Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2025/00018

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдох

иргэний хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00132 дугаар шийдвэртэй,

     Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдох, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн  иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал М.Д, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

     1.  Хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.А-ын гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00132 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэв.

     2. Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д ХХК нь Увс аймгийн Зүүнговь сумын төрийн байгууллагуудын нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2018 оноос хойш эрхлэн явуулж байна. Халаалт нийлүүлэх үнэ тарифыг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс батлан түүнийг мөрдөн ажилладаг.

    2018 онд баталж дагаж мөрдөж байсан 1,300 төгрөгийн үнэ тариф 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл мөрдөгдсөн. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор төсөвт байгууллагад борлуулах дулааны үнэ тарифыг 2192 төгрөгөөр шинэчлэн баталж, Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6282 дугаарт бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн.

    Манай компани хэрэглэгч болох төсвийн 5 байгууллагад үнэ тариф шинэчлэн тогтоосон тогтоолыг албан бичгээр 2023 оны 7 дугаар сард хүргүүлсэн. 2023-2024 оны халаалтын жилийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэрэглэгч байгууллагуудтай шинэчилж хийсэн.

     Х сумын Цэцэрлэг нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалтын үнэ тарифыг нэмэгдүүлсэн дүнгээр төсөвт тусгаж өгөөгүй гэдэг үндэслэлээр одоог хүртэл төлбөрийн зөрүүг төлөхгүй байгаа тул халаалтын төлбөрийн зөрүү 12,601,185 төгрөгийг гаргуулж манай ХХК-д олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

     3. Хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн эрхлэгч Н.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалтын гэрээ хийхдээ Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан, нэмэгдүүлсэн үнэ тарифын дагуу гэрээ хийсэн.

     2023 оны 7 дугаар сард сумын Засаг даргын Тамгын газраас халаалтын төлбөр нэмэгдсэн тул 2024 оны төсвөө төлөвлөхдөө нэмэгдүүлсэн тооцоогоор хийх чиглэл өгсөн учир шинэ тарифаар төсвөө төлөвлөж явуулсан.

     Гэтэл аймгийн Төрийн сангийн хэлтсээс хуучин тарифаар халаалтын зардлаа төсөвлөж өгсөн тул бид тэр батлагдаж ирсэн зардлыг нь тухайн байгууллагад олгож явсан. Тухайн нэмэгдсэн үнэ тарифын дагуу төрөөс мөнгийг шийдэгдэж ирээгүй учраас дулааны төлбөрийг төлөх боломжгүй байдалтай өнөөдрийг хүрсэн. Халаалтын төлбөрийн зөрүү төсөвт тусгагдаагүй учраас төлөх боломжгүй” гэж тайлбарлажээ.

    4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    4.1. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

    Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус байх гэдэгт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, нэхэмжлэлийн зүйл буюу шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байх, маргааны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй байх, түүнчлэн шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй байх тохиолдлууд хамаардаг. 

      4.2. Шүүх хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийхдээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт хийсэн шүүхийн дүгнэлт энэ шаардлагыг хангаагүй байна.

    Хариуцагч тал давж  заалдах гомдолдоо, шүүхээс нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн 12,601,185 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, гэрээ байгуулсан талууд төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт хэрэгт авагдаагүй. Тус Цэцэрлэг нь нэхэмжлэгч талаас 2023, 2024 онд нэхэмжилсэн мөнгөн дүнгээр бүх халаалтын төлбөрийг төлсөн. Мөн Цэцэрлэгийн 2023, 2024 оны санхүүгийн тайланд дулааны өр төлбөр тусгагдаагүй” гэж тайлбарлан маргасны дагуу хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судалж үзэхэд,  нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 12,601,185 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ, тухайн төлбөрийн үнийн дүнг хэрхэн тооцож гаргасан нь тодорхой бус, тухайлбал 2023 оны 9 сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр  хэдэн төгрөг болсон, үүнээс  хариуцагч байгууллага хэдий хэмжээний төлбөр төлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

     Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй байна.

   4.3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлсэн, аль баримтыг үнэлээгүй талаар тусгаагүй, талуудын маргааны үйл баримтыг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт  заасан “шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагад нийцээгүй байна.

    4.4. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж,  эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээтэй боловч хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоход хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

   5. Дээрх байдлаар, анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотлох баримтыг үнэлэх  журмыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

     6. Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа хавсаргасан 35 хуудас бүхий баримтууд нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэхдээ үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 216,569 төгрөгийг /хоёр зуун арван зургаан мянга таван зуун жаран ес/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт олгох үндэслэлтэй байна.            

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2025/00132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгийн давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,569 төгрөгийг /хоёр зуун арван зургаан мянга таван зуун жаран ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр  зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                                           ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН