Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 96

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

      Прокурор                                           Т.Нансалмаа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Г.Амартүвшин

      Хохирогч                                       Д.Мажигсүрэн

      Хохирогчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг

      Нарийн бичгийн дарга                 Б.Баярдэлгэр нар  оролцов.

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Баатарсүрэнд холбогдох 1931000000053 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн,1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг 4-р гудамж 4Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Боржигон овогт Сүхбаатарын Баатарсүрэн /РД:МА81012519/

Шүүгдэгч С.Баатарсүрэн нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Д.Мажигсүрэнгийн гар цүнхийг хүч хэрэглэн татаж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                           ТОДОРХОЙЛОХ нь:Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;1.Шүүгдэгч С.Баатарсүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед өөрийн эхнэр Гэрэлтуяад “Улаанбаатар хотоос хоёр найз маань ирж байгаа, хойшоо гаргаж өгчихөөд хүрээд ирье” гэж худал хэлээд төрсөн аав Сүхбаатарын эзэмшлийн 12-40 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан. Тэгээд сумын соёлын төвийн урд талын гандангийн хажууд талд машинаа байрлуулаад соёлын төв рүү орсон. Тухайн үед соёлын төвд караоке дууны тэмцээн болж байсан бөгөөд тухайн тэмцээнийг жаахан үзэж байгаад 20 цаг болох гэж байхад гарч машин руугаа очиж тамхи татаж жаахан сууж байгаад гэрээсээ авч гарсан ажлын хувцаснууд болох хар өнгийн хагас түрийтэй гутал, саарал өнгийн даавуун өмд, юүдэнтэй хар өнгийн цамц, хар өнгийн саравчтай малгай, хар хөх өнгийн хантааз зэргийг өмсөөд ам хамраа халхалж хар эрээн өнгийн маск зүүгээд машинаасаа буугаад хил рүү явж очоод таксины зогсоол, зоогийн газар, валют арилжааны газар очоод гадуур хүний хөл хөдөлгөөн хэр байгаа талаар судлаад 1 цаг орчим явсан. Тэгсэн тэр орчим байдаг “Мишээл” гэх нэртэй дэлгүүр, зоогийн газраас нэг нэрийг нь мэдэхгүй валютийн ченж эгч гараад Хуушуур хаус зоогийн газар руу орсон. Тэгээд би тэр эмэгтэйг гарахыг нь хүлээгээд хэсэг зогсож байтал тэр эгч гарч ирээд дараалалд зогссон байсан камаз машинуудын дундуур гараад “Энх дөл” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд явах үед нь би араас нь очиж мөрөө давуулаад үүрсэн байсан хар өнгийн гар цүнхнийх нь бариулнаас бариад толгойг нь давуулаад татаж , булаагаад “Энх дөл” хүнсний дэлгүүрийн хажууд талын төмөр хашаагаар гараад 64 айлын дундуур гүйгээд машин руугаа очиж машиныхаа зүүн талын арын хаалгаар орж, арын суудал дээр хэсэг суунгаа өмссөн гутлаа тайлж гэрээсээ гарахдаа өмссөн хромон гутлаа өмсөөд, гадуур өмссөн байсан хантаазаа тайлж, савхин хүрмээ өмсөөд машиныхаа буруу талын урд буюу баруун талд суусан. Тэгээд хэсэг суунгаа тамхи татаж өөрийгөө тайвшруулаад машинаасаа бууж сумын соёлын төв рүү очиж гадна талд нь хэсэг зогсож байгаад дотогш ороход бүжиг болж байсан. Тэгээд удаа ч үгүй тэндээсээ гарч машиндаа суугаад хөдөлхөд замд сумын цагдаа Цолмон зогсоогоод шалгаж “Ченж гар цүнхээ дээрэмдүүлсэн” талаар хэлээд, ямар нэг сэжигтэй хүн харагдсан эсэх талаар асуухаар нь мэдэхгүй гэж хэлэхэд намайг явуулсан. Тэгээд шууд гэртээ хариад цай уучихаад эхнэртээ “Ченж мөнгөө булаалгасан гэж байна. Сая намайг цагдаа зогсоосон Тэнд байсан машинуудыг шалгана гэж байна. Би очиж шалгуулчихаад хүрээд ирье” гэж хэлээд гэрээсээ гараад машиныхаа арын суудал доор нуусан байсан цүнхтэй зүйлсээ аваад гэрийнхээ баруун талд байх жижиг модон хашаан дотор байдаг хөх өнгийн худгийн ард талд нуучихаад эргээд соёлын төв явж очиж 30 орчим минут болчихоод эргэж гэртээ ирээд амарсан. Тэгээд унтаж амарч байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би өөрийн мэдэлгүй л энэ гэмт хэргийг үйлдчихлээ. Тийм шалтгаан, ийм шалтгаан гээд хэлээд байхаар зүйл байхгүй. Би тус цүнхийг булааж авч ирээд дотор талыг нь үзэлгүйгээр машиныхаа арын суудал доогуур хийчихээд гэрийнхээ гадна ирсэнийхээ дараа мөн л дотор талыг нь харалгүйгээр аваад хөх өнгийн худагны араар хийсэн. Би уг гэмт хэргийг үйлдэх талаар урьд өмнөөс төлөвлөж сэдсэн зүйл огт байхгүй. Мөн надтай хамтран оролцсон хүн огт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77-р ху/,

2.Шүүгдэгч С.Баатарсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед гэрээсээ соёлын төв орж юм үзэх гээд гарсан. Тэгээд юм үзэж байгаад харанхуй болохоор нь хил рүү очсон. Хил дээр очоод 1 цаг 30 минут гаруй холхиж хүн харж нилээд явсан. 19 цагийн орчим Д.Мажигсүрэн эгч дэлгүүрээс гарч ирэхийг нь хараад араас нь дагаад 30 минут гаран явсан. Д.Мажигсүрэн эгч цайны газар орж цай уухад нь гадаа нь 10-аад минут хүлээсэн. Цайны газраас Д.Мажигсүрэн эгч гарч ирээд хил дээр зогсож байсан камаз машинуудын дундуур “Энхдөл”-ийн тийшээ явсан. Тэгээд би араас нь очоод цүнхийг нь дээгүүр нь мулталж татаад “Энхдөл” дэлгүүрийн хажуугаар гараад гүйсэн. Тэгээд 64 айлын орон сууцны гадаа тавьсан байсан 12-40 сэа улсын дугаартай машиндаа 30 гаран минут сууж байгаад буцаад соёлын төв орсон. Соёлын төвөөс гарч ирээд харьсан. Гэртээ ороход 21 цаг өнгөрч байсан. Гэртээ цай уучихаад буцаж гарч ирээд машинд байсан цүнхтэй мөнгийг байшингийнхаа баруун талд байдаг худгийн хажууд тавьчихаад гэртээ орсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад цагдаа нар гэрт ирээд 00 цаг өнгөрч байхад Алтанбулаг сумын цагдаагийн хэлтэс дээр очиж байцаалт өгөөд, өглөө 7 цагийн үед Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар ирсэн. Д.Мажигсүрэн эгчийн цүнхийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Д.Мажигсүрэн эгч ченж хийдэг байсан. 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Цүнхээ мөрөөрөө давуулаад үүрчихсэн байхад нь угз татаад авсан Цүнхэнд юу юу байсныг бол мэдээгүй. Цагдаагийн газар ирээд л мэдсэн. Өмнө нь Д.Мажигсүрэн эгчийг тоочиглосон зүйл байхгүй. Тэр өдөр л яагаад ч юм хүн дээрэмдэе гэсэн бодол төрсөн. Тэгээд Соёлын төв орчихоод хил дээр очиход Д.Мажигсүрэн эгч явж таарсан.  Надад маш их хэмжээний мөнгөний хэрэг гарсан юм. Би банкнаас 13 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд наймаанд явж байгаад найзаасаа 18 сая төгрөгийн дугуй зээлээр авсан. Хойд хил дээр дугуйгаа аваачиж өгчихөөд нэг өдөр очоод дугуйгаа авах гэсэн чинь нөгөө дугуй өгсөн хүн маань “Байгаль” нуурт живээд үхчихсэн байсан. Тэгээд л найзууд мөнгөө нэхээд, банкны зээл нэхэгдээд, эхнэр жирэмсэн байсан. 4 сард эхнэр маань төрсөн. Тэгээд яагаад ч юм мөнгө олох арга хайгаад л ийм асуудал болчихлоо гэх мэдүүлэг,

3.Хохирогч Д.Мажигсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08-09 цагийн үед валют арилжааны ажилдаа гарсан. Цайны цаг гэж тогтсон цаг байхгүй бөгөөд гадуур хөл хөдөлгөөн ямар байгааг харж байгаад цайндаа орчихдог юм. Тэр өдөр цэргийн баярын өдөр байсан тул оройдоо хилийн тэр хавиар хөл хөдөлгөөн багатай байсан. Оройн 19 цагийн үед гадуур ажлаа хийж яваад өрөөндөө орж, хэсэг байж байгаад 20 цагийн үед гэрээсээ гараад тэр хавьд байдаг “Хуушуур Хаус” гэх нэртэй зоогийн газар руу алхахад, манай гэрийн хажуугийн шонгийн тэндээс сэрх гээд чимээ гарахаар нь цочоод хартал нэг хар маск зүүсэн махлагдуу эрэгтэй хүн зогсож байхаар нь нэг их юм бодолгүй хажуугаар нь гараад зоогийн газар руу орж хоол идчихээд нилээн хугацаанд зурагтны мэдээ үзэж сууж байгаад 21 цагийн үед гарч хил рүү орохоор дараалалд зогссон байсан камаз машинуудын дундуур гараад гэр рүүгээ орох гэж явтал, миний араас хүний хөлийн чимээ гарахад харахын завдалгүй миний мөрөн дээрээс бариад урагш татаж унагаад хүзүүгээрээ оруулаад мөрлөсөн байсан гар цүнхийг маань хоёр гараараа бариад татахаар нь би урт оосорноос нь гараараа бариад татахад тэрээр намайг нэг алхам шахам газарт чирээд дахин нэг угзарч татахад миний гарнаас цүнхний оосор мултарсан. Тэгээд тэр эрэгтэй хүн миний гар цүнхийг аваад сумын 64 айлын тэр хавь руу гүйхээр нь би “туслаарай. миний цүнхийг булаачихлаа” гэж хашгираад тэр залуугийн араас гүйсэн хэдий ч гүйцээгүй. Тэр залуу 64 айлын хоёр байрны голоор гараад харагдахаа больсон. Явсаар 64 айлын голоор гарч сумын соёлын төвийн тэнд очиход зөндөө хүмүүс, машин тэрэг байхаар нь хүмүүсээс асуухад ямар нэг зүйл мэдэж байгаа хүн байгаагүй. Тэр залуу таг дуугүй л миний гар цүнхийг булаагаад зугатсан. Намайг унагах үед надад ямар нэг гэмтэл шарх үүсээгүй. Миний гар цүнхэнд 18.600.000 орчим төгрөг байсан байх гэж бодож байна. Яг тэд эд гэж нарийн сайн тооцоолж мэдэхгүй байна. Мөнгөн дэвсгэртүүдийн хувьд монгол мөнгө, оросын холбооны улсын мөнгөн дэвсгэрт, америкийн нэгдсэн улсын мөнгөн дэвсгэрт зэрэг байсан. Би тус хүүхдийг цагдаагийн газарт шалгагдсаны дараа харсан. Гадна төрх байдлаараа миний цүнхийг дээрэмдсэн хүүхэдтэй ижил, төстэй байна лээ. Миний мөнгөнөөс дутсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хувьд их айдастай байдаг болсон. Тиймээс гэмт этгээдэд гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р ху/, 

4.Гэрч Д.Гэрэлтуяагийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Миний нөхөр тус өдөр гэртээ байж байгаад 16 цагийн үед ээжтэйгээ хамт сумын захиргаа, болон банк, номын сан, орох ажлаар яваад 17 цаг болох гэж байхад ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад орой 19 цагийн үед Улаанбаатар  хотоос ирсэн 2 машинтай хүмүүст хилээр хэрхэн ямиар бичиг баримт бүрдүүлж гарах талаар зааж туслахаар яваад 21 цагийн өгөрч байгаад гэртээ ирсэн. Түүнээс хойш гэрээс гарахгүй байж байгаад нэг их удахгүй “хилээр явж байсан машинуудыг бүгдийг нь шалгаж байна лээ. Манай машиныг бас зогсоосон. Алтанбулагийн цагдаа буцаж ирээд уулзаарай, камертай газраар явсан машинуудыг шалгана” гэсэн утгатай зүйл яриад эргэж яваад 22 цаг өнгөрч байхад гэртээ ирж амарсан. Түүнээс хойг огт гараагүй. Савхин хар куртка, хар саарал өнгийн гэмээр цасны өмд, хар хромон гуталтай байсан. Савхин хүрмэн дотроо ямар хувцастай байсан талаар санахгүй байна. Машины хувьд 12-40 СЭА улсын дугаартай авто машинтай гарсан. Тэрээр “цагдаа хил орчим байсан машинуудыг эргээд ирээрэй” гэж хэлсэн учраас буцаад гарсан байх гэж бодож байна. Ер нь тийм утгатай зүйл л ярьсан. Гарахдаа өмнө өмссөн хувцаснуудтайгаа гарсан. 12-40 СЭА улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41-р ху/, 

5.Гэрч Ж.Энхцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагт Алтанбулаг сумын 1-р баг 64-н айлын 6-р байрны талын орчимд хүнд тариа хийж өгчихөөд  21 цаг 10 минутын үед  хилийн боомт орчим зүгээс нэг хүн гүйгээд орцны урдуур 20 орчим метрийн зайтай  хоёр байрны голоор гүйгээд явсан. Тэр хүн араас мөн нэг эмэгтэй хүн “миний юмыг булаагаад явчихлаа. Наад хүнээ бариад аваарай” гэж хашгирахаар нь би хажуудаа байсан тариа хийсэн айлынхаа залууг араас нь гүйлгэхэд удахгүй “алдчихлаа” гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгээд би цагдаа дуудаж өгчихөөд ажил руугаа ирсэн. Би тэр хүнийг 20 орчим метрийн зайнаас харсан. Дундаж нуруутай, бараан гэмээр хувцастай хүн харагдсан. Нэг их хурдан гүйж харагдаагүй. Хөлийн чимээ нь их гарч байсан. Гадаа харанхуй байсан тул түүнээс өөр зүйл мэдэхгүй. Тэр эмэгтэй “би одоо яанаа, хамаг зүйлээ алдчихлаа” гэж хэлээд уйлаад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-46-р ху/,

6. Насанд хүрээгүй гэрч Н.Шинэцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр оройны 20 цаг өнгөрч байх үед байх. Би ээжийн ажиллуулдаг нийтийн ОО-ын гадна унадаг дугуй унаад тоглож байсан юм. Гэтэл “Заяа” нэртэй зоогийн газрын дэргэд хойшоогоо харсан нэг эрэгтэй хүн зогсож харагдсан. Би харахад нүүрээ шоотой юм шиг өнгө хосолсон өнгөтэй маск нүүрэндээ зүүсэн, хар өнгийн саравчтай малгайтай 2 нүдээ л гаргасан бусад царай төрх нь сайтар харагдахгүй байсан. Мөн дээгүүрээ хар өнгийн богинохон куртиктэй байсан. Доогуураа ямар хувцастай байсныг нь ажиглаж хараагүй, мэдэхгүй байна. Энэ хүн “Заяа” нэртэй зоогийн газрын тэр хавиар зогсож ийш тийшээ харж байгаад байрны голоор ороод тэр чигтээ алхаад яваад өгсөн, дахин би хараагүй юм. Манай ээж Р.Жаргал Алтанбулаг суманд нийтийн бие засах газар ажиллуулдаг тул ээжийнхээ хамтаар шөнөжингөө хамт байдаг, одоо ч гэсэн нойлоо ажиллуулаад байж байна. 24 цагийн нойл юм. Ингэж нойлын гадна тоглож байхдаа тухайн эрэгтэй хүнийг харсан. Жаахан намхандаа талдаа залуухан ах байх шиг байсан. Мөн дунд зэргийн махтай, туранхай бол биш хүн байсан. 2 нүдээ гаргасан маск нүүрэндээ зүүсэн, хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан. Энэ хүний царайг нь сайн харж чадаагүй, ямар зүс царайтай хүнийг нь мэдэхгүй, нүдийг нь л харсан, тэгэхдээ нүд нь ямар байсныг сайн харж чадаагүй. Би өмссөн байсан хувцасных нь талаар сая хэлсэн байгаа миний харсан зүйл гэвэл энэ л байна. Тухайн эрэгтэй хүн надтай ярилцах гэж оролдоогүй. Надаас нилээн зайтай байсан. Би л тухайн хүнийг харсан юм. Намайг тэр хүнийг харахаад хойшоогоо харсан байсан ба хэсэг юм харж зогсож байгаад цаашаагаа яваад өгсөн юм.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,

7.Гэрч Б.Баянмөнхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би 2019 оны 03 дугаар сарын сарын 18-ны өдөр 21 цагийн үед Аптанбулаг сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа эхнэр, хүүхэд рүүгээ хоолыг нь хүргэхээр Аптанбулаг сумын Соёлын төвийн тэнд явж байтал эмэгтэй хүний “Тэрийг бариад аваарай, миний юмыг хулгайлчихлаа” гэж хашгирах чимээ нэрийг нь мэдэхгүй цэнхэр өнгийн 2 байрны гол хавиас гарахаар нь тэр зүг рүү харахад байрны хажуугийн улаан тоосгон цайны газрын ертөнцийн зүгээр зүүн талаар нэг хар өнгийн хувцастай, хар саравчтай малгайтай 40 орчим насны эрэгтэй хүн гүйж гарч ирээд, тэнд байрлуулсан байсан 12-40 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын арын хаалгаар ороод суучихсан юм. Тэгээд би тэр машин руу хэсэг зуур харахад 5 орчим минутын дараа тэр хүн машинаасаа буугаад Соёлын төв рүү алхаад шатны буланд нь байж байхдаа хэдэн хүнтэй уулзаад байгаа харагдсан. Тэгээд удалгүй машин руугаа эргэж очоод машинаа асааж, хөдлөхөд төв зам руу ордог хэсэг дээр Алтанбулаг сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Цолмон түүнийг зогсоосон. Тэгээд жолооч бууж ирээд Цолмон ахлах ахлагчтай уулзаад удалгүй яваад өгсөн. Би тэгээд эмнэлэг рүү явсан. Тээврийн хэрэгсэлд нөгөөх гүйж ирсэн хүн ганцаараа байх шиг байсан. Мөн тус этгээд намайг харсан байх. Тийм учраас машинаасаа буугаад Соёлын төв рүү яваад удалгүй эргэж машиндаа суугаад хөдөлсөн байх. Тэр хүн хар өнгийн хувцастай, хар өнгийн саравчтай малгайтай, 165 орчим сантиметрийн өндөртэй , махлагдуу эрэгтэй хүн шиг байсан. Гадна харанхуй болсон байсан тул царай зүсийг нь сайн харж чадаагүй. Машин нь 12-40 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл байсан гарцаагүй юм. Би сайн харснаар дугаарыг нь цээжилсэн. Би тухайн хүнийг биеийн галбираар нь барагцаалах байх гэж бодож байна. Тэр юм аа алдсан эмэгтэй над дээр ирээд “Эгчийн дүү энүүгээр хүн гүйж өнгөрсөн үү” гэж асуухаар нь би “үгүй харагдаагүй” гэж хариулсан. Яг ямар үйл явдал болсныг нь баттай сайн мэдээгүй тул тэр эмэгтэйд хэлээгүй юм. Тухайн үед би Цолмон ахлах ахлагчид болсон зүйлийн талаар хэлэхээр түүний утас руу удаа дараа утасдахад утсаа авахгүй байсан юм. Тэгсэн би эхнэрийнх утасны дугаар руу утасдаад байсан юм билээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,

8. Гэрч Х.Шижирбаатарын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Алтанбулаг сумын хилийн боомтын шалган дээр хэн нэгэнтэй тааралдаагүй. Би зочид буудлаас тамхи татах гэж гараад хилийн боомтын шалганы үүдэнд ирээд тамхи татаад буцаад орсон. Тухайн үед шалганы төмрийг нэг эрэгтэй хүн налаад зогсож байсан. Би царай хувцсыг нь сайн хараагүй. Би тухайн хүнийг сайн хараагүй буруу хараад төмөр налаад зогсож байсан. Тэр хүний хаашаа явсныг би сайн хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-55-р ху/,

9. Гэрч Н.Мөнхтөрийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би С.Баатарсүрэнг Алтанбулаг сумын хүүхэд гэдгээр нь танина. С.Баатарсүрэн нь их даруу төлөв, ажилсаг, хичээнгүй, архи дарс хэрэглээд энэ тэрүүгээр хэрэг тариад явдаггүй хүүхэд гэж боддог. Түүний ар гэрийн амьдралыг дутагдаад гачигдаад байдаггүй гэж хөндлөнгөөс хардаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,

10. Гэрч Г.Мөнхбүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тус өдөр ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан Тус өдөр цэргийн баярын арга хэмжээний цэнгүүн болж, 23 цаг өнгөрч байхад тарсан санагдаж байна. Би Баатарсүрэнгийн хувьд миний хуурай дүү нарын нэг байгаа юм. Тус өдөр Цэргийн баярын арга хэмжээний бүжиг болж байхад буюу 21 цаг 40 минутын үед гэж санаж байна. Би бие засахаар соёлын төвөөс гарахад С.Баатарсүрэн гадна байсан хэсэг бүлэг хүмүүсийн тэр хавьд зогсож байхаар нь түүнтэй уулзаад хэн хэндээ баярын мэнд хүргээд нэг нэг тамхи татчихаад эргээд орсон. Баатарсүрэн гадна үлдсэн. Тэрээр их даруу төлөв, арих дарс хэрэглээд яваад байдаггүй, сумынхны дунд нэр хүнд сайтай залуу байгаа юм. Ар гэрийн амьдралын хувьд ч боломжийн сайн амьдралтай гэж хөндлөнгөөс харагддаг. Түүнийг өмнө ямар нэг хэрэг асуудалд орж байхыг харж, сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р ху/,

11. Гэрч С.Чойсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд эхээс гурвуулаа юм. Манай Баатарсүрэнгийн хувьд манай бага дүү маань байгаа юм. Баатарсүрэн Алтанбулаг сумын найман жилийн сургуулийг төгсөөд 9,10 дугаар ангиа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийг суралцан төгсөж байсан. Түүнээс хойш их, дээд сургуульд суралцалгүй Алтанбулаг сумандаа хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь давхар биетэй өнөө маргаашгүй төрж, амаржих гээд байж байна. Тэгэхээр сумын дунд зэргийн л ахуй амьдралтай өрхийн нэг байгаа юм. Тэрээр сургуулиа төгссөнийхөө дараахан эхнэр хүүхэдтэй болж өнөөдрийг хүртэл хугацаанд ээж, аавтайгаа нэг хашаанд амьдарч байна. Зан байдлын хувьд даруу төлөв, ажилч хичээнгүй, хүнд их тусархуу, архи дарс хэрэглээд байдаггүй буюу ер нь зан нь эвдрээгүй хүүхэд гэж боддог юм. Мөн спорт болон урлагийн авъяастай . Урлагийн төрлөөр суманд зохион явагдсан арга хэмжээнд идэвхитэй оролцдогийг сумынхан мэднэ. Өмнө нь ямар нэг хэрэг асуудалд орж аав, ээж, ах нарынхаа чихийг халууцуулж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р ху/,

12. Гэрч З.Сүхбаатарын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Хэрэг явдал өнгөрөөд хүү Баатарсүрэн маань цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараагаар болсон хэргийн талаар хүүгээсээ асууснаар мэдсэн. Тус өдөр цэргийн баяр болж байсан бөгөөд би Сүхбаатар суманд баярын арга хэмжээнд оролцох гэж өглөө ирээд орой гэртээ харьсан. Хүүгээ хаагуур юу хийж явсаныг анзаараагүй. Тус тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Хөгшин бид хоёр гурван хүүтэй. Бага нь Баатарсүрэн байгаа юм Хүү маань Алтанбулаг сумын найман жилийн сургуулийг төгсөөд Сүхбаатар суманд арван жилээ төгссөн. Цааш үргэлжлуүлээд ямар нэг сургууль соёлд суралцалгүй эхнэр аваад Алтанбулаг сумандаа амьдарч байгаа. Тэднийх 2 хүүхэдтэй. Одоо эхнэр нь дахин нэг хүүхдээ төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байна. Амьдрал ахуйн хувьд нэг их дутагдаад гачигдаад байхаар зүйлгүй амьдралтай. Түүний хувийн зан байдал гэвэл их зөөлөн сэтгэлтэй, даруу төлөв ажилсаг, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Өмнө ямар нэг асуудалд орж байгаагүй. Тэрээр хэн нэгэн хүнд өртэй зүйл байхгүй байх гэж бодож байна. Баатарсүрэн тогтсон ажилгүй ч Оросын холбооны улс руу автомашины дугуй гаргаж худалддаг байсан. Өнгөрсөн жил хамтран ажилладаг буюу аваачсан дугуйг нь зээлээр аваад цааш худалдан борлуулдаг байсан Орос хүн нь нас барсаны улмаас хэдэн төгрөгөө эргүүлээд авч чадаагүй асуудал болж байсан Гэхдээ энэ асуудлаас болоод ийм хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61-р ху/,

12. Гэрч С.Гэрэлмаагийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тус өдөр цэргийн баяр байсан тул би ямар нэг ажилгүй гэртээ байсан. Тус өглөө аавыгаа баярлуулах гэтэл надад монгол мөнгө байхгүй байхаар нь Мажигсүрэн рүү утасдаад “150.000 төгрөг явуулчихаач” гэж хэлээд хийлгэсэн. Тухайн үед Мажигсүрэн Алтанбулаг суманд ажлаа хийж байсан. Тэгээд мөнгийг нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойно буцааж өгсөн. Д.Мажигүрэн гэх хүн өдөрт ямар хэмжээний бэлэн мөнгөтэй байдаг талаар танд мэдэх зүйл байхгүй. Д.Мажигсүрэн гэх хүн даруу, төлөв хүн байгаа юм. Хүнтэй маргаад муудаад байхыг нь харж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62-р ху/,

13.”Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний ТХҮ-118/037 тоот тайлангаар: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 04 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 18.500 /арван найман мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ,  /хх-ийн 68-р ху/,

14.”Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний СЭА-37 тоот тайлангаар: ...Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гал-Эрдэнийн ирүүлсэн тогтоолын дагуу 12-40 СЭА улсын дугаартай 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдэж 2011 онд Монгол улсад орж ирсэн Hyundai Porter маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 04 сарын байдлаар 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 70-р ху/,

15. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-08, 09-13-р ху/, камерт бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-17-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 18-р ху/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-26-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл,  /хх-ийн 28-29, 30-32-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 65-р ху/, “Ашид билгүүн ХХК”-ний үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 67-69,70-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 71-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 72, 115-121-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 76-77–р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 80,95,113-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 81-94, 114-121-р ху/, хохирогчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 96-99-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 101,122-р ху/, шүүгдэгчид  хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 102,123-р ху/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 107-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 121-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 125-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.        

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  С.Баатарсүрэнг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Д.Мажигсүрэнгийн гар цүнхийг хүч хэрэглэн татаж авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.          

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, болон хавтаст Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол,  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерт бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Ашид билгүүн ХХК”-ний үнэлгээний дүгнэлт,  хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт, хохирогчийн хувийн байдлыг тодорхойлох баримт, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид  хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч  С.Баатарсүрэнг 2019 оны 03-р сарын 18-ны 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Мажигсүрэнгийн 18.500 төгрөгний эд зүйлс, 19.288.560 төгрөгийг хүч хэрэглэн довтлон авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3-д заасан “хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байна.

        Шүүгдэгч С.Баатарсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,эд мөрийн баримтаар 1 ширхэг СДИ хураагдаж ирсэн, 12-40СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.    

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д  заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон авсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д  зааснаар 1 /нэг / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатарсүрэнд оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч С.Баатарсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хавтаст хэргийн 28-р хуудсанд битүүмжлэгдэн ирсэн 12-40 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц жинхэнэ эзэмшигч Загджавын Сүхбаатарт олгосугай.

7.Шүүгдэгч С.Баатарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч  нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН