Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00989

 

 

     

******* СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03589 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Хууль, эрх зүйн туслалцаа авч итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн зардал 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль, эрх зүйн туслалцаа авч итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн зардал 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...******* СӨХ нь *******ийн эзэмшиж байсан зоорийн давхарын өрөөг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхдээ хууль эрх зүйн зөвлөгөө авч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ажиллуулсан зардалд 2,000,000 төгрөг зарцуулсан ... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...******* СӨХ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах гэж заасан эрхээ хэрэгжүүлсний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэж тайлбарлан, талууд маргажээ. /хх-16/

 

4. Хэргийн 6 дахь талд авагдсан 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Гэрээ нэртэй баримтаас үзвэл, ******* нь СӨХ-г төлөөлж шүүх хуралд оролцох, холбогдох нотлох баримт гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, улсын тэмдэгтийн хураамж төлөх, ******* СӨХ нь шүүх ажиллагааны зардалд 2,000,000 төгрөг *******т олгох нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Итгэмжлэл нь хэлцлийн үндсэн дээр төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгодог бүрэн эрх бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар төлөөлүүлэгчийг төлөөлж байгаа тохиолдолд ажлын хөлс буюу хариу төлбөрийн асуудал яригдахгүй.

 

Түүнчлэн, ******* СӨХ болон ******* нар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгыг тодорхойлон гэрээ байгуулсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хохиролд тооцох хуулийн үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан гэх агуулгаар 2,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтанд тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ, 7.4 дэх хэсэгт Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч энэ хуулийн 7.3-т заасан саналыг үндэслэн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч зардал гарган хохирсон гэж үзэх боломжгүй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо ...******* шүүхийн шийдвэрийн дагуу подвалийг чөлөөлөөгүй, ...улсын тэмдэгтийн хураамж дахин төлж, зардал гарсан... гэжээ.

 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх ажиллагаа явуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 болон 59 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан эсэхээс тус тус шалтгаалан зохигчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг шүүх шийдвэрлэдэг тул дээрх асуудал нь талуудын маргаанд хамааралгүй болно.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, маргааны үйл баримтын талаарх дүгнэлт болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03589 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД