Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00812

 

 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01746 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 78,083,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ББСБ ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/17-02 дугаар зээлийн гэрээгээр *******д 40,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, ****** байр, ******* тоот хаягт байршилтай, 39.47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нь сар бүр 2,244,714.01 төгрөг төлөх үүрэгтэй боловч уг үүргээ зөрчиж 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 4,150,000 төгрөг төлсөн.

Иймд *******өөс зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 33,823,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,260,000 төгрөг, нийт 78,083,333.33 төгрөг гаргуулж, сайн дураар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч зээл олгоход би анзааралгүйгээр хамтран эзэмшигч *******итгэмжлэл аваад итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурсан. Тухайн үедээ *******нь жилийн гэрээтэй гэж ойлгоод өнгөрсөн. Яагаад гэвэл итгэмжлэлийн хугацаа нь нэг жил байхад зээлийн гэрээний хугацаа хоёр жил байх боломжгүй. Итгэмжлэлийн нэг жил дуусахад дараагийн нэг жилийн хугацааг сунгах юм уу, шаардах эрхтэй ба нэхэмжлэгч байгууллага дахиж нэмэлтээр итгэмжлэл аваагүй, өөрөө гэрээгээ зөрчсөн.

Өнөөдрийг хүртэл миний хувийн шалтгаанаас буюу орлогын үүсвэр саатсан байгаа учраас би амлалт өгсний дагуу 54 сая төгрөгийн мөнгөн дүнг нь хүлээн зөвшөөрч байна. 40,000,000 төгрөг авсан бол 54,000,000 төгрөг болох нь гэрээний үндсэн хүү байх ёстой байх. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн нэмэгдүүлсэн үнийн дүнгийн хувьд тооцоолол байхгүй, яаж тооцоолсон нь ойлгомжгүй байгаа, тойм дүнгээр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******өөс 54,866,475.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 23,216,857.41 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 39.47 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 933,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 502,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 23,216,857 төгрөг буюу нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн дүнг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос зээл олгох тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий байгууллага бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй байна. Мөн шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нь хууль зөрчөөгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 23,216,857 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,083,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 54,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

 

3.******* ББСБ ХХК болон *******, *******нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь 40,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай шилжүүлэх, зээлдэгч *******, *******нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон, мөн хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 4,150,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

5.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 14,671,740.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,735.03 төгрөг, нийт 54,866,475.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 07 дугаар сарын 19-ний өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, сүүлийн байдлаар зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 33,823,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,260,000 төгрөг, нийт 78,083,333.33 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

5.1.Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцагчаас шаардсанаас үзвэл, тэрээр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх ба анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв дүгнэсэн.

5.2.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зээлийн үндсэн хүү - сарын дундаж 2.5 хувь, нэмэгдүүлсэн хүү - үндсэн хүүгийн 20 хувь, 1.8-д Энэхүү гэрээний хугацаа болон хавсралт-1 заасан төлбөр төлөх хугацаа дуусах нь зээлдэгчдийг төлж дуусаагүй зээлийн үлдэгдэл, түүнд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Анхан шатны шүүх гэрээ цуцлагдчихсан байхад хэтэрсэн хугацааны хүүг ямар эх сурвалж, баримтад үндэслэж ямар хувь хэмжээгээр тооцох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийн зохицуулалтаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ч зээлдэгч нь зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаанд зээлийн хүү, мөн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймээс нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаарх хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээг *******, *******нартай байгуулсан ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул хариуцагч *******өөс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.

 

7.Талууд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 39.47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон ба тус барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт зохигч гомдол гаргаагүй болно.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******өөс 78,083,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай гэж,

3 дахь заалтын ..56.2... гэснийг 56.1 гэж, ...502,482... гэснийг 548,367 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 274,035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Д.ЗОЛЗАЯА