Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 10

 

 

Г.М, Т.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Ц-, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Тунгалаг, М.Хувцагаан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1193 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 809 дүгээр магадлалтай, 2015250001693 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч Г.М нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Г-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15-д заасан “Бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15-д заасан “Бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М, Т.Ц- нарыг бүлэглэж бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 22 жил хорих ял, Т.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 22 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 22 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 24 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Т.Ц-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 22 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 24 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 24 жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.11, 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Ц-д оногдуулсан 24 жил хорих ялын зарим болох эхний 5 жилийн хорих ялыг гянданд, үлдэх 19 жилийн хорих ялыг чангад дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Мгаас 2.323.420 төгрөг, Т.Ц-оос 2.323.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-, Г.М нарын тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, ялтан Т.Ц-, Г.М нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоож, тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 22 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.11, 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Ц-д оногдуулсан 22 жилийн хорих ялын зарим болох эхний 5 жилийн хорих ялыг гянданд, үлдэх 17 жилийн хорих ялыг чангад дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.6 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Мгийн хамт байгаа 0-1 насны хүүхдийг эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинг бүрдүүлсэн тусгай байр, нөхцөлөөр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, Г.М, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, ялтан Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, Д.Тунгалаг, М.Хувцагаан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.Ц- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...хүнийг хийгээгүй хэргийн төлөө, тодорхой нотлох баримтгүй, үзсэн харсан гэрчгүй байхад үндэслэлгүйгээр яллаж, Мгийн өгсөн худал бөгөөд тогтворгүй олон мэдүүлгүүд дээр үндэслэн намайг яллаж, онц хүнд зүйл ангиар ял шийтгэж байгаад гомдолтой байна. Хэрэв би уг хэргийг хийсэн бол шударгаар хүлээх байсан. 4 сарын хугацаанд ажлын хэсэг ажиллахдаа намайг төрсөн охиныхоо амийг хөнөөгөөгүй гэдгийг шалгаж тогтоосон. Гэтэл шүүх үндэслэлгүйгээр намайг Г.Мтай хамтарсан, бүлэглэсэн гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Анхнаасаа хэргийн тухай элдэв худал мэдээлэл цацагдаж байснаараа шүүхийн хараат бус байдалд, миний хувийн болоод эрх зүйн байдалд маш сөргөөр нөлөөлж байсан. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа Ц-ын, Мгийн, Ө-ын, Б-ийн мэдүүлэг гээд хэдхэн хуудас материалтай, 1 сар хүрэхгүй хугацаанд явагдаж дуусаад үндэслэлгүйгээр шууд ял тулгаж ялласан.

Хэргийн тухай үнэн зөвийг хэлсээр байтал Мгийн удаа дараагийн худал тогтворгүй мэдүүлэгт үндэслэн ялласанд гомдолтой байна. Хэргийн тухай худал шуугиан зохион байгуулалттай тарааж байснаар уг хэргийн шийдвэрт хэт яллах талыг баримталсан. Иймээс миний энэхүү гомдлыг хүлээн авч, шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон саналдаа: “...Ц- нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Миний үйлчлүүлэгчийг зөвхөн Мгийн мэдүүлгээр яллаж ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасантай зөрчилдөж байна. Ц-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналт, шүүх хуралдааны үйл ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан буруу агуулгатай мэдээлэлд хэт хөтлөгдөж автагдсан байдлаар явагдаж, эцэстээ гэм буруугүй хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Ц-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...миний бие талийгаач охиныг байнга тарчлаан, зовоодог байсан зүйл байгаагүй. Үхэлд хүргэсэн гэмтлийг хэн нь учруулсныг тогтоогоогүй бөгөөд зөвхөн гэрчийн мэдүүлгээр ялласанд гомдолтой байна. Намайг талийгаач охинтой зүй бусаар харьцдаг гэж мэдүүлэг өгсөн хүмүүс нь бүгд Т.Ц-той холбоотой хүмүүс байсан. М намайг зөвхөн яллах баримтыг л цуглуулж хэтэрхий нэг талыг барьж хавтаст хэрэг бүрдүүлсэнд, гэрч нарын мэдүүлгийг шалгаж, нягталж үзэлгүй ялласанд гомдолтой байна. ...талийгаач охиныг санаатайгаар алах ямар ч бодол санаа огт байгаагүй. Үнэхээр чин сэтгэлээсээ харамсаж байна. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийн үнэнийг олж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Мгийн өмгөөлөгч М.Хувцагаан хяналтын шатны шүүхэд гаргасан саналдаа:: “... Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу шийдвэрлэсэн. М нь хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй, хэргийг хэт нэг талыг барьж шалгасан гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна. М нь анх мэдүүлэг өгөхдөө надад нэг тамхи татуулаач гэж байгаад мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шалгасан гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхэд яагаад гомдол гаргасан бэ? гэхээр шүүгдэгч М нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед жирэмсэн 39-өөс 40 долоо хоногтой байсан. Жирэмсэн гэдгийг нь биеийн байцаалтад нь бичээгүй байсан. Мөн жирэмсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байгааг харгалзан үзээгүй. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх гэж байхад М нь төрсөн. Тухайн үед М нь төрөөд нялх биетэй байсан болохоор өмгөөлөгч миний бие Мгийн ялыг хөнгөрүүлж өгнө үү, мөн Өршөөлийн тухай хуулийг хэрэглэх боломжтой гэсэн үүднээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хүүхдийн эрх ашгийг анхаарч үзсэн. Бөөгийн зан үйлийг шүүгдэгч нар хамт хийсэн байдаг. Наранчимэгийг байлцуулж байгаад М бөөгийн зан үйл хийдэг, зарим үед Ц-, М нар хамт хийдэг байсан. Эрүүгийн хуульд шашны зан үйлтэй холбоотой гэсэн хуулийн заалт байдаг. Шүүгдэгч нарын хамтарсан үйлдлийн улмаас охин нас барсан гэдэг нь нотлох баримтаар нотлогддог. Гэм буруугүй Амаржаргал гэх охин хуягласан хамгаалалтад эхийн сүүгээр амлаж өсөж байна. Иймээс Мгийн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэрэг авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан. Хэргийг нотлох баримтын дагуу шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг бодит байдалд тохирсон үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл учруулсан хор уршиг шалтгаант холбоотой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх хуульд зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Г.М, Т.Ц- нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн 408 дугаар дүгнэлтэд “Ц.О нь гавал, тархины битүү гэмтэл. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэжээ.

Прокуророос энэхүү гэмтлийг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Г.М ганцаараа, мөн 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г.М, Т.Ц- нар бүлэглэн учруулж хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, шүүх хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд мөрдөн байцаалтад доорх ажиллагааг дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж үзэв. Үүнд:

 

Нэг. Хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл, түүнийг учруулсан цаг хугацааны талаар.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Г.М ганцаараа, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г.М, Т.Ц- нар бүлэглэж дахин нэмж гавал тархинд нь гэмтэл учруулсан, эсхүл Г.М эхний өдөр ганцаараа уг гэмтлийг учруулсан эсэхийг нарийвчлан шалгаагүй нь уг гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр эсхүл нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн эсэхийг шүүх тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

 

Тухайлбал, уг гавал тархины гэмтэл нэг удаагийн эсхүл хэд хэдэн удаагийн хүч үйлчилсний улмаас үүссэн эсэхийг нотлох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөв тогтооход ач холбогдолтой бөгөөд энэхүү нотлох чиг үүргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч, прокурор хүлээдэг хуулийн зохицуулалттай.

 

Мөн талийгаачид учирсан баруун уушгины няцрал гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах, гэмтэл авсан байж болох цаг хугацаа, хэн учруулсан байж болох зэргийг нарийвчлан шалгаагүй байна.

 

Иймд дээрх асуудлуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан тогтоох шаардлагатай байна.

 

Хоёр. Хохирогч Ц.О-ийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-ийн эмч эмнэлэгт хэвтүүлэлгүйгээр эцэг Т.Ц-од нь өгч явуулсан гэх үйл баримтын талаар.

 

Г.М хохирогч Ц.О-ийг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хүргэхэд хүүхэд таталттай ирсэн байх бөгөөд анхан шатны тусламж үзүүлэхэд таталт нь тавигдаж, хөдөлгөөний идэвхтэй болсны дараа 19 цаг 30 минутын үед ГССҮТ-д хүлээлгэж өгсөн байна. ГССҮТ-ийн эмч Б.Э хүүхдийг үзэж эмнэлэгт хэвтүүлэх гэтэл эцэг Т.Ц- хэвтэх боломжгүй гэж хэлснээр татгалзаж байгааг нь бичүүлж аваад хүүхдийг эцэгт нь өгч явуулсан байна. Хүүхэд тухайн үед гавал тархины битүү гэмтлийг авсан байсан бөгөөд уг гэмтлийнхээ улмаас нас барсан үйл баримт тогтоогджээ.

 

Үүнээс үзэхэд, эмчилгээ тэр даруй хийгдсэн бол Ц.О-ий амь насыг аврах боломжтой байсан эсэх, гавал тархины битүү гэмтлийг бүрэн оношлолгүй, эмнэлэгт хэвтүүлэлгүй явуулсан эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэв.

 

Гурав. Шийтгэх тогтоол болон магадлалын талаар.

 

Нэгдүгээр хэсэгт заасан ажиллагаатай уялдан Г.М, Т.Ц- нарын тус тусдаа талийгаачийг зодсон гэх үйлдэл, бүлэглэж зодсон гэх үйлдлийн алинаас нь талийгаачид дээрх үхэлд хүргэх гэмтэл учирсныг тогтоох шаардлагатай. Энэхүү ажиллагааг нотолж ирүүлээгүй байхад хэнийх нь үйлдлээс үхэлд хүргэх гэмтэл учирсныг ялгаж тогтоох боломжгүй гэж дүгнэн уг гэмтлийг бүлэглэж учруулсан гэсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нотлох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1193 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 809 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.М, Т.Ц- нарт холбогдох эрүүгийн 2015250001693 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, Г.М, Т.Ц- нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ