| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1316 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Б.Билимгүл,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А холбогдох эрүүгийн 1906 04120 1656 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, А.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.А нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13/6 дугаар байрны 106 тоотод өөрийн эхнэр А.Билимгүлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Билимгүл мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “Хүй долоон худаг” дээр наадмын арга хэмжээ зохион байгуулаад оройтож ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагийн үед А.А орж ирээд юм ярихгүй байсан. Тэгээд юу болсон гээд асуугаад хэрүүл маргаан эхэлсэн. Сүүлдээ би болъё дандаа ийм маргаан болж байна гээд би дуугүй болсон. Тэгэхэд А.А үглээд байсан. Дандаа жоохон юмны төлөө дандаа хэрүүл маргаан үүсгээд гар хүрдэг байсан. Дандаа уучлал гуйдаг байсан. Тэгж явсаар 7 жил болсон. Удаа дараа ийм үйлдэл гаргаж байна. Би ойлгох байлгүй гэж бодоод удаан тэвчсэн. Би сүүлдээ аргаа бараад цагдаагийн хэлтэст хандсан. Би цаашдаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би баримтаар 150.000 төгрөг, утасны мөнгө 250.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Билимгүлийн өгсөн мэдүүлэг /хх-4-6, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8676 дугаартай дүгнэлт /хх-8/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-20/, шүүгдэгч А.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-15/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.А нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13/6 дугаар байрны 106 тоотод өөрийн эхнэр А.Билимгүлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Билимгүлийн өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 14-ий өдөр 17-18 цагийн үед Баянзүрх дүүгийн 2 дугаар хороо, “Цагдаа” хотхоны 13/6 дугаар байрны 106 тоотод гэртээ дүү Жанбота, Хараа нарын хамт байж байтал гаднаас манай нөхөр Альбек орж ирсэн. Тэгж байснаа нөхөр Альбек бид хоёр үл ойлголцож хэрүүл маргаан үүссэн. Альбек нь хэрэлдэж байгаад миний биед халдаж зодсон. Хэрэлдэж маргалдсан шалтгаан нь Альбек нь хөдөө яваад ирэхдээ намайг өөртөө хувцас аваарай гэж захисан байсан. Би тэр хувцсыг нь аваагүйгээс хэрүүл үүссэн.” /хх-4-6/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8676 дугаартай дүгнэлтэд:
1. А.Билимгүлийн биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун мөр баруун бугалга, шуу, баруун суга, зүүн бугалга, тохой, сээр нуруу, бүсэлхий нуруу. баруун гуя, өвдөг, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-8/ гэх дүгнэлт,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-20/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-22/,
Шүүгдэгч А.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-15/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.А 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13/6 дугаар байрны 106 тоотод өөрийн эхнэр А.Билимгүлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.А 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Билимгүлд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч А.Билимгүл нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч А.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар А.Альбекыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.А нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар А.А 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Билимгүлд олгосугай.
6. Хохирогч А.Билимгүл нь эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа цааашид бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС