Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг

              Хохирогчийн өмгөөлөгч                   С.Сувдаа

                         Шүүгдэгч                                          Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бт холбогдох 1932000000019 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Империал секьюрити” ХХК-д хамгаалагч ажилтай, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Авгад овогт Даваагийн Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг “Нарны Өртөө” зочид буудлын гадаа 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.Ббийн хэвлий тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: ...би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед Спиртийн байрны клубт теннис тоглож байхад хажуу байрны Бб надруу 3-4 удаа утсаар залгаж ярьсан. Хүрээд ир ах нь архи уусан байна, ганц юм аваад ир гэхэд нь би 30 минутын дараа нэг шил архи өөртөө нэг пиво аваад гэрт нь очсон. Ббийнд очиход гэрт нь цуг хоносон Хадаа гээд ажлых нь хүн хамт байсан. Энэ хоёр нэг шил архиа уусан. Би  пиво уусан. Бб ах надад хоол хийж өгсөн. Тэгээд орой 17 цагаас хүлээн авалттай гээд би хойшоо үсээ засууллаа гэж хэлээд бид нар салж явсан. Тэгээд орой 17 цагийн үед Баямбадоржтой цуг байсан Хадаа намайг машинтай ирж аваад авч явж байгаад “Нарны Өртөө” зочид буудлын гадаа аваачсан. Би “Нарны Өртөө” зочид буудлын 00-ийн өрөө рүү ороод бие засчихаад гарсан. Тэнд байсан хүмүүс дандаа таньдаг хүмүүс байсан тэгээд намайг ресторанд орохгүй юм уу гэхээр нь би орохгүй урилгагүй гээд зочид буудлын гадаа тамхи татаад Спиртийн ажилчидтай юм яриад зогсож байсан. Тэр хооронд ресторанаас Бб халамцуу бууж ирсэн. Хойноос хоёр гурван удаа татаж чангаагаад байхаар нь байж бай би хүмүүстэй юм ярьж байна гэж хоёр гурван удаа хэлсэн. Сүүлдээ “пизда минь” гэж хэлэхэд нь, миний хойно зогсож байхад нь би эргэж хараад уул нь цээж рүү нь түлхэх санаатай хүчтэй түлхсэн тэгээд гэдэс рүү нь оносон. Бб доошоо суусан. Би ч гайгүй байх гээд тамхиа татчихаад хойшоо төмөр замын вогзал руу билет авахаар явсан. Маргааш нь Дорноговь аймаг руу ажил руугаа 13-нд явсан. 14-ний орой ажил руугаа явж байхад цагдаагаас надруу залгаад ирж байцаалт өг гэхээр нь буцаад 15-нд Зүүнхараад ирсэн юм, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Л.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Нарны Өртөө” буудалд хүлээн авалтанд орсон юм. Тэгээд орой 19 цагийн үед гадаа гарч тамхи татаад хамт ажилладаг хүмүүстэйгээ зогсож байсан чинь зүс таних залуу хажууд байж байснаа гэнэт миний гэдэс рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд би сайн санахгүй байна. Намайг хамт ажилладаг хүмүүс эмнэлэгт авч очиж тусламж үзүүлсэн. Тэгээд эмнэлэг дээрээс гэр лүүгээ хамт ажилладаг Дбаар хүргүүлсэн. Тэгээд маргааш нь бие өвдөөд эмнэлэгт очиж хагалгаанд орох болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

Гэрч Р.Дб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Нарны Өртөө” зочид буудлын ресторанд бидэнтэй хамт ажилладаг Гончигдоржийн "Шилдэг” ажилтны цайллага болсон. Орой 19 цаг өнгөрч байхад Бб, Гб, Хадбаатар бид нар тамхи татахаар дээр ресторанаас бууж ирэхэд буудлын дотор үүдний зааланд Бтой таарсан. Тэгээд хамтдаа тамхилахаар гадагшаа гарсан. Буудлын гадна хаалганы хажууд байх тамхины цэг дээр бид нар тамхилаад юм ярьж байхад Бб ах Бийг чи энд юу хийж байгаа юм, яв, зайл пизда минь гээд байсан. Тэгээд байж байтал араас манай ахлах инженер Уб гарч ирээд Бямбаа ахыг та согтчихоод битгий хүн амьтан хөөгөөд бай, ингэж болохгүй гэж хэлэхэд Убын хажууд тамхи татаад зогсож байсан Б шууд Бб ахын гэдэс рүү цохиод авсан. Тэгээд Бямбаа ах доошоо эвхэрээд газар суусан. Тэгэхээр нь би Бийг чи хөгшин хүнийг яагаад цохиж байгаа юм гэхэд би уг нь наадахыг чинь таньдаг юм, тэгээд цохьчихлоо гэхэд Уб хажуунаас нь Бт та таньдаг ч байсан хамаагүй яах гэж цохиж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Б би явлаа явлаа гээд Мөнгөн хараа чуулгын тийшээ яваад өгсөн. Бб ах эвхэрээд доошоо суучихсан босохгүй байхаар нь Уб бид 2 Бямбаа ахыг 2 талаас нь сугадаж өргөөд буудал руу оруулж үүдний буйдан дээр суулгасан. Жаахан сууж байгаад гайгүй болохоороо араас ороод ирээрэй гэж хэлээд бид нар дээшээ ресторан руу орсон. Дараа нь бид нарын ширээндээ сууж байхад буудлын ресепшин хүүхэн гарч ирээд нөгөө хүн чинь эмнэлэг явъя гээд байна гэж хэлэхээр нь Уб бид 2 Бб ахыг аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод эмчид үзүүлж, эход харуулаад эм тариа бичүүлж тэндээ тариа хийлгэж дусал залгуулсан. Бямбаа ахад дусал залгуулчихаад би утсаа эмчид нь хэлж өгчихөөд Убтай буцаад “Нарны Өртөө” рүү явсан. Тэнд очоод сууж байхад эмнэлгээс над руу залгаад танай хүний дусал дууссан шүү гэхээр нь би эмнэлэг явж Бямбаа ахыг аваад гэр лүү нь хүргэж өгсөн. … Бб ахын гэдэс рүү гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/

              Гэрч Г.Уб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Орой 19 цаг өнгөрч байхад би дээд цайллаганд сууж байгаад гадагшаа тамхи татахаар буудлын гадаа үүдэнд байдаг тамхины цэг дээр гарч ирэхэд хохирогч Бб, манай ажлын Гб, Дб, Хадбаатар болон Бээдээ буюу Б нар тэнд тамхилж байсан. Намайг очиход Бб ах согтуу байсан ба Бийг чи эндээс яв, зайл пизда минь гээд байсан. Намайг та одоо яагаад байгаа юм бэ, хүнтэй ингэж харьцаж болохгүй гэж хэлэхэд миний хажууд тамхи татаад зогсож байсан Б ах Бб ахын гэдэс рүү шууд цохиод авсан. Тэгэхэд Бб ах доошоо эвхэрээд газар суусан. Тэгээд Б тэнд согтуурхаж баахан юм ярьж байгаад чуулгын тийшээ яваад өгсөн. Бид нар Бб ахыг эвхэрээд босохгүй байхаар нь би тэнд байсан нэгэнтэй нь хоёр талаас нь сугадаж өргөөд буудал руу оруулж үүдний буйдан дээр суулгасан. Тэгээд гайгүй болохоороо дээшээ ороод ирээрэй гэж хэлээд бид нар дээшээ ресторан руу орсон. 20-оос 30 минутын дараа буудлын ресепшин хүүхэн гарч ирээд нөгөө хүн чинь эмнэлэг явъя гээд байна гэж надад хэлэхээр нь би Дбтай хамт Бб ахыг аваад эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод эхо-д харуулахад юм мэдэгдэхгүй байна, гайгүй биз гээд эм тариа бичүүлж тэндээ тариа, шингэн зэргийг хийлгээд дараа нь гэр лүү нь хүргэж өгсөн. … Б миний урдуур орж ирээд Бб ахын гэдэс рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29-р хуудас/

             Гэрч С.Гб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэр үед Пээдээ гэж дууддаг Б хажууд хүрээд ирсэн. Тэгсэн чинь Бб ах Бийг юу хийж явж байгаа юм зайлаач гээд хэлчихсэн. Тэгсэн чинь Б Бб ахын элэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгэнгүүт Уб та яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б зүгээр зүгээр бид хоёр найзууд байгаа юм тоглож байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/

           2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №29 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

            1. Л.Ббийн биед нарийн гэдэсний язралт цооролт, чацархайн язарсан шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/

            Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэр үед Бб халамцуу ирээд миний араас татаад байсан тэгэхээр нь би хүнтэй юм ярьж байна гэж хэлсэн чинь байн байн араас татаад дотогшоо ор гээд байсан. Тэгэхээр нь би чи байж бай гэж хэлээд эргэж хараад баруун гараараа элэг рүү нь нэг удаа савчихсан юм. Тэгсэн чинь Бб доошоо суусан. Хамт ажилладаг нэг хүн нь Ббийг сугадаад аваад буудал руу орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 68-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-6-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 71 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 73 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг “Нарны Өртөө” зочид буудлын гадаа 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.Ббийн хэвлий тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Л.Ббийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, Гэрч Р.Дбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/, Гэрч Г.Убын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-29-р хуудас/, Гэрч С.Гбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-р хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №29 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/, Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 68-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-6-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Быг хохирогч Л.Ббийн эрүүл мэндэд  хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг “Нарны Өртөө” зочид буудлын гадаа 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.Ббийн хэвлий тус газар нь цохиж, Л.Ббийн биед нарийн гэдэсний язралт, цооролт, чацархайн язарсан шарх, хэвлийн хөндийд хурц цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны дутагдал гаргасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Д.Бт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ыг хэргийн хадгалах хугацааг дуустал хадгалах, шүүгдэгч Д.Б хохирогч Л.Ббид 3912420 төгрөг төлсөн байх ба мөн шүүх хуралдааны үед 1950000 төгрөг нэмж төлсөн, хохирогч хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авгад овогт Даваагийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.Бт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнггөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай. 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-ыг хэргийн хадгалах хугацааг дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.Бын эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.