| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/03621/И |
| Дугаар | 210/МА2025/00893 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00893
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/02183 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Төрд учирсан хохирол 19,919,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь Санхүүгийн зохицуулах хорооны *******албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугааp тушаалаар тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан *******ыг төрийн албанаас чөлөөлсөн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрээр *******ыг Санхүүгийн зохицуулах хорооны *******албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос 19,919,552 төгрөгийг *******ад олгосон.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу *******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 19,919,552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн болон бодит нөхцөл байдлын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрийн 16 дахь талд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалын "*******ыг албан тушаал бууруулах" заалт хууль бус, *******ыг Хяналт, шалгалт зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилох ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Захиргаа удирдлагын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн илт хууль бус захиргааны акт болох нь тус тус тогтоогдож байх тул *******ыг Санхүүгийн зохицуулах хорооны *******албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй" гэж тухайн хэргийг шийдвэрлэсэн.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны даргын 444 дүгээр тушаалын албан тушаал бууруулсан гэх заалт нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож, *******ыг *******албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 29,226,277 төгрөгийг түүнд олгохоор шийдвэрлэсэн байхад *******өөс миний гаргасан тушаалыг хүчингүй болгосны улмаас 29,226,277 төгрөгийн цалин хөлсийг *******ад олгохоор шийдвэрлэсэн мэтээр шүүхийн шийдвэрийг буруу ойлгон тайлбарлан надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлд дурдсанчлан ******* нь Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй буюу түүнийг ажиллаж байгаагүй албан тушаалаас нь халсны улмаас түүнийг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй, түүнд Хяналт шалгалт, зохицуулалтын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалын цалин хөлсийг нөхөн олгох шүүхийн шийдвэр ч байхгүй болно. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* миний гаргасан тушаалыг хүчингүй болгосон нь миний шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр Санхүүгийн зохицуулах хороонд буюу төрд 19,919,552 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосон баримт биш.
Харин гэм хор буюу хохирол учирсан эсэх, уг хохирлын гэм буруутай этгээдийг тогтоох, гэм буруугийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр учруулсан эсэхийг тогтоох, нотлох үүрэг нь нэхэмжлэгч болон иргэний хэргийн шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх 444 дүгээр тушаал буюу захиргааны актыг гаргасан үндэслэлийг хянан хүчингүй болгоод түүнийг уг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бөгөөд энэ тушаалын гол үндэслэл болсон Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлтээр *******ын албан үүргээ хангалттай биелүүлээгүй болохыг тогтоосон гэх үйл баримтуудыг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн байдаг.
******* нь Ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр албан хаагчийг хууль бусаар халсныг шүүхээс хүчингүй болгож, тэднийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, цалин хөлсийг нөхөн олгохыг даалгасан. Харин ******* нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлж эдгээр хоёр иргэнийг эргүүлэн томилоогүй хугацаа алдсаны улмаас шүүхээс 4,777,523 төгрөгийг нэмж гаргуулан олгохыг даалгасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос төлсөн тул уг хохирлыг учруулсан гэж, мөн ******* нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсаар байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гаргасан тул Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалаар *******ыг албан тушаал бууруулсан. Улмаар түүнийг урьд эрхэлж байсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсон байдаг. Харин ******* нь төрийн албан хаагчийн тангаргаасаа няцаж урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллалгүй 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нэг ч өдөр ажил дээрээ ирээгүй, албан үүргээ гүйцэтгээгүй тул түүнийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар тушаалаар төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба тасралтгүй үргэлжлэх зарчмыг хангасан юм.
******* нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалаар албан тушаал бууруулсныг эс зөвшөөрч шүүхэд хандсан байсан бөгөөд энэ хугацаандаа төрийн албан хаагчийн тангаргаасаа няцаж томилогдсон албан тушаалаа голж ажлаа хийхээс татгалзсан нь түүний хувьд төрийн албан хаагчийн наад захын ёс зүйгүй, хууль бус үйлдэл болсон атал өөрийг нь албан тушаал бууруулсан, төрийн албанаас халсан тушаалыг шүүхээр хүчингүй болгуулсан шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргуулан улмаар Санхүүгийн зохицуулах хорооны *******албан тушаалд томилуулсан байдаг. Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны *******албан тушаалд томилогдсон даруйдаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал үүсгэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны дарга *******болон Ажлын албаны дарга ******* бидний гаргасан авж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс татуулан авсан, 29,226,277 төгрөгийг өөрөө өөртөө олгох шийдвэрийг гаргаж Төрийн сангаас өөрөө хүсэлт гарган өөрийнхөө дансанд шилжүүлэн авсан нь хууль бус үйлдэл болсон.
Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******ын өөртөө олгосон 29,226,277 төгрөгийг төрд учруулсан гэм хор гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан *******гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/XT2022/00573 дугаар тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг хэрэглэж буюу албан тушаалтны шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн.
******* нь иргэн надаас *******ын өөрөө өөртөө гаргуулан авсан 29,226,277 төгрөгөөс 19,919,552 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэн нэхэмжилж буй тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар миний шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан эсэхийг тал бүрээс нь үнэн зөвөөр тогтоосны дараа нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсан хариуцлагыг хэн хэрхэн, хэр хэмжээнд хариуцах талаар нарийвчлан зохицуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн *******ад шүүхийн шийдвэрийн дагуу цалинг нөхөн олгохоор байгаа.
Харин ******* нь тус хуулийн 498.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасны дагуу хохирлыг шаардах тохиолдолд гэм хорыг арилгах хариуцлагын үндэслэл болсон зөрчлийн дараах бүрэлдэхүүн шинж элементүүдийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай. Үүнд: хохирогч түүнд учирсан хохирол, гэм буруутай албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй сэдэл, уг үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх, учирсан хохирол, гэм буруу хоёр хоорондоо шалтгаант холбоотой байх.
Би Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байх явцдаа албан тушаалын үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, ажилдаа ирэхгүй 5 гаруй сарын хугацаанд төрийн албыг тасалдахад хүргэсэн *******ад болон Санхүүгийн зохицуулах хороонд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэх үндэслэл үгүй юм. Тодруулбал, *******ыг халсан шийдвэрийг хожим нь хууль бус болохыг захиргааны хэргийн шүүх тогтооно гэдгийг урьдчилан харах боломжгүй буюу шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг тооцоолох боломжгүй байгаа нь түүнд нөхөн олгосон цалин буюу хохирлыг би шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ учруулсан гэх үндэслэлгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан шийдвэрт миний гаргасан гомдлыг шүүхээс татан авч хэргийг дуусгаж, гомдол гаргах боломж надад олгогдоогүй юм. Миний гаргасан тушаалын үр дагаврын улмаас түүнд цалин хөлс нөхөн олгосон гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 19,919,552 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 257,548 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Давж заалдах гомдлыг 3 үндэслэлээр гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан гол нотлох баримт болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн. ******* нь тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга *******гийн тушаалаар *******ыг албан тушаал бууруулсан, үүнтэй холбогдуулан ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс 1 жил хагасын дараа албан тушаал бууруулсан тушаалыг үндэслэн ******* нь *******ыг ажлаас нь халсан гэх ялгаатай үйл баримтууд хэрэгт авагдсан. Тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой талаас нь, төрд 19,900,000 төгрөгийн хохирол хэрхэн учруулсантай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх замаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх байсан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан 3 тушаалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. 2017 оны 444 дүгээр тушаал буюу *******ыг *******албан тушаалаас чөлөөлж, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тушаалтай холбогдуулан өөрт учирсан хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан. Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд ажиллахаас татгалзаж, хуулийн дагуу Ажлын албаны дарга буюу АА зэрэглэлийн 1 дүгээр ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байхад *******хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус маргаан 6 сарын дараа шийдвэрлэгдсэн. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар тушаалыг *******ын оронд түр томилогдсон ******* гаргасан бөгөөд тус тушаалтай холбогдуулан гомдол гаргаагүй, хохирол, нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан ба шүүхээс үнэлээгүй. Ямар шалтгааны улмаас *******ад хохирол учирсан талаар болон хэн нөхөн төлбөр төлөх тухай тодорхой шийдвэрлэсэн ч Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д өөр байдлаар буюу буруу шийдвэрлэсэн.
4.2.Мөн шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. ******* нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг үндэслэл болгосон. Тус зүйлийг үндэслэх нь зөв ч, доторх агуулга болон хэргийн үйл баримтад тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргах ёстой гэх агуулгаар хариуцагч хариу тайлбараа гаргасан. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэн нэгэн этгээд гэм хор учруулсан байхыг шаардаж байгаа бөгөөд тус гэм хорыг шууд санаатай болон болгоомжгүй байдлаар учруулснаас үл хамааран төрийн байгууллага барагдуулахаар заасан. Үүний дагуу гэм хорыг барагдуулсан гэж ойлгож байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хорын хохиролд дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. *******гийн үйлдлийн улмаас хохирол учраагүй бөгөөд уг үйлдлийн улмаас хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудалд мөн дүгнэлт хийх ёстой. Учруулсан хохирол, гэм буруугийн шалтгаант холбоог тогтоох ёстой ч төлбөрийн баримтаар төлөгдсөн тул ******* буруутай байна гэж л дүгнэлт хийдэг. Тус бүрд нь дүгнэлт хийвэл *******гийн буруутай үйлдэл тогтоогдохгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт ч мөн адил байхгүй.
4.3.Миний бие энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас 1 сард шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараа нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ хэргийн шүүх хуралдааныг товлогдохоос өмнө шүүх хурал товлосон байсан бөгөөд Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт эхэлсэн. Тус шүүх хуралдаанд миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд манай талаас үл шалтгаалсан асуудлаар шүүх хуралдаан хойшилсон. 13 цаг 30 минутад Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Эрүүгийн хэргийн шүүх рүү шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга руу залгаж *******ийн гаргасан хүсэлт үндэслэлтэй эсэх тухай тодруулж асуухад шүүх хуралдаан хойшилсон гэж хариулсан. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нь хойшилсон тул хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжтой гэж шүүхээс үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Миний бие холоос түгжрэлд яарч 14 цаг өнгөрөөж иртэл шүүх хуралдаан эхэлчихсэн оруулахгүй гэсэн. Хариуцагч өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт шүүхэд гаргасан ч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй, мөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй байна гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Гэтэл шүүх хүсэлт гаргах эрхгүй гэж шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг 30 минутад шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс *******ыг албан тушаал буруулсан болон төрийн албанаас халсан 444, 292 дугаар тушаалуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул дахин хянах шаардлагагүй гэж үзэж байна.
*******ыг албан тушаал бууруулсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн төрийн албанаас халсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны албан тушаал бууруулсантай холбоотой төрд учирсан хохирлыг ******* прокурорын байгууллагатай хамтарч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. *******ад олгосон ажилгүй байсан хугацааны олговор болох 29,900,000 төгрөгөөс 9,306,675 төгрөгийг албан тушаал бууруулсан дарга *******гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн бөгөөд үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. ******* 292 дугаар тушаалын дагуу төрийн албан хаагчийг төрийн албанаас халсантай холбогдуулан үүссэн хохирлыг хариуцагч *******гаас нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийг халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөнтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төрд учирсан хохирлыг ******* нэхэмжилнэ гэж заасны дагуу ******* бүрэн эрхээ хэрэгжүүлж төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа.
*******гийн гаргасан 292 дугаар тушаал нь гэм буруугийн хувьд илтэд болгоомжгүй буюу тус тушаалаас үүдэн гарсан 19,900,000 төгрөгийн хохирлыг *******ад олгох үндэслэлтэй гэж захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн улмаас учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн оролцсон. Шүүх хуралдаан 13 цаг 30 минутад эхлэх байсан ч 13 цаг 40 минутад эхэлсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн оролцсон гэх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан нь 10 цагт эхэлж, талуудын хүсэлтээр 11 цагт хойшлогдсон бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч 13 цаг 30 минутын шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хурал эхэлсэн. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гаргасан тушаалынхаа эрх зүйн үр дагаврыг ******* хариуцаж, төрд учирсан хохирол 19,919,552 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төрд учирсан хохирол 19,919,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1.Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалаар Ажлын албаны дарга *******ыг албан тушаал бууруулж, мөн өдөр *******үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 118 дугаар тушаал гарч, *******ыг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Үүний дараа ******* нь Санхүүгийн зохицуулах хорооны *******албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугааp тушаалаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ыг нийтийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан.
3.2.*******ын нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2-т тус тус заасныг баримтлан дээрх 3 тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, *******ыг Санхүүгийн зохицуулах хорооны *******албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 29,226,227 төгрөг олгож үр дагаврыг шийдвэрлэсэн.
Тус шийдвэрт 292 дугааp тушаалын хувьд, өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан, мөн ******* нь албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч *******д гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллах үүрэггүй байх тул түүнийг ажлаа 3-аас дээш өдрөөр тасалсан гэж үзэж ажлаас халсан нь буруу, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг хэрэглэх үндэслэлгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ.
3.3.Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос 29,226,227 төгрөгийг *******ад олгосон.
3.4.Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон *******ийн нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр зүйлийн 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00924 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00157 дугаар тогтоолоор *******дээрх 29,226,227 төгрөгөөс 9,306,675 төгрөгийг гаргуулан Санхүүгийн зохицуулах хороонд олгож шийдвэрлэсэн. Тодруулбал, 444 дүгээр тушаал гарсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 292 дугаар тушаал гарсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах хохиролд 9,306,675 төгрөгийг гаргуулжээ.
4.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.
4.1.******* нь Санхүүгийн зохицуулах хорооны *******албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж 292 дугааp тушаалыг гаргахдаа тус хорооны даргын 2018 оны 444 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн ******* нэр бүхий 2 албан хаагчийг халсан тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 361, 51 дүгээр тогтоолыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан, түүнчлэн ******* албан тушаал бууруулсан шийдвэрийн талаар зохих байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаснаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллах үүрэггүй байхад түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй, ажлаа 3-аас дээш өдрөөр тасалсан гэж үзэж ажлаас халсныг илтэд болгоомжгүй үйлдэл гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга нь хорооны даргын нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргах эсэхийг албан тушаалын чиг үүрэгтээ нийцүүлэн тодорхойлох боломжтой, мөн албан тушаал бууруулсан шийдвэрт гомдол гаргасан албан тушаалтныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэх үндэслэлгүй тул хариуцагч *******гийн дээрх үйлдэл гэм буруугийн илтэд болгоомжгүй шинжийг агуулж байна.
4.2.Түүнчлэн гэм хорын хэмжээний хувьд, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00157 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга *******гийн хууль бус үйлдлийн улмаас *******ад учруулсан гэм хорын хэмжээг тогтоохдоо 29,226,227 төгрөгөөс 9,306,675 төгрөгийг *******гийн үйлдэлд холбоотой буюу *******ыг ажлаас халсан *******албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 292 дугаар тушаал гаргасан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамааралтай гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүх хариуцагч *******гийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг үүний зөрүү буюу 19,919,552 (29,226,227-9,306,675) төгрөг гэж зөв тогтоосон байна.
5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* нь төрд учруулсан гэм хорын хохирол 19,919,552 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч талын гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг анхан шатны шүүх буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзах үүрэгтэй бөгөөд иргэдийн төлөөлөгчөөс *******ыг ажилдаа ирээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан боловч ажилд эгүүлэн томилсон учир нэхэмжлэл үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшуулах тухай хүсэлт ирүүлсэн байх ба шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Учир нь, тус шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар товлож хойшлуулсан бөгөөд уг шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ******* оролцож товыг мэдсэн байна. Түүнчлэн өмгөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан шүүхийн мэдэгдэх хуудас нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой байгаагаас үзэхэд тус шүүх хуралдаан товлохоос өмнө эрүүгийн хэргийн шүүх хуралдаан товлогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/02183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,548 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА