| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04171/И |
| Дугаар | 210/МА2025/00990 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00990
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02900 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие нь хамаатны дүү болох *******ын гуйлтаар 2016 оны 04 сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн. Ингээд өөрийн данснаас 40,000,000 төгрөг авч, *******ны данс нээлгэн *******ын шилжүүл гэсэн данс руу 2016 оны 04 сарын 22-ны өдөр 3,000 ам.доллар, 2016 оны 05 сарын 22-ны өдөр 10,000 ам.доллар тус тус шилжүүлсэн.
1.2. Үүнээс хойш зээл, хүүгээ төлөөгүй, 2016 оны 12 сарын 19-ний өдөр нотариат дээр уулзаж зээлсэн 30,000,000 төгрөг болон 13,000 ам.доллар буюу нийт 50,000,000 төгрөгийг зээлсэн талаар гэрээ байгуулсан. Тус гэрээнд 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл сарын 2 хувийн хүүтэйгээр буцаан төлөх нөхцөлийг тусгасан. Зээлийн хугацаа дуусахад зээлсэн мөнгө болон хүүгээ төлөөгүй тул дахин 2017 оны 07 сарын 25-ны өдөр уулзаж, гэрээний хугацааг 2018 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан боловч төлбөрөө төлөөгүй.
1.3. Ингээд зээл 50,000,000 төгрөг, 2016 оны 12 сарын 19-ний өдрөөс 2018 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хүү 16,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөг болсон. Үүнээс 2020 онд 10,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 20,00,000 төгрөг төлж, 46,000,000 төгрөг үлдсэн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2016 онд нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг зээлж, форексийн арилжаа хийлгүүлэхээр ******* гэх хүнд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь адил нөхцөлөөр ******* гэх хүнд өөрийн нэрээр 13,000 ам.долларыг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримтаар тогтоогддог.
Гэтэл дээрх этгээд нь арилжааны явцад алдагдал хүлээж, бидний шилжүүлсэн мөнгийг алдсан гэх ба уг этгээд нь мөн оны 10 сар орчимд нас барж, бидний мөнгийг буцааж өгөх боломжгүй болсон.
Дээрх форексийн арилжааны хэлцэлд талууд өөр өөрсдийгөө төлөөлөн оролцож, тус тусын шийдвэрийг гаргаж, *******д мөнгө шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн 13,000 ам.долларын хэлцэлд хариуцагч оролцоогүй, буцаан төлөх үүрэг хүлээгээгүй.
2.2. Харин нэхэмжлэгчээс зээлсэн 20 сая төгрөгийг буцаан төлсөн болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл юм.
Иймд дээрх хуулийн заалтыг зөрчсөн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Миний хувьд ******* гэх хүнийг танихгүй, *******д бүх мөнгөө өгсөн. Нотариат орохын өмнө ******* нь иргэний үнэмлэхээ мартсан байна, та *******тай гэрээ байгуулчих, дараа нь хоёулаа нөхөж байгуулъя гэсэн, би баримттай үлдэхийн тулд гэрээ байгуулсан.
4.2. ******* 50,000,000 төгрөг авч *******д өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, баримт үйлдсэн байхад шүүх үндэслэлгүй гэж шийдсэнд гомдолтой байна.
4.3. Миний бие хадгаламж барьцаалж зээл авсан, уг зээлээ өөрөө төлж дуусгасан, ******* зээлээ төлөхгүй хохироож байна иймд хүү, алданги зэргийг 2023 оны байдлаар нэмж тооцон 62,000,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэгдүгээрт, хэрэгт авагдсан нотлох баримтаар, анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд 20,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон гэдэг ба үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрөөд, буцаан төлсөн гэж тайлбарладаг. Хоёрдугаарт, 13,000 ам.долларыг хариуцагчид зээлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулдаг. Гэхдээ хариуцагч талаас би үүнийг хүлээж аваагүй, тухайн үед ******* гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаад тэр хүнд олгосон, тийм учраас ******* гэх хүн зээлсэн учраас хариуцагч хариуцах шаардлагагүй.
Давж заалдах гомдол гаргахдаа 30,000,000 төгрөг зээлсэн гэж дурдсан нь хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Нотлох баримтаар харвал 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба үүнийг буцаагаад төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, талууд үүн дээр маргахгүй. 10,000 ам.доллар, 3,000 ам.долларуудыг Ирланд улсын Дублин хотод байрлах Avatrade гэх гадаадын компанийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагчаас авсан юм уу гэхээр нэхэмжлэгч болон ******* гэдэг хүн нотариатад очоод зээлийн гэрээ байгуулаад, энэ мөнгийг өгч, авсан.
5.2. Хариуцагч талаас шүүхэд хүсэлт гаргаад зээлийн гэрээг нотлох баримтаар гаргуулж авъя гэж зээлийн гэрээг нотлох баримтаар авсан. Харамсалтай нь 2016 оны 10 дугаар сард ******* нас барсан. Хариуцагч 20,000,000 төгрөгийг зээлээд *******д шилжүүлсэн учраас тэр мөнгөө өөрөө хариуцаад бага багаар төлж дуусгасан. Нэхэмжлэгч нь 13,000 ам.долларыг *******д зээлдүүлсэн, зээлийн гэрээ байгуулсан гэдгээ мэдэж байгаа. Бид 13,000 ам.долларыг аваагүй, тэр мөнгө нь Avatrade гэх гадаадын компанийн данс руу шилжүүлсэн, талууд зээлийн гэрээ байгуулсан учраас бид хүлээхгүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... уг мөнгөн төлбөр өөрт хамааралгүй форексийн арилжаа хийлгэх зорилгоор ******* гэх хүнд өгсөн ..., ... зээлсэн 20,000,000 төгрөгөө төлсөн ... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 38,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.1. *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр ******* нь 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, ******* нь үндсэн зээл, сар бүрийн хүүгийн хамт 2012 оны 12 сарын 25-ны өдөр бүрэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-43/
4.2. Талууд 2016 оны 12 сарын 19-ний өдөр ******* нь *******д 50,000,000 төгрөгийн зээлийг 2016.08.19-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүүтэй, 2017.05.01-ний өдөр буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээл олгов. Зээлийг хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 0.1 хувийн алданги тооцно. гэсэн баримт үйлдэж, зээлдүүлэгч *******, зээлдэгч ******* гэсэн нэрний ард тус тус гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх-5/
4.3. Хавтаст хэргийн 42 дахь талд 2017 оны 07 сарын 25-ны өдрөөр огноолсон ******* сумын ЗДТГ-ын нотариатын үүрэг гүйцэтгэгчид: *******, ******* *******ийн иргэн ******* нь ******* ******* , ******* хаягт оршин суух *******д 50,000,000 төгрөгийн зээлийг 2017.05.01-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүүтэй, 2018.05.01-ний өдөр төлөх нөхцөлтэйгөөр зээл олгов. Энэхүү зээлийг 2016.12.19-ний өдөр хийсэн гэрээгээр төлөх нөхцөлтэй байсан боловч төлөөгүй учир хугацааг сунгав. Зээлдүүлэгч *******, зээлдэгч ******* гарын үсэг зурсан бичгийн баримт авагджээ. /хх-42/
4.4. Хавтаст хэргийн 4 дэх талд ******* овогтой ******* нь ******* овогтой *******д 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 2017.05.01-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүүтэй 2018 оны 05 сарын 01-ний өдөр төлөх нөхцөлтэйгөөр зээл олгов. Энэхүү зээлийг 2016.12.19-ний өдөр хийсэн гэрээгээр төлөх нөхцөлтэй байсан боловч төлж чадаагүй учир хугацааг сунгав. ******* 2017.07.25, зээлдүүлэгч *******, зээлдэгч ******* гэсэн нэрний ард тус тус гарын үсэг зурж, баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн бичгийн баримт авагдсан байна.
4.5. ******* нь 2019 оны 03 сарын 03-ны өдөр ******* эгчээс ******* миний бие 2016 онд форекс арилжаа хийдэг хүнд хөрөнгө оруулалт хийхээр 40,000,000 төгрөгийг зээлж авч иргэн *******д өгсөн. Тэр хүн нь 2016 оны 10 сард нас барсан тул ******* миний бие төлөхөөр болсон юм. Үүн дээр хүүг нэмж төлнө. 2016 оноос тогтсон ажилгүй явсан тул төлж барагдуулж чадаагүй. Одоо 2019 оноос ажилтай болсон тул хувааж төлөхөөр тохиролцов. Банкны хүү 18,000,000 төгрөгийн хүү нэмж төлнө гэжээ. /хх-6/
4.6. ******* нь 2016 оны 04 сарын 22-ны өдөр 3,000 ам.доллар, мөн оны 05 сарын 22-ны өдөр 10,000 ам.доллар тус тус өөрийн нэрээр Barclays банкны тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 9-10 дахь талд авагдсан ******* ХК-ийн гадаад гуйвуулгын шилжүүлгийн даалгавар баримтаар тогтоогдсон.
4.7. Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ы ******* банк дахь ******* тоот данс руу нь 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь ******* банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-7-8/
4.8. Хариуцагч талын ...2016 онд нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг зээлж, форексийн арилжаа хийлгүүлэхээр ******* гэх хүнд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь адил нөхцөлөөр ******* гэх хүнд өөрийн нэрээр 13,000 ам.долларыг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн ..., дээрх этгээд нь арилжааны явцад алдагдал хүлээж, бидний шилжүүлсэн мөнгийг алдсан гэх ба уг этгээд нь мөн оны 10 сар орчимд нас барж, бидний мөнгийг буцааж өгөх боломжгүй болсон. гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
Хэргийн дээрх нотлох баримтуудаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин хариуцагч ******* нь 2019 оны 03 сарын 03-ны өдөр иргэн *******д шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хүү 18,000,000 төгрөгийн хамт төлөх үүргийг хүлээсэн баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан мөнгөн төлбөр төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.
Хариуцагч ******* нь мөнгөн төлбөрийн үүргээс 20,000,000 төгрөг төлсөн байх тул үлдэх 38,000,000 төгрөгийн үүргээ гүйцэтгэхийг дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй байна.
5. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхээ анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бөгөөд мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар зохигч нь давж заалдах гомдлын үндэслэлдээ анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. Иймээс хүү, алдангийг 2023 оны байдлаар нэмж тооцон 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02900 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 38,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******аас 347,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД