| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0478/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, Л.Одончимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,
Хохирогч Н.Б,
Иргэдийн төлөөлөгч И.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Гүрбатын Элбэгбаярт холбогдох эрүүгийн 1909006320309 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, “Дээд нарийн” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 14а тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ФА 89022403 / Боржигин овогт Г-н Э нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч хохирогч Н.Баярбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт цэнхэр өнгийн иштэй хутгаар 1 удаа хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /300мл/ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Баярбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Г.Э, хадам ээж Б.Энхтайван, хүүхдүүдийн хамт байж байсан юм. Хадам ээж Б.Энхтайван нь Г.Э бид 2-ыг “Хятад архи ууж үзэх үү” гэж асуусан. Тэгэхээр нь бид 2 зөвшөөрсөн. Тэгээд бид 3 хятад архинаас хуваагаад нэлээд их уусан. Удалгүй бид 3 согтсон байсан. Гадаа орой болсон цаг хэд болсныг хараагүй. Тэгсэн чинь Г.Э нь миний хуучин эхнэр Должинсүрэнг яриад надтай маргалдсан. Г.Э намайг “Ална шүү” гэж хэлэхээр нь “Чи алахгүй юу” гэж хэлсэн чинь Г.Э ширээн дээр байсан цэнхэр өнгийн иштэй хутгыг аваад миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан юм. Миний хэвлий хэсгээс цус гараад байсан. Г.Э нь гар утсаараа залгаад хүн хутгалсан талаараа өөрийн эгчдээ хэлээд байсан. Удалгүй Г.Э-ын эгч Эрхэмбаяр нь гэрт орж ирээд намайг эмнэлэг авч явна гэж хэлээд Эрхэмбаяр, хадам ээж Б.Энхтайван нар намайг машинд суулгаад Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан гэжээ. / хх 13-15 /
Гэрч Б.Энхтайван мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө би орон дээр Г.Э-ын хүү Э.Алдарыг унтуулах гээд гэрийн хана хэсэг рүү хараад хэвтэж байсан. Г.Э нь Н.Баярбатыг хуучин эхнэр дээрээ очсон гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Удалгүй Г.Э-ын том охин 8 настай Мичид нь “Эмээ. Эмээ. Энэ 2 хоорондоо зодолдоод байна. Ээж Батаа ахыг хутгалчихлаа” гэж хэлээд байхаар нь гайхаад эргээд хартал Баярбатын хэвлий хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь би цусыг тогтоох арга хэмжээ авсан. Г.Э нь орилоод Н.Баярбаттай хэрүүл хийгээд зогсоод байхаар нь би “Дуугүй бай” гэж хэлээд цааш нь Баярбатаас холдуулсан. Н.Баярбатаас “Цагдаа дуудах уу” гэж асуухад Н.Баярбат нь ээж дээрээ очно гэж хэлсэн. Удалгүй манай гэрт манай том охин Г.Эрхэмбаяр ирэхээр нь Г.Эрхэмбаярын машинд нь Н.Баярбатыг суулгаад түүний ээж Нараа гэгчийн гэрт аваачиж өгсөн гэжээ. / хх 21-22 /
Гэрч Д.Наранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Намайг гэртээ байж байсан чинь манай хүү над руу залгаад “Намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би худлаа тоглож байна гэж бодоод тоогоогүй. Тэгсэн чинь Н.Баярбатын хадам ээж, эгчтэй нь цуг манай хүүг аваад ирэхээр нь би аваад гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд тэндээс нь Цэргийн эмнэлэг дээр авч очсон юм. Юу болсон талаар огт мэдэхгүй байна гэжээ. / хх 23-24 /
Гэрч Г.Эрхэмбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-167 тоотод гэртээ унтаж байхад миний гар утас дуугараад байхаар нь хартал манай төрсөн дүү Г.Э-н гар утасны дугаар залгаад байсан. Тэгээд гар утсаа аваад ярьтал Г.Э-ын том охин Мичид нь “Ээж Батаа ахыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь “Наад хоёр чинь архи уусан байгаа юм уу” гэхэд “Тийн” гэж хэлэхээр нь “За. За. Би одоо очлоо” гэж хэлээд гэрээсээ шууд Г.Э-н гэрт нь очсон. Н.Баярбат нь орон дээр хэвтсэн, Г.Э нь нөгөө талын орон дээр хүүхдээ тэвэрсэн сууж байсан. Н.Баярбатын хэвлий хэсгээс цус юм шиг өөх шиг юм шиг юм гараад байхаар нь хөвөнгөөр дараад тогтоосон. Н.Баярбатаас “Эмнэлэг дуудах уу” гэж асуухад “Яах юм бэ. Эгчээ. Би өөрийн ээжийгээ дуудсан байгаа гэж хэлсэн. Н.Баярбат нь ээж рүүгээ утсаар залгаад байсан. Н.Баярбатын ээж гар утсаа авахгүй байсан. Н.Баярбатыг ээж бид хоёр Г.Э-н гэрээс авч гараад түүний ээжийн гэрт хүргэж өгсөн юм. Н.Баярбатын дүү нь такси дуудаад Н.Батбаярыг эмнэлэг аваад явсан гэжээ. / хх 25-27 /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 28-32 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 388 дугаар дүгнэлтэнд:
1. Н.Баярбатын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт / 300 мл / гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. / хх 37-38 /
Шүүгдэгч Г.Э-ыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 84-86 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 55 / зэрэг болно.
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Н.Баярбаттай хамтран амьдраад 7 сар болж байсан. Гэтэл Н.Баярбат хуучин эхнэртэйгээ хамт ажиллаад, эхнэр нь байнга утсаар хэрүүл хийж, элдвээр доромжлоод байсан. Тэр өдөр манай ээж хятдаас ирэхдээ авчирсан архийг бид 3 хувааж ууж байгаад Н.Баярбаттай энэ талаар ярьж хэрүүл маргаан болсон. Ингээд ширээн дээр байсан хутгаар түүнийг хутгалсан. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөний тал болох 120.000 төгрөгийг би төлсөн. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн эхнэрээс гэр бүлийн баталгаагаа салгаагүй байхдаа Г.Этай түүний гэрт хамтран амьдраад 6-7 сар болсон. Хааяа хүүхдүүдтэйгээ уулзахаараа гэртээ 2-3 хоночихдог байсан. Тэр өдөр бид гурав 0.5л хятад архийг хувааж уугаад би нилээн согтсон. Тэгээд Г.Э намайг хуучин эхнэртэй хардаад бид маргалдсан. Тэгээд Г.Э “ Намайг алчихна шүү “ гэхээр нь “ Албал алахгүй юу “ гэж хэлсэн. Гэтэл намайг хутгалсан байсан. Одоо миний бие зүгээр болсон. Би гэрлэлтээ цуцлуулахаар өрөгдлөө өгсөн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд Г.Эт торгуулийн ял оногдуулж өгнө үү. Миний буруугаас болж ийм хэрэг гарсан гэв.
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө согтуугаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч хохирогч Н.Б-ыг эхнэртэйгээ уулзлаа гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний хэвлийн тус газар 1 удаа хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /300мл/ бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
...Хадам ээж Б.Энхтайван нь Г.Э бид 3 хятад архи уугаад нилээн согтсон. Г.Э нь миний хуучин эхнэр Должинсүрэнг яриад надтай маргалдаад “ Ална шүү “ гэхээр нь “ Чи алахгүй юу “ гэж хэлсэн чинь Г.Э ширээн дээр байсан цэнхэр өнгийн иштэй хутгыг аваад миний биеийн хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Баярбатын мэдүүлэг / хх 13-15 /, ... Г.Э нь Н.Баярбатыг хуучин эхнэр дээрээ очсон гээд хэрүүл хийгээд байсан. Удалгүй Г.Э-н том охин 8 настай Мичид нь “ Эмээ, эмээ. Энэ 2 хоорондоо зодолдоод байна. Ээж Батаа ахыг хутгалчихлаа “ гэж хэлэхээр нь эргээд хартал Баярбатын хэвлий хэсгээс цус гараад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Энхтайваны мэдүүлэг / хх 21-22 /, ...Манай хүү над руу залгаад “Намайг хутгалчихлаа” гэхээр нь би худлаа тоглож байна гэж бодоод тоогоогүй. Тэгтэл Баярбатыг хадам ээж, эгчтэй нь цуг аваад ирэхээр нь би аваад гэмтлийн эмнэлэг явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг / хх 23-24 /, ... Г.Э-н том охин Мичид нь “ Ээж Батаа ахыг хутгалчихлаа “ гэж хэлэхээр нь “Наад хоёр чинь архи уусан байгаа юм уу “ гэхэд тийн гэж хэлэхээр нь Г.Э-н гэрт нь очиход Баярбат нь орон дээр хэвтсэн, хэвлий хэсгээс цус юм шиг өөх шиг юм шиг юм гараад байхаар нь хөвөнгөөр дараад тогтоосон. Н.Баярбатыг ээж бид хоёр түүний ээжийн гэрт хүргэж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Эрхэмбаярын мэдүүлэг / хх 25-27 /, ....Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 28-32 /, ... Н.Баярбатын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт / 300 мл / гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 388 дугаар дүгнэлт / хх 37-38 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, эмчилгээний зардлаас зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, асрамжинд нь бага насны хүүхэд байдаг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос доошгүй хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүгдэгч Г.Э нь ам бүл 4, эх Б.Энхтайван, 2 хүүхдийн хамт амьдардаг тул түүний 2011 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн охин Э.Мичид, 2017 оны 07 дугаар сарын 18-д төрсөн хүү Э.Алдар нарыг эх Б.Энхтайваны хараа хяналтанд үлдээж, Б.Энхтайван нь шаардлагатай гэж үзвэл Засаг даргад хандаж асран хамгаалагчийг тогтоолгох нь зүйтэйг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Г-ын Э-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 / гурав / жил 5 / тав / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Э-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш цэнхэр өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Г.Э-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Л.ОДОНЧИМЭГ