Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00863

 

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01170 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 395,862,305 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******ХХК нь *******ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг тн арматур 1,690,000 төгрөг, нийт 5,070,000,000 төгрөгийн үнэ бүхий 3000 тн арматур нийлүүлэхээр тохиролцсон.

*******ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 35 удаагийн ачилтаар 3026.037 тн 5,114,002,530 төгрөгийн үнэтэй арматур авсан. Үүнээс 3,123,749,825 төгрөгийг бэлнээр төлж, 1,726,344,500 төгрөгийг бартераар буюу үл хөдлөх эд хөрөнгө дүйцүүлэн шилжүүлсэн. Үлдэгдэл 263,908,205 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.2.Гэрээний 6.1-д худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоцроосон тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд алданги 131,954,100 төгрөг тооцогдож байна.

Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 263,908,205 төгрөг, алданги 131,954,100 төгрөг, нийт 395,862,305 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******ХХК нь *******ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус компаниас 3000 тн арматур төмрийг нэг тн-ыг 1,690,000 төгрөг, нийт 5,070,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба гэрээний дагуу арматур төмөр худалдан авах ажиллагаа хэвийн явагдсан.

2.2.Талуудын хооронд тооцоо нийлсэн актад тодорхой алдаа гарсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн манай байгууллагын тооцоотой зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн *******ХХК-ийн нийлүүлсэн арматур төмөр жиндээ хүрээгүй, чанарын шаардлага хангаагүй, 396 тн арматур төмрийг илүү үнээр тооцож 670 сая төгрөгийн хохирол учруулсан талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0230600293 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч *******ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 263,908,205 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 131,954,100 төгрөг, нийт 395,862,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,137,261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 2,137,261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Талууд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №004 Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг тн тус бүрийг 1,690,000 төгрөгөөр тооцож нийт 5,070,000,000 төгрөгийн арматур нийлүүлэхээр тохиролцсон. Гэвч арматурыг агуулахаас хүлээлгэж өгөх, хүлээн авах ажиллагаан дээр алдаа тодорхой төрлийн буюу нийт хүлээлгэн өгсөн арматур нь жиндээ хүрэхгүй байгаа нөхцөл байдал үүсч хариуцагчийн зүгээс уг асуудлыг шалгуулахаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст хандсан. Өөрөөр хэлбэл бидний өгсөн төлбөр мөнгөний дүнд нийцсэн байдлаар буюу Катанги-8 маркийн төмөр нь 215.985 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 254.100 тн болгож тн тутамд 150 кг нэмж 38,115 тн илүү тооцож, Катанги-10 маркийн төмөр нь 14.280 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 16.800 тн болгож тн тутамд 150 кг нэмж 2.520 тн илүү тооцож, 12ф маркийн арматур нь 1.430.837 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 1.702.363 тн болгож тн тутамд 159 кг нэмж 271.526 тн илүү тооцож, 14ф маркийн арматур нь 334.068 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 400.560 тн болгож тн тутамд 165 кг нэмж 66.492 тн илүү тооцож, 16ф маркийн арматур нь 869.477 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 983.477 тн болгож тн тутамд 111 кг нэмж 114 тн илүү тооцож, 18ф маркийн арматур нь 391.116 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 439.950 тн болгож тн тутамд 120 кг нэмж 21.568 тн илүү тооцож, 20ф маркийн арматур нь 158.166 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 179.737 тн болгож тн тутамд 108 кг нэмж 53.396 тн илүү тооцож, 25ф маркийн арматур нь 422.919 тн ирснийг манай байгууллагад шилжүүлэхдээ 486.113 тн болгож тн тутамд 130 кг нэмж 63.194 тн илүү тооцож, манай байгууллагад нийт 396.574 тн илүү тооцуулж 670,210,060 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзэж гомдол гаргасан. Гомдолд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0230600293 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаад мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газраас хэргийг хааж шийдвэрлэсэн боловч энэхүү шийдвэр нь эцсийн шийдвэр биш бөгөөд бид дээд шатны прокурорт гомдол гаргасаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй.

4.2.Мөн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******нартай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаа дууссан тул тэдгээрээс татгалзаж, шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, өмгөөлөгч авах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч түүнийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж түүнд мэтгэлцэх боломжийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 89 дүгээр зүйлийн 89.2, 100 дугаар зүйлийн 100.3, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгүүдэд нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гарсныг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Тухайн үед *******ХХК эрүүгийн хэрэг үүссэн эсэх талаар мэдээгүй. Иргэний хэрэг анхан шатны шүүхэд буцсаны дараа цагдаагийн байгууллагаас *******ХХК-ийн 1-2 ажилтнаас мэдүүлэг авсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийг хаасан. Энэ шийдвэрийг 2023 оны 12 дугаар сард шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцсэн бөгөөд тус шүүх хуралдаанд хариуцагч *******ХХК-аас оролцоогүй. 2024 оны 12 дугаар сард болсон шүүх хуралдаанд хариуцагч тал өмгөөлөгч авах хүсэлт шүүхэд ирүүлж байсан. Давж заалдах гомдлын агуулгаас харахад хариуцагч тал мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан тухай баримт скрийншот өгсөн байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж байх үед хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн эсэх нь эргэлзээтэй. Өнөөдрийн байдлаар *******ХХК-д холбогдуулж, цагдаа болон прокурорын байгууллагаас холбогдож мэдүүлэг, тайлбар аваагүй гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 263,908,205 төгрөг, алданги 131,954,100 төгрөг, нийт 395,908,205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тооцоо нийлсэн акт алдаатай хийгдсэн, арматур төмөр жиндээ хүрээгүй, чанарын шаардлага хангаагүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

3.*******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч *******ХХК нь 3000 тн арматурыг худалдан авагчийн өмчлөлд графикийн дагуу шилжүүлэх, худалдан авагч *******ХХК нь нэг тн-ыг 1,690,000 төгрөгөөр тооцон нийт 5,070,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

4.1.Шүүхийн үзлэгээр бэхжүүлсэн *******ХХК-ийн худалдан авсан арматурын тооцооны хүснэгт-д нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 44 удаагийн борлуулалтаар 3,026,037 кг жинтэй, 5,114,002,530 төгрөгийн үнэтэй арматурыг худалдсан, хариуцагч нь 2,953,749,825 төгрөгийг мөнгөөр, 682,413,000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, нийт 3,636,162,825 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар төлсөн, улмаар авлагын дүн 1,477,839,705 төгрөг болохыг баталгаажуулжээ. Мөн уг үнийн дүнгээр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байх бөгөөд эдгээр баримтад нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч *******, хариуцагч байгууллагын нягтлан бодогч *******тус тус гарын үсэг зурж, байгууллагуудын санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

4.2.Нэхэмжлэгч нь дээрх тооцооны баримтад хариуцагчийн 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нэмж төлсөн тооцоог тусгаж, 3,123,749,825 төгрөгийг мөнгөөр, 1,726,344,500 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө, үйлчилгээ тооцон шилжүүлж, нийт 4,850,094,325 төгрөгийг төлсөн, авлагын дүн 263,908,205 төгрөг гэж тооцжээ.

4.3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээтэй холбоотой 42 зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь дээрх тооцооны баримтуудад тусгагдсан борлуулалтын мэдээлэлтэй нийцсэн.

4.4.Хариуцагч нь тооцоо нийлсэн актад алдаа гарсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дүн нь хариуцагчийн тооцоотой зөрүүтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйг шүүх зөв дүгнэсэн байна.

4.5.Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2010/А08 дугаар албан бичгийг хавсарган ирүүлсэн байх ба уг албан бичгээр хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд багтаан төлбөр тооцоог дуусгахаа илэрхийлсэн, харин нэхэмжлэгчээс хүлээн авсан арматур ямар нэгэн доголдолтой гэх агуулга тусгагдаагүй байна.

4.6.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 5,070,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдан авсан боловч жингийн зөрүүтэй төмөр нийлүүлж хохирол учруулсан гэх агуулгатай гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргаснаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байх боловч Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1905а дугаар тогтоолоор уг асуудлыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд 1905а дугаар тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргасан талаар дурдсан байх боловч тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар энэ талаарх ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй.  

 

5.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн худалдсан арматур биет байдлын доголдолтой болох нь тогтоогдоогүй, хариуцагч нь үнийн үлдэгдэл 263,908,205 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

6.Мөн талуудын байгуулсан гэрээний 6.1-д алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн тул шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 131,954,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч компанийн захирал Б.Ууганцэцэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******нартай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаа дууссан тул тэдгээрээс татгалзаж, шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байх ба шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Учир нь, үүнээс өмнө 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын мөн энэ үндэслэлээр гаргасан хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан, улмаар тус шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчид урьдчилан мэдэгдсэн, өөрөөр хэлбэл гомдолд дурдагдсан асуудал нь шүүх хуралдаанд бэлтгэхтэй холбоотой хариуцагчийн өөрийнх нь хариуцах асуудал бөгөөд зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх зохих ёсоор хангасан байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 2,137,261 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА