Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 00069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Улсын яллагч                                   Э.Гантулга

                       Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

 Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч       А.Хандмаа

                        Шүүгдэгч                                           Б.Б, Б.Э, Б.Бс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Б, Б.Э, Б.Бс нарт холбогдох 1832002400091 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Тогоруутан овогт Баяраагийн Б.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг 9-р хэсэг 03-24 тоотод оршин суух хаягтай, 1. * дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. 2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №223 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харуу овогт Ббгийн Э.

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгэл эдэлж байсан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №65 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан. Бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Баярмаагийн Бс.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Б, Б.Э, Б.Бс нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн №01-23 тоот хашаанд байх иргэн И.Өбын эзэмшлийн Зил-131 загварын “59-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг дугуйн гинж, 90 амперийн аккумлятор, 2 ширхэг төмөр лоом зэргийг хулгайлж 690000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 сарын 01-ний өдөр Э Бс бид гурав нийлж архи ууж байгаад Баатраа ахынд очиж хулгай хийсэн. Машины гишгүүр доороос аккумляторыг, машины тэвшин дээрээс хоёр лоом, гинжтэй хамт авсан. Машин нь Зил-131 загварын машин байсан. Авсан зүйлээ түүхий эдийн газар өгсөн. Хоёр гинжийг долоон байранд айлд аваачиж өгсөн. Хоёр лоомыг нь авч явж байгаад хаясан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б, Бс хоёртой Өб гэдэг айлаас аккумляторыг гишгүүр доороос, машины тэвшин дээрээс хоёр лоом, гинжтэй хамт авсан. Авсан зүйлээ Сэвсүүлийн хойно байдаг түүхий эдийн газарт аккумляторыг 18000 төгрөгөөр зарсан. Долоон байранд гинжийг нь 20000 төгрөгөөр Ганболд гэдэг айлд барьцаанд тавьсан. Лоомыг Хг гудманд хаясан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бс мэдүүлэхдээ: ... Б, Э бид гурав аккумлятор, гинж, лоом зэргийг авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч И.Өб мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 02-ны өглөө босоод гэрээс гарсан чинь хашааны хаалга дутуу онгойсон байсан. Тэгэхээр нь машин руугаа харсан чинь машины тэвшин дээр 2 ширхэг лоом, 3ил-131 загварын тээврийн хэрэгслийн дугуйны 2 ширхэг гинж байхгүй байхаар нь машин доогуур тонгойгоод харсан чинь аккумляторын утас унжсан байхаар нь очоод харсан чинь аккумлятор байхгүй байсан. … Тухайн үед аккумлятор, 2 ширхэг гинжээ цаг алдалгүй олж авсан. Харин төмөр лоомыг өгөөгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б нар миний данс руу 2 ширхэг төмөр лоомны үнэлгээ болох 140000 төгрөгийг хийсэн хохирол бүрэн нөхөн төлөгдсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-31-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Тт мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед байхаа Нм гэсэн байхаа нэг өндөр залуу орж ирээд саарал өнгөтэй аккумлятор авах уу гэхээр нь авахгүй гэсэн чинь 120 билүү 130-тай аккумлятор 25000 төгрөгөөр авчих гэхээр нь авахгүй гэсэн чинь тэгвэл 20000 төгрөгөөр авчих би машинаа зарчихсан аккумлятораа чамд өгчихье сайн аккумлятор байгаа юм гэж хэлсэн тэгээд би тэр аккумляторыг 18000 төгрөгөөр авсан. Үүнээс хойш 2018 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед байхаа би гэртээ унтаж байтал гадаа нэг залуу зогсож байхаар нь яах гэж байгаа юм гэтэл гинж авах уу гээд харуулахаар нь авахгүй гэсэн чинь тэгвэл үлдээгээд явчихье өглөө авъя хөгшөөн гээд гуйгаад байхаар нь хаалгаа онгойлготол 2, 3 залуу орж ирсэн. Өдөр аккумлятор зарсан залуу байсан бие биенийгээ Нм, Шк, Хг гэж дуудаад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Амаржаргал мэдүүлэхдээ: ... 2018 оны 12 дугаар сарын 01-нэс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед байх хааяа манай нөхөртэй цуг туслах ажилчин хийж модонд явдаг Нм гэрт орж ирээд ганц шил архи уух гэсэн юм. 3ил-131 загварын тэврийн хэрэгслийн дугуйны шинж барьцаанд тавьчихъя 20000 төгрөг өгөөч гэхээр нь 20000 төгрөг өгөөд гинжийг нь авч үлдээд явуулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Б.Б мэдүүлэхдээ: ... Өбынд очиж мөнгө авах санаатай очтол гэрт нь хүн байгаагүй, байшингийн урд талд нь машин нь байсан. Тэгэхээр нь машины ачааны хэсэгт байсан 2 ширхэг төмөр лоом, аккумляторыг нь авсан. … Нилээн орой архиа дуусгаад Б.Бс, Э бид 3 Өбын хашаанд дахиж очиж 2 гинжийг нь авсан гэх мэдүүлэг /XX-ийн 57-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Б.Э мэдүүлэхдээ: ... Б ах хоёулаа Өбынд очъё гэхээр нь зөвшөөрөөд очтол Өб ахын гэрт хүн байгаагүй байшингийх нь урд талд байсан 3ил-131 маркын тээврийн хэрэгслийн ачаан дээр 2 ширхэг лоом, аккумлятор нь бэхэлгээтэй байсан. Тэгсэн энийг авъя гэж Б надад хэлсэн. Тэгээд машинаас аваад надад өгөхөөр нь би цуг барилцаад хашаанаас нь гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Б.Бс мэдүүлэхдээ: ... Б.Б, Б.Э нар ийшээ явж ганц юм уух уу гэхээр нь тэгье гээд 3-лаа гудамжаар явж байгаад хойшоо эргээд Өб ахын гэрийн гадаа очоод ийшээ айл руу орчихоод ирье гээд төд удалгүй 2 ширхэг гинж чирээд гарч ирсэн нэгийг нь өгөөд чи үүрчих гэхээр нь би үүрээд бид 3 хойшоо чигээрээ алхаад 7-н айлын Ганболд гэдэг айлд очоод 20000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-р хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 47-р хуудас/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /13-15 дугаар хуудас/

         Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Б.Бийн талаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 65 дугаар хуудас/, Ял шалгах хуудас /ХХ-ийн 68 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Эы талаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 77 дугаар хуудас/, Ял шалгах хуудас /ХХ-ийн 80 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 82-88 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Бсгийн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 89 дүгээр хуудас/, Ял шалгах хуудас /ХХ-ийн 93 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 95-98 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбарууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Э, Б.Бс нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн №01-23 тоот хашаанд байх иргэн И.Өбын эзэмшлийн Зил-131 загварын “59-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг дугуйн гинж, 90 амперийн аккумлятор, 2 ширхэг төмөр лоом зэргийг хулгайлж 690000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч И.Өбын өгсөн “...Тэгэхээр нь машин руугаа харсан чинь машины тэвшин дээр 2 ширхэг лоом, 3ил-131 загварын тээврийн хэрэгслийн дугуйны 2 ширхэг гинж байхгүй байхаар нь машин доогуур тонгойгоод харсан чинь аккумляторын утас унжсан байхаар нь очоод харсан чинь аккумлятор байхгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-31-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ттын өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед байхаа Нм гэсэн байхаа нэг өндөр залуу орж ирээд саарал өнгөтэй аккумлятор авах уу гэхээр нь авахгүй гэсэн чинь 120 билүү 130-тай аккумлятор 25000 төгрөгөөр авчих гэхээр нь авахгүй гэсэн чинь тэгвэл 20000 төгрөгөөр авчих би машинаа зарчихсан аккумлятораа чамд өгчихье сайн аккумлятор байгаа юм гэж хэлсэн тэгээд би тэр аккумляторыг 18000 төгрөгөөр авсан. Үүнээс хойш 2018 оны 12 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед байхаа би гэртээ унтаж байтал гадаа нэг залуу зогсож байхаар нь яах гэж байгаа юм гэтэл гинж авах уу гээд харуулахаар нь авахгүй гэсэн чинь тэгвэл үлдээгээд явчихье өглөө авъя хөгшөөн гээд гуйгаад байхаар нь хаалгаа онгойлготол 2, 3 залуу орж ирсэн. Өдөр аккумлятор зарсан залуу байсан бие биенийгээ Нм, Шк, Хг гэж дуудаад байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/, Мөрдөн байцаалтанд гэрч С.Амаржаргалын өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 01-нэс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед байх хааяа манай нөхөртэй цуг туслах ажилчин хийж модонд явдаг Нм гэрт орж ирээд ганц шил архи уух гэсэн юм. 3ил-131 загварын тэврийн хэрэгслийн дугуйны шинж барьцаанд тавьчихъя 20000 төгрөг өгөөч гэхээр нь 20000 төгрөг өгөөд гинжийг нь авч үлдээд явуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/, Мөрдөн байцаалтанд Б.Бийн өгсөн “...Өбынд очиж мөнгө авах санаатай очтол гэрт нь хүн байгаагүй, байшингийн урд талд нь машин нь байсан. Тэгэхээр нь машины ачааны хэсэгт байсан 2 ширхэг төмөр лоом, аккумляторыг нь авсан. … Нилээн орой архиа дуусгаад Б.Бс, Э бид 3 Өбын хашаанд дахиж очиж 2 гинжийг нь авсан ...” гэх мэдүүлэг /XX-ийн 57-р хуудас/, Мөрдөн байцаалтанд Б.Эы өгсөн “...Б ах хоёулаа Өбынд очъё гэхээр нь зөвшөөрөөд очтол Өб ахын гэрт хүн байгаагүй байшингийх нь урд талд байсан 3ил-131 маркын тээврийн хэрэгслийн ачаан дээр 2 ширхэг лоом, аккумлятор нь бэхэлгээтэй байсан. Тэгсэн энийг авъя гэж Б надад хэлсэн. Тэгээд машинаас аваад надад өгөхөөр нь би цуг барилцаад хашаанаас нь гарсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-р хуудас/, Мөрдөн байцаалтанд Б.Бсгийн өгсөн “...Б.Б, Б.Э нар ийшээ явж ганц юм уух уу гэхээр нь тэгье гээд 3-лаа гудамжаар явж байгаад хойшоо эргээд Өб ахын гэрийн гадаа очоод ийшээ айл руу орчихоод ирье гээд төд удалгүй 2 ширхэг гинж чирээд гарч ирсэн нэгийг нь өгөөд чи үүрчих гэхээр нь би үүрээд бид 3 хойшоо чигээрээ алхаад 7-н айлын Ганболд гэдэг айлд очоод 20000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссын үнэлгээ тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 47-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /13-15 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Э, Б.Бс нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б, Б.Э, Б.Бс нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэмийн №01-23 тоот хашаанд байх иргэн И.Өбын эзэмшлийн Зил-131 загварын “59-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг дугуйн гинж, 90 амперийн аккумлятор, 2 ширхэг төмөр лоом зэргийг хулгайлж 690000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Э, Б.Бс нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Торгуутан овогт Баяраагийн Б, Харуу овогт Ббгийн Э, Боржигон овогт Баярмаагийн Бс нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “ буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Эг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Бсг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.