Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                         Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Дид холбогдох 1932000420069 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хотгойд овогт Баатарын Д.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг Өндөр улаан гэх газраас Д.Дийн эзэмшлийн 1 тооны эм хонийг бэлчээр дээрээс нь хулгайлж 130000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өглөө хонио бэлчээрт гаргахдаа малаа бүртгээд 360 хонь бэлчээрт гаргасан юм. Тэгээд өглөөгүүр хонио хариулаад 12 цагийн үед малаа гэрийнхээ зүг эргүүлчихээд гэртээ ирээд ус аваад малынхаа өвс тэжээлийг янзлаад байж байтал өдөр 16 цагийн үед манай эхнэрийн дүү болох Аг морьтой давхиж ирээд танай малнаас машинтай хүн ирээд хонь аваад явчих шиг боллоо. Би дурангаар сайн харсан. Танай баруун хойд талд байх Д гэх залуу цагаан өнгийн жижиг тэрэгтэйгээ танай малын захнаас хөдлөөд явчихлаа гэрийнхээ тэнд очоод нэг зүйл буулгаад өвөлжөөнийхөө араар орчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Агийн хамт өөрийнхөө мал дээр очоод малаа бүртгээд тоолж үзэхэд хар толгойтой хар гэдэстэй зүүн талынхаа сээрэн дээр хар толботой сувай нас гүйцсэн эм хонь байхгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

Гэрч Б.Аг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед намайг малаа хариулаад Чавганц гэдэг газар явж байгаад өөрийн хүргэн ах болох Дийн мал руу дурандаад сууж байтал Д ах малынхаа дэргэд байхгүй байсан ба тэдний мал бэлчээрлэж байсан газрын хойд талаас нь цагаан өнгийн дээрээ лүктэй, хойд талдаа далбаатай чезер маркын машин ирээд зогссоноо малын захаас нэг зүйл өргөөд машиндаа суугаад явсан юм. Тухайн үед би машиныг нь хаашаа явах нь уу гээд дагуулаад дурандаад байж байтал тэр машин Д ахын гэрийн баруун хойд талд байдаг бас Д гэдэг нэртэй айлын гадаа очиж зогсоод нэг хүн буугаад нэг зүйл чирээд явж байгаа юм шиг үйлдэл хийгээд гэр малын хашаа хоёрынхоо дундуур орсон юм. Тэгээд би Д манай хүргэн ах Дийн малнаас хулгай хийчих шиг боллоо гэж бодоод очиж хэлсэн. Тэгээд хүргэн ах Дийн малыг хамт очоод тоолоход 1 хонь дутаад 359 хонь байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /ХХ-ийн 10-11-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Дийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /38 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг Өндөр улаан гэх газраас Д.Дийн эзэмшлийн 1 тооны эм хонийг бэлчээр дээрээс нь хулгайлж 130000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /ХХ-ийн 10-11-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Дийг хохирогч Д.Дийн нэг  тооны эм хонийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг Өндөр улаан гэх газраас Д.Дийн эзэмшлийн 1 тооны эм хонийг бэлчээр дээрээс нь хулгайлж 130000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Д.Д нь “... Б.Доос хохиролоо бүрэн барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй байхгүй болно ...” /ХХ-н 40 дүгээр хуудас/ гэсэн баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Хохирогчийн шүүгдэгчээс нотлох баримттайгаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Дийн 340 толгой олон тооны мал буюу 19 адуу, 221 хонь, 86 ямаа зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус  дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хотгойд овогт Баатарын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

4. Энэ хэрэгт Б.Дийн 340 толгой олон тооны мал буюу 19 адуу, 14 үхэр, 221 хонь, 86 ямаааг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.