Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2025/00017

 

О.Т-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэртэй,

    Н.О-н нэхэмжлэлтэй, О.Т-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н нэхэмжлэлийн шаардлага: О.Т-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох.

      2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “О.Т нь 1969 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 56 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр 5 дугаар анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. Аав О нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн ууган гишүүн бөгөөд насаараа нэгдлийн мал малласан юм. О.Т нь эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1985 оноос эхлэн өөрийн нэр дээр үхэр авч, Тэс сумын “Лениний зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд малчин хийж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах нас боловч хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичиг баримт байхгүйгээс хохирч байна. Аймгийн архивын бичиг баримтаас шүүлгэхэд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт гарсан. 1990 оноос хойшхи жилүүдээ баталгаажуулж авсан. Мөн цэрэгт огт яваагүй. Иймд О.Т-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэрээр:

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О-ын Т-ийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож,

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

    4. Нэхэмжлэгч О.Т давж заалдсан гомдолдоо: “...Миний бие Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

      Намайг 1985 оноос эхлэн Тэс сумын Лениний зам нэгдэлд үхэр маллаж байхад зуны улиралд сүүний ферм буюу завод гэж малчдын малын сүүг хүлээн авч машиндаж, боловсруулдаг газар ажиллаж байсан. Би анх нэгдлийн мал авсны дараа зун тухайн сүү тосны заводод 1  сар хүрэхгүй хугацаанд сүү машиндаж байсан нь үнэн.

      Гэхдээ энэ үедээ нэгдлийн малаа маллаж байсан. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бөгөөд бичиг үсэг сайн мэдэхгүй, шүүгчийн асуусан асуултыг ойлгоогүйгээс буруу зөрүү хариулж, үйлдвэрлэгчээр ажиллаж байсан гэж ярьснаас намайг Тэс сумын Лениний зам нэгдэлд үйлдвэрлэгчээр ажиллаж байсан гэж шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн.

      Би анх мал маллаж байхдаа ганц нэг сар сүү машиндаж байсныг эцэг маань ХААТР маягтад үйлдвэрлэгч гэж бичүүлсэн байна.

     Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэрт үйлдвэрлэгч гэснийг малчнаар гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. 

    5. Нэхэмжлэгч О.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдвэрлэгч биш малчин, мал маллаж байсан. Зуны 1 сар хүрэхгүй хугацаанд сүү тосны заводод ажиллаж байсан. Иймд үйлдвэрлэгч гэснийг малчин болгож өгнө үү” гэв.

     6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.. О.Т нь 5 дугаар анги төгсөөд сургуулиас гарч, ээж аав нь малчин байсан учир Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байгаад 1985 онд  хөдөлмөр эрхлэх насанд хүрч, өөрийн нэр дээр үхэр авч маллаж эхэлсэн. Тухайн цаг хугацаанд нэгдлийн малчин, саальчид нь сүүний норм биелүүлэхийн тулд 1 сар хүрэхгүй хугацаанд сүү тосны заводод ажилладаг байсан. Малчид мал маллахын зэрэгцээ заводод түр хугацаагаар ажилладаг байсан бөгөөд сүү тосны завод нь жилийн 4 улиралд ажиллаж байгаагүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.

     О.Т-ийн архиваас гарсан цалингийн тодорхойлолт нь үйлдвэрлэгчээр гэж гараагүй, яг малчнаар ажиллаж байсан гэж тодорхойлолтоос харагддаг. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хамт ажиллаж байсан Д.Г, Ш.М нарыг гэрчээр асуулгахаар материал бүрдүүлж өгөөд үүний дагуу гэрч нарыг асуухад, тэд  О.Т нь Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн талаар мэдүүлэг өгсөн байгаа.

      Шүүхээс Увс аймгийн архивын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт, мөн ХААТР маягтад үндэслэн О.Т-ийг Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оноос 1989 оныг дуустал үйлдвэрлэгчээр ажиллаж байсан гэж шийдвэрлэсэн. Гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүхээс үнэлээгүй байдаг. Гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаас хассан, нотлох баримтаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй буюу дүгнэлт хийгээгүй.

    Мөн ХААТР маягтыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай бөгөөд энэ нь зөвхөн асуумжийн шинжтэй тул  энэ баримтыг үндэслэх боломжгүй юм.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нарын гэрчийн мэдүүлэг, бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

       Гэрч нарын мэдүүлгийг хэлэлцэж, дүгнэлт хийхгүйгээр орхисон нь үндэслэлгүй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх талаар заалтууд зөрчигдсөн байна. Учир нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байдаг.

      Энэ хэрэгт шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээтэй эсэхийг нь үнэлэх ёстой. Сүү тосны завод нь тухайн үед жилийн 4 улирал ажиллаж байгаагүйг нэгдлийн малчид болон саальчид бүгд гэрчилнэ. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа  сайн гаргаж өгч чадаагүй боловч архиваас гарсан баримт нь цалингийн тодорхойлолт юм.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      1. Нэхэмжлэгч О.Т-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

     2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

     Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шүүхийн ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа гэж талуудаас шүүхэд гаргасан баримтуудын тухайн маргаанд хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлуудыг тус тус тодорхойлж, үүний үндсэн дээр эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.   

      Анхан шатны шүүх О.Т-ийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.   

      2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь шүүхэд “О.Т-ийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргасан байх ба шүүхээс О.Т-г Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд үйлдвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.         

   Шүүх нэхэмжлэгчийг үйлдвэрлэгчээр ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэхдээ, архиваас гаргасан цалингийн тодорхойлолт, ХААТР-1 маягт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх шаардлагад нийцээгүй байна. 

     Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ О.Т-ийн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага гаргасныг шүүхээс үйлдвэрлэгчээр ажиллаж байсан гэж тогтоосон байх ба ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн өөрчилсөн, уг өөрчилсөн шаардлага нь хэрхэн нотлогдож байгаа талаар, түүнчлэн үйлдвэрлэгч гэх ажлын байранд ямар ямар ажил, үйлчилгээ хамаардаг байсан талаар дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Тэс сумын Лениний зам нэгдэлд ямар ямар ажил эрхэлдэг байсан, тэдгээр нь үйлдвэрлэгч гэх ажлын байранд хэрхэн хамаарч байсан болохыг шүүх анхаараагүй, энэ талаар нотлох баримт хангалттай цуглараагүй байхад шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

     2.2. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй.               Тухайлбал, нэхэмжлэгч нь малчнаар ажилласан байдлаа нотлохоор Увс аймгийн Архивын тасгаас гаргасан, Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн архивын тодорхойлолтыг  гаргаж өгсөн байх ба уг цалингийн баримтад үйлдвэрлэгчээр ажиллаж цалин авч байсан талаар тусгаагүй байхад шүүх хэрхэн үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосноо дүгнээгүй.   

      2.3. Мөн шүүхийн санаачилгаар хэрэгт цуглуулсан баримт болох, Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан ХААТР 1 маягтыг шүүх хэрхэн үнэлж буй үндэслэлээ тайлбарлаагүй байна. Улсын бүртгэлийн байгууллагад хадгалагддаг, хүн ам, орон сууцны тооллогын хуудас, хүүхдийн төрсний бүртгэлийн анкет, ХААТР 1 маягт гэх зэрэг баримтуудад тусгагдсан мэдээллүүд нь асуумжийн шинжтэй бөгөөд хүний ажиллаж байсан байдлыг шууд тодорхойлох мэдээллийг агуулсан баримтууд бус тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх эсэхээ шийдвэрлэх учиртай.     

     2.4. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 1979-1990 онуудад Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх Ш.М, 1979-1992 онуудад тус нэгдлийн тракторчноор ажиллаж байсан гэх Д.Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэл хэргийн 47-50 дугаар талд авагдсан байх ба гэрч Ш.М, Д.Г   нар шүүхэд: “О.Т нь  Увс аймгийн Лениний зам нэгдэлд малчнаар 1985 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан” талаар тус тус мэдүүлсэн байна.

      Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрч Ш.М, Д.Г нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт өгөөгүй, тухайлбал гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж буй, эсхүл үнэлээгүй, тэдгээр нь нотолгооны шаардлага хангасан, эсхүл хангахгүй байгаа, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

      3. Дээрх үндэслэлүүдээр, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан: “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх хуулийн  шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.           

   4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбар үндэслэлтэй байна.

      5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

   6. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Т-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.      

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 318/ШШ2025/00102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Т-ийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                                    ШҮҮГЧИД                                 Ж.ОТГОНХИШИГ

                                                                                                     Н.МӨНХЖАРГАЛ