Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0049

 

2020 оны 01 сарын 16 өдөр           Дугаар 221/МА2020/0049                          Улаанбаатар хот

Д.Э-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д, гуравдагч этгээд Б.М нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Э-ы нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/76 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас Д.Э-ыг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.6 дахь хэсэг тус тус зааснаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй нь тухайн захиргааны актын засаж болохгүй алдаа гэж маргаж байсан.

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ энэ тохиолдолд зөвшилцөл хийх шаардлагагүй юм. Учир нь зөвшилцөл хийх  эрх бүхий албан тушаалтан, байгууллага ямар санал өгснөөс үл хамааран хүсэлт гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэн тэргүүнд тавигдах учир дээрх зөвшилцөл энэ тохиолдолд ач холбогдолгүй юм. Уг зөвшилцөл хийх талаарх зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг нэг талын буюу захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх тохиолдолд заавал хэрэглэх урьдчилсан нөхцөл, шаардлага юм гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.6 дахь хэсэгт “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх” гэж заасан байдаг. Энэхүү зохицуулалттай холбогдуулан тухайн чөлөөлөгдөх гэж буй албан тушаалтан өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд зөвшилцөхгүй байж болох талаар заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн чөлөөлөгдөх гэж буй албан тушаалтан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан эсэхээс үл хамаарч тухайн хуулийн заалт заавал хэрэгжих учиртай гэж үзэж байна. Учир нь хууль заавал биелэгдэх шинж чанартай байдаг.

Засаг дарга нь Д.Э-ыг чөлөөлөхдөө Байгаль орчны тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.6 дахь хэсэгт зааснаар яамтай зөвшилцөөгүй нь тухайн захиргааны актын засаж болохгүй алдаа бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь илт хууль бус болох үндэслэлтэй юм.

Мөн нэхэмжлэгч Д.Э-ыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед түүний нас 55 нас, 1 хоногтой байсан. Гэтэл шүүх түүнийг чөлөөлөгдөх үедээ 57 нас, 1 хоногтой байсан гэж буруу дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас гэж дүгнэсэнтэй санал нийлж байгаа хэдий ч, хариуцагч байгууллага нь 60 нас хүрээгүй төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзээд чөлөөлсөн нь буруу гээд энэхүү үндэслэл нь тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл бөгөөд илт хууль бус гэж үзэхгүй гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 9 дүгээр зүйлд тус тус зааснаар тэтгэвэр тогтоолгох нас гэж “60 нас”-ыг хэлсэн байхад 55 нас 1 хоногтой төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцогдох мөн үндэслэлтэй юм.

Хариуцагч байгууллага нь тухайн захиргааны актыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийн хүсэлтээ өгсөн эсэхээс үл хамааран Байгаль орчны тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.6 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж, салбарын яамтай зөвшилцсөн тохиолдолд тухайн байгууллагаас захиргааны актын энэ мэт алдаануудыг засаж, зөвлөлдөх, зөвшилцөх боломжтой байсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө бичиж өгсөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч байгууллагын дарамт шахалтын үүднээс бичиж өгсөн гэж маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2019/0024 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар захирамжаар “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д овогтой Э тэтгэвэрт гарах насанд хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн тул 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ... хууль тогтоомжид заасны дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”-оор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх актыг “... намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад чөлөөлсөн, уг захирамжид заасан тэтгэмжийг бүхэлд нь олгохгүй атлаа надад 36 сарын тэтгэмж олгох мэтээр шийдвэрлэж ажлаас чөлөөлсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д заасны дагуу зөвшилцөөгүй” гэсэн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д тус тус заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол ... өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар заасан шаардлагыг нэхэмжлэгч маргаан бүхий актыг гарах үед буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хангаж байсан болох нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. Улмаар нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Дээрх хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн нэхэмжлэгчийг өөрийнх нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “... тэтгэвэрт гарах нас болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлснийг илт хууль бус гэж үзэхээргүй байна.

Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар аймгийн Засаг дарга “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх” бүрэн эрхтэй байхаар зохицуулсан байх бөгөөд уг зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн энэ тохиолдолд заавал хэрэглэгдэнэ гэж үзэхгүй. Тиймээс хариуцагч байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй нь уг актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохооргүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс “захирамжид заасан тэтгэмжийг бүхэлд нь надад олгохгүй атлаа надад 36 сарын тэтгэмж олгох мэтээр шийдвэрлэж ажлаас чөлөөлсөн” гэж маргасан нь үндэслэлгүй. Маргаан бүхий актад “Д.Э-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тогтоолын дагуу тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон, уг буцалтгүй тусламжийн хэмжээ нэхэмжлэгчийн 36 сарын үндсэн цалингийн дундажтай дүйцээгүй нь акт илт хууль бусад тооцогдох үндэслэл болохгүй.

Учир нь хуулийн дээрх зохицуулалт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээний талаар зохицуулсан байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгчийн хуулиар зохицуулаагүй “хувийн тэтгэмж өгнө” гэх асуудлаар хариуцагч аймгийн Засаг даргатай тохиролцсон тухай тайлбарыг[1] шүүх хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 1-р хавтас, 204-р тал, 2-р хавтас, 140-р тал. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар.