| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0101/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 99
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайртан овогт Гэндэнжамцын Өлзийбатад холбогдох 1931001880101 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багийн 1 дүгээр хэсгийн 022 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Дайртан овогтой Гэндэнжамцын Өлзийбат, РД:/МБ87022600/
Шүүгдэгч Г.Өлзийбат нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” хүнсний дэлгүүрийн гадна автобусны буудлын дэргэд П.Мөнгөншагайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.Өлзийбатын 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13-н цагийн үед байсан санагдаж байна. Би Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрт үйлчлүүлээд зогсож байхад, гаднаас зүс таних Мөнгөншагай гэх эмэгтэй архи уусан согтуу байдалтай орж ирээд надруу хараад “муу дэлгүүрийн шивэгчин, энэ корпуст болж байгаа хамаг юмыг ярьдаг муу пизда, гичий” гэх зэргээр намайг хэл үгээр доромжлоод байсан. Тэгсэн гадаа дэлгүүрийн урд талаар Мөнгөншагайн төрсөн охин Ганчимэг явж харагдахаар нь би дэлгүүрээс гарч дуудаж “ээж чинь энд дэлгүүрт агсам тавиад байна, ээжийгээ аваад яв” гэж хэлтэл охин нь дэлгүүр лүү орж ээжрүүгээ “өө муу пизда хэнтэйгээ архи уучихдаг юм бэ?” гээд загнаж байгаад дэлгүүрээс аваад гарсан. Тэгээд би “Орхон” дэлгүүрээс гаралгүй байж байтал, хэсэг хугацааны дараа буюу 1 цаг гарангийн дараа дахин согтуу дэлгүүр лүү орж ирсэн. Тэгээд “Орхон” дэлгүүрийн худалдагч Түвшинжаргалтай хэрэлдэж маргалдаад байхаар нь би мөн л Мөнгөншагайд “та согтуу байна шдээ, ингэж байхаар гэртээ харьж амраачээ, заавал ийм хэрүүлтэй архи дарс авч яах гээд байгаа юм” гэж хэлтэл “чи муу энэ дэлгүүрийн боол, шивэгчин” гэх зэргээр намайг доромжлоод эхэлсэн. Тэгээд мөн хэрүүл маргаан хийж байгаад дэлгүүрийн худалдагч Түвшинжаргал Мөнгөншагайд “архи зарахгүй, зээлээр өгөхгүй” гээд дэлгүүрээсээ гаргасан. Ингээд удаагүй би дэлгүүрээс гарч гэр лүүгээ явж байтал “Орхон” хүнсний дэлгүүрийн урд талын автобусны буудал дотор Мөнгөншагай, Батболд буюу /Шараа/ гэдэг хүнтэй сууж байсан. Тэгээд намайг хараад Мөнгөншагай “хөөе муу янхан минь чи манай нөхөртэй янхандаж яваад гөлөг болоод ирсэн биздээ, муу янхан минь” гээд гудамжаар орилоод байсан.Тэгээд би Мөнгөншагай дээр очиж “та яах гэж намайг хэл үгээр доромжлоод байгаа юм бэ?” гэж хэлтэл дахин намайг хэл үгээр доромжлон элдвээр л хэлсэн. Тэгээд над руу хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрч тухайн үед “Орхон” хүнсний дэлгүүрээс худалдаж авсан 1 кг толгойн татсан мах буюу ууттай /шанз/-аар толгой духны орчим газарт нь нэг удаа цохисон юм. Тэгсэн Мөнгөншагайн духнаас цус гараад эхлэхээр би өөрөө их айж буцаж “Орхон" дэлгүүр лүү гүйж орж цусыг нь арчих нойтон сальфетик авч гарч ирээд дэлгүүрийн гадаа зогсож байсан Мөнгөншагайн духнаас гарсан цусыг арчиж өгөөд “таны бие зүгээр үү? би эмнэлэг дуудаад өгье” гэж хэлтэл надруу хэл үгээр дайрч доромжлон “чам шиг муу гичийгээр дуудуулна гэж юу байдаг юм. Зайл муу гичий минь” гээд л байсан. Тухайн үед “Орхон” дэлгүүрийн худалдагч “цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэж ярьж байсан. Тэгээд би худалдагч Түвшинжаргал эгчид “цагдаа ирвэл над руу залгаад , гэрт хүүхдүүд эзэнгүй орхисон байгаа. Тэд нар дээрээ очихгүй бол болохгүй” гэж хэлээд явсан. Би Мөнгөншагайн толгойн духны хэсэгт нэг удаа гартаа барьж явсан 1 кг толгойн татсан хөлдөөсөн гялгар ууттай махаар савж цохисон байгаа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд ч би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Бидний дунд урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл бол байхгүй. Анх удаа л тийм асуудал болсон. Мөнгөншагай нэг удаа миний гэдэс рүү гараараа цохисон байгаа, одоо зүгээр надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Харин намайг миний үр хүүхдийг олон нийтийн газар зүй бусын хэл үгээр доромжилсон байгаа. Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.Мөнгөншагайн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлийнхээ сүүлд нь учрах үр дагаврыг бодолгүй тийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/,
2.Шүүгдэгч Г.Өлзийбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Орхон дэлгүүр дотор Мөнгөншагай орж ирээд 1шил архи зээлээр авсан. Худалдагч охин Мягмаржаргал “та байгаа мөнгөө өгөөд, үлдэгдэл мөнгөө бичүүлээд ав” гээд 4500 төгрөг бичээд архи өгсөн. Эргэж орж ирээд “дахин архи зээлье, би танай дэлгүүрт өргүй” гэж хэлсэн худалдагч “та өртэй” гээд 4500 төгрөгийн өрийг нь үзүүлэхэд” Мөнгөншагай нь “би өргүй гэж байна” гэхэд худалдагч “таныг тал мөнгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь бичүүлээд архи авахад Өлзий эгч байсан шүү дээ” гэхэд би “Шагай эгчээ та 4500 төгрөг бичүүлээд авсан шүү дээ” гэхэд Мөнгөншагай нь над руу “дэлгүүрийн боол минь дуугүй бай” гээд над руу дайраад эхэлсэн Мөнгөншагай нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай охины ангийн хүүхдүүд явж байсан, жижиг газар учраас хэл ам маш хурдан тархдаг, ямар нэгэн байдлаар охины маань сургууль дээр яриа гарч охины маань сэтгэл санаанд нөлөөлөх вий гэж бодож Мөнгөншагайг хэл амаар доромжлоод байгааг болиулах гэж бодсон. Мөнгөншагай нь намайг “корпусын бүх эрчүүдтэй янхандаж хүүхэд цувуулаа биз дээ, танай хүүхдүүд бүгд гудманд гуйлга гуйж амьдардаг” гэж хэлэхэд миний уур маш их хүрсэн. Тэгж хэлээд над руу босоод ирэхээр нь би түлхээд цохисон. Би толгойг нь цохьё гэж бодоогүй гар луу нь цохьё гэж бодсон. Мөнгөншагай нь тонгойж таараад духан дээр цохисон. Мөнгөншагай архи уусан байсан. Би ерөөсөө архи уудаггүй. . Намайг 1 цаг гаран хэл амаар доромжилж байхад тэвчсэн байж тэрхэн үеийг тэвчээд өнгөрөөхгүй яав даа гэж бодож байна. Би дөрвөн хүүхэдтэй, цалинтай ээжийн 50000 төгрөгөөс өөр орлогогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 1 минут тэвчихгүй яав даа гэж үнэхээр харамсаж байна. гэх мэдүүлэг,
3. Хохирогч П.Мөнгөншагайн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 05 дугаар сарын 20 ны өдрийн 12 цагийн үед гэртээ байж байхад манай нөхрийн төрсөн дүү Зоригоо гэдэг залуу манай гэрт 0.33 литрийн "Хараа" нэртэй архитай орж ирээд, манай нөхөр Зоригоо хоёр нөгөө архиа ууж байгаад, манай нөхөр надад “энэ архинаас уугаач, босоод ирээч” гэхээр нь би зөвшөөрч архинаас нь жижиг аягаар 2 удаа уусан. Тэгээд тэр хоёр ууж байсан архиа хувааж ууж дууссан юм. Ингээд манай нөхөр надад “дэлгүүрээс ганц шил архи авчирч өгөөч” гэхээр нь би мөн зөвшөөрч гэрээс гарч явсаар "Орхон" хүнсний дэлгүүр орж тэндээс 0.75 литрийн “Ерөөл” архи авч гэртээ очиж манай нөхөр, Зоригоо бид 3 мөн хувааж уусан. Тэгээд манай нөхөр уусан архиндаа согтож унтаад өгсөн, Зоригоо бид хоёр хамт гэрт байсан 60-н мянган төгрөг авч зүс таних эгчийнд очих гээд замдаа “Орхон” дэлгүүр орж дахин архи авах гэтэл надад “архи өгөхгүй” гээд намайг дэлгүүрээс гаргасан санаж байна. Тэгтэл дэлгүүрийн үүдэнд зүс таних Шараа ахтай таарсан. Тэгсэн надад “миний дүү архи уух гээд байгаа юм уу? ахад нь нэг шил архи байна, чи уух уу?” гэж ярихаар нь би зөвшөөрч Шараа ах бид хамт “Орхон” хүнсний дэлгүүрийн урдаас харсан автобусны буудал дотор орж сууж байгаад, надад хийж өгсөн архинаас нь 2 удаа ууж байснаа санаж байна. Тэгсэн тэрнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байна. Тэгээд ухаан ортол "Хүлэг" дэлгүүрийн урд талын засмал зам дээр хэвтэж байсан намайг хүмүүс тойроод зогсож байсан. Тэгээд удаагүй эмнэлгийн яаралтай түргэний эмч ирж намайг эмнэлэг рүү аваад явсан байгаа. Намайг "Орхон” хүнсний дэлгүүрийн урд автобусны буудал дотор архи уугаад сууж байхад зүс таних Өлзийбат нь гартаа барьж байсан хөлдүү махаар миний толгойн урд хэсэг духны орчимд зүүн нүдний дээд талд цохисон. Би Өлзийбатыг Сүхбаатар сумын 1 дүгээр багт амьдардаг хүн гэдэг утгаар нь зүс мэднэ. Тэрнээс садан төрлийн холбоо бол байхгүй. Өлзийбат бидний дунд урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл бол байхгүй анх удаа л тийм асуудал болсон. Одоо миний толгой хавантай, зүүн нүдний дээд талд 5-н оёдол тавиулсан, толгой доргилттой, миний дотор муухайрч бөөлжих гээд байна, хоол унд маш бага идэж байгаа. Өөр зовиур байхгүй. Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэлээд их архи уусан, болсон зүйлийг муухан санаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 05-06-р ху/,
4. Гэрч Х.Гантуяагийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед “Орхон” хүнсний дэлгүүр орох гээд гадаа нь очтол дэлгүүрийн өөдөөс харсан автобусны буудал дотор зүс таних Мөнгөншагай архи нэхээд согтуу сууж байгаа харагдсан. Өлзийбат, Мөнгөншагай нар хоорондоо маргалдаж байгаад Өлзийбат нь гартаа барьж байсан ууттай хөлдүү татсан мах, мөн уутанд хийсэн байсан өндөгөөр Мөнгөншагайн нүүрэн тус газарт нэг удаа цохиод авсан. Тэгтэл Мөнгөншагайн нүүрнээс цус гараад эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад дахиад гараараа Мөнгөншагайг цохиод байсан. Тэгээд тэр хоёрыг салгах гээд би машинаас бууж очиж салгаж байхад “Орхон” хүнсний дэлгүүрийн худалдагч, эзэн Түвшинжаргал дэлгүүрээс гарч ирсэн, тэгээд салгасан юм. Өлзийбат, Мөнгөншагай нар хоорондоо зодолдож байгаад Өлзийбат гартаа авч явсан хөлдөөсөн татсан махаар нүүр духны хэсэгт нь нэг удаа цохисон, тухайн үед би “Орхон” хүнсний дэлгүүрийн гадна машин дотор сууж байсан. Ойролцоогоор 5-6 метрийн зайд байсан. тухайн үед болж байгаа зүйлийг хараад их балмагдсан байсан болохоор яг хэн хэн байсныг санахгүй байна. “Орхон” хүнсний дэлгүүрийн худалдагч Түвшинжаргал ирж тэр хоёрыг салгасан санагдаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/,
5.Гэрч Н.Мягмаржаргалын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг өнгөр байхад зүс таних Мөнгөншагай нилээд согтуу манай “Орхон” хүнсний дэлгүүрт орж ирээд “би танай дэлгүүрт зээлгүй байгаа. Надад “архи” зээлээр өгчих” гэж хэлсэн. Тухайн үед эгч хажууд байж байгаад “өгчих” гэж хэлэхээр нь өгөөд гаргасан. Тэгээд дахиад 15 цагийн үед Мөнгөншагай нилээн согтуу орж ирээд “надад архи зээлээр өг” гээд “би чамд түрүүн архи зээлээр өгсөн. Одоо өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл “би танайд өр зээлгүй байгаа. надад архи өг” гээд хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд юм яриад зогсож байтал ээж гэрээс гарч ирсэн. Мөн тухайн үед Өлзийбат дэлгүүр дотор байж байхад түүнийг хэл үгээр доромжлоод байсан. Ээж Мөнгөншагайг дэлгүүрээс гаргасны даруу удалгүй Өлзийбат 1 кг үхрийн татаж хөлдөөсөн мах, 7-8 өндөг авч явлаа гэсээр гараад явсан. Тэгээд гараад явсны дараа удаагүй мөн зүс таних эгч гаднаас “танай дэлгүүрийн гадаа хүмүүс зодолдоод байна Өлзийбат, Мөнгөншагай нар” гэж ярихаар нь би дэлгүүрээс гүйн гарч дэлгүүрийн урд талын автобусны буудал дотор байсан Өлзийбат, Мөнгөншагай нар дээр очсон. Тэд хоорондоо нүүр духны орчмоос нь цус гарсан байдалтай байж байсан юм. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд Өлзийбат эгчийн гараас татаад дийлэхгүй болохоор нь буцаж дэлгүүрт орж болсон явдлыг ээж Түвшинжаргалд хэлсэн. Ээж надаас зөрөөд дэлгүүрээс гарч тэр хоёрыг салгасан. Мөнгөншагай нь Өлзийбатыг манай дэлгүүр дотор үйлчлүүлээд зогсож байхад нь хэл үгээр дайрч доромжлоод нэлээд удсан. Бараг 10-20 минут орчим болсон байх. Тэр хоёр хоорондоо зодоон цохион хийсэн талаар надад харсан зүйл байхгүй. Дэлгүүрийн гадна хүмүүс зодолдоод байна гэж сонсоод гарсан. Өлзийбат, Мөнгөншагай нар хоорондоо зодолдсон байдалтай, Мөнгөншагай нүүр духны хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17-р ху/,
6.Гэрч Ш.Түвшинжаргалын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15-н цаг өнгөрч байхад зүс таних П.Мөнгөншагай нь манай “Орхон” хүнсний дэлгүүрт нэлээд согтуу орж ирээд тухайн үед манай дэлгүүрт сууж байсан манай охин Мягмаржаргалтай “архи зээлж авна” энэ тэр гээд хэрүүл маргаан хийсэн байдалтай зогсож байхаар нь би дэлгүүрээс “Мөнгөншагай танд архи зээл өгөхгүй” гэж хэлээд гаргасан. Тэгтэл дахин дахин дэлгүүр орж ирээд намайг болон манай охин, дэлгүүрт зогсож байсан зүс таних Өлзийбат зогсож байхад уг хүний бас элдэв үгээр хэлж хэл үгээр доромжлож маргалдаж эхэлсэн. Тэгээд би дахиад л П.Мөнгөншагайг дэлгүүрээс гаргаж удалгүй Өлзийбат манай дэлгүүрээс 1 кг татсан мах буюу / шанз /, өндөгнүүд аваад “гэрлүүгээ явна” гээд гарсан. Тэгээд удалгүй манай охин Мягмаржаргал “ээж гадаа урд талын автобусны буудал дээр Өлзийбат эгч Мөнгөншагайг зодсон бололтой нүүр амнаас нь цус гарсан байна” гэж ярьсаар орж ирэхээр нь би буцаж зөрж дэлгүүрээс гарч очтол Мөнгөншагай, Өлзийбат нар зууралдсан Мөнгөншагайн нүүр духны хэсэг орчим газраас цус гарсан байдалтай байхаар нь тэдгээр хүмүүсийг салгаж холдуулсан тийм л асуудал болсон. Намайг тэр хоёр хүн дээр очтол хоорондоо зууралдсан байдалтай Мөнгөншагайн духнаас цус гарсан байдалтай байсан. Миний харсан зүйл гэвэл энэ. Мөнгөншагай нилээд их согтуу байсан, харин Өлзийбат эрүүл ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. П.Мөнгөншагайн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэлээд зан авир муутай. Ер нь бол таарсан хүмүүстэйгээ хэрүүл маргаан хийж явдаг л хүн. Тухайн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Мөнгөншагай нь Өлзийбатыг арай л муухай хэл үгээр доромжлож элдвээр нь хэлсэн. Харин Г.Өлзийбатын хувьд өрх толгойлсон 4-н хүүхдийн хамт амьдардаг эмэгтэй. Огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Амьдралын төлөө гэсэн эмэгтэй. Өлзийбатыг ийм зүйл хийсэнд нь их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,
7. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. П.Мөнгөншагайгийн биед тархи доргилт, духанд няцарсан шарх, зовхи, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдпоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой..
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 21-р ху/,
10. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 07-08/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 24-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 25-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 29-30-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 31-32-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд, /хх-ийн 35-38-р ху/, шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 40-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 41-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 45-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46-р ху/,шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх тухай бичгээр гаргасан баталгаа, /хх-ийн 56-р ху/, шүүгдэгч хохирогч нарын эвлэрсэн тухай бичгээр гаргасан баталгаа, /хх-ийн 54-р ху/, хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын санал, /хх-ийн 55-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Өлзийбат нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” хүнсний дэлгүүрийн гадна автобусны буудлын дэргэд П.Мөнгөншагайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Г.Өлзийбатыг “Хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Өлзийбатыг “Хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг шүүгдэгч Г.Өлзийбат нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дайртан овогт Гэндэнжамцын Өлзийбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дайртан овогт Гэндэнжамцын Өлзийбатыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Өлзийбатад мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Д.Өлзийбат нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг болон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаандаа буюу 2019 оны 10-р сарын 01-ний дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Өлзийбатад үүрэг болгосугай.
6.Шүүгдэгч Д.Өлзийбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН.