, ******* дугаартай даатгалын гэрээний 1.1-д Үндсэн эрсдэлд гал түймэр, дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирол, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзын нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл, сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан ба шороон шуурга/ зэргээс шалтгаалан даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх нөхцөлийг хамааруулсан байна. /хх-35,37/
Харин нэмэлт эрсдэлд гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлийн улмаас хохирол учрах нөхцөл хамаарахаар гэрээнд тусгажээ.
Хариуцагч тал шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан, тус хорооноос ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэн, албан бичгээр хариу өгсөн талаар тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь даатгалын гэрээг үндэслэн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан даатгалын тохиолдол нь гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 828,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна. Иймд даатгалын тохиолдол гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Хэргийн 39-43 дахь талд ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2023 оны 06 сарын 01-ний өдөр байгуулагдсан ND/23/65 дугаартай даатгалын хамтран ажиллах гэрээ авагдсан байна. Уг гэрээ нь зохигчийн хооронд үүссэн даатгалын гэрээний харилцаанд хамааралгүй байх тул хоёр байгууллагын хамтран ажиллах гэрээ *******ийн ******* ХХК-тай байгуулсан хөрөнгийн даатгалын гэрээний тохиолдол гэрээнд заасан эрсдэл гэж үзнэ гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/02391 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,422 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД