Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/00208

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 6 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2016/0208

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******од оршин суух Дориг овогт А-ийн /*******/ нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: “Ф” ХХК-д *******од байрлах, РД:*******/ холбогдох,

 

            37.889.580 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай,

“Ф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, А-д  холбогдох,

2015.10.02 өдрийн 6564 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2016.01.29 өдрийн 131 дугаар магадлалыг албадан биелүүлэхэд Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн нийт 788.092 төгрөг, мөн ажлаас халагдсаны тэтгэмж, татварын зардал 8.277.540 төгрөг нийт 9.065.632 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, түүний өмгөөлөгч Э.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч У.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа- У.А тус шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02 өдрийн 6564 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29 өдрийн 181 дугаар магадлалаар тус тус “Ф” ХХК-ийн нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгүүлэхийг “Ф” ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35.652.272 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дүнд гүйцэтгэж “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 26 өдрийн 16/008 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2016 оны 03 дугаар сарын 23 өдөр дуусгавар болсон. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 01 өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

2015.10.02 өдрөөс 2016.04.01 өдрийг хүртэлх хугацааны цалин 27.920.455 төгрөгийг гаргуулах, 2014 оны 10 сард ажлаас халагдсанаас хойш 2016 оны 04 сарыг дуустал хугацаанд оногдох ээлжийн амралтын олговорт /1.5 сард оногдох ээлжийн амралтын хугацаа 17 сар=25.5 хоног/ 5.578.125 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах, Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16 өдрийн шийдвэрийг биелүүлсэний Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 1.700.000 төгрөг, тус шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02 өдрийн 6564 дугаар шийдвэрийг биелүүлсэний Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 2.700.000 төгрөг нийт 4.400.000 төгрөг нийт 37.840.559 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа- Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. У.А тухайн жилд ажлаагүй тул ээлжийн амралт олгогдохгүй.

      2016 оны 01 сарын 29 өдрийн 181 дүгээр магадлалаар *******д 2015 оны 02 дугаар сарын 16 өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02 өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 35.652.272 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Тооцож үзэхэд 2015 оны 10 сарын 1-2 өдрүүдэд цалин бодогдож орсныг баримтаар өгсөн. Иймээс 2 өдрийн цалинг  хасч тооцоход 27.920454 төгрөг байна.

       2014 оны 10 сард ажлаас халагдсанаас хойш 2016 оны 04 сарыг дуустал хугацаанд оногдох ээлжийн амралтын олговорт 5.578.125 төгрөг гаргуулах тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д буруу халсан үеийн олговрыг тусгасан байдаг бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Нэгэнт ажилтан тухайн жилд ажиллаагүй, ажиллаагүй байх бүх хугацаандаа цалингаа бүтэн авсан тул түүнд ээлжийн амралтын олговор олгох асуудал яригдахгүй.

     Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар ажил олгогч нь ажилтанд буруу халсан үеийн олговор болох “ажиллаагүй байсан үеийн цалинг олгох үүрэгтэй болохыг заасан болохоос биш ажил олгогч нь ажиллаагүй байсан үеийн ээлжийн амралтыг олгох үүрэггүй билээ.

     Иймд 2014 оны 10 сараас 2016 оны 04 сарыг дуустал хугацаанд оногдох ажилгүй байсан үеийн ээлжийн амралтын олговорт 5.578.125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухайд Компанийн зүгээс У.А нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр өгөхийг шаардаж байсан хэдий ч тэрээр өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

      Мөн 2015.02.16 өдрийн 1282 дугаар шийдвэрийг биелүүлсний Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 1.700.000 төгрөг,  2015.10. 02 өдрийн 6564 дугаар шийдвэрийг биелүүлсэний Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 2.700.000 төгрөг нийт 4.400.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ. Үүнд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, илрүүлэх зардал, шинжээчийн ажлын хөлс зэргийг ойлгоно. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.3-т шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ, 82.4-т Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно гэж заасан. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчид төлөх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшууллыг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал нь тусдаа ойлголт юм.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83.1-т шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна гэж заасан. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан ажиллагааны зардал, урамшууллын хэмжээг тогтоох хэм хэмжээ тогтоосон актуудад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбогдуулан гарсан ажиллагааны зардлыг л төлбөр төлөгч талаас гаргуулахаар заасан байх бөгөөд харин албадан гүйцэтгүүлснээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшууллын зардлыг төлбөр төлөгч буюу хариуцагч тал төлөх зохицуулалт байхгүй байна. Аливаа шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эсэх нь төлбөр авагч буюу нэхэмжлэгч талын хүсэл зориг буюу сонголтын асуудал бөгөөд үүнээс гарсан урамшууллын хөлсийг хохиролд тооцож нэхэмжлэх нь үндэслэлгүй юм.

     Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 4.400.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015.10.02 өдрийн 6564 дугаар шийдвэр, 2016.01.29 өдрийн 181 дүгээр магадлалыг албадан гүйцэтгүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 788. 092 төгрөгийг гаргуулах, мөн шүүхийн 2015.02.16 өдрийн 1282 дугаар шийдвэр, 2015.4.17 өдрийн 449 дүгээр магадлалаар У.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон. Манай компаниас үндэслэлгүй ажлаас халагдсаны тэтгэмж, татварын байгууллагад төлсөн татварын зардал болох 8.277.540 төгрөг нийт 9.065.632 төгрөгийг У.А-аас гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан.

У.А нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноор компаниас нийт 19.536.000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан бөгөөд өмнөх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан д.Инжинааш нь сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэхдээ 19.536.000 төгрөг бус 11.258.459 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэний зөрүү 8.277.540 төгрөгийг У.А-гаас гаргуулна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа- 2015.10.02 өдрийн 6564 дүгээр шийдвэрээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.Өөрөөр хэлбэл харицагчийн шаардаж байгаа төлбөрийг төлсөн. Ажлаас халахдаа 4 сарын тэтгэмжийн 17.600.000 төгрөг У.А-ийн дансанд орсон байдаг. Үүнээс татвар суутгаж 11. 252.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үүнийг хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж шаардсан байна. Урамшуулалын 788.092 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв байгууллага 788.092 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгаа бол У.А байгууллагад хохирол учруулсан гэх шалтгаант холбоо байх ёстой. У.А-г үндэслэлгүйгээр ажлаас халсан байгууллагын албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. 8.277.540 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг   шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.А ажилгүй байсан хугацааны цалин олговор 27.920.455 төгрөг, ээлжийн амралтын олговор 5.578.125 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн төлбөр 4.400.000 төгрөг нийт 37.898.580 төгрөгийг “Ф” ХХК-иас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай,

“Ф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, У.А-д  холбогдох шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 788.092 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү, татварын зардал 8.277.540 төгрөг нийт 9.065.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. 2015 оны 10 дугаар сарын 02 өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл цалин олговор болох 27.920.455 төгрөг гаргуулах тухайд,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.02 өдрийн 6564 дугаар шийдвэрээр “Ф” ХХК-иас 35.652.272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.А-д олгож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэгч У.А-аас 11.258.459 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ф” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дагуу “Ф” ХХК 35.652.272 төгрөгийг  У.А-д төлсөн, 11.258.459 төгрөгийг У.А “Ф” ХХК-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон баримтаар тогтоогдож байна.

“Ф” ХХК-ийн 2016.02.26 өдрийн 16/008 дугаар тушаалаар У.А-г тус компаний нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон /х.х.19тал/ боловч 2016.04.01 өдрөөс У.А ажил үүргээ гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй. Иймд 2015.10.02 өдрөөс 2016.04.01 өдрийг хүртэлх хугацааны цалин олговор гаргуулахаар  нэхэмжилсэн нь үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Иймд шүүхийн 2015.10.02 өдрийн 6564 дугаар шийдвэрээр  У.А-гийн сарын дундаж цалин 4.725.000 төгрөг гэж тодорхойлсон ба 2015.10.02 өдрөөс 2016.04.01 өдөр хүртэл нийт 27.920.455 төгрөгийн цалин олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. 2014 оны 10 сард ажлаас халагдсанаас хойш 2016 оны 4 сарыг дуустал хугацаанд оногдох ээлжийн амралтын олговорт 5.578.125 төгрөг гаргуулах тухайд,

Тухайн ажлын жилд биеэр эдлүүлэх ээлжийн амралтын хугацааг ажил олгогч, ажилтантай тохиролцон ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, ээлжийн амралтын олговрыг олгож болно. Харин нэхэмжлэгч нь  дээрх онуудад ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ба ээлжийн амралтаа эдэлж байж олговор авах эрх үүснэ. Ажил олгогч, ажилтны ажиллаж байх хугацаанд  биеэр эдлээгүй ээлжийн амралтын олговрыг бодож олгох боломжгүй. Харин ажилтан ээлжийн  амралтаа ажлын зайлшгүй шаардлагаар эдлээгүй тохиолдолд мөнгөн урамшууллыг  ажил олгогчоос олгож болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан байна.

Иймд ээлжийн амралтын олговор болох 5.578.125 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Гурав. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг  нөхөн төлж, зохих журмын дагуу дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухайд,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” , мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж, сар тутам шимтгэл, хураамж төлөх үүрэгтэй гэж заасан байгаа тул нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн нийт 4.400.000 төгрөг гаргуулах тухайд,

Шүүхийн 2015.05.16, 2015.10.02  өдрийн шийдвэр биелэгдэж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ хэрэгт авагдсан боловч 2015.05.16 өдрийн шийдвэрийг биелүүлсэний урамшуулалд 1.700.000 төгрөг, 2015.10.02 өдрийн шийдвэрийг биелүүлсэний урамшуулалд 2.700.000 төгрөг  нийт 4.400.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдохгүй байна.

Урамшууллын зардал төлсөн баримтгүй мөн шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшууллын зардлыг хохиролд тооцон гаргуулах 4.400.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэсгүй.

Иймд хариуцагч “Ф” ХХК-иас цалин олговор болох нийт 27.920.455 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.978.125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

У.А-д  холбогдох шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 788.092.13 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжийн зөрүү, татварын зардал 8.277.540.21 төгрөг нийт 9.065.632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

         Шүүхийн 2015.10.02 өдрийн 6564 дугаар шийдвэрээр У.А-гаас 11.258.459 төгрөгийг гаргуулж хариуцагч “Ф” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 11.258.459 төгрөгийг  “Ф" ХХК-д төлсөн байна. Энэхүү шийдвэрийг биелүүлсэний шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 788.092 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ”,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэж заажээ.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбогдуулан гарсан ажиллагааны зардлыг төлбөр төлөгч талаас гаргуулахаар заасан ба шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшууллын зардлыг хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүхийн 2015.10.02 өдрийн 6564 дугаар шийдвэр болон 2014.10.27 өдрийн төлбөрийн баримтаар “Ф” ХХК НЬ У.А-д 11.258.459 төгрөг олгосон болох нь баримтаар тогтоогдож байна. Хариуцагч компани нь 4 сарын тэтгэмж болох 17.600.000 төгрөгийг У.А-д олгосон гэх баримтгүй ба цалингийн тооцооны хүснэгтэд 17.600.000 төгрөг гэж бичигдсэн боловч У.А-д уг мөнгийг бодитоор шилжүүлсэн баримтгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

                                 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ф” ХХК-иас нийт 27.920.455 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.А-д олгож,нэхэмжлэлийн шаардлагаас  9.978.125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, У.А-гаас нийт  9.065.632 төгрөг гаргуулах тухай “Ф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 297.552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.А-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 160.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Д.СОЛОНГО