| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/08107/И |
| Дугаар | 210/МА2025/00818 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00818
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01421 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 104,468,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******ХХК нь *******ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Үйлчилгээ авах гэрээ байгуулан ажилласан. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээг нэмж байгуулан ажилласан. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин Үйлчилгээ авах гэрээ байгуулан 2024 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын *******кэмпэд уурхайн ажиллагсдад өдөрт 3 удаа хоолоор хангах үйлчилгээ үзүүлсэн. Дээрх хугацаанд үйлчилгээ үзүүлэгч манай компани ямар нэгэн зөрчилгүйгээр гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний 7.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж ирсэн.
Иймээс Үйлчилгээ авах гэрээний үүрэгт 104,468,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж үү гэжээ.
2.Хариуцагч тайлбар гаргаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *******ХХК-аас гэрээний үүрэгт 104,468,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680,293 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 680,293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Мөн өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсныг мэдэн компанийн удирдлагад танилцуулж тус захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн албан ёсны мэйл хаягт /[email protected]/ явуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд гаргасан хүсэлттэй холбогдуулан хариу гарсан эсэхийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл лавлагааны ажилтнаас асуухад ерөнхий шүүгчийн туслахаас асуу..., тамгын газрын даргаас асуухад мэдээгүй байсан ба одоо хуваарилалтад оруулна гэсэн хариуг ерөнхий шүүгчийн туслах өгч байсан. Хүсэлтийн хариу өнөөдрийг хүртэл шийдэгдэж хариу өгөөгүй байгаа болно.
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагт хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ******* утсанд imessege-р явуулсан байсан. /зурвасыг хавсаргав/ Энэ үед /2025.02.02-нд явсан байсан/ миний бие эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчилгээтэй байсан ба энэ талаар хүсэлтээ холбогдох баримтуудын хамт тус шүүхийн албан ёсны мэйл хаягт /[email protected]/ явуулж давхар шүүгчийн туслахын утсанд viber-p зурвас бас үлдээсэн.
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус шүүх дээр очиж хурал хэзээ товлогдсон талаар асуухад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тухай сонссон. Ингээд шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж, хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаанаа холбогдох баримт, хүсэлтийн хамт шүүхийн албан ёсны хаяг явуулсан байхад шүүх хуралдаанд оролцох боломжоор хангахгүй яаран шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
*******ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаж тус нэхэмжлэлд 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш тухайн цаг хугацаанд хариуцагч компанид орж ирсэн санхүүжилтээр манайд төлөх ёстой гэрээний төлбөрийг төлөх болов уу гэж хүлээсэн хэдий ч төлөөгүй. Иймээс нэхэмжлэгч талаас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар хүсэлт гаргасан. Хариуцагч компанид 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл болон 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт дээрх хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн туслах руу байнга залгаж хариуцагч талаас ямар нэгэн мэдэгдэл ирсэн үү, хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгсөн үү, эвлэрэн хэлэлцэх талаар санал бодлоо илэрхийлсэн үү гэж тодруулж асуухад шинээр баримт нэмэгдээгүй гэх хариулт өгсөн.
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагт анхан шатны шүүх хуралдаан явагдсан. Тухайн үед 16 цагаас хойш 20 орчим минут хариуцагчийг хүлээсэн. Шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас утсаа авахгүй байна гэх хариу өгсөн. Хэргийн оролцогч нь шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотолж буй баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргийнхээ дагуу оролцох хангалттай хугацаа байсан боловч энэ хугацаанд оролцоогүй. Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн авсан ба шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан гэдгийг мэдсэнээс хойш огт хариу тайлбар гаргаагүй, шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ үндэслэлээр шүүхээс хариуцагчид хангалттай хугацаа олгосон байхад хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүйд шүүхийг буруутгах боломжгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 104,468,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд тайлбараа ирүүлээгүй байна.
3.*******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус тус Үйлчилгээ авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч *******ХХК нь уурхайн ажилчдын болон гадны зочид, томилолтоор ажиллагсдад хоол хүнсийг өдөрт 3 удаа бэлтгэн нийлүүлэх, түгээх үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч *******ХХК нь үйлчилгээний зардалд өдрийн 20-51 ажилтанд 1 хүний 60,000 төгрөг, 52-с дээш ажилтанд 1 хүний 55,000 төгрөг, шөнийн ээлжинд 1 хүний 15,050 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохиролцжээ.
Түүнчлэн талууд 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлэгч *******ХХК нь уурхайн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн болон гэрээт байгууллагын ажиллагсдын ажлын хувцас, цагаан хэрэгсэл, оффис, гэр, орчны цэвэрлэгээг бүрэн хариуцах, үйлчлүүлэгч *******ХХК нь үйлчилгээний зардалд өдрийн 20-51 ажилтанд 1 хүний 7 хоногт 45,000 төгрөг, 51-70 ажилтанд 1 хүний 40,000 төгрөгөөр тооцон төлөхөөр тохиролцжээ.
Талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцааны төрлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь оновчгүй болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ажиллагсдад хоол хүнс бэлтгэн нийлүүлэх, түгээх, ажиллагсдын ажлын хувцас, цагаан хэрэгсэл, оффис, гэр, орчны цэвэрлэгээг хийх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргийн агуулга нь ажлын үр дүн бус үйлчилгээ байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ажлын үр дүнг шилжүүлэх үүрэг хүлээх ба ажлын үр дүн нь гэрээний зүйл болж, ажлын эцсийн үр дүнд гүйцэтгэгч хариуцлага хүлээдэг.
Нэг талаас нэхэмжлэгч *******ХХК тохиролцсон үйлчилгээг үзүүлэх, нөгөө талаас хариуцагч *******ХХК хөлс төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байна. Иймээс талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй.
4.Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д гардуулж, түүнд эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч маргаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ *******ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, *******ХХК болон *******ХХК-ийн хамтран үйлдсэн 2024 оны 09, 10 дугаар сарын тооцоо нийлсэн актыг тус тус хавсарган ирүүлсэн ба шүүх тэдгээрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч нь гэрээний дагуу 2024 оны 09 дүгээр сард 25,000,000 төгрөг, 10 дугаар сард 64,650,000 төгрөг, 11 дүгээр сард 14,818,500 төгрөг, нийт 104,468,500 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэйг зөв дүгнэжээ.
Иймд шүүх хариуцагчаас 104,468,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан.
Шүүх 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн эзэмшиж буй ******* дугаарын утсанд зурвас бичиж мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчилгээтэй байсан талаарх хүсэлтээ холбогдох баримтуудын хамт тус шүүхийн албан ёсны мэйл хаягт, шүүгчийн туслахын утсанд вайбераар зурвас үлдээсэн гэж гомдолдоо дурдсан байх боловч 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагт шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч талаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт, баримт ирүүлээгүй байна. Харин шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахимаар хүсэлт илгээснийг хүлээн авч, энэ талаар тэмдэглэл үйлдэж, хэргийн 52 дахь талд хавсаргажээ.
Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн ба хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
6.Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/01421 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д... гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 680,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА