| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/05393/И |
| Дугаар | 210/МА2025/00950 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00950
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01389 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт хамтын эзэмшлийн ******* банкны дундын данснаас 83,200,000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******, ******* нарт 110,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн. ******* нь дээрх зээлийг эхнэр *******ийн ******* банкин дахь ******* тоот данснаас *******ы ******* банкин дахь ******* тоот данс руу 2022 оны 07 сарын 20-ны өдрөөс 08 сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.
******* нь үндсэн зээл, зээлийн хүүгээ *******, ******* нараас удаа дараа шаардаж нэхсэн боловч үнэн худал нь мэдэгдэхгүй шалтаг тоочсоор зээлийн хүү болон үндсэн зээлийг одоо болтол өгөөгүй.
1.2. Мөн үүнээс өмнө *******, ******* нар *******оос авсан төлөгдөөгүй зээлийн асуудлууд ч байдаг. Харин 2024 оны 02 сарын 09-ний өдөр *******ын ******* банкны ******* тоот хадгаламжийн дансанд ******* 80,000,000 төгрөг хийж нөхөр *******ыг хамтран эзэмшигчээр нэмж хамтдаа гарын үсэг зурж банканд биечлэн ирж зарлага хийж цаашид 80,000,000 төгрөгийг зээлдээ суутгуулахаар тохиролцсон.
Энэхүү тохиролцооны дагуу *******ыг өөрийн тухайн хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигчээр нэмсэн. Үүний шалтгаан нь өмнөх зээлээсээ тодорхой хэмжээнд төлсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлэхгүй байх, цаашид зээлээ бага багаар төлж дуусгах санал *******, ******* нар *******т тавьж тодорхой аман тохиролцоо хийсэн боловч *******, ******* нар нь дээрх тохиролцсоны дагуу төлөх зээлийн үүргээ огт биелүүлэхгүй, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, ямар ч холбогдох боломжгүй болоод нэлээдгүй хугацаа өнгөрч *******ыг маш их хохироож байсан.
1.3. Өнөөдрийн байдлаар *******, ******* нарын хамтран эзэмшдэг ******* банкны дансны үлдэгдэл нь 83,200,000 төгрөг байна. ******* нь 80,000,000 төгрөгийг өөрийн ******* банкны хадгаламжийн дансаар *******, ******* нараас авсан мэт харагдаж байгаа боловч ******* нь ганцаараа тухайн мөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй, зээлээ авсан хэмээн тооцож болохгүй байгаа тул *******, ******* нарт зээлдүүлсэн 110,000,000 төгрөгөөс өнөөдрийн байдлаар үлдэгдэл 83,200,000 төгрөг болон шийдвэр гаргах үед хуримтлагдсан хүүг тухайн данснаас гаргуулан авч зээлдээ суутган төлөх хүсэлтэй байна.
Иймд *******, ******* нарын хамтын эзэмшлийн ******* банкны дундын данснаас 83,200,000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт гаргуулж өгнө үү.
Мөн *******, ******* нар нь одоогоор үндсэн зээл 110,000,000 төгрөг, түүний хүүг төлөөгүй байгаа тул 110,000,000 төгрөгийн үлдэгдэл зээл болон зээлийн хүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******ын нэхэмжлэлийн дагуу 110,000,000 төгрөгийг ******* авсан нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 295,770,000 төгрөгийг *******ийн ******* тоот данс руу төлсөн. 2022 оны 08 сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөг, утга нь орлого гэж хийсэн бөгөөд дандаа гүйлгээний утгуудыг нь орлого гээд хийсэн. Учир нь үндсэн мөнгөө би хүүтэй нь төлж байна гэж үзээд орлого гэж хийсэн.
2.2. 2022 оны 08 сарын 01-ний өдөр мөн 5,000,000 төгрөг, 3,500,000 төгрөг гээд нийт 3 удаагийн гүйлгээгээр 48,500,000 төгрөг хийсэн. 2022 оны 08 сарын 09-ний өдөр 40,820,000 төгрөг, 2022 оны 08 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 22-ны өдөр 42,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2,820,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 49,820,000 төгрөг, 2022 оны 08 сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 4,830,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 49,830,000 төгрөг, 2022 оны 09 сарын 10-ны өдөр 40,900,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, нийт 53,900,000 төгрөг, хамгийн сүүлд 2022 оны 09 сарын 10-ны өдөр 43,900,000 төгрөг шилжүүлж, нийт 295,770,000 төгрөгийг *******т төлсөн тул 110,000,000 төгрөгийг хүүтэй нь өгсөн гэж үзэж байна.
2.3. Өөрийнхөө хадгаламжийн дансыг дундын данс гэж хэлж байна. Энэ бол ямар ч өөрийнх нь хэрэглэж байсан данс биш, 2022 оны 02 сарын 09-ний өдөр өөрийнх нь саналын дагуу шинээр нээсэн *******, ******* нарын хэн нь ч давуу эрх эдлэхгүй, тийм данс нээлгэж бизнесийн урьдчилгаа төлбөр болох 80,000,000 төгрөгөө хийсэн. Тийм болохоор үүнийг өгөх ямар ч боломжгүй гэж үзэж байна.
*******ын эхнэр *******ийн ******* банкны ******* тоот дансны 2020 оны 08,09 сар, 2022 оны 08,09 сарын хуулгаар *******т нийт 411,410,000 төгрөг төлсөн нь нотлогдож байх тул ямар нэг өр төлбөргүй, харин ч илүү төлөлт хийсэн болох нь харагдана.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. *******ы нэр дээрх ******* дүүрэг, ******* тоот хаягт байршилтай 165.23 м.кв 4 өрөө орон сууцыг /*******/ ******* банкны зээлийн төлбөрт өгч зөрүү мөнгө болох 212,983,710 төгрөгийг өөрийн том хүү болох *******ий ******* банкны ******* тоот данс руу авсан. 2024 оны 01 сарын дунд үеэс эхлэн ******* нь хамтран бизнес эхлүүлье гэх саналыг тавьж *******, ******* нар тус саналыг зөвшөөрч *******ын тавьсан санал болох гэр бүл тус бүрээс 100,000,000 төгрөг нийлүүлэхээр болсон.
3.2. 2024 оны 02 сарын 09-ний өдөр банктай тохиролцсоны дагуу миний том хүү *******ий ******* тоот дансанд 212,983,710 төгрөг орж ирсэн тул *******той тохиролцсон ёсоор 2024 оны 02 сарын 09-ний өдөр ******* банк нь дээр очиж шинээр ******* тоот дансыг нээлгэж анх тохиролцсоны дагуу *******ын бизнесийн урьдчилгаа хөрөнгө оруулалт болох 80,000,000 төгрөгийг тус дансанд байршуулсан болно.
Үүний дараагаар ******* нь тохиролцсоны дагуу хөрөнгө оруулалтын төлбөр болох 80,000,000 төгрөгийг дээрх дундын дансанд байршуулах ёстой байсан боловч хийгээгүй.
Иймд 85,000,000 төгрөгийг дундын данснаас *******од гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
4.1. *******, ******* нарт зээлүүлсэн мөнгөө авахаар биечлэн уулзаж, утсаар нэхэж байсан боловч авч чадахгүй байсаар 2022 оны 11 сараас холбогдож чадахгүй болсон. Сүүлд *******, ******* нар гадагшаа зугтаасан, шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгааг нь мэдсэн. 2023 оны 11-12 сард шувуу ажиллагаагаар баригдаж ирсэн гэж мэдсэн ба уулзаж, өр зээлээ хэрхэн барагдуулах тухай ярилцаж байсан.
4.2. 2024 оны 02 сард тодорхой хэмжээний мөнгө орж ирэх гэж байгааг мэдсэн учраас тэдний залилангийн шинж чанартай үйлдлүүд дээр цагдаа дээр гомдол гаргахгүй, хэсэг хугацааны дараа надад гаргаж өгнө гэсэн тохиролцооны үндсэн дээр дундын данс нээж уг 80,000,000 төгрөгийг байршуулсан.
4.3. Гэвч тухайн үйл явдлаас хойш эдгээр хүмүүстэй холбогдож чадахгүй болсон. Утсаар залгах, мессеж бичихэд хариу өгөхгүй, амьдарч байгаа газар, ажлын газрыг нь мэдэхгүй учраас уулзаж ярилцах боломжгүй болсон. Ингээд *******, ******* нарыг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гэж байгааг мэдээд уулзахаар очоод *******од цохиулж нүүрэн тус газраа хөнгөн гэмтэл авсан.
Ах дүү хүмүүс учраас шууд шүүхэд өгч чадахгүй, холбогдох бүхий л боломжийг хайсаар аргагүйн эрхэнд 2022 оны 08 сард нэхэмжлэл гаргасан. Түүнээс *******ын хэлсэн шиг хамтарч бизнес хийх гэж мөнгө байршуулсан зүйл байхгүй. ******* нь *******, ******* нарт залилуулсан тул дахин нэмж мөнгө гаргаж хамтарч бизнес хийнэ гэсэн ойлголт байхгүй. Иймд *******ын гаргасан дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 110,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт хамтран өмчлөх хадгаламжийн данс дахь 83,207,000 төгрөгийг суутган төлүүлэх нэхэмжлэгч *******ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөгийг *******од гаргуулан өгөх зөвшөөрөл олгохыг *******т даалгаж, гаргуулан авах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,985 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү, хугацаа тохиролцоогүй ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээгээ олохгүй байгаа талаар шүүхэд удаа дараа мэдүүлж байсан. ******* нь 110,000,000 төгрөгийн хүү нэхэмжлээгүй, харин хариуцагч нарын зээлсэн үндсэн зээл 110,000,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг банкны шилжүүлсэн баримтыг үндэслэн дундын данснаас гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх зохигч талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү, хугацаа тохиролцоогүй гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. Цаашид бичгээр байгуулсан зээлийн гэрээгээ олоод шүүхэд хандан хүү нэхэмжлэх тохиолдолд энэхүү шүүхийн шийдвэр нь хариуцагч нараас хүү авах эрхийг хааж байна.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д Нэхэмжлэгч 110,000, 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авч буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй, 4.7-д Хариуцагчийн буцаан шилжүүлсэн 247,620,000 төгрөгийн гүйлгээнүүд нэхэмжлэхэд тусгасан зээлтэй хамааралгүй, өмнө нь бусдаас авч *******д дамжуулан зээлдүүлж байсан төлбөрт тооцсон төлбөрүүд... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар нотлоогүй хариуцагчийн тайлбар, дансны хуулга баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь хавтаст хэргийн материалын 76-83 дугаар талд авагдсан ******* банкны гүйлгээний хуулгаас үзвэл *******ийн ******* банкан дахь ******* тоот данснаас *******ы ******* банкан дахь *******, ******* тоот дансууд руу 2016 оны 05 сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 сарын 10-ны өдрийн хооронд нийт 41 удаагийн гүйлгээгээр 407,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү 407,900,000 төгрөгийн баримтанд *******ын нэхэмжилсэн 110,000,000 төгрөгийн 80,000,000 төгрөгийн баримт давхцсан байгаа тул 80,000,000 төгрөгийг хасч тооцвол 327,900,000 төгрөгийг хариуцагч ******* руу шилжүүлж байсан байна. Хариуцагч *******ы надад буцаан шилжүүлсэн 247,620,000 төгрөг нь бодит байдал дээр энэхүү 327,900,000 төгрөгийн эргэн төлөлттэй холбоотой зээлийн эргэн төлөлт болно. Үүнийг би анхан шатны шүүх дээр энэхүү мөнгөн хөрөнгийг бусад гуравдагч этгээдүүдээс авч хариуцагч *******д зээлсэн. *******аас буцаан төлөхөд нь би эргүүлээд гуравдагч этгээдүүдэд зээлээ төлсөн хэмээн нарийвчлан хүн тус бүр дээр нь мөнгөний эх үүсвэртэй нь тайлбарлан хэлсэн боловч шүүгч хэргийг бодиттой нотлох баримтанд тулгуурлан шийдэлгүй, хэт нэг талыг барьж 247,620,000 төгрөгийг 110,000,000 төгрөгийн зээлийн буцаан төлөлттэй холбож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
6.3. Хариуцагч *******аас шилжүүлсэн 247,620,000 төгрөг нь өмнөх зээлийн төлөлт хэмээн нотлох баримтанд тулгуурлан тайлбарласан боловч шүүх нотлох баримтыг нарийвчлан судлалгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг ойлгохыг хүсэлгүй буруу дүгнэлт хийсэн. Харин ч эсрэгээр хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар 110,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 247,620,000 төгрөг төлсөн, илүү гарсан 137,620,000 төгрөг нь хүү байсан мэтээр тайлбарлаж илт худал тайлбар хэлж байхад шүүгч хариуцагчийн талд шийдвэр гаргасанд харамсаж байна. 110,000,000 төгрөгийн зээлд 1 cap хүрэхгүй хугацаанд 137,620,000 төгрөгийн хүү төлдөг нөхцөл байдал хаана ч байхгүй, ийм их хүү төлөх гэрээ хэлцэл хийдэг газар ч байхгүй.
Гэтэл шүүгч энэ байдлыг анзаарч хэргийг нотлох баримтанд тулгуурлалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. 2022 оны 07 сарын 20-ны өдрөөс 08 сарын 10-ны өдрийн хооронд нийт 110,000,000 төгрөгийг эхнэр *******ийн ******* банк ХК-ийн дансаар дамжуулан хариуцагч нарт зээлдүүлсэн мөнгөө одоо хүртэл авч чадаагүй гэх үндэслэлээр ******* банк ХК-ийн дундын дансанд байгаа 83,207,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын зүгээс уг мөнгийг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нар 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 30-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн эхнэр *******ийн дансанд 247,620,000 төгрөгийг шилжүүлсэн буюу тухайн зээлийг бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.
Нэхэмжлэгч 2020-2022 оны хооронд өгсөн мөнгөө тодорхойлж зээлсэн мөнгөө төлөөгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд шийдвэрээ гаргадаг. Нэхэмжлэгч 110,000,000 төгрөг зээлсэн ба уг мөнгөө аваагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл давж заалдах гомдолдоо нийт 407,900,000 төгрөгийг зээлснээс 247,620,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл мөнгөө авна гэж гаргасан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа зөрүүтэй тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.
7.2. Зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй буюу тодорхойгүй. Учир нь ******* банк ХК-ийн данснаас *******ын байршуулсан мөнгийг зээлийн төлбөртөө авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл ******* банк ХК-ийн дансанд байгаа мөнгийг хариуцагч нар гаргах эрхгүй этгээд учир нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үйл ажиллагаа явуулалгүй шийдвэрлэсэн. Гэхдээ анхан шатны шүүх үндсэн зээл төлөгдсөн гэдгийг нотлох баримын хүрээнд зөв шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 83,207,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ******* нь *******, ******* нарт 110,000,000 төгрөг зээлдүүлэхдээ эхнэр *******ийн ******* банкин дахь ******* тоот данснаас *******ы ******* банкин дахь ******* тоот данс руу 2022 оны 07 сарын 20-ны өдрөөс 08 сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, ... 2024 оны 02 сарын 09-ний өдөр *******ын ******* банкны ******* тоот хадгаламжийн дансанд ******* 80,000,000 төгрөг хийж *******ыг хамтран эзэмшигчээр нэмсэн, цаашид 80,000,000 төгрөгийг зээлдээ суутгуулахаар тохиролцсон, ... өнөөдрийн байдлаар ******* банкны дундын дансны үлдэгдэл нь 83,207,000 төгрөг байна, ******* нь дундын данснаас гүйлгээ хийх эрхгүй, зээлээ авсан хэмээн тооцож болохгүй байгаа тул *******, ******* нарт зээлдүүлсэн 110,000,000 төгрөгөөс үлдэгдэл 83,207,000 төгрөг болон шийдвэр гаргах үед хуримтлагдсан хүүг тухайн данснаас гаргуулан авч зээлдээ суутган тооцох хүсэлтэй байх тул ******* банкны дундын данснаас 83,200,000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн бичгээр байгуулсан зээлийн гэрээгээ олохгүй байгаагаас шүүхэд өгч чадаагүй. Хариуцагч *******, ******* нар нь одоогоор үндсэн зээл 110,000,000 төгрөг, түүний хүүг төлөөгүй байгаа тул 110,000,000 төгрөгийн үлдэгдэл зээл болон зээлийн хүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... 110,000,000 төгрөгийг ******* авсан нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 295,770,000 төгрөгийг *******ийн ******* тоот дансанд төлсөн, 2022 оны 08 сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөгийг орлого гэх утгаар шилжүүлсэн. ... 110,000,000 төгрөгийг хүүтэй нь төлсөн, ... 2020 оны 08, 09 сар, 2022 оны 08, 09 сарын хуулгаар *******т нийт 411,410,000 төгрөг төлсөн, ... ******* нь дахин бизнес хийе гэсэн санал тавьсан тул 100, 100 сая төгрөг дундаасаа гаргах ёстой байсан. Гэвч энэ хүн мөнгөө хийгээгүй, манайх 80,000,000 төгрөг хийсэн. Зээлийн төлбөртөө авна гэж байгааг зөвшөөрөхгүй, зээлээ төлсөн гэж үзэж байгаа. Бид хоёрын дунд ямар нэгэн өглөг, авлага байхгүй ... гэж тайлбарлан, ******* банкны 2205199267 дугаартай дундын данснаас 83,207,000 төгрөгийг *******од гаргуулах зөвшөөрөл олгохыг нэхэмжлэгч *******т даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргахдаа түүний үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах суурь болдог. Ингэснээр хэргийн болон шүүхийн харьяалал, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх зэргийг хангах гол нөхцөл болно.
4.2. Шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн эрх зүйн шаардлага гаргаж байна уу, өмчийн эрх зүйн шаардлага гаргаж байна уу гэдгээ тодорхой болгосноор уг маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх, тухайн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломж бүрдэнэ.
4.3. Нэхэмжлэгч ******* нь 110,000,000 төгрөг зээлдүүлсэн гэсэн атлаа дундын данснаас 83,207,000 төгрөг гаргуулна гэжээ. Энэ тохиолдолд нэхэмжилж буй үнийн дүнгийн зарим хэсгээс татгалзаж байгаа эсэх нь тодорхой байх, өөрөөр хэлбэл, тус тусдаа шилжүүлсэн мөнгөн дүнгийн хувьд ямар хэмжээнд үүргийг шаардаж байгаа үлдэх хэсгээсээ татгалзаж байгаа эсэх нь тодорхой бус байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардаж буй тохиолдолд гэрээний үнийн дүн, гүйцэтгээгүй үүргийн хэмжээ, нэхэмжлэлийн үнэ тодорхой байх ёстой. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлд тус тус заасны дагуу зохигчоос төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь тодорхой болох, шүүхийн зардлыг хуваарилах боломж бүрдэнэ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 31-ний өдрийн 102/ШЗ2024/15139 дугаартай захирамжаар дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд уг захирамжид заасан зөрчил арилаагүй байна.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч тал нэхэмжлэлээс татгалзаж буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрсдөө баримтаар нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж, бүрдүүлж өгөх үүрэгтэй.
Талууд өмнө нь хэд хэдэн удаа зээлийн гэрээний харилцаатай байсан талаар хэн аль нь тайлбарласан. Хариуцагч нар зээлийн үүрэгт 2022 оны 8,9 дүгээр сард 295 сая төгрөгийг төлсөн, ... нийт 411,410,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн гэж, нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо ... хариуцагч нар 407,900,000 төгрөг шилжүүлсэн үүнээс 80,000,000 төгрөгийг шаардаж байгаа учраас 327,900,000 төгрөгийн эргэн төлөлттэй ... гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байх бөгөөд уг тайлбартай холбоотой тооцооллын баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулж, холбогдох ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, нөхөн гүйцэтгэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01389 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,985 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД