| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/05997/и |
| Дугаар | 656 |
| Огноо | 2016-09-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 656
2016 оны 09 сарын 12 өдөр Дугаар 181/ШШ2016/00656 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, 11 дүгээр байр, 76 тоотод оршин суух, Монгол овогт Шаравын Сарантуяа /РД:ЧР69122760/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын гудамж, Багшийн хөгжлийн ордон, 5 давхарт байрлах, Нийслэлийн Боловсролын газарт холбогдох,
Ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Миний бие 2010 оноос Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 тоот захирамжаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 892 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 705 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Б/29 тоот захирамж гаргаж миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 62 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаа хүлээн авсан болно.
Гэвч Нийслэлийн Боловсролын газраас намайг ажилд буцаан авахгүй байх арга саам хийж, 2015 оны 2 дугаар сарын 26-ны 1/225 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Т.Мичигсүрэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолоор намайг ажил албан тушаалаа эрхлэх боломжгүй болгосон.
Нийслэлийн Боловсролын газрын дарга 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б/45 тоот тушаал гаргаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Т.Мичигсүрэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг үндэслэн миний ажил албан тушаалыг сургалтын менежер С.Намжилмаад хавсран гүйцэтгүүлэхээр болсон.
Цагдаагийн байгууллага миний асуудлыг хянан, шалгаж Эрүүгийн 201525020089 тоот хэргийг дүүргийн прокурорт шилжүүлсэн ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 390 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэ тогтоолыг үндэслээд Нийслэлийн Боловсролын газрын дарга 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б/45 тоот тушаал гаргаж С.Намжилмааг захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр чөлөөлснөөр миний эрх сэргэж, ажил албан тушаалдаа орсон.
Энэ хугацаанд намайг ажлаас халагдсаны дараа миний оронд 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Батжаргал нь нэр төрд халдаж, нэр төр гутаасныг сэргээх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гарган намайг хариуцагчаар татан, хэрэг хянан хэлэлцэгдэж шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан.
Энэ бүхний үр дүнд сургуулийн хамт олон намайг буруугаар ойлгон миний эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг болон ажилгүй гэртээ сууж, сэтгэл санааны дарамтанд байсан болно. Мөн ажил албан тушаалыг түр түдгэлзүүлж, миний ажил хэргийн нэр хүнд болон эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан нь прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа болно.
Иймд миний ажил хэргийн нэр хүндийг сэргээж, цалинд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсаны төлбөр болох ажилгүй байсан хугацааны олговорт 13,419,870 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалингаа буруу тооцсон тул түүнийг зөвтгөж, хариуцагчаас 12,623,618 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдох төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны 12 дугаар сарын 05-нд зарласан. Ш.Сарантуяа нь тус сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо аваагүй тул сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 892 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2014 оны 705 дугаар тогтоолоор тус тус Ш.Сарантуяаг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны Б/29 дүгээр захирамжаар Ш.Сарантуяаг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,611,220 төгрөгийг олгосон.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 346 дугаар захирамжийн талаар Нийслэлийн Архивын газрын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2/220 дугаар албан бичгээр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар тус тус уг захирамж нь байхгүй ба 2005 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж 1-301 дугаар хүртэл байна гэсэн хариу өгсөн. Тус захирамжийг хуурамчаар үйлдсэн, шүүхэд нотлох баримт хуурамчаар гаргасан байж болзошгүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулах талаар Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/225 дугаар албан бичгээр холбогдох материалын хамт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлсэн.
Tyc хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Мичүгсүрэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ш.Сарантуяаг сэжигтнээр татсан ба 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”-оор Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн.
|
|
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар дээрх тогтоолыг хэрэгжүүлж, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн сургалтын менежер С.Намжилмааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тус сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилсон.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гантулга 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 262 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус прокурорын газрын орлогч прокурор Ц.Хашбаатар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоолоор хэргийг сэргээж шийдвэрлэсэн. Улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/33 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн орлогч прокурор Ц.Хашбаатарын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/65 дугаар тогтоолоор “хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Улсын ерөнхий Прокуророос 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/156 дугаар албан бичгээр Ш.Сарантуяагийн гомдлоор хэргийг хянаад хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн гэсэн хариуг өгсөн. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Д.Мөнхсайхан мөрдөн байцаалт хийж Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од 2016 оны 3 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн Б.Мөнх-Од нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар тогтоолоор хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон. Уг тогтоолыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн прокурор Г.Бат-Очирт гомдол гаргасан ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5/211 дүгээр албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн. Дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын газраас 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 5/830 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн. Уг албан бичгийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан.
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар С.Намжилмааг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлж, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ш.Сарантуяад сургуулийн захирлын ажил үүргийг хүлээлцүүлсэн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар тус хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан нь нэхэмжлэгч Ш.Сарантуяад холбогдолгүй, түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэхгүй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 309 дүгээр тогтоолоор Ш.Сарантуяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ш.Сарантуяад сургуулийн захирлын ажил үүргийг хүлээлцүүлсэн.
Ш.Сарантуяа нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй байдал нь Нийслэлийн Боловсролын газрын холбогдох албан тушаалтнаас шалтгаалсан бус эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байсан ба хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэнтэй холбогдолтой болно.
Иймд Ш.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Сарантуяа нь хариуцагч Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,419,870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,623,618 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажил үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэнд манайх буруугүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
Нийслэлийн Засаг дарга нь Ш.Сарантуяг Ерөнхий боловсролын 62-р сургуулийн захирлын ажлаас 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар үндэслэлгүй халсан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 892 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 705 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.
Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.
Шүүхийн шийдвэр биелүүлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Б/29 тоот захирамж гаргаж, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс Ш.Сарантуяаг Ерөнхий боловсролын 62-р сургуулийн захирлаар томилсон боловч Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 тоот тушаалаар С.Намжилмааг мөн өдрөөс тус сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр болсон байна.
Учир нь, Нийслэлийн Боловсролын газар нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ш.Сарантуяаг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 346 дугаар захирамжийг хуурамчаар үйлдэж, иргэний хэрэгт хуурамч нотлох баримт гаргасан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан ба Цагдаагийн байгууллага уг гомдолд эрүүгийн 201525020089 тоот хэрэг үүсгэж, мөрдөн байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тухай тогтоолоор Ш.Сарантуяаг захиралын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний улмаас хариуцагч нь тушаал гаргаж, Ш.Сарантуяагийн ажил үүргийг С.Намжилмаагаар хавсран гүйцэтгүүлэхээр болсон ба Ш.Сарантуяад холбогдох эрүүгийн 201525020089 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 309 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар С.Намжилмааг захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлж, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Ш.Сарантуяа үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болжээ.
Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эрүүгийн хэрэгт шалгуулж, ажил хэргийн нэр хүнд нь унасан, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж хохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч нь мөрдөн байцаагчийн тогтоолоор Ш.Сарантуяаг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн нь өөрийн буруугаас болоогүй гэж маргасан байна.
1.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Сарантуяагийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй, ямар хүрээнд ямар мэдээ, мэдээлэл тараагдсан байдлыг нэхэмжлэгч Ш.Сарантуяа нотлохгүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн Боловсролын газар нь нэхэмжлэгч Ш.Сарантуяагийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлгүй тул ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай Ш.Сарантуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Нийслэлийн Боловсролын газрын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/225 тоот албан бичигт үндэслэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ш.Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэрэгт 201525020089 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэлээр 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ажилдаа эгүүлэн тогтоолгосны дараа эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар 1 жилийн хугацаанд үүрэгт ажлаа хэвийн явуулах боломжгүй болж, хөдөлмөрлөх эрхээр хохирсон байдалд шүүх хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй.
Тодруулбал, Цагдаагийн байгууллага нь Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан боловч холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул Ш.Сарантуяа 2015 оны 4 дүгээр сарын 03-аас 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор шаардсан Ш.Сарантуягийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Ш.Сарантуяа нь 1 сард 776,308 төгрөгийн дундаж цалин хөлстэй болох нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2636 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,315,696 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газраас гаргуулж, Ш.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,307,922 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тэрчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардлага гаргасан эсэхээс үл хамааран шүүх мөн хугацааны шимтгэл, хураамжийг төлж, Ш.Сарантуяагийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Боловсролын газраас 9,315,696 төгрөгийг гаргуулж Ш.Сарантуяад олгож, Ш.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх болон 3,307,922 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны Ш.Сарантуяагийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 164,001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
С.ЭНХБАЯР