| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2025/00163/И |
| Дугаар | 210/МА2025/00951 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00951
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/04378 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээг талууд зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан гэж тайлбарлан, маргасан байна. /хх-5-6, 50/
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг дэмжин оролцжээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/01919 дугаартай захирамжаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 504,970,032.40 төгрөгийг 2023 оны 07 сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 сарын 12-ны өдөр хүртэлх нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 12-ны өдөр 84,161,672.01 төгрөгөөр тэнцүү төлөх хуваарьтайгаар нэхэмжлэгчид төлж барагдуулах, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлд баталгаа болгож барьцаалсан улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлалтай 570 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлалтай 173.5 м.кв орон сууц, мөн талуудын хооронд байгуулсан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан харилцах данснуудын орлогоор хангуулахаар тус тус харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-9-13/
6. ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 181/ШЗ2023/15088 дугаартай захирамж, мөн өдрийн 181/ГХ2023/00943 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлалтай 173.5 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах, шинжээч томилох ажиллагаа тус тус явуулсан. /хх-56-57, 60-61/ Дээрх ажиллагаатай холбоотой талууд маргаангүй.
7. Төлбөр төлөгч нар шинжээчийн хийсэн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд маргаж, үндэслэлээ ... үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 10 сарын дотор 300,000,000 төгрөгөөр буурсан байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур, хөрөнгийг буруу үнэлсэн гэж тайлбарлажээ.
7.1. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 12/20 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон шинжээч ******* ХХК-ийн шинжээч *******ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлалтай 173.5 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 1,944,508,000 төгрөгөөр үнэлсэн байна. Төлбөр төлөгч нар тус үнэлгээний талаарх гомдлоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02168 дугаартай шийдвэрээр шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч *******д мэдэгдээгүй гэх үндэслэлээр дээрх шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосон байна. /хх-163-169/
7.2. Хариуцагч *******ын шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд дахин шинжээч томилох ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудын хүсэлтийг үндэслэн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 10/71 дугаартай тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ыг томилжээ. /хх-98/
7.3. Шинжээч нь улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* тоот хаягт байрлалтай 173.5 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 1,626,508,000 төгрөгөөр үнэлж, 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 49/ш дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад ирүүлсэн байна. /хх-99-133/
Тэрээр шинжээчээс дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж үзэн, эд хөрөнгийн үнэлгээг 1,626,508,000 төгрөгөөр тогтоожээ. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжээч ******* оролцож, өөрийн дүгнэлтийн талаар тайлбарласан байна. /хх-207-208/
7.4. Мөн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн хөрөнгийг газар дээр нь хийсэн үзлэгийн материал, гадна, дотор талын фото зургууд, Google earth программаас татсан зураг, зах зээлийн мэдээлэл, эх сурвалж зэрэг баримтыг үндэслэж үнэлгээ хийсэн талаар тусгасан байна. /хх-145/
Дээрхээс дүгнэхэд шинжээч нь үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг зөрчсөн, мөн үнэлгээний тайлан нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч нар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг бодитой, үнэн зөв гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч *******, ******* нар хөрөнгийн үнэлгээний тайланг гардаж аваад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн 1,626,508,000 төгрөгөөс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах санал гаргасан байна. /хх-48/
Хариуцагч байгууллага нь мөн зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч нарын саналыг хүлээн авч, бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг нэхэмжлэгч нарт олгож, уг хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай тогтоол хэрэгт авагджээ. /хх-49/
Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч *******, ******* нар нь хожим үнэлгээний талаар маргаж 2024 оны 12 сарын 26-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай тус тус нийцэхгүй тул үнэлгээний талаарх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Нэхэмжлэгч тал нэхэмжлэгч *******, ******* нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т 2025 оны 01 сарын 30-ны өдөр олгосон 84 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрх олгосон, тус итгэмжлэлийг *******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарыг төлөөлсөн байдлаар шүүхээс тооцож *******т хэргийн оролцогчийн эрх, үүрэг, хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны зар хүргэсэн, *******д эрх, үүрэг, хэргийн материал танилцуулаагүй, мөн шүүх хуралдааны зар хүргээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.1. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч *******, ******* нар 2025 оны 01 сарын 30-ны өдөр *******т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр Төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу *******, ******* нарын нэхэмжлэлтэй ШШГГ-т холбогдох үнэлгээг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хуулбарлаж авах, хүсэлт, тайлбар, гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд оролцох, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гардан авах, давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12-13 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасан эрх эдлэх, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, эрэн сурвалжлуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хүлээн авах, Улсын тэмдэгтийн хураамж төлөх, улсын тэмдэгтийн хураамж буцаан хүлээн авах, хүсэлт, өргөдөл гаргах, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, үйлдэл хийх бүрэн эрх-ийг олгосон байна. /хх-147/
9.2. Анхан шатны шүүх, хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хэргийн материал танилцуулсан болох нь хэргийн 33, 158, 149, 159 дэх талд авагдсан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримт, хэрэг, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл танилцуулсан тухай баримтуудаар тогтоогдож байна. Мөн хэргийн оролцогч нарт хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 04 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг мөн сарын 07-ны өдөр мэдэгджээ. /хх187-189/
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/04378 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД