Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/0139

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Бага тойруу Ж.Самбуугийн гудамж, 2/3 байр 2 тоотод оршин суух, Хэрээд овогт Лувсанчүлтэмийн Байгалийн /ЧТ56021779/  хүсэлтээр,

Ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Ч.Байгалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж,

Гэрч: С.Энхцаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Золбоо  нар оролцов.

 

                                                                                          ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Байгал шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа- Миний бие МУИСургуулийн Геологи Уул уурхайн факультетийн Геологийн ангийг төгсөөд 1979 оны 6 дугаар сарын 02 өдрөөс Геологи Уул уурхайн яамны харъяа Барилгын материалын экспедицийн Өнгөт эрдэнийн чулууны ангид инженер геологичоор томилогдон 1982 оны 05 дугаар сарын 05 өдөр хүртэл ажиллаж байгаад МХЗЭ-ийн байгууллагад шилжин ажилласан.

Барилгын материалын экспедицэд инженер геологичоор ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаалыг гаргуулахаар Үндэсний төв архивын газарт хандсан боловч лавлагаа гарч ирээгүй. Тус байгууллага нь 1990 оны үед татан буугдсан. Иймд 1979 оны 6 дугаар сарын 02 өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 05 өдрийг хүртэл Геологи уул уурхайн яамны харъяа Барилгын материалын экспедицэд  инженер геологичоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн  баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Байгал 1979 оны 6 сарын 02 өдрөөс  Геологи уул уурхайн яамны харъяа Барилга материалын экспедицэд инженер геологичоор  1982 оны 5 дугаар сарын 05 өдөр хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1982 оны 5 дугаар сарын  05 өдрийн 127 дугаар тогтоолоор, Найрамдлын районы нам, эвлэлийн байгууллагын саналыг үндэслэн Л.Байгалийг тус районы ХЗЭ-ийн хорооны хянан шалгах штабын зааварлагчаар 1982.5.05 өдрөөс ажиллуулахаар тогтжээ.

 Барилгын материалын экспедицийн 1982.03.16 өдрийн Л.Байгалийн ажил байдлын тодорхойлолтоор, “…1974-1979 онуудад МУИС-ийн геологийн ангид суралцан төгссөн, 1979 оноос Барилгын материалын экспедицийн  хайгуулын ангид хувиарлагдан инженер геологичоор ажиллаж байна…” гэжээ.

Гэрч С.Энхцаг мэдүүлэхдээ, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Барилгын материалын экспедицэд техник геологичоор ажиллахаар Л.Байгалтай хамт томилогдсон. Бид хамт нэг сургууль төгссөн бөгөөд 1979 оны 6 сарын 02 өдрөөс буюу нэг өдөр хамт хувиарлагдан Барилгын материалын экспедицэд геологичоор ажилласан гэжээ.  

 

Дээрх баримтууд болон гэрчийн мэдүүлгээр Л.Байгалийг 1979 оны 6 сарын 02 өдрөөс  Геологи уул уурхайн яамны харъяа Барилга материалын экспедицэд геологичоор  1982 оны 5 дугаар сарын 05 өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Л.Байгалийг 1979 оны 6 сарын 02 өдрөөс  Геологи уул уурхайн яамны харъяа Барилга материалын экспедицэд геологичоор  1982 оны 5 дугаар сарын 05 өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.СОЛОНГО