| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 118/2024/0028/З |
| Дугаар | 001/ХТ2025/0037 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2025/0037
“Ц****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн
Яруу сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0061 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0074 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0149 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б****, Ж.Б****, хариуцагч Засаг дарга Б.Г****, Хурлын дарга Ө.Ц***, түүний өмгөөлөгч Б.Б**** (№***) нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Ц****” ХХК-аас Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдуулан “... Завхан аймгийн Яруу сумын нутагт байрших **** уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-**** дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах”;
1.1.Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” **** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” **** дугаар тогтоолоор: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус үндэслэн тус сумын Хэц-Улаан, Зүйл багийн нутагт орших “****” орчмын 3.252.7464 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ.
3.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.8, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус баримтлан Яруу сумын нутагт байрших **** уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-**** дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” **** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0061 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “... Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” **** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” **** дугаар тогтоолын нэхэмжлэгч “Ц****” ХХК-ийн Яруу сумын **** нэртэй газарт байрших хайгуулын тусгай зөвшөөрлийн 2564.17 га талбайгаар давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан байна.
5.Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ц****-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0149 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ц**** магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:
6.2.Гэтэл нэхэмжлэгчид Завхан аймгийн Алдархаан болон Яруу сумын нутагт байрлах **** нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-**** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр олгосон нь Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг зөрчсөн.
6.3.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-т заасан эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон ба энэ эрхийн хүрээнд **** дугаар тогтоолыг гаргасан. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т ““тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг, 11 дүгээр зүйлийн 11.1.26, 9 дүгээр зүйлийн 9.1.11-д тус тус заажээ.
6.4.Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор баталсан, тухайн талбайд багтсан Яруу сумын тодорхой хэсгийн газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, энэ талаараа эрх бүхий захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэний дагуу бүртгэлийн сандаа бүртгэсэн атлаа захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний талбайтай давхацсан байхад уг хэсгийг хасалгүйгээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт зарлаж, тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болжээ.
6.5.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26-д заасныг хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.4-т “Энэ хуулийн 10.1.20-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зөрчсөн гэжээ. (17.4.Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ)
6.6.Хариуцагч Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эрхийн хүрээнд газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ба 2018 онд Засгийн газрын тогтоолоор солбицол тогтоосон газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй, дээрх хуулийн 17.4-т зааснаар Засгийн газраас баталсан солбицлын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг ялгасны үндсэн дээр буюу тухайн тохиолдолд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол уг давхацсан талбайг хассаны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулах агуулгыг шүүхээс буруу тайлбарласан, үүнээс гадна 17.4 дэх заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон байхад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн сонгон шалгаруулалт зарласан үйл баримтад уг заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.
6.7.Дээр дурдсанаар нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарахаас өмнө орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг авсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх хуульд заасны дагуу үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх талаарх хуулийн зорилгыг буруу тайлбарлан, анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
6.8.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасан.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчээс Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах” тухай **** дугаар тогтоолыг (цаашид “Хурлын 2023 оны **** дугаар тогтоол” гэх) хүчингүй болгуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... иргэдээс санал аваагүй, газрыг тусгай хэрэгцээнд авахдаа ямар зориулалтаар авсан нь тодорхойгүй, хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний акт” гэж тодорхойлон маргажээ.
10.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан.
11.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, захиргааны “хэм хэмжээний акт” нь хуулиар тусгайлан эрх олгогдсон хүрээнд захиргааны байгууллага (албан тушаалтан)-аас гаргасан, нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах, гадагш чиглэсэн байх шинжүүдийг нэгэн зэрэг агуулсан байх бөгөөд энэ тохиолдолд, Хурлын 2023 оны **** дугаар тогтоол нь хэм хэмжээний актын үндсэн шинжийг хангаагүй байна.
12.Учир нь, Хурлын 2023 оны **** дугаар тогтоолын 1 дэх заалтаар “сумын ****, **** багийн нутагт орших “****” орчмын 3.252.7464 га газрыг тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэсэн нь нийтлэг тохиолдлыг бус нэг удаагийн тохиолдлыг зохицуулснаараа захиргааны актын тусгай тохиолдлын шинжийг агуулсан байна.
13.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэж зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн хаяглагдсан этгээдийн хүрээ нь өөр хоорондоо нийтлэг шинжтэй, эсхүл тодорхойлж болохуйц тооны хэд хэдэн этгээд байх боломжтой бөгөөд тус харилцааг хэм хэмжээний актаар бус, захиргааны актаар зохицуулах тусгай нөхцөлийг хуульчилсан.
14.Энэ тохиолдолд, Хурлын 2023 оны **** дугаар тогтоол нь сумын ****, **** багийн нутагт орших “****” орчмын 3.252.7464 га газрыг тусгай хэрэгцээнд авах зохицуулалтыг агуулсан нийтлэг шинжтэй бөгөөд тодорхойлж болохуйц этгээд буюу зөвхөн тус сумын “****” багийн нутагт орших ... ард иргэд, үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдэд чиглэгдсэн (эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлсон) үргэлжилсэн шинжтэй, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан захиргааны акт гэж үзэхээр байна.
15.Гэтэл анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д зааснаар маргаж буй ... Хурлын 2023 оны **** дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт” гэж дүгнэсэн нь буруу, давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөлгүйгээр “... **** дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд зааснаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, ... энэхүү нөхцөлөөр уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэлт хийж, актыг зөв тодорхойлж, хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэв.
16.Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийн дагуу маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх болон актын бодит үндэслэл болон түүний эрх зүйн үндэслэл хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0061 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2025/0074 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН