Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                         Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

              Улсын яллагч                                 Э.Гантулга

               Хохирогч                                              Б.Бямбаринчин

                          Шүүгдэгч                                          Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мт холбогдох 1932000410115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “Майнд теч” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Түргэнбаяр овогт Буянтогтохын М.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Майнд теч” ХХК-ийн захирал Буянтогтох овогтой М нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулж ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр туслах ажилтан /оператор/ Б.БР нь ургамлын тосны үйлдвэрт сэрээт өргөгч /ачигч/ гэх жижиг оврын өөрөө явагч техникийг ажиллуулж байхдаа осолд орж зүүн гарын сарвууны 2-5-р хурууны 3-р шивнүүр ясны ил хугарал гэмтэл авч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Би хятад улсад томилолтоор явсан хойно ирээд тийм зүйл болсон байсан тухайн үед Буяндэлгэр намайг орлож байсан. Хотод байхдаа сонсоод Баруунхараагийн эмнэлэг дээр ирээд байгууллагаас сая төгрөг, ажилчидаас 700000 төгрөг өсгөн байгаа. Тамга, тэмдэг хэрэв хуурамчаар дарсан бол ноцтой асуудал болно. Хүний дараагүй юмыг дарсан бол. Надад бол зааварчилгаа өгсөн. Дарсан тамга нь байгаа гэсэн тайлбар хийж байсан. Бямба-Очирын аав ээжтэй нь ерөнхий захирал уулзаж ярилцсан. Германд байдаг эмчээрээ зөвлөгөө авахуулсан байгаа. Нөхөн сэргээлт нь өөрийнх нь чармайлтаас шалтгаална гэж эмч хэлсэн байгаа. Мөн хохирогчид манай компанид буцаж ажиллах санал тавьсан. Няравын болон бичиг хэргийн ажлын санал тавихад татгалзсан. Учир нь дадлага хийж байгаа. Токераар сурч байгаа гэсэн байгаа. Бэртсэн мөртлөө токер яаж хийж байгааг нь гайхаж байгаа. Нуусан хаасан зүйл байхгүй. Үйлдвэрийн осол гэдгээрээ хэрэг  материал нь бүрдээд явж байгаа. Компанийн зүгээс саадгүй дэмжлэг үзүүлж байгаа гэв.

 

Хохирогч Б.БР шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яг хийх ёстой ажил маань шуудайтай рабсыг зөөж асгах байсан юм. М гээд ахлах оператер сэрээт өргөгчөөр илүү хялбар гэж хэлээд би сэрээт өргөгчийг хэрэглэсэн нь үнэн. Түрүүн мэдүүлэг өгсөнөөр тухайн асуудал тийм л болсон. Одоо бол гар сайн эдгэж өгөхгүй, бүрэн атгагдахгүй, алганы арьс мэдээгүй байгаа. Би 6 сарын ажилгүйдлийн нөхөн олговрын тэтгэмж 3600000 төгрөг, нөхөн сэргээх болон эрчимт эмчилгээнд хэрэглэх 5 сая төгрөг нийт 8600000 нэхэмжилж байгаа гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Хохирогч Б.БР мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 11 сарын 11-ний өдөр Майнд Теч ХХК-ийн ургамалын тосны үйлдвэрийн ургамлын үр шахах үйлдвэрийн хэсэг дээр Мбр, Эб, Буд, М бид нар ажиллаж байсан юм. Тухайн үед бид нар үйлдвэр дотор асгарсан рапсыг үйлдвэрээс гадагш гаргаж зөөвөрлөх ажил хийж байсан ба үйлдвэр дотор асгарсан рапсыг шуудайлаад үйлдвэрийн сэрээт өргөгч гэдэг бага оврын өөрөө явагч техникээр зөөж гадагш гаргаж байсан. Үйлдвэрийн сэрээт өргөгч гэдэг бага оврын өөрөө явагч техник дээр Мбр, Буд, Эб бид дөрөв шуудайлсан рапсыг зөөж авчирч ачаад тэр ачаагаа үйлдвэрээс гаргах болохоор би тэр техникийг жолоодоод гаргаж байсан юм. Ер нь бол хэд хэдэн удаа ингэж зөөгөөд явж байгаад би шуудайлсан рапсаа асгах газар луу хийчихээд ухрах үйлдэл хийж байгаад техниктэйгээ унаад зүүн гарынхаа сарвууг гэмтээсэн. … Тухайн үед надад ахлах оперетор М рапсаа зөөхдөө сэрээт өргүүрийг ашиглавал илүү хялбар байдаг юм тэр сэрээт өргүүрийг ашиглаад зөө гэж хэлсэн юм. Тэгээд тухайн өдөр тэр техникийг би жолоодож таарсан. Бид нарыг тэр өдөр ажилд гаргахад хэн нэгэн аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өгөөгүй. Харин намайг осолд орсны дараа миний хувийн тэмдгийг аваад үлдсэн. Тэгээд л зааварчилгаан дээр миний тэмдгийг дарсан байх. “Майнд Тэч” ХХК-наас 6 сарын цалин 3600000 төгрөг, цаашид гарандаа нөхөн сэргээх физик эмчилгээ, гоо сайхны эмчилгээ зэргийг хийлгэхэд зориулж 5000000 төгрөг нийт 8600000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч Г.Мбр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Үйлдвэрийн сэрээт өргөгч гэдэг бага оврын өөрөө явагч техник дээр БР, Буд, Эб бид дөрөв шуудайлсан рапсыг зөөж авчирч ачаад тэр ачаагаа үйлдвэрээс гаргах болохоор БР техникийг жолоодоод гаргаж байсан юм. … БРг тэр техникийг жолоодож ажил гүйцэтгэхийг хэн нэгэн дарга цэрэг хүмүүс хэлж даалгаагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/

 

Гэрч Г.Буд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Эхлээд БР, Мбр, Эб бид нар үйлдвэрээс шуудайлсан рапсыг нэг нэг шуудайгаар нь үүрч гадагш зөөж байгаад сүүлдээ хялбарчлаад тэнд байсан сэрээт өргүүрийг ашиглаж эхэлсэн. БРг тэр техникийг жолоодож ажил гүйцэтгэхийг хэн нэгэн дарга хүмүүс хэлж даалгасан эсэхийг би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай байгууллага Б.БРгийн гэмтэж бэртсэн асуудал дээр үйлдвэрийн осол гэдгийг хүлээн зөвшөөрч цаашдынх нь асуудал дээр анхаарал хандуулж эмчилгээг нь Герман улсаас мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өгсөн. … Би Б.БРг Дархан-Уул аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь компаниас 1000000 төгрөг, ажилчдаас 770000 төгрөг цуглуулж эмчилгээндээ хэрэглээрэй гэж хэлээд өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Э.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Миний ажиллаж байсан Майнд теч ХХК-д хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан гэж байгаагүй байх. Инженер Өлзийбат, Тб гэдэг хоёр инженер хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр ажилчдаараа гарын үсэг зуруулж байгаарай гээд хоёр ээлжийн ахлахуудад амаар үүрэг өгдөг байсан. Ингээд бид нар ажилчдаараа гарын үсэг зуруулдаг байсан. Би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй. Тухайн үед техникүүдийг хариуцдаг хүн байгаагүй. Ерөнхийдөө сэрээт өргөгчийг хөдөлгөж чаддаг хүмүүст дарга нар үүрэг өгөөд ажиллуулдаг байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Тб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг Майнд теч ХХК-д механик инженерээр ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тус компанид ерөнхий инженерээр томилогдон ажиллаж байна. Манай компани хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Хишигдэлгэр гэж эмэгтэй ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарчихсан. Тэрнээс хойш хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй ажиллаж байгаа  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч М.Сүрэнчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Б.Бямбаринчин манай байгууллагад 2018 оны 09 дүгээр сард ажилд ороод 09 сараас 11 сар хүртэл цалин авсан. Ингээд 12 сараас 2019 оны 03 сарыг дуустал хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан. Харин 4 сарынхыг манай байгууллагаас Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газар луу явуулчихсан байгаа. 5 сарынхаа листийг Б.Бямбаринчин өнгөрсөн 7 хоногт манай байгууллага руу өгүүлсэн байсан. Манай байгууллагад Хишигдэлгэр гэдэг эмэгтэй 2018 оны 10 дугаар сар хүртэл хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж цалин авдаг байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр Б.Бямбаринчинг осолд орохоос өмнө ажлаасаа гараад явчихсан. Тэрнээс хойш хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтны цалин авдаг хүн байгаагүй. Мөн үндсэн ажлаасаа гадна давхар хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн ажилтны цалин авдаг хүн байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/

 

Гэрч Г.ГЭэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлүүд хамаардаг уг гэмтэлд чөмөгт ясны ил хугарал, гавлын ясны хугарал, хамрын ясны хугарал, нүдний ухархайн ясны хугарал, нэг хавирганы зөрөөгүй хугарлаас бусад ясны хугарлууд хүндэвтэр гэмтэлд хамаарна. Мөн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар хүндэвтэр гэмтэлд хамруулан үзэж болдог. Хүний гарын сарвууны /хурууны/ шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

 

2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №186 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Б.БРгийн биед зүүн гарын сарвууны 2-5-р хурууны 3-р шивнүүр ясны ил хугарал, сарвууны хууларсан шарх, сарвууны хугарсан ясыг хадсан хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт /29 дүгээр хуудас/

 

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18-06-018/07 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Ажилтан Б.БР нь “*” ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн ургамлын үр шахах үйлдвэрийн хэсэгт ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтсэн нь уг ослын тохиолдол үйлдвэрлэлийн талбай дээр болсон байна. 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “*” ХХК-ийн удирдлагууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан зэргээс үзэхэд Б.БР нь “*” ХХК-ийн үндсэн ажилтан мөн. Өдөр тутмын зааварчилгын бүртгэлийн журналын зааварчилгаа авсан хүний гарын үсэг гэсэн хэсэгт Б.БР гарын үсэг зураагүй байна. Зөвхөн “Майнд Теч” 027 гэсэн тэмдэг дарснаас үзэхэд өдөр тутмын зааварчилгааг өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт /XX-ийн 44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /101 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Майнд теч” ХХК-ийн захирал Буянтогтох овогтой М нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулж ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр туслах ажилтан /оператор/ Б.БР нь ургамлын тосны үйлдвэрт сэрээт өргөгч /ачигч/ гэх жижиг оврын өөрөө явагч техникийг ажиллуулж байхдаа осолд орж зүүн гарын сарвууны 2-5-р хурууны 3-р шивнүүр ясны ил хугарал гэмтэл авч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.БРгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/, Гэрч Г.Мбрын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, Гэрч Г.Будын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, Гэрч Э.Мын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/, Гэрч Ц.Тбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч М.Сүрэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/, Гэрч Г.ГЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №186 дугаартай Шинжээчийн дүгнэлт /29 дүгээр хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18-06-018/07 дугаартай Шинжээчийн дүгнэлт /XX-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгж буюу 500000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Ингэхдээ улсын яллагчийн гаргасан санал болон түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

 

Хохирогч нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түргэнбаяр овогт Буянтогтохын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар Б.Мын торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Маас хохирогчийн хоёр сарын цалин, хөлс бүгд 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг Хүнсчдийн №2-22 тоотод оршин суух Боржигон овогт Батсайханы Бямбаринчинд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар нөхөн олговор 3600000 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардалд 5000000 төгрөг зэргийг нэхэмжилсэнг хэлэлцээгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

6. Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.