Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 112

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

Улсын яллагч                                                          Т.Нансалмаа

        Шүүгдэгч Ч.Батчулууны өмгөөлөгч                    Д.Мөнхдэлгэр

        Шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч          А.Отгонбаяр

        Нарийн бичгийн даргаар                                      Б.Баярдэлгэр нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтөрийн Лхагвасүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулуунбатын Батчулуун нарт холбогдох 1831002680214 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа: Монгол Улсын харьяат, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн 14-14 тоотод оршин суух хаягтай, “ТТЖИВИ” ХХК-нд дампын операторчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилиин хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Боржигон овогт Энхтөрийн Лхагвасүрэн, /РД:ТЯ-89060910/

 

Үндсэн захиргаа Монгол Улсын харьяат, 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 11-57 тоотод оршин суух хаягтай, “Шарын гол” ХХК-нд том тэрэгний жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Боржигон овогт Чулуунбатын Батчулуун, /РД:ТЯ-85011910/

           

Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар Ч.Батчулуунтай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан,  

Шүүгдэгч Ч.Батчулуун нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт согтуугаар Э.Лхагвасүрэнтэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 06-нд яллагдагчаар өгсөн:  ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Энэ өдөр Шарын гол сумаас хүргэн ах Лхагва-Очирын “Хайя лукс” маркийн автомашинтай Батчулуун, Нямдорж, Хосоо, Лхагва-очир нарын хамтаар Түшиг сумруу загасанд явсан юм. Ингэж явахдаа замаасаа архи аваад ууцгаасан ба архи уусаар яваад Түшиг сум орсон юм. Ингэж ороод явж байхад Батчулуун бид 2 жаахан маргалдсан ба Батчулуун машин зогсоолгоод намайг “буугаад ир” гэж машинаас буулгаад намайг үзүүртэй зүйлээр хатгасан юм. Мөн хэд хэд цохисон ба бид 2 зууралдахад Лхагва-Очир ах ирээд салгасан ба надруу дайраад байхаар нь би цаашаа зугтчихсан юм. Ингэж зугтаж холдоход Лхагва-Очир цаашаа аваад явсан. Би машин руу яваад очиход машин асаалттай байхаар нь кабинд нь орж суугаад машиныг хөделгөж яваад Батчулууныг айлгах санаатай тулаад зогсъё гэж бодоод тулж очоод тоормос гишгэсэн боловч машиныхан тоормос огг барилгүй тэр чигээрээ Батчулууныг газарт хагас суусан байхад нь мөргөөд дээгүүр нь гараад явчихсан. Хэсэг яваад зогссон юм. Би сандарсандаа тоормосон дээрээ гишгээтэй байсан боловч зогсохгүй тэр чигтээ дээгүүр нь гарч яваад хэсэг яваад зогссон юм. Тоормос үнэхээр барихгүй байсан урд тоормос нь гачаалдаж байж барьж байсныг сүүлд л мэдсэн. Би уул нь Батчулууныг зүгээр л айлгах санаатай байсан юм. Тэрнээс дайрч бэртээж биед нь гэмтэл учруулъя гэж бодоогүй. Надруу гартаа үзүүртэй зүйл барьж дайраад хатгасан байхаар нь уур хүрээд дахиад яваад очвол намайг хатгачих байх гэж бодоод явган явж очилгүй машинтай очиж айлгая гэж бодоод машиныг жолоодоод очиход машин тоормос гишгээд зогсолгүй дээгүүр нь гарчихсан. Ийм л зүйл болсон миний хувьд яг үнэндээ айлгах л санаатай байсан. Тэрхэн зуурын уур бухимдлаас үүдэн ийм зүйл хийчихсэн машинаар айлгавал надаас айх байх гэж бодсон юм. Гэтэл эсрэгээрээ машинаар дайрчихсан юм. Ийм л зүйл болсон. Би үүнд үнэхээр их харамсаж байна.  ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 16-17-р ху/,

2.Шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 29-нд яллагдагчаар өгсөн: ...Надад урдны өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Нэмэлтээр дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоол, шинжээчийн нэмэлтээр гаргаж ирүүлсэн дүгнэлт зэрэгтэй танилцсан. Мөн хэрэг буцаж ирсэнтэй холбоотой цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл болон ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хохирогч Ч.Батчулуунд эмчилгээний болон бусад зардал мөнгө болгож дансаар 4.710.000 төгрөг, бэлнээр 1.871.750 төгрөг, нийт 6.581.750 төгрөг өгсөн байгаа. Бэлнээр мөнгө өгөхдөө ямар нэгэн байдлаар гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт бол үйлдээгүй. Гэхдээ бэлэн мөнгө авсан талаар хохирогч Ч.Батчулуун хэлж ярих байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 148-149-р ху/,

3.Шүүгдэгч Ч.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн: ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Лхагвасүрэн, Лхагва-Очир, Хосоо, Нямдорж нарын хамтаар Түшиг сум руу загсанд явцгаасан юм. Ингэж явах замдаа архи ууцгаасан ба Лхагвасүрэнтэй маргалдаж, замдаа зогсож би машинаас жижиг хайч авч буугаад Лхагвасүрэнгийн биеийн хэсэг рүү хатгаж, цохисон юм. Ингээд Лхагва-Очир салгаад больсон юм. Өөр цохиж, зодолдсон зүйл болоогүй. Тухайн үед тэр хайчаа газар хаясан. Би хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 11-12-р ху/,

4.Шүүгдэгч Ч.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 28-нд яллагдагчаар өгсөн:  ...Би хэргийн материалтай танилцлаа. Хэргийн бүрдэлтэй холбоотой санал хүсэлт нэмж шалгуулах зүйл бол алга байна. Харин миний эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт гаргаж өгөөгөүй байга одоо дхин нуруугаар өвдөөд хөдөлмөр эрхлэхэд хэцүү болсон. Одоогоор гарсан зардлын баримтаа бүрдүүлж байгаа шүүх дээр баримтаа гаргаж өгч мөнгөө нэхэмжлэх болно. Одоогоор яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ бол мэдэхгүй байна. цугларсан баримтаа үзэж байгааг тооцоог нь гаргана мөн цалингаа нэхэмжилнэ гэж бодож байгаа. Өөрч санал хүсэлт гэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 147-р ху/,

5.Шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Батчулуун бид хоёр багаасаа бие биенийгээ таньдаг, нэг байранд өссөн. Тухайн өдөр хамт загас барихаар явсан Ч.Батчулуун намайг үзүүртэй зүйлээр хатгасан. Тэгэхээр нь гарнаас нь зугтаагаад машинд орж суусан. Тэгээд Ч.Батчулууныг дайрна гэсэн бодол байгаагүй. Зүгээр айлгах санаатай дөхөж очоод зогсох гэсэн чинь тоормос нь бариагүй.  Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эхний шүүх хуралд өмгөөлөгчтэй гэрээ хийж өмгөөлөгч авсан байгаа. Ч.Батчулууны өрөөнд нь бол би ороогүй. Эмнэлэг дээр бол байсан. Тийм болохоор гадаадад эмчилгээ хийлгэнэ гэдгийг сонсоогүй. Эмчилгээний зардлын хувьд би “чаддаг юм бол баримтаа аваад ир” гэж би хэлээгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхээс тогтоож өгснөөр нь төлнө..гэх мэдүүлэг,

6.Шүүгдэгч Ч.Батчулууны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Замд явж байхад ахтайгаа муудалцаад зодолдоод байсан. Миний хувьд би энэ хэдийгээ бодвол эрүүл байсан. Машинаас бууж ирэхэд нь нэг л удаа цохисон. Ноцолдож байх явцад л хайчинд хүрсэн байх. Түүнээс биш санаатайгаар хайчаар дүрсэн зүйл байхгүй. Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өвчтэй явж байна. Байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Гүйцэд эдгээгүй байхад нь ажилдаа орчихсон болохоор тэр нь эмчилгээнд сайн нөлөөлөхгүй байна. Мэдрэлийн дарагдсан хэсэг нь удаан хугацаагаар сэргэдэг болохоор физик эмчилгээ хийлгэж, ажлынхаа хажуугаар эхнэр хүүхдээ тэжээхийн тулд эмчлүүлж байгаа. “Гранд мед” эмнэлгийн Тэмүүжин эмчийн хяналтанд байдаг. 7 дугаар сар гаргаад цаашдаа эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна. “Гранд мэд” эмнэлэгт 350 долларын мэдрэл сэргээдэг тариа 3 удаа хийлгэсэн. Одоогоор эмч нь гадаадад сургалттай байгаа гэсэн. Хөл байнга өвдөлттэй. Хонгоноос доошоо зузаан мах мэдээгүй байгаа. Энийг цаашдаа эмчилнэ гэсэн. Шүүхээр цаашдаа гарч болох эмчилгээний зардлаа гаргуулна гэж бодож байгаа гэв.  ...гэх мэдүүлэг,

7.Хохирогч Э.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Энэ өдөр би хүргэн ах Л.ЛхагваОчирын 2681 ДАХ улсын дугаартай автомашинтай найз Батчулуун, Хосоо, Нямдорж, ах ЛхагваОчир нарын хамтаар Түшиг сумруу салхинд гарахаар буюу загас барихаар явсан юм. Ингэж явахдаа замдаа архи уусан ба Батчулуун бид хоёр архи ууж явахдаа үл ойлголцож жаахан маргасан. Түшиг сум ороод явж байхад Батчулуун машин зогсоолгоод намайг буухад нэг үзүүртэй зүйлээр хатгасан ба хэд хэд цохисон юм.Ингээд намайг алах юм байна гээд зугатаасан. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 127-р ху/,

8.Хохирогч Ч.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Би хэргийн материалтай уншиж танилцлаа. Хэргийн бүрдэлтэй холбоотой санал хүсэлт нэмж шалгуулах зүйл бол алга байна. Харин миний эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй байгаа одоо дахин нуруугаар өвдөөд хөдөлмөр эрхлэхэд хэцүү болсон. Одоогоор гарсан зардлын баримтаа бүрдүүлж байгаа шүүх дээр баримтаа гаргаж өгч мөнгөө нэхэмжлэх болно. Одоогоор яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Цугларсан баримтаа үзэж байгаад тооцоог нь гаргана. Мөн цалингаа нэхэмжилнэ, гэж бодож байгаа. Өөрч санал хүсэлт гэх зүйл байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 131-133-р ху/,

9.Гэрч Ч.Хөхөөгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:. .Одоогийн байдлаар 6.349.040 төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс 5.030.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөөгүй байна. Миний хувьд нөхрөө хуучин хэвэнд нь оруулж авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 137-138-р ху/,  

10.Гэрч Л.Лхагва-Очирын. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 14-15 цагийн үед байх би бол цаг хараагүй, барагцаалж байна. Түшиг сумруу орж ирж явахад Батчулуун “машинаа зогсоо, энэ Лхагвасүрэн томроод болохгүй байна” гэж хэлээд Нямка машиныг зогсоосон юм. Ингээд машинаас Батчулуун түрүүлж буухдаа сэрээ юу, хутга уу нэг зүйл баруун гартаа бариад буусан юм. Ингээд араас нь Лхагвасүрэн буугаад би араас нь мөн гарсан юм. Гэтэл Батчулуун “чи олон юм ярилаа” гэх зэргээр Лхагвасүрэнтэй маргаад улмаар Батчулуун Лхагвасүрэнгийн баруун хэвлий хэсэгт 2 удаа хатгаж харагдсан. ...Батчулууныг болиулахад Лхагвасүрэн нэг мэдсэн машин жолоодсон Батчулуун руу чиглээд машинтай давхиад ирсэн. Гэтэл Батчулуун машинаас зугатаах гэсэн боловч амжилгүй тэрхэн зуур машинд мөргүүлээд машин дээгүүр нь гараад явчихсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 148-149–р ху/,

11.Гэрч Г.Хосоогийн. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Лхагвасүрэн машин жолоодоод Батчулууныг араас нь машинтай хөөж харагдсан. Миний харж байснаар Батчулуун машины урд хамар хэсэгт мөргүүлээд машин доогуур орсон. Машин дээгүүр нь гарч яваад зогссон. ...замд явж байхад “урд 2 тоормос нь муу бариад байсан. Нилээн зайнаас тормос барьж байна” гэж Нямка ярьж байсан. ...Ямартай ч Батчулуун гартаа нэг мэс мэт зүйл барьсан Лхагвасүрэнг араас нь хөөгөөд байсан. Яг ямар мэс мэт зүйл барьсан байсныг нь хэлж мэдэхгүй байна. Сайтар хараагүй юм. Лхагвасүрэнгийн биед мэс мэт зүйлээр гэмтэл учруулсан байна лээ. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 153-154-р ху/,

12.Гэрч Ч.Нямдоржийн. мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Миний харснаар Лхагвасүрэн машин хөдөлгөөд бид 3 руу чиглээд явсан. Би хараад холдох үед чиглэж явж байгаад буцаж тойрч эргээд Батчулуун ахыг сууж байхад яг араас нь чиглэж нилээн хурдтай давхиж очоод шууд дайраад дээгүүр нь гарчихсан юм. Миний харснаар Лхагвасүрэнгийн хэвлий хэсэг рүү Батчулуун ах цохиж харагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 166-168-р ху/,

13.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 347 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:  

1.Э.Лхагвасүрэнгийн биед баруун ташаанд шарх, баруун мөр, хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Э.Лхагвасүрэнгийн биед учирсан гэмтэл тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 173-р ху/,

14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ч.Батчулууны биед өвчүү, зүүн 9-10-р хавирга, сээрний 12, ууцны 1, 2, 3-р нугалмын их бие, сээрний 11, бүсэлхийн 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун, зүүн үүдэн дээд шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөг, баруун бугалганд шарх, дух, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /ххийн 185-р ху/,

15.Шинжээчийн 2018 оны 08-р сарын 30-ны өдрийн 63 тоот дүгнэлтэнд:

1.Э.Лхагвасүрэн нь “Хайлюкс” маркийн 26-81 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Ч.Батчулууны биед санаатай гэмтэл учруулсан үйлдэл нь гэрчийн болон өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул зам тээврийн осол биш гэж үзэж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 243-р ху/,

16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 689 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Нэмэлтээр ирүүлсэн толгой, хүзүү аарцаг 2 талын түнхний үений соронзон резонанст томографийн шинжилгээ, хэвлийн хэт авиан шинжилгээнд ууцны 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, ууц ясны хоёр талын латерал массын хугарал, зүүн зулайн дэлбэнгийн цагаан бодист голомлог цус харалт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 162-163-р ху/,

17.Шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р хх-ийн 18-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /2-р хх-ийн 20-30–р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /2-р хх-ийн 14-15-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /2-р хх-ийн 16-17 ху/,

Шүүгдэгч Ч.Батчулууны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /2-р хх-ийн 34-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /2-р хх-ийн 33–р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /2-р хх-ийн 09-10-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /2-р хх-ийн 11-12-р ху/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 6-7-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8 –р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-12-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-14-р ху/, хүний бие болон өмсөж яваа хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-23-р ху/,Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 4-р ху/, биологийн дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 24-28-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 29-30–р ху/, хохирогчийн эмчилгээний зардлын талаархи баримтууд, /хх-ийн 33-124, 2-р хх-ийн 47–р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 171, 175, 183-184, 132, 241-242, 247, 2-р хх-ийн 164-165-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдглэл, /хх-ийн 173,174,181, 221, 222, 337, 339, 244-245, 2-р хх 02, 03, 164-165-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 187-220-р ху/, хохирогчийн шинжилгээний хариу, /хх-ийн 224-230, 2-р хх-ийн 151,156-161–р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 150-151-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 35-38, 167-168–р ху/, ,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  нарын хэргийн талаар  мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан  шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд болон яллагдагч нарыг байцаасан тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний бие болон өмсөж яваа хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, биологийн дээж авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, хохирогчийн эмчилгээний зардлын талаархи баримтууд, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн өвчний түүх хохирогчийн шинжилгээний хариунууд, шүүгдэгч, хохирогч нарт  хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл,  хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг,зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт Ч.Батчулуунтай маргаж улмаар түүнийг машинаар дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Батчулуун нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн нутагт орших “Тавт” гэх газарт Э.Лхагвасүрэнтэй маргаж улмаар түүнийг хайчаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаангүй, шүүгдэгч Ч.Батчулуун нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь хохирогчид 6.581.757 төгрөгний хохирол төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Батчулуун, Э.Лхагвасүрэн нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт  26-81 ДАХ улсын дугаартай “hi lux” маркийн авто машин битүүмжлэгдсэн, шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь хохирогчид 6.581.757 төгрөгний хохирол төлсөн, шүүгдэгч Ч.Батчулуун нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Хохирогч Ч.Батчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 9.316.453 төгрөг, бусад зардалд 520.000 төгрөг, листний зөрүү 2.071.455 төгрөг бүгд 11.907.908 төгрөг нэхэмжилснээс өмнө төлсөн гэх 6.581.757 төгрөгийг хасч шүүгдэгч С.Лхагвасүрэнгээс 5.326.151 төгрөг гаргуулан хохирогч Ч.Батчулуунд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь:   

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Боржигон овогт Чулуунбатын Батчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Лхагвасүрэнг мөн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лхагвасүрэнг 500 /таван зуу/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батчулууныг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лхагвасүрэн, шүүгдэгч Ч.Батчулуун нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Лхагвасүрэн, шүүгдэгч  Ч.Батчулуун нарт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Э.Лхагвасүрэн, Ч.Батчулуун нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Батчулуун нь бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус  дурьдсугай.  

6.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 508-р зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.Лхагвасүрэнгээс 5.326.151 төгрөг гаргуулан хохирогч Ч.Батчулуунд олгосугай.

7.Хавтаст хэргийн 29-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 26-81 ДАХ улсын дугаартай “HI lux” маркийн машиныг жинхэнэ эзэмшигч Л.Лхагва-Очирт олгосугай.

8.Хохирогч Ч.Батчулуун нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

9.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лхагвасүрэн, шүүгдэгч Ч.Батчулуун нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн  агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор болон дээд шатны прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН