Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 06

 

Ш.*******, О.******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Прокурор Н.Ундрах

          Ялтан  Ш.*******

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа, Н.Нармандах

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолтой, Ш.*******, О.******* нарт холбогдох эрүүгийн 201616000150 тоот эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл, ялтны өмгөөлөгч Н.Нармандахын давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч Ш.*******, О.******* нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг, Зүүн сайхны 26-19 тоотод хохирогч Э.Шагжааг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Ш.*******, О.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.*******ийг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ш.*******ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т 11 /арван нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 11 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ш.*******ын цагдан хоригдсон 152 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, О.******* 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 см урттай, 62 см урттай 2 ширхэг мод, сандаль 1 хос, ерөөл нэртэй архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, О.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, О.*******, шүүгдэгч Ш.******* нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.******* хохиролд 3000000 төгрөг, О.******* сэтгэл санааны хохиролд 500000 төгрөгийг хохирогч Ш.*******д тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******аас гэм хорын хохиролд 426670 төгрөгийг гаргуулан хохирогч  Ш.*******д олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.******* нь сэтгэл санааны хохирол болон бусад зардал 6573330 төгрөгийн,  иргэний нэхэмжлэгч Ц.Мөнгөнгэрэл нь хүүхдийн тэтгэмж, сэтгэл санааны хохирол, хүүхдийн сурч боловсрох зардалд нэхэмжилсэн 50000000 төгрөгийн нэхэмжлэлээ тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар О.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, О.*******ийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Ш.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Улсын яллагчаас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх”, “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангаагүй, шүүгдэгч Ш.*******, О.******* нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд Э.Шагжааг согтуу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг санаатай алсан үйлдлийг тогтоосон нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, цагаатган, шүүгдэгч нарт ял завших боломжийг бий болгосон байна.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэргийн бүлэглэн үйлдэх нь хохирогчийг шууд алсан гэмт этгээдийн үйлдэл байхаас гадна хохирогчид хүч хэрэглэх замаар түүнд тус дэм болсон үйлдэл байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн субъект нь зөвхөн хамтран оролцсон болон зохих хүч хэрэглэсэн этгээд байна. О.******* нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт бүлэглэн оролцож хүч хэрэглэсэн байна.

Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр /хх-ийн 73-74 дүгээр хуудас/ Шагжаагийн цогцост үзлэг шинжилгээгээр духны зулгаралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлөг, бага тархи, тархины багана хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, 2 хажуугийн ховдол дахь цусан хураа бүхий хүнд гэмтэл, зүүн бөөрний өөхөн эслэг дэх цус хуралт бүхий хөнгөн, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхинд хөнгөн баруун мөрний зулгаралт хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.

Дээрх гэмтлүүд 4 удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байна. Энэ талаар шинжээч эмч мөрдөн байцаалт болон шүүхийн байцаалтанд тодорхой мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Ш.******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ эхлээд би талийгаачийг баруун гараараа толгойд 1 удаа цохьсон, дараа нь газар унаад босч ирээд хэвлий рүү нэг удаа хөлөөрөө өшиглөж жийсэн, хамгийн сүүлд дахиад толгойд баруун гараараа 1 удаа цохиход талийгаач газар унаад босч ирээгүй /хх-ийн 122-125-р хуудас/ гэж мэдүүлсэн.

О.******* 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “Би Шагжаа, ******* хоёрыг салгах гээд яваад очсон чинь Шагжаа намайг цохих гээд байхаар нь зөрүүлээд нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохьсон. /хх-ийн 132-р хуудас/ гэж мэдүүлсэнийг шүүгдэгч Ш.******* насанд хүрээгүй гэрч Б.******* нар давхар гэрчилж мэдүүлсэн байна. Дээрх нотлох баримтаар яллагдагч О.******* нь зодоонд оролцож талийгаач Э.Шагжаагийн нүүрэн тус газарт цохиж хүч хэрэглэсэн болох нь тогтоогдсон ба талийгаачид учирсан хамрын уг, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд болон доод зовхинд учирсан хөнгөн гэмтлийг яллагдагч О.******* цохиж учруулсан байна.

Талийгаачийн нүүрэн тус газарт учирсан хөнгөн гэмтлийг О.******* хүч хэрэглэн учруулсан байхад энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулж, О.*******ийг цагаатгасан нь “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-д заасныг  зөрчиж, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг буруу хэрэглэн, шүүгдэгчийг цагаатгасан байна.

Яллагдагч Ш.*******, О.******* нар нь бүлэглэн үйлдсэн хэргээ нуун дарагдуулах зорилгоор цагдаагийн машинд дотор ярьж тохирсон бөгөөд энэ талаараа Ш.******* 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “эхнээсээ *******тэй ярьж тохирсон болохоор тэгж мэдүүлсэн. Хэрэг болсоны дараа хэргийн газар дээр байхдаа би *******эд намайг 2 удаа цохьсон гэж хэлээрэй мөнгө төгрөгний асуудлыг чи шийдээрэй гэж хэлсэн. *******эд ярьж хэлсэн болохоор л хэрэг хүлээх болсон. ******* хохирогчийн ар гэрт мөнгө өгөхгүй байна гэхээр нь болсон хэргийг үнэн зөвөөр нь мэдүүлж байна” /хх-ийн 128-129-р хуудас/, О.*******ийн шүүхийн байцаалтанд цагдаагийн машинд сууж байхдаа ******* надад би хийсэн хэргээ өөрөө мэдэж байгаа чи хохирлын мөнгө хуваалцаж төлөөрэй гэж хэлсэн, мөн О.*******ийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд "******* хэргээ даана гэж хэлсэн. Харин намайг хохирлын мөнгөнөөс хуваалцаж төлөөрэй гэж хэлсэн гэж би *******ын аавд хэлсэн”, гэрч Ж.Шатарбатын ...бүлэг хэрэг болно гээд бид хоёр салсан. Би батлан даалтаар гарсан. ******* хэлэхдээ ******* намайг мөнгө цаас олж бай гэж хэлсэн гэж бид нарт ярьсан" /хх-ийн 69-р хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр хэргээ нуух зорилгоор анхнаасаа тохирсон тул Ш.******* анх О.*******ийг гэмт хэрэгт хамтран оролцсон талаар нууж мэдүүлэг өгч байсан боловч сүүлдээ хэргийн талаар үнэнийг мэдүүлж эхэлсэн байна.

Шүүх дээрх байдалд дүгнэлт хийлгүй О.*******ийг цагаатгаж, ял завшуулахад хүргэсэн. Мөн шүүгдэгч нар хэргээ нэг нь даах талаар ярьсан яриаг огт үгүйсгэхгүй байгаа нь О.******* гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг давхар нотлоно.

Талийгаач Э.Шагжаа нь хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байсан болох нь шинжээчийн №5931 дугаартай дүгнэлт, гэрч Д.Цогзолмаа, Б.*******, Н.Хүүхэн, Б.Мөнхжаргал, С.Оюун-Эрдэнэ, П.Батцэнгэл Ч.Амарсайхан, С.Эрдэнэ-Очир, Р.Отгонбат, яллагдагч О.*******, Ш.*******, шинжээч эмч С.Шүрцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх орчинтойгоо хэвийн харьцаад явж байсан гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн байна.

Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 14 дүгээр тогтоолд “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие мах бодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ, биеэ хамгаалж чадахгүй хүнд ...хүчтэй согтуурсан, мансуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна” гэж тайлбарласан байна.

Иймд шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэг, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг тус тус зөрчсөн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.8-д “...Хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-д “...Мөрдөн байцаагч ... өөрийн санаачилгаар энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авах ...эрхтэй” гэж заасны дагуу насанд хүрээгүй гэрч Б.*******ийг байцаасан нь хууль зөрчөөгүй.

 Насанд хүрээгүй гэрч нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээхгүй оролцдог субъект тул түүнд 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлан өгч, хүлээлгэх хариуцлагыг сануулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар "нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" тул нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч О.*******ийг яллах хууль зүйн үндэслэлгүй гэж хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт болох насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.*******тэй хамт нэг өрөөнд хоригдож байсан Б.*******г өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрчээр байцаахад ...******* хохирогчийг 2 удаа цохьсон гэж надад хэлсэн /хх-ийн 205-р хуудас/ гэж мэдүүлсэн байхад дээрх мэдүүлгийг үндэслэн гэрч Б.*******гийн мэдүүлгийг үгүйсгэж, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж, нотлох баримтыг үнэлээгүй нь үндэслэлгүй юм.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01 -ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.*******, О.******* нарт холбогдох 201616000150 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдолдоо: Ш.******* өөрийн ажлын байрандаа ажлаа хийж байхад хохирогч ирж түүнийг зодож эхэлсэнээс болж хэрэг үйлдэгдсэн байдаг. Ш.******* биеэ хамгаалах зорилгоор үйлдэл хийсэн ба хохирогчийг алах ямарч санаа зорилго байгаагүй бөгөөд үүнээс үзэхэд хохирогчийн амь насыг хохироох шууд санаатай үйлдэл Ш.*******ын үйлдлээс харагдахгүй байна.

Шүүгдэгч Ш.*******ын зүгээс хохирогчийг үхэлд хүргэх нөхцөл байдал хор уршигийг ухамсарлаагүй, үхэлд хүргэх үйлдэл хийгээгүй байх тул санаатай хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй юм.

Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж Ш.*******т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй “...Ш.*******ын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэж дүгнэн хүнд ял шийтгэл оногдуулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлтийг хийгээгүй түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд гэм буруугийн субъектив тал, хэргийн нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321, 322 дугаар зүйлд зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хүнийг санаатай алсан            үйлдлийг тогтоосон  нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, цагаатган, шүүгдэгч Ш.*******, О.******* нарт ял завших боломжийг бий болгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь:

О.******* нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт бүлэглэн оролцож, хүч хэрэглэсэн байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хүнд, хөнгөн гэмтлүүд 4 удаагийн үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байна. Талийгаачийн нүүрэн тус газарт учирсан хөнгөн гэмтлийг О.******* хүч хэрэглэн учруулсан байхад энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулж, О.*******ийг цагаатгасан нь "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-д заасан "Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ" гэснийг зөрчиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг буруу хэрэглэн, шүүгдэгчийг цагаатгасан байна. Ш.*******, О.******* нар нь бүлэглэн үйлдсэн хэргээ нуун дарагдуулах зорилгоор анхнаасаа тохирсон бөгөөд Ш.******* анх О.*******ийг гэмт хэрэгт хамтран оролцсон талаар нууж мэдүүлэг өгч байсан боловч сүүлдээ хэргийн талаар үнэнийг мэдүүлж эхэлсэн байна. Шүүх дээрх байдалд дүгнэлт хийлгүй О.*******ийг цагаатгаж, ял завшуулахад хүргэсэн байна. Мөн шүүгдэгч нар хэргээ нэг нь даах талаар ярьсан яриаг огт үгүйсгэдэггүй.

Талийгаач Э.Шагжаа нь хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болох нь шинжээчийн №5931 дугаартай дүгнэлт, Д.Цогзолмаа, гэрч Б.*******, Н.Хүүхэн, Б.Мөнхжаргал, С.Оюун-Эрдэнэ, П.Батцэнгэл Ч.Амарсайхан, С.Эрдэнэ-Очир, Р.Отгонбат, яллагдагч О.*******, Ш.*******, шинжээч эмч С.Шүрцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж орчинтойгоо хэвийн харьцаад явж байсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь буруу байна. Мөрдөн байцаагч нь насанд хүрээгүй гэрч Б.*******ийг байцаахдаа хууль зөрчөөгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасан үндэслэп журмын дагуу байцаалт авсан байна. Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай байна. Шүүх гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг үнэлээгүй нь буруу байна. О.*******, Б.******* нарын хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй гэрч Д.Мөнгөнбаярын мэдүүлгээр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч О.*******ийг цагаатгаж, шүүгдэгч Ш.*******ын хэргийн зуйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлж, ялтанд ял завших боломжийг олгосон байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаад оролцсон өмгөөлөгч Ц.Баярмаагаас: Улсын яллагчийн эсэргүүцлийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлаагүй учраас тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэсэн зүйлийг хэлж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй гэсэн зүйлийг хэлээд байдаг. Үүнийг өмгөөлөгч миний бие үзэхдээ тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх асуудал нь тухайн эрх бүхий албан тушаалтны өөрийн дотоод итгэл үнэмшлийн асуудал. Өөрөө үүнийг үнэлэх ёстой гэж үзсэн өөрийнхөө үзэмжийг шүүх заавал үүнийг үнэлэх ёстой гэж тулгаж болохгүй. Энэ маань өөрөө шүүгчийн хараат бус байдал, хөндлөнгийн нөлөөлөл гэдэг зүйлрүү орох учраас улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгчийн хувьд заавал ял халдаах гээд яриад байна. Хавтаст хэргийн хүрээнд хэний үйлдэл холбогдлын улмаас хэнд ямар гэмтэл учирчихсан бэ гэдэг нь хангалттай нотлогдчихсон байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Нармандах өмгөөлөгчийн гомдлын тухайд гэвэл үндэслэлгүй гомдол гаргасан байна гэж үзэж байна. Яг ямар асуудлыг нотлуулах гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй, тухайн асуудлыг нотлуулснаар ямар үр дүн гарах юм бэ гэдэг нь тодорхой дурьдагдаагүй байгаа учраас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ хэргийн хувьд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл байхгүй, буцаалаа гэж бодоход ямар хүнийг нэмж асуулгах юм, юуг тодруулах юм, мөн л нөгөө үндсэн асуудалруугаа холбогдох учраас Нармандах өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Н.Нармандахаас: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ж.*******ийг бүлэглэн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мэдүүлэг, гэрч Б.*******гийн мэдүүлэг, шүүгдэгч Ш.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, О.*******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлж, үнэлэлт дүгнэлтээ өгсөн байдаг. Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн хувьд өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ гаргаж мэдүүлэг авхуулсан. Миний гаргасан хүсэлтийг мөрдөн байцаагч хавтаст хэрэгт хавсаргаагүй байна лээ. Насанд хүрээгүй гэрч Б.******* нь хэрэг учрал болох үед байсан нь шүүгдэгч О.*******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар нотлогддог. Талийгаач надруу ирээд намайг шууд зодох гээд байхаар нь би тойрч зугтаасан. Мөн О.*******ийн сэжигтнээр өгсөн Шагжаа над дээр ирээд зодох гээд байсан, насанд хүрээгүй гэрч Б.*******ийн Шагжаа ах гэрээс гарч ирээд гэрийн довжоон дээр байсан төмрийг авч ирээд цохиж авах гээд байхад нь Бумаа ах төмрийг нь булааж авсан. Талийгаач гарч ирээд О.*******рүү довтолсон үйлдлийг насанд хүрээгүй гэрч Б.*******, шүүгдэгч О.******* хоёр хоёулаа мэдүүлдэг, мэдүүлгүүд нь ч таардаг. Тэгэхээр насанд хүрээгүй гэрч Б.******* хэргийн газарт байсан нь нотлогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учраас үнэлж, дүгнэх боломжгүй байна гэж дүгнэлт хийсэн байдаг. О.*******ийн мэдүүлэгт цагдаа хувцастай ах чи цохьсон биз дээ гээд загнаад байхаар нь би айгаад цохьсон гээд хэлчихсэн юм гэдэг мэдүүлгийг шүүх үнэлээд болоод байгаа юм чинь яагаад Ш.*******ын бид хоёр урьд нь тохиролцсон байсан юм. О.******* тохиролцсондоо байгаагүй, хохирлынхоо мөнгийг төлөөгүй болохоор би энэ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж эхэлж байна гэж хэлснийг нь үнэлж болдоггүй юм бэ. Мөн шинжээчийн дүгнэлт болон тухайн үед өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр хэрэг хийсэн нь нотлогдож байна гэсэн байдаг. Талийгаачтай хэн их зууралдсан нь их гэмтэл учруулна гэсэн өрөөсгөл ойлголттой байж болохгүй. О.*******ийн талийгаачийг цохисон  нэг удаагийн үйлдлээр ч энэ хэрэг гэмтэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан. Ш.*******т оногдуулсан ялыг хөнгөрүүлэх ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж О.*******ийг цагаатгасан шийдвэрийг гаргасан. Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийж чадаагүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг дутуу нотолсон байна гэж үзэж байна. Мөн миний бие мөрдөн байцаалтын шатанд О.*******ийн мэдүүлэг өгөх ажиллагаанд нь оролцсон. Тэгэхэд цэнхэр өнгийн хээтэй аяга мөрдөн байцаагчийн өрөөнд хураагдаж ирсэн байсан. Яг тэр аяга бол хэргийн газарт хэрэг үйлдэгдсэн гэрийн хойд талд биш хашааны зүүн урд булангаас хураагдсан байдаг. Тэр аяга яагаад хашааны зүүн урд булангаас хураагдсан бэ гэдэг асуудал бол эргэлзээтэй байна. Хашааны зүүн урд буланруу явсан хүн бол О.******* байдаг. Энэ байдлыг шалгаж тогтоогоогүй, энэ аягыг хурааж авчирсан хирнээ эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй байдаг. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Ш.*******аас: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх эсэргүүцэлд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

  1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн “Түүнчлэн энэхүү гэмт хэрэг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2016 оны 7 дугаар сарын 2-ны орой 20 цагийн үед гарсан болох нь ..тогтоогддог...” /хэргийн II хавтас, хх-73/ , “Иймд хэрэгт авагдсан дээрх мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.*******ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Болдбааатрыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.” /хэргийн II хавтас, хх-80/ гэсэн дүгнэлтүүдээс хэн, хэзээ, хаана, ямар гэмт үйлдлийг ямар аргаар хийсэн, уг үйлдлээс хэн хэрхэн хохирсон, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн болох зэрэг нь тодорхойгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ,  гэмт хэргийн шалтгаан нөхцөл...”-ийг тодорхойлно гэсэн тодорхойлох хэсгийн бичвэрийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэлт хийсэн боловч олж тогтоосон бодит байдлыг Эрүүгийн хуульд заасан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй харьцуулж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох болсон үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзлээ.

2. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд яллагдагч Ш.******* ...талийгаачийг тонгойгоод зогсож байхад ******* талийгаачийн толгойн хэсэг рүү юмаар цохьсон. Дараа нь намайг босч ирж байхад ******* талийгаачийн баруун шанаа руу цохьсон. Тэгээд талийгаач энд гэр налаад унасан гэж заав гэсэн тэмдэглэл /хх-32/, шүүгдэгч Ш.*******ын ...зүлгүүрийн машинаа унтраасан чинь намайг талийгаач цохиод авсан. Би зөрүүлээд цохисон. Талийгаач намайг зөрүүлж өшиглөөд унагаасан. Намайг газар ойчсон хойно ******* талийгаачийн араас ирээд юмаар талийгаачийг цохих шиг болсон. Би цохих чимээ гарсан учраас *******ийг юмаар цохичихлоо гэж бодсон. Тэгээд намайг боссоны дараа талийгаач гэдрэг хадаад унасан гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 46-р хуудас/, сэжигтэн О.*******ийн ...Шагжаа *******ын гэрээс гарч ирээд *******ын цээж рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь ******* зөрүүлээд Шагжааг цохиод авсан. Шагжаа *******ыг цохиод унагасан. ******* босч ирээд Шагжаатай барилцаж авсан. Тэр үед би салгах гээд яваад очсон. Салж өгөхгүй байгаад байсан. Тэгээд Шагжаа намайг цохих гээд байхаар нь би Шагжаагийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохьсон гэсэн мэдүүлэг /хх-132/, гэрч Б.*******гийн ...Би *******ээс та яасан юм бэ гэж асуусан чинь хоёр удаа цохьсон гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-205/ зэргийг харьцуулан дүгнэхэд тухайн хэргийн нөхцөлд О.******* нь талийгаачийн бие эрх чөлөөнд халдсан байж болохыг мэдүүлсэн байхад шүүхээс түүний үйлдэлд дүгнэлт хийлгүйгээр үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Мөн талийгаач Э.Шагжаагийн бие эрх чөлөөнд нь халдсан тэр агшинд хохирогч нь биеэ хамгаалж чадахгүй байсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр ... талийгаач Э.Шагжаа нь хүнд зэргийн согтолттой байсан нь маргашгүй үнэн боловч гэрч Б.******* /хх-47/, Н.Хүүхэн /хх-49/, Б.Мөнхжаргал /хх-50-51/, С.Оюун-Эрдэнэ /хх-52-53/, П.Батцэнгэл /хх-54/, сэжигтэн О.******* /хх-132/ нарын мэдүүлгүүдээр 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Э.Шагжаа нь өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан нь тогтоогдохгүй төдийгүй орчинтойгоо хэвийн харилцаанд явж байсан гэж /2-р хавтасны 79-р хуудас/ дүгнэлт хийсэн. Эдгээр нотлох баримт нь талийгаач  Э.Шагжаагийн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн туршид түүний явсан байдлыг нотолдог. Харин шүүх тухайн гэмт хэрэг гарах хугацаанд талийгаач өөрийгөө хамгаалах, хянах чадвартай байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсон байна.

Ш.*******, О.******* нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул ялтны өмгөөлөгч Н.Нармандахын “гэм буруугийн субъектив тал, хэргийн нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321, 322 дугаар зүйлд зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд улсын яллагчийн “шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчсөн” гэж бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолын 16 дахь хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийг баримталж бичсэн нь учир дутагдалтай болсон ба шүүх цагаатгагдсан этгээдэд гомдол гаргах эрхийг заах гэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.3 дахь хэсгийн заалтыг хэрэглэхээр байжээ.

 

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Ялтны өмгөөлөгч Н.Нармандахын “гэм буруугийн субъектив тал, хэргийн нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321, 322 дугаар зүйлд зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.*******, О.******* нарт холбогдох 201616000150 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол Ш.*******т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                                                                           Х.ГЭРЭЛМАА