| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0507/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Д.Т,
Хохирогч Ц.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Т-д холбогдох эрүүгийн 1909000890265 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 9 дүгээр байр 68 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ПЮ:86101672 / Боржигон овогт Д.Т- нь:
- 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ривер Саундс” бааранд иргэн Ц.Эыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу тооцоо нэхлээ гэж маргалдан зодож, эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ривер Саундс” баарны гадаа байсан иргэн Ц.Эы эзэмшлийн 44-08 УБЦ улсын дугаартай Лексүс-450 маркийн автомашины арын салхины шилийг устгаж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 8 /
Хохирогч Ц.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай туслах бармен Батхишиг Тэмүүжингээс тооцоогоо нэхсэн чинь тооцоогоо өгөхгүй Батхишигийн бүснээс чирээд яваад байхаар нь би араас нь очоод “Та болиоч “ гэсэн чинь “ Чамд хамаагүй. Зайл гөлөг минь “ гэхээр нь би гарнаас нь татсан чинь “ Яах гээд байгаа пизда вэ “ гээд шууд миний уруул руу гараараа 2, толгой руу 2 удаа цохьсон. Тэмүүжин ганцаараа явсан, гомдолтой байна.
...Тэгээд “Ривер Саундс” баарны гадна талын автомашины зогсоол дээр байсан. Миний 44-08 УБЦ улсын дугаартай Лексүс-450 маркийн автомашины арын шилийг Тэмүүжин нь цохиж хагалсан байсан. Хяналтын камерын бичлэг нь байгаа гэжээ. / хх 19 /
Гэрч Р.Батхишиг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Том биетэй Д.Т гээд ахаас тооцоогоо нэхсэн чинь тоохгүй миний тэлээнээс бариад чирээд яваад байсан. Тэр үед Элбэгээ ах цаанаас ирээд тэр ахад хандаж “ Та одоо шинэ хүүхдэд ингэж болохгүй. Тооцоогоо хий “ гэсэн чинь Элбэгээ ахыг хараагаад байсан. Тэгээд Элбэгээ ах “ Ахын дүү. Яв яв “ гэхээр нь би А заал руу явж байхдаа эргээд хартал Элбэгээ ах нүүрээ дараад уруулаас нь цус гарчихсан зогсож байсан. Би удаагүй эргэж харсан. Тэр ах Элбэгээ ахыг цохьсон юм байна лээ. Миний харснаар Тэмүүжинг хэн ч зодоогүй, ухаан алдаж унасан асуудал огт байхгүй гэжээ. / хх 24 /
Гэрч Б.Төмөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд баар хаах болоод Тэмүүжинг “ Уусан зүйлийнхээ тооцоог хий “ гэхэд “ Надад мөнгө байхгүй. Хийж чадахгүй “ гэхээр нь Элбэгсайханд “ Тэмүүжин уусан зүйлийнхээ тооцоог хийхгүй байна “ гэж хэлэхэд Элбэгсайхан Тэмүүжинтэй очиж уулзаад тэр хоёр хоорондоо ярилцаж байгаад маргалдаад байхаар нь би тэр хоёр дээр очих үед Тэмүүжин гараараа Элбэгсайханы нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авсан. Элбэгсайхан тухайн үед Тэмүүжингийн биед ямар нэг хэлбэрээр гар хүрсэн асуудал байхгүй. Тэмүүжин Элбэгсайханыг нүүрэн тус газар нь цохиод авахаар нь би очиж салгасан. Тэмүүжин тооцоо хийгээгүй асуудлаас болж маргалдсан. Тэмүүжин архи уусан. Харин Элбэгсайхан нь ажлын байран дээрээ байсан учраас архи уугаагүй, эрүүл байсан. Сүүлд камерын бичлэг харж байхад Тэмүүжин нь Элбэгсайханы машины шилийг хагалж байгаа бичлэг байсан. Тухайн үед Тэмүүжинд гар хүрч, зодсон нэг ч хүн байхгүй гэдгийг хэлэх байна гэжээ. / хх 26 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 985 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Эы биед доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 29 /
Яллагдагч Д.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Миний хувьд тогтоолтой танилцсан, өөрийн эрх зүйн байдлыг дордуулж мэдүүлэг өгөхгүй гэжээ. / хх 44 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 33-34 /
Шүүгдэгч Д.Т-г 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 44, 48-49 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө найзтайгаа юм уучихаад согтуу “Ривер саундс” бааранд орсон. Бааранд хөөргөө алдсан. Би нилээн муудсан учир утсаа хадгалуулсан. Тэгээд тооцоогоо хий гээд зөөгч шаардахаар нь унах гээд бүснээс нь барьж явж байтал Элбэгсайхан, Төмөрөө хоёр намайг боож ухаан алдуулж зодсон. Хоёр хамгаалагч орж ирээд салгасан. Элбэгсайханыг би үнэхээр яаж ч чадаагүй учир би уурандаа түүний машиных нь цонхыг хагалсан. Хөнгөн гэмтэл би Элбэгсайханд учруулаагүй. Тухайн үед миний хөл доголон, нилээн согтуу байсан учир би Элбэгсайханыг зодоогүй. Элбэгсайхантай хамт намайг зодсон хүнийг гэрчээр асуусан байгаа. Элбэгсайхан нь эхлээд надаас машины хохирол гэж нэхэж байсан. Гэтэл 10 хоногийн дараа хөнгөн гэмтэл учирсан дүгнэлт гаргуулсан. Элбэгсайхан, Төмөрөө хоёр намайг зодсонг шалгаж өгөөгүй учир би Цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. 30-нд гэмтлийн зэрэг тогтоолгосон. Миний утас бас эвдэрсэн гэв.
Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө манай баар хаасан байхад Тэмүүжин найзын хамт орж ирсэн. Найз нь түрүүлээд явсан. Хөөрөгний талаар ярьсан байсан гэхдээ алга болгосон зүйл байхгүй. Манай хамгаалагчид хөөргөө хадгалуулсан байсан. Гар утсаа барменд өгч цэнэглүүлсэн байсан. Шинэ барменыг тооцоо аваад ир гээд явуулахад Тэмүүжин “ Байж бай “ гээд тооцоогоо өгөхгүй байсан. 04 цагийн үед Батхишиг гэх зөөгчийг бүснээс нь барьчихсан чирээд явж байсан. Би үүнийг эхлээд анзаараагүй. Дараа нь би очоод “боль” гэж хэлтэл “ Чамд ямар хамаатай юм. Гөлөг минь” гээд намайг цохьсон. Би унахдаа ширээний буланг нуруугаара цохьсон. Эдгээр нь камерыг бичлэгт бичигдсэн. Төмөр, Наранбаатар 2 салгасан. Миний уруул язарсан. Зургыг нь авсан. Тэмүүжин бид хоёрыг хамгаалагч салгасан.
Тэгээд гаднаас эргэж орж ирээд “ Чи намайг амжихгүй шүү” гээд байсан. Миний машины шилийг хагалаад хаалганы хойд талд хонхойлгосон байсан. Надад машины шилний мөнгө гэж 450.000 төгрөг өгсөн. 240.000 төгрөгөөр толгойн зураг авахуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөг үзүүлсэн, өмгөөлөгчийн хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн тул нийт 1.748.000 төгрөг нэхэмжилж байна. Тэмүүжинд би гар хүрээгүй бөгөөд энэ асуудлыг шалгаж байгаа гэв.
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ривер Саундс” бааранд иргэн Ц.Эыг “ тооцоо нэхлээ “гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулан улмаар түүний эзэмшлийн 44-08 УБЦ улсын дугаартай Лексүс-450 маркийн автомашины арын салхины шилийг хагалж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: ...Сиди дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 8 /, ...Би гарнаас нь татсан чинь яах гээд байгаа пизда вэ гээд шууд миний уруул руу гараараа 2, толгой руу 2 удаа цохьсон. Баарны гадна талын автомашины зогсоол дээр байсан 44-08 УБЦ улсын дугаартай Лексүс-450 маркийн автомашины арын шилийг Тэмүүжин нь цохиж хагалсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Эы мэдүүлэг / хх 19 /, ...Том биетэй Тэмүүжин гээд ахаас тооцоогоо нэхсэн чинь тоохгүй миний тэлээнээс бариад чирээд яваад байсан. Тэр үед Элбэгээ ах цаанаас ирээд тэр ахад хандаж “ Та одоо шинэ хүүхдэд ингэж болохгүй. Тооцоогоо хий “ гэсэн чинь Элбэгээ ахыг хараагаад байсан. Тэгээд би А заал руу явж байхдаа эргээд хартал Элбэгээ ах нүүрээ дараад уруулаас нь цус гарчихсан зогсож байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Р.Батхишигийн мэдүүлэг / хх 24 /, ... Тэмүүжин Элбэгсайханы нүүрэн тус газар нь цохиод авахаар нь би очиж салгасан. Тэмүүжин тооцоо хийгээгүй асуудлаас бол маргалдах болсон. Камерын бичлэгт Тэмүүжин нь Элбэгсайханы машины шилийг хагалж байгаа бичлэг байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Б.Төмөрийн мэдүүлэг / хх 26 /, ... Ц.Эы биед доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 985 дугаартай дүгнэлт / хх 29 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 33-34 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Т-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойн зураг авахуулсан 240.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 1.748.000 төгрөг нэхэмжилсэн болно.
Эдгээрээс хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон 248.000 төгрөгийг / хх 28, 79 / шүүгдэгч Д.Т-нгээс гаргуулж, хохирогч Ц.Э-д олгож, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ. Иймд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Д.Т нь хохиролд 450.000 төгрөг төлснийг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т-нгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЦБ-д гаргасан өргөдлийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн 190900185 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь тус дүүргийн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Т нь хохирогч Ц.Э-ыг цохиогүй гэж мэдүүлснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:
1. Ц.Э нь ЦБ-д гаргасан өргөдөлдөө Д.Тэмүүжинд зодуулсан талаараа / хх 05 / бичсэн.
2. Түүнд хууль сануулан хохирогчоор мэдүүлэг авахад Д.Т цохьсон болохыг / хх 18-22 / мэдүүлсэн.
3. Тухайн маргаан болох үед байсан гэрч Р.Батхишиг, Б.Төмөр нарт хууль сануулан мэдүүлэг / хх 24, 26 / авахад Д.Т нь Ц.Э-ыг зодсон болохыг мэдүүлсэн байна.
4. Шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан Ц.Эы биед учирсан гэмтэл нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүсгэгдсэн болохыг тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Т-нг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуун / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Т-нд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1.150.000 төгрөгөөр торгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Т-нгээс 248.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Э-д олгож, нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Д.Т-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ