Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

  

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр          Дугаар 181/ШШ2016/00013          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосго 16-12 тоотод оршин суух, Сартуул овогт Даваадоржийн Бямбадулам /РД:ЧВ87022804/-ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Хангай хотхоны 505-88 тоотод оршин суух, Харчин овогт Пировын Доржсүрэн /РД:ИС83113016/-д холбогдох,  

          

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бямбадулам, хариуцагч П.Доржсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.      

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Би 2013 оноос П.Доржсүрэнтэй үерхэж, 2013 оны 7 сараас хамт амьдарсан. 2015 оны 7 дугаар сарын 6-нд хүү Д.Оюунболд төрсөн. П.Доржсүрэн өмнө нь өөр хүнтэй гэр бүлээ батлуулсан байсан тул бид гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Тэрээр хамт амьдрах хугацаандаа гадуур хонох нь их байсан тул бид маргаж, 2015 оны 12 сараас тусдаа амьдрах болсон. Би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэрт нь очиход өмнөх эхнэр нь 2016 оны 2 сард 2 дахь хүүхдээ төрүүлсэн гээд гэрт нь байсан. П.Доржсүрэн нь 2 талд амьдарч, өмнөх эхнэр нь саяхан шинэ хүүхэд төрүүлсэн байгаа тул түүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд бидний дундаас төрсөн хүү Д.Оюунболдын эцэг нь П.Доржсүрэн мөн болохыг тогтоолгох, хүүхэддээ тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Д.Оюунболд нь миний төрсөн хүү мөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй нь би 2012 онд өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан. Би Д.Бямбадуламтай цаашид хамт амьдрахаас эмээсэн. Тэгээд ч өөрөө 1 хүүхэдтэй, эхнэртэй байсан бөгөөд дахин 1 хүүхэд төрүүлсэн учир Д.Бямбадуламаас тусдаа амьдрах болсон. Би хүү Д.Оюунболдод тэтгэлэг төлнө гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бямбадулам нь хариуцагч П.Доржсүрэнд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Зохигч Д.Бямбадулам, П.Доржсүрэн нар нь 2013 оны 7 дугаар сараас хамтын амьдрал зохиож, дундаасаа 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүү Д.Оюунболдыг төрүүлсэн ба П.Доржсүрэн нь хүү Д.Оюунболдын төрсөн эцэг мөн болох нь тэдгээрийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан П.Доржсүрэн нь хүү Д.Оюунболдын эцэг мөн болохыг тогтоов.

 

П.Доржсүрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 

 

Зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Д.Оюунболдыг сар бүр эцэг П.Доржсүрэнгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримлан П.Доржсүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Оюунболдын эцэг мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Оюунболдыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Доржсүрэнгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.    

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА