| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0111/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 114
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Мөнххуягийн Мөнхсайханд холбогдох 1931001890104 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р баг 2-р хэсэг 111 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдэж, ялаа эдэлж дууссан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайхан, /РД:МЮ-89060370/,
Шүүгдэгч М.Мөнхсайхан нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Салхит 3-р баг 4-р хэсэг 108 тоотод оршин суух Я.Должинсүрэнг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч М.Мөнхсайхан нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн найз Ариунзаяагийн хамт Сүхбаатар сумын 3-р багт суух зүс таних Я.Должинсүрэн /Шувуу/ очиж гэрт нь бид 3 нийлж 1 шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Я.Должинсүрэн ах ч бас уусан архиндаа нэлээд согтсон байсан. Ингээд би Я.Должинсүрэн ахын гэрт гахайн толгой байхаар нь “энэ юун гахайн толгой юм” гэж асуутал, намайг басамжлан доромжилж “яасан чи наад толгойгоо гэртээ аваачиж идээч” гэж ярихаар нь миний уур их хүрч Я.Должинсүрэн ахын нүүрэн тус газар өөрийн баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажууд сууж байсан найз Ариунзаяа намайг авч Я.Должинсүрэн ахын гэрээс аваад гараад явсан. Би иргэн Я.Должинсүрэнгийн эхүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хэлэх байна. Би өөрийн хийсэн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ойлгож мэдэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,
2.Шүүгдэгч М.Мөнхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирлын хувьд 400.000 төгрөг өгөх гэсэн боловч “ийм бага мөнгө авахгүй” гээд аваагүй. Эмчилгээний зардал нь хамгийн бага нь гэхэд 1.800.000 төгрөг болно гээд байгаа. Шүүхээс төлбөр төл гэвэл төлбөрийг төлнө. Должинсүрэн ахаас болон түүний хууль ёсны төлөөлөгч эгчээс уучлалт гуйж байна. Миний хувьд архи уухаар ийм байдалд орчхоод байгаа учраас архины эмчилгээнд явах санаатай байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. ...гэх мэдүүлэг.
3. Хохирогч Я.Должинсүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим гэртээ амраад байж байхад зүс таних Мөнхсайхан, одоо нэрийг нь санахгүй байна, энэ 2 залуутай Салхитын ам “Өгөөж” хүнсний дэлгүүрийн гадаа тааралдаж юм ярьж зогсож байгаад “наад архиа гудамжинд ууж байхаар манай гэрт очиж ууя” гэж яриад бид 4 үүлээ манай гэр рүү явсан. Гэрт очиж юм ярьж сууж байгаад Мөнхсайхан тэр хоёрын авсан “Хараа” нэртэй архийг нь хувааж уусан юм. Архиа ууж байх байх үед Мөнхсайхан манай гэрт байсан миний ажлын газраас авч ирсэн гахайн толгойг надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрч “ав, ав” гэж хэлсэн. Тэгээд байж байхад Даваа “хүүхдүүд ирсэн намайг дуудаад байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Мөнхсайхан бид 2 үлдсэн архиа ууцгааж Мөнхсайхан уусан архиндаа нэлээд согтуурч намайг “наад өмсөж байгаа малгайгаа ав муу пизда минь” гэх зэрэг үгээр доромжилж байгаад эхлээд миний өмссөн малгайг авч миний толгой руу цохиж “өө муу лалар минь чамайг яавал ч яана шүү” гэх зэргээр мөн л доромжлоод байсан. Тэгж байгаад гараараа миний нүүрэн тус газар хоёр удаа цохиод авсан. Тэгсэн Мөнхсайхантай хамт орж ирсэн урьд надтай хамт ажиллаж байсан Гантөмөр гэдэг хүний хүүхэд, би нэрийг нь санахгүй байна. Тэр залуу Мөнхсайханыг надаас салгаж авч зууралдсаар манай гэрээс гаргаж аваад явсан. Мөнхсайхан намайг гараараа нүүрэн тус газар хамарны орчим хоёр удаа цохисон. Мөнхсайханыг зүс мэднэ. Садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёрын дунд урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй, анх удаа ийм зүйл болж байна. Одоогоор миний хувьд хамар амьсгаа авч болохгүй байгаа. Мөн толгой ихээр өвдөж байгаа. Өөр ямар нэг өвдсөн зүйл байхгүй. Одоогоор эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. “Улаанбаатар хот орж хамрын хагалгаанд ор” гэж эмч нар зөвлөсөн. Би тухайн үед болсон асуудлыг сайн мэдэж байгаа, архи согтууруулах ундаа зохистой хэрэглэсэн байсан. Манай гэрт Мөнхсайхан, Даваа, Гантөмөрийн хүүхэд бид дөрвүүлээ байсан. Болсон асуудлыг Мөнхсайхан, Гантөмөрийн хүүхэд 2 сайн мэднэ. Би Мөнхсайханд гомдолтой байна, зүгээр байхад гэрт орж архи ууж байгаад миний эрх чөлөөнд халдаж хамар мурийлгасан болохоор гомдолтой байна. Би цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлаа нэхэмжлэх болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р ху/,
4.Гэрч Д.Тунгалагтамир 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сүхбаатар сумын 3-р баг 1-р хэсэг 181 тоот хашаа байшинд манай нөхөр болон М.Мөнхсайханы төрсөн эгч Мөнхтогоо, миний нөхөр М.Мөнхсайхан миний хүүхэд бид нар хамт амьдардаг юм. Миний нөхөр Мөнхсайхан одоогоос 3 хоногийн өмнө гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй хаагуур юу хийж явааг нь мэдэхгүй байна. М.Мөнхсайхан нь холбоо барих утас байхгүй, холбогдохгүй байна. Миний нөхөр М.Мөнхсайхан сүүлийн 5 сарын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Архи хэрэглээд байдаггүй. Тэгээд архи согтууруулах ундааг найз нөхөдтэйгөө явж хэрэглэдэг болохоор яг ямар зан авиртайг нь мэдэхгүй байна. Миний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хэрэглэвэл найз нөхөдтэйгөө явж байгаад эрүүл болохоороо гэртээ ирдэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/,
5.Гэрч Г.Ариунзаяагийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.Мөнхсайхан миний багын найз, мөн нэг ангид хамт сурч байсан, сайн найзууд. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Харин Я.Должинсүрэнгийн хувьд манай гэрийн урд талын гудманд гэр нь байдаг ганц бие ах байдаг, тэр утгаар нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. М.Мөнхсайхан бид хоёр хойд уулан дээр сууж байгаад 0.5 литрийн “Хараа” архи “Өгөөж” нэртэй дэлгүүрээс аваад гарч иртэл дэлгүүрийн гадна зүс таних Должинсүрэн буюу /шувуу/ хочтой, мөн зүс таних Даваа ах нартай таарч “бүгдээрээ гадаа гудамжинд архи ууж байхаар манайд очиж авсан архиа ууя” гэж Должинсүрэн ах ярихаар нь бид хоёр зөвшөөрч, тэгээд Должинсүрэн ахын гэрт очиж архиа хувааж ууцгаасан. Должинсүрэн ахтай хамт байсан Даваа ах очсон архинаас эхэлж 2 удаа уучхаад явсан. Тэгээд Должинсүрэн ах Мөнхсайхан бид 3 хамт үлдсэн архиа хувааж ууж байгаад, Мөнхсайхан нь Должинсүрэн ахын гэрт байж байсан гахайн толгойг “гэр рүүгээ авч явна явахгүй” гээд согтуурхаж маргалдаж байгаад, Мөнхсайхан нь Должинсүрэн ахын нүүр хамар руу нэг удаа цохиж Должинсүрэн ах газар унасан. Тэгсэн хамраас нь цус гарахаар нь би эхлээд Мөнхсайханыг салгаж дараа нь Должинсүрэн ахыг шалан дээрээс татаж босгож хамраас нь гарсан цусыг арчиж өгсөн байгаа. Тэгээд Мөнхсайханыг гэрт нь хүргэж өгөөд өөрөө гэр лүүгээ явсан. М.Мөнхсайхан гараараа Должинсүрэн ахын нүүр хамар тус газар нэг удаа цохисон. Би болсон явдлыг сайн санаж байна. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, гэхдээ ухаанаа балартлаа согтоогүй байсан. М.Мөнхсайхан нь бас их согтоогүй байсан. Надтай адилхан байсан. М.Мөнхсайхан нь надтай хамт архи ууж байх үедээ ямар нэг илүү дутуу зан авир гаргаад байдаггүй. Их л даруухан байдаг. Миний мэдэхээр тэдний дунд анх удаа ийм асуудал болж байгаа байх гэж бодож байна. М.Мөнхсайханы хувьд хүнтэй их амархан хэл үгээ олж ярьдаг, алиа хошин зантай, их нийтэч хүн гэж хэлэх байна. Хүн чанар их сайтай хүн их тусархуу залуу гэж хэлэх байна. Ер нь бол архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй хүн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,
6. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Я.Должинсүрэнгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 1 шүд бага зэрэг хөдөлсөн, цус хуралтын зөөлөн элийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/,
7. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, /хх-ийн 3-р ху/, хохирогчоос гаргаж өгсөн өргөдөл, /хх-ийн 5-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 24-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 26-27-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 33-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 34-60-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 61-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 62-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Мөнхсайханыг согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Салхит 3-р баг 4-р хэсэг 108 тоотод оршин суух Я.Должинсүрэнг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, хохирогчоос гаргаж өгсөн өргөдөл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдагч М.Мөнхсайханыг “Хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь “Хүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас одоогоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч Боржигон овогтой Мөнххуягийн Мөнхсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Мөнххуягийн Мөнхсайханыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Мөнхсайханы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Мөнхсайханд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Мөнхсайхан нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Хохирогч Я.Должинсүрэнгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нь нээлттэй орхисугай.
7.Шүүгдэгч М.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН