Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00860

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/01682 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******нарт холбогдох

Хэлцлүүдээс татгалзаж, орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж, орон сууц хөлсөлсний төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие *******ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь ******* хотхон орон сууцны хорооллын ******* блок 122 дугаар байрны ******* давхарт *******тоотод байрлах, 96.08 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь 1 м.кв 3,300,000 төгрөг, нийт 317,064,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Би тус гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд тухайн барилгыг улсын комисс хүлээн авснаар гүйцэтгэгч талын эрх бүхий этгээдтэй 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууцаа хүлээлцэн түлхүүрээ гардан авч, өөрийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэн авсан. Харин захиалагч надаас үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэгч *******ХХК орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөг хүртэл гаргаж өгөөгүй.

1.2.Миний хувийн бизнест яаралтай мөнгө хэрэгтэй байсан тул анх авсан үнээр орон сууцыг борлуулахаар зар өгсний дагуу *******ирж уулзсан. *******нь урьдчилгаа 20 хувийг төлж, үлдэх хэсгийг орон сууцны гэрчилгээ гармагц банкны зээл авч төлөх санал тавьсан. Тухайн үед бид нотариатчаас зөвлөгөө авахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй бол худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүйг тайлбарласан. Тэр үед нь би 20 хувийн урьдчилгаа төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй хойшлох тохиолдолд надад хохиролтой юм байна, 100 хувь бэлэн мөнгөөр авах хүнд л зарах нь дээр юм байна гэдгийг хэлж тайлбарласан боловч *******эхнэрийн хамт *******ХХК-аас асууж тодруулсан, 03 дугаар сард багтаж, захиалгын төлбөрөө төлсөн хүмүүсийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарна гэсэн, хамт очиж уулзъя гэсний дагуу тус компанийн ерөнхий захирал *******тай уулзахад гэрчилгээ 04 дүгээр сард багтаж гарна гэж хэлсэн. Миний зүгээс энэ асуудал надаас хамаарах асуудал биш учраас бидэнд албан ёсоор бичгээр хариу өгөхийг хүссэний дагуу бичиг хийж өгснийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан.

Ингээд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******тэй орон сууц худалдах, худалдан авах хэлцэл үйлдэж, орон сууцны үнийг 326,000,000 төгрөг байхаар тогтон, урьдчилгаа 20 хувь болох 64,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн тул үлдэгдэл төлбөр 262,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдийн дотор багтаан төлөхөөр харилцан тохиролцсон. Тухайн хугацааг тавьсан нь гэрчилгээ гарах эсэх нь надаас хамаарахгүй учраас өөрт хохиролгүй гэдэг үүднээс хугацаа тавьж байгаа гэдгээ тайлбарласан. Орон сууцыг *******, ******* нарт 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн. *******ХХК нь орон сууцны гэрчилгээ 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаж гарна гэсэн боловч хэзээ гарах нь тодорхойгүй болж, талуудын тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 15 гэдэг хугацаа өнгөрч, би цаашид хүлээх боломжгүй болохоо тэдэнд хэлж байр суллаж өгөхийг шаардан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 64,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлж, үлдэх хэсгийг байраа хүлээлцэх үед аливаа эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг харгалзан шийдэхээ, мөн түрээсийн төлбөр авах талаар мэдэгдсэн.

1.3.Ингээд 50,000,000 төгрөгийг худалдан авагчид буцаан шилжүүлж, байраа буцаан хүлээж авахаар уулзтал бидэнд хэзээ гэрчилгээ гарах нь хамаагүй, зээлэнд хамрагдахгүйгээр байрны төлбөрөө төлье гэж *******, ******* нар надаас дахин дахин гуйсан. Үүнийг харгалзан 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тэдэнтэй дахин бичгээр хэлцэл хийж, худалдан авагч нар 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлбөрийн 80 хувь буюу 260,800,000 төгрөгийг худалдагч надад төлж, үлдэх 20 хувийг гэрчилгээ гарснаар зээл авч төлөхөөр дахин тохиролцсон. Тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн орон сууцыг чөлөөлж өгөх, чөлөөлөх хүртэл хугацаанд байрны 1 сарын түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцон төлөхөөр харилцан тохиролцсон. Уг хэлцэлд ******* гарын үсэг зураагүй, гэр бүлийн хүн тул нөхрөө төлөөлж *******гарын үсэг зурсан. *******, *******нарын өмнө төлсөн 64,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг сүүлийн хэлцэл байгуулагдахаас өмнө би буцаан шилжүүлсэн байсан бөгөөд түүний үлдэгдэл 14,000,000 төгрөг байсан. Сүүлийн хэлцэл байгуулагдсанаас хойш худалдан авагч нар 124,000,000 төгрөгийг төлж, нийт 138,000,000 төгрөгийг худалдагч талд буюу надад шилжүүлсэн. 124,000,000 төгрөгийг эхнэрийн данс руу шилжүүлсэн.

1.4.Бидний хооронд Иргэний хуулийн 243, 264 дүгээр зүйлүүдэд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэлцэл хийгдсэнээс хойш худалдан авагч тал нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс худалдагч миний эрх ашиг хохирсон. Тухайн орон сууцны гэрчилгээ гараагүй байгааг худалдан авагч нар анхнаасаа мэдэж, өөрсдөө хүсч худалдан авсан бөгөөд орон сууцны гэрчилгээ гарсан эсэхээс үл шалтгаалан орон сууцны үнийн 80 хувийг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор худалдагч надад төлөх үүрэг хүлээсэн. Худалдан авагч талд нэмэлт хэлцлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч тал тухайн орон сууцыг эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадаагүй. Төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч миний шаардлагыг сүүлдээ үл тоомсорлож өдий хүрлээ.

Хуулийн дагуу талуудын хооронд байгуулагдсан хэлцлүүдээс татгалзаж байгаа тул хариуцагч *******, *******нарыг Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ******* хотхон, орон сууцны хорооллын ******* блок 122 дугаар байрны ******* давхар ******* тоотын 96.08 м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү.

1.5.Миний бие уг 96.08 м.кв талбай бүхий шинэ орон сууцыг зах зээлийн ханшаар хөлслүүлсэн бол сарын 2,5-3,5 сая төгрөгөөр тооцох боловч 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хэлцлээр тохирсон учраас сарын 1,800,000 төгрөгөөр тооцон 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт нийт 18,240,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлээр бид *******гаас тухайн орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 20 хувь буюу 64,000,000 төгрөгийг төлж, 80 хувь болох 256,000,000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар банкны зээлээр төлнө гэж тохирсон. Учир нь, ******* болон *******ХХК-ийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор орон сууцны гэрчилгээ гарна гэх тайлбарыг амаар болон бичгээр өгч байсан тул бид үүнд нь найдсан. Бид уг байрны урьдчилгаа төлбөрийг өөрсдийн өмчлөлийн 2 өрөө байраа зарж бүрдүүлсэн. Мөн уг байранд засвар хийсэн. *******д байрны урьдчилгаа төлбөрт нийт 138,000,000 төгрөгийг төлсөн.

2.2.*******гийн эхнэр 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *******рүү манай дүү Худалдаа хөгжлийн банкинд зээлийн эдийн засагч, ипотекийн зээл гаргаж өгч болно гэсэн, маргааш очоод уулзчих, гэхдээ *******гийн аваачиж байгаа бичиг дээр гарын үсэг зураад өгчих гэсэн тул уг өдрийн хэлцэл гэх баримтад *******гарын үсэг зурсан. *******ы гарын үсгийг *******зурсан. Худалдаа хөгжлийн банкинд очиж уулзахад гэрчилгээ гараагүй үл хөдлөх хөрөнгөд зээл гарах боломжгүй гэсэн.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөх эрх үүссэн Баянзүрх дүүрэг, 36 дугаар хороо, ******* хотхон, 122 дугаар байрны 11 тоотын 3 өрөө бүхий 96.08 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч *******, ******* нарын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******гийн орон сууц хөлсөлсөн төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гаас 138,000,000 төгрөг гаргуулан *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243.1, 205.1, 225.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөх эрх үүссэн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон, ******* дугаар байрны ******* тоотын 3 өрөө бүхий 96.08 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******гаас 138,000,000 төгрөгийг гаргуулан *******, ******* нарт олгох үндэслэлтэй" гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд *******, "*******" ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөх эрхтэй хэмээн дүгнэсэн. Хэдийгээр "*******" ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаагүйд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 225.1-т заасныг баримталсан байгаа нь хариуцагч нарыг үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй хэмээн гэрээнээс татгалзах үндэслэлийг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч мөн адил хариуцагч нарыг гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа. Гэтэл талуудын хооронд хийгдсэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэлд төлбөр төлөх нөхцөлийг "Орон сууцны гэрчилгээ гарснаар орон сууцны зээлээр төлнө гэх агуулгаар тохиролцсон. Талуудын тохиролцсоны дагуу орон сууцны гэрчилгээ гараагүй нь хариуцагч нарын буруу биш учраас Иргэний хуулийн 222.2-т "Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй" гэж заасны дагуу хариуцагч нарыг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагч нь нар нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахын тулд өөрсдийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, уг орон сууцны төлбөрийг төлсөн бөгөөд маргаан бүхий орон сууцанд 50 сая гаруй төгрөгийн дотор тохижилт хийсэн тул гэрээнээс татгалзаж, орон сууцны эзэмшлийг шилжүүлэхэд ихээхэн хохироход хүрээд байна. Мөн анхан шатны шүүхээс түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ******* гарын үсэг зураагүй, мөн хяхан боогдуулах, хуурч мэхлэх замаар хийгдсэн хэлцэл хэмээн маргаж сөрөг нэхэмжлэл гаргаж, энэ хэсгийг нотлохын тулд үзлэг хийлгэх хүсэлтийг мөн гаргасан болно гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж үнэн зөв шийдвэрлэсэн. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эхний хэлцлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй учраас хүчингүй болгосон. Дараа нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нар ахиж хугацаа өгөхийг гуйсан. Би эхнэртэйгээ ярилцаад дараагийн хэлцэл дээр 80 хувиа төлөхөөр тохиролцсон. Гэтэл 80 хувь биш 138,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас тухайн орон сууцыг суллаж өгөхийг шаардсан. Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хангаж шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан хэлцлүүдээс татгалзаж, орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлж, орон сууц хөлсөлсний төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг дор дурдсанаар зөв тогтоосон байна.

3.1.******* нь *******ХХК-тай байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* хотхон орон сууцны хорооллын ******* блок ******* дугаар байрны *******давхарт ******* тоотод байрлах, 96.08 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан ба өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй.

3.2.******* болон *******нарын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн бичгийн баримтад *******гаас дээрх орон сууцыг *******худалдан авч, урьдчилгаа 64,000,000 төгрөгийг Хаан банкны ******* тоот дансанд байршуулсан, үлдэгдэл төлбөр 80 хувь *******ХХК-аас гэрчилгээ 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарснаар орон сууцны зээлээр төлөх, орон сууцны нийт үнэ 326,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.

Уг тохиролцооны дагуу 64,000,000 төгрөг төлөгдсөн, нэхэмжлэгчээс орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн талаар зохигчмаргаагүй байна.

3.3.Үүний дараа нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дахин бичгийн баримт үйлдэж, *******, *******нар 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор хоёр хувааж, үндсэн мөнгөний 80 хувь болох мөнгийг эхний 100,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, дараагийн мөнгөө 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгөх, үлдэгдэл 20 хувь гэрчилгээ гарах, эсвэл банкны зээлд хамрагдаж өгөх, уг хугацаанд мөнгөө өгч чадахгүй бол орон сууцыг чөлөөлж өгөх, мөн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс чөлөөлж өгөх хүртэл зах зээлийн ханш 1,800,000 төгрөгөөр бодож түрээс авахаар тохиролцжээ.

3.4.Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 124,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

Талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нар нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч зээл гаргаж өгөх хүн байгаа гэж хуурч гарын үсэг зуруулсан, хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч хэргийн баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн гэрээнд ******* гарын үсэг зураагүй байх боловч тэрээр уг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 62,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 04-ний өдөр 62,000,000 төгрөг тус тус төлсөн байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

4.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.1.Хариуцагч нар нь гэрээгээр орон сууцны үнэ 326,000,000 төгрөгийн 80 хувь болох 260,800,000 төгрөгийг 2 хувааж 100,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, үлдэх хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн боловч 138,000,000 төгрөгийг төлж, бусад хэсгийг төлөөгүй.

Хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд төлбөрийг орон сууцны гэрчилгээ гарснаар орон сууцны зээлээр төлөхөөр тохиролцсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг баримтлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь, талууд орон сууцны үнэ төлөх нөхцөлийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр дээр дурдсан байдлаар өөрчилж, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаас өмнө 80 хувийн төлбөрийг бүрэн төлөх, харин гэрчилгээ гарахад үлдэх 20 хувийг төлөхөөр тохиролцсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн бөгөөд хариуцагч нар үнийн 80 хувь болох 260,800,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй тул тэднийг худалдан авагчийн үүргээ зөрчсөн гэж үзнэ.

4.2.Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй нөхцөл байдлыг гэрээнээс татгалзах үндэслэл болгоогүй, мөн хариуцагчийн 80 хувийн төлбөр төлөх үүрэг уг нөхцөл байдалтай холбоогүй тул шүүх талуудын хооронд 2024 оны 02 сарын 07, 2024 оны 05 сарын 23-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан гэх орон сууц худалдах, худалдан авах хэлцэл нь тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүйн улмаас биелэгдэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.3.Иймээс нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хэлцлүүдээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

5.Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч нарын эзэмшлээс орон сууцаа буцаан гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хариуцагч нарын эзэмшлээс орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нарын төлсөн 138,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж хариуцагч нарт олгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

6.Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд заасны дагуу орон сууц хөлсөлсний төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

Уг гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зураагүй үндэслэлээр талуудыг түрээс төлөхөөр тохиролцсон гэж үзэхгүй, түрээс төлөх үүрэг үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй боловч тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/01682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, *******нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА