Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                                         

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Н, хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзул, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2  дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Д-н А, Таргад овогт М-н Х, Боржигон овогт Ц-н Н нарт холбогдох эрүүгийн 1909010300349 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн аялал жуулчлалын 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэ толгойн 1 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УК 00320207 / Хатиган овогт Д-н А, 

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн аялал жуулчлалын 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 16 дугаар төмөр зам гудамжны 16-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /  РД:  УП 00260220 / Таргад овогт М-н Х,

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн аялал жуулчлалын 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 104 дүгээр байрны 121 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УШ 01282369 / Боржигон овогт  Ц-н Н нар нь:

 

- Д.А, М.Х, Ц.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ки Эф Си” түргэн хоолны газрын гадна насанд хүрээгүй хохирогч Б.Дөлгөөнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 48 /

Насанд хүрээгүй хохирогч Б.Дөлгөөн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Аззаяагийн фэйсбүүкт тавьсан постноос болоод бид 2 маргалдахад Аззаяа миний духны хэсэгт гараараа нэг удаа цохиход хажууд нь байсан Хүслэн миний үснээс зулгаасан.  Нарангоо бас миний толгойн хэсэгт гараараа цохьсон. Би айгаад шууд зугтаасан. В1 давхрын цайны газар руу явах гэхэд миний араас Аззаяа үсдээд буцаагаад чирээд гаргасан. Аззаяа Ки Эф Си хоолны газрын гадна миний үснээс зулгааж, миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Бас сургуулийн цайны газрын гадна үсдэж чирсэн. Нарангоо Ки Эф Си-гийн гадна миний толгой руу гараараа хүчтэй нэг удаа цохьсон. Харин Хүслэн миний нүүр хэсэгт гараараа цохиж, маажсан гэжээ. / хх 6-7 /

 

Гэрч У.Ургамал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай хамаатны дүү Дөлгөөн над руу залгаад “ Аниа аа. Хүрээд ирээч. Намайг хүмүүс зодоод байна “ гэж хэлсэн. Би сургуулийнх нь орчим очиход Дөлгөөний үс нь арзайчихсан, сандарсан байдалтай, айчихсан ирсэн гэжээ. / хх 14 /

 

Гэрч С.Содгэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Аззаяа татаж байсан тамхиа Дөлгөөний хувцас руу нь шидээд Дөлгөөний урдаас үснээс нь үсдэхэд би Аззаяаг “ Гарнаас нь тавиа. Тайван бай “ гэж хэлсэн. Дөлгөөн Аззаяагаас салаад цаана очоод зогсоход Хүслэн, Дөлгөөний үснээс зулгаасан.  Нарангоо Дөлгөөнийг цохиж байсан. Дөлгөөн уйлаад зугтаагаад Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2 дугаар байрны В1 давхарын цайны газар руу гүйсэн. Би Дөлгөөн дээр очих үед Дөлгөөн цайны газар руу яг орох гэж байхад Аззаяа Дөлгөөний араас нь үсдэж, унагаагаад үснээс нь татаад чирч гаргаж ирсэн гэжээ.   / хх 17 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3043 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Дөлгөөний биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл бусад хүний болон өөрийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалдуулахгүй

6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ.

 

Шүүгдэгч Д.А-г 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

Шүүгдэгч М.Х-г 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-30 /

Өсвөр насны шүүгдэгч Ц.Н-г 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 35-36 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 51, 62, 69 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найз залуутайгаа хардаад түүнийг зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Эмчилгээний зардлыг төлсөн  гэв.

 

Шүүгдэгч М.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Найз Аззаяагаа өмөөрөөд түүнийг зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Эмчилгээний зардлыг төлсөн  гэв.

 

Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би буруу ойлгоод Дөлгөөнийг зодсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Эмчилгээний зардлыг төлсөн  гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дөлгөөний эмээ нь юм. Би энэ хүүхдүүдтэй очиж уулзахад намайг хүн гэж тоогоогүй. “Та шүүх, цагдаагаараа яв” гэж хэлсэн. Манай охиныг фейсбүүкээр доромжилсон байсан. Хэн нь ингэж бичсэнийг би мэдэхгүй байна. Эдгээр хүүхдүүд миний охиныг нэг бус удаа  зодсон. Үүнээс хойш миний охинтой зөв харьцаж, өөрсдийн биеэ зөв авч явах хэрэгтэй. Найзыгаа зөв зүйл дээр өмөөрөх хэрэгтэй. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, томографийн зураг авахуулсан 128.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Д.А, М.Х, Ц.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ки Эф Си” түргэн хоолны газрын гадна насанд хүрээгүй хохирогч Б.Дөлгөөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан үстэж чирэн, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хохирогч Дөлгөөнийг А, Н нар зодож байгааг харуулсан Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 48 /, ... А-гийн фэйсбүүкт тавьсан постноос болоод бид 2 маргалдахад А миний духны хэсэгт гараараа нэг удаа цохиж, Х миний үснээс зулгаасан.  Н бас миний толгойн хэсэгт гараараа цохьсон. Би айгаад шууд зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Дөлгөөний мэдүүлэг / хх 6-7 /, … Дөлгөөн над руу залгаад “ Аниа аа. Хүрээд ирээч. Намайг хүмүүс зодоод байна” гэхээр нь очтол Дөлгөөний үс нь арзайчихсан, сандарсан байдалтай, айчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч У.Ургамалын мэдүүлэг / хх 14 /, ...А татаж байсан тамхиа Дөлгөөний хувцас руу нь шидээд Дөлгөөний урд талын үснээс үсдсэн. Хүслэн, Дөлгөөний үснээс зулгаасан. Нарангоо Дөлгөөнийг цохиж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Содгэрэлийн мэдүүлэг / хх 17 /, ...Б.Дөлгөөний биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3043 дугаартай дүгнэлт зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А, М.Х, Ц.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.А, М.Х, хуульд заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгч Ц.Н нь насанд хүрээгүй учир түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, оролцоо зэргийг харгалзан түүнд албадлагын чанартай арга хэмжээ авч, тодорхой үүрэг хүлээлгэх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.А, М.Х, Ц.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, М.Х нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт Д-н А, Таргад овогт М-н Х, Боржигон овогт Ц-н Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч  Д-н А-г 500 / таван  зуун / нэгж буюу 500.000 төгрөгөөр, М-н Х-г 450 / дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 төгрөгөөр тус тус торгож, Эрүүгийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ц.Н-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Д.А, М.Х, Ц.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А, М.Х нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Н нь  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол  уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

6. Д.А, М.Х нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А, М.Х, Ц.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ