Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 156

 

“Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01476/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Бэсүд овогт А-ны Э-,

Хариуцагч Гөрөөчин овогт Ж-ийн Г-,

Хариуцагч Халх боржигон овогт М-ын У- нарт  холбогдох

          “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардал нийт 47.347.730 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагч А.Э-ы давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Э- нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлийн Ү-1310000627 дугаар улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 20 дугаар байр 37 тоот хаягт байрлах 2 өрөө байр, мөн өөрийн өмчлөлийн Ү-2003018479 улсын бүртгэлийн дугаартай, 000366712 гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, бурхантын 11 дүгээр гудамжны 10а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан 3,5 хувийн хүүтэй, 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь эхний 3 сар графикийн дагуу хүүний төлөлттэй байсан бөгөөд 3 дахь сарынхаа хүүг дутуу төлснөөс хойш хугацаа хэтэрсэн. Энэ үеэс хойш байнгын холбоотой байж, зээл төлөх талаар хэлж байснаар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийн хүү, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 427.000 төгрөгийн хүү тус тус төлсөн, одоог хүртэл үндсэн зээлээсээ төлөлт хийгээгүй байна.

Өнөөдрийн байдлаар зээлийн төлөлт хийгээгүй 212 хоног болж байна. Зээлийг төлүүлэх талаар маш олон удаа уулзаж, мэдэгдэл өгч байсан. Иймд үндсэн зээлийн төлбөр 30.000.000 төгрөг, зээлийн хүү 8.403.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975.000 төгрөг, нотариатын зардалд 14.000 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулсан 102200640 тоот барьцааны болон баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нийт 7.955.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд өмнөх шаардлагатай нийлээд нийт 47.347.730 төгрөгийг хариуцагч А.Э-, Ж.Г-, М.У- нараас гаргуулах хүсэлтэй байгаа. Үүнд Үндсэн зээлийн төлбөр нь 30.000.000 төгрөг, хүү 14.878.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.455.000 төгрөг, нотариатын төлбөр 14.000 төгрөг орж байгаа. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102200640 тоот барьцааны гэрээнд заасан Дархан сум, 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 181 мкв талбай бүхий газар, 141,04 мкв талбай бүхий хувийн орон сууцаар хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч М.Энхтайван, Ж.Г- нар шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             “Нэт капитал финанс корпораци”  ББСБ-аас 30.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлийн 2 байрыг барьцаанд тавьж авсан ба эхний 3 сар хүүг төлж байсан. Зээлээ хэтрүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага хугацаа сунгах талаар харилцан тохирсон байдаг. Гэтэл үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад нотариатын зардлыг нэмж байгааг зөвшөөрөхгүй байна. “Нэт капитал финанс корпораци” ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 7.955.000 төгрөгийг нэхэмжилснийг төлөх боломжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн, 6 сарын хугацаанд улс орны эдийн засгийн хямрал надад нөлөөлж, төлбөрийн чадваргүй болсон. Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацааны хүү тооцож байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э-, Ж.Г- нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 39.392.730 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч, байшин барьсан газраа барьцаа хөрөнгө болгон гэрээ байгуулсан. “Нэт капитал финанс корпораци” ББСБ-ын хүү нь маш өндөр байдаг, энэ хүү нь банкинд бол 1 жилийн хүү болж байгаа. Бидний зээлийн төлбөрөө төлж чадаагүй нь эдийн засгийн байдлаас болсон байгааг харгалзаж үзнэ үү. 7.955.000 төгрөг нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болж байгаа. Бид барьцааны шинэ гэрээ байгуулахад 39.392.730 төгрөгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх талаар тохиролцоогүй тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь сүүлд байгуулсан барьцааны гэрээнд хамааралгүй гэж бодож гарын үсэг зурсан гэж үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагыг гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр гаргуулах боломжгүй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э-, Ж.Г-, М.У- нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 47.347.730 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ-д олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ү-2003018479 улсын бүртгэлийн дугаартай, 000366712 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11 дүгээр гудамжны 10а тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Ү-1310000627 улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 20 дугаар байр 37 тоотод байрлах 28,95 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах, 181 мкв талбайтай, нэгж талбарын 080154840 дугаар бүхий газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ-аас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 354.914 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 142.230 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 102.455 төгрөгийг нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ-д буцаан олгож, хариуцагч А.Э-, Ж.Г-, М.У- нараас улсын тэмдэгтийн хураамжид 394.689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч А.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэрийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7.955.000 төгрөгийг эс зөвшөөрч байна.

            “Нэт капитал финанс корпораци” ББСБ-аас 30.000.000 төгрөгийн өөрийн өмчлөлийн 2 байрыг барьцаанд тавьж авсан. Ингэхдээ эхний 3 сарын хүүг бүрэн төлж байсан. Зээлээ төлөхгүй хэтрүүлсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага хугацаа сунгах талаар харилцан тохиролцсон. Гэтэл үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад нотариатын зардал нэмж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн 6 сарын хугацаанд улс орны эдийн засгийн хямрал надад нөлөөлж төлбөрийн чадваргүй болсон. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7.955.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч” Нэт капитал финанс корпораци”  Банк бус санхүүгийн байгууллага нь  хариуцагч  А.Э-, Ж.Г-, М.У- нарт холбогдуулан  үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 8.403.730,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  975.000 төгрөг, нотариатын зардал 14.000 төгрөг гаргуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагын  хүүгийн хэмжээг 14.878.730,00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг  2.455.000 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт  47.347.730  төгрөг гаргуулах, барьцаа  хөрөнгийг  дуудлага худалдаагаар худалдаж,  үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай  нэхэмжлэл гаргасныг,

            Хариуцагч  М.Энхтайван, Ж.Г- нар бид зээлээ төлж чадаагүй нь эдийн засгийн  байдлаас болсон, зээлээ  хэтрүүлсэн тохиолдолд  банк бус санхүүгийн байгууллага хугацаа сунгах талаар харилцан тохирсон, үндсэн хүүнээс гадна нэмэгдүүлсэн хүү  тооцож байгааг зөвшөөрөхгүй, мөн нотариатын зардал нэхэмжилж байгааг  зөвшөөрөхгүй  гэж маргажээ.

            Хариуцагч  нь 2015 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 30.000.000 төгрөгийг   сарын 3.5   хувийн хүүтэй, 6 сарын  хугацаатай  зээлийг  “Нэт капитал финанс корпораци”  банк бус санхүүгийн байгууллагаас  авсан байна.

            Зээлийн гэрээний  үүрэгт  Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11 дүгээр гудамж, 10а тоот 141.04 мкв талбай бүхий  хувийн орон сууц, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  2 дугаар баг, Гавшгай 20 дугаар байр, 37 тоот 2 өрөө орон сууцыг  тус тус барьцаалуулжээ.

            Зээлдэгч  нар  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ  зөрчиж, 2015 оны  12 дугаар сарын 05-нд  үндсэн зээл, хүү нийт  35.227.657,89  төгрөгийн  төлөлт хийхээс  4 удаа нийт 2.455.000 төгрөг төлсөн байна.

            Гэрээний хугацаа  2015 оны  12 дугаар сарын 05-нд  дуусгавар болсон боловч  нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлдэгчийн хүү төлөх  үүргийг  2016 оны 06 дугаар сарын 06-ны  өдрөөр тооцсон  нь   Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн байх  тул

нэхэмжлэгч нь  хариуцагч  нараас  зээлийн гэрээний үүрэг болон  гэрээний хугацаа  хэтрүүлсэн  хариуцлага  буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн  хүүг  шаардах  эрхтэй.

            Зээлдэгчийг   гэрээний хугацаа  хэтрүүлсэн  явдалд  зээлдүүлэгчийн   буруутай үйл ажиллагаа  нөлөөлөөгүй учир  хугацаа  хэтрүүлснээс үүссэн  үр дагаварыг  үүрэг гүйцэтгэгч  хариуцан арилгах  үүрэгтэй.

            Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг  түдгэлзүүлэхээр хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу  шийдвэрлэсэн  нь хариуцагчийг  хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх  үндэслэл  болохгүй.

            Анхан шатны  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд  заасан үндэслэл журмын дагуу үнэлж,  дүгнэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй маргааны харилцааг зохицуулсан  хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн  давж  заалдсан гомдлыг хангах  хуулийн  үндэслэл байхгүй байна  гэж  давж заалдах шатны  шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч  А.Э-ы давж  заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  А.Э-аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 142.230 төгрөг төлснийг  төрийн  сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ  

                           ШҮҮГЧИД                                                  Г.ДАВААРЕНЧИН 

                                                                                              С.ЭНХЖАРГАЛ