Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00962

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02704 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч *******ээс 52,655,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2021 оны 12 дугаар сард ******* тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан ба ажил олгогчоос 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгосон. Уг тэтгэмжийн мөнгийг хүү *******, бэр *******, ач охин ******* нарыг орон сууцтай болгох зорилгоор бэлэглэхээр болсон боловч тэд ипотекийн зээл олгогдох нөхцөл шаардлагыг хангахгүй байсан.

1.2. Харин бэр охины ээж ******* ипотекийн зээл олгогдох нөхцөл шаардлагыг хангасан учраас түүнд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 8 дугаар сард орон сууц худалдан авах зээлд хамрагдах боломжтой боллоо, гэхдээ хөрөнгийн эх үүсвэр нь зээлийн санхүүжилт байж болохгүй гэсэн учраас ******* нь надаас авсан 30,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг буцаан өгсөн.

1.3. Ингээд ипотекийн зээлийн мөнгөний эх сурвалжийг тодорхойлох зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр *******тэй 0207 дугаартай бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, түүнд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,255,000 төгрөг, өмнө өгсөн 30,000,000 төгрөгийн зөрүү 3,000,000 төгрөг, байрны урьдчилгаанд нийт 47,755,000 төгрөг шилжүүлсэн.

1.4. *******ийн нэр дээр зээл гарч, ******* тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан. Бид ипотекийн зээлийн хугацааг богино байлгаж, хоёр талаасаа дэмнээд хурдан төлж, хүүхдүүдээ байртай болгох талаар тохиролцсон байсан учир зээлийн төлөлтөд зориулж, *******ийн данс руу 4,900,000 төгрөг шилжүүлсэн.

1.5. Тухайн орон сууцанд хүү *******, бэр *******, ач охин ******* нар амьдарч байсан боловч 2024 оны 3 дугаар сард тэд маргалдаж, үүнээс хойш ач охинтой уулзуулахгүй, уулзахаар очиход цэцэрлэгээс нь гаргаж, Багануур дүүрэгт амьдардаг эмээ, өвөө рүү нь явуулсан байсан. Иймд ******* нь эхнэр хүүхдэдээ хайр халамжтай, сайн хань, сайн гэрийн эзэн байж чадаагүй, мөн ******* нь нөхөртөө болон хүүхдэдээ халамжтай сайн хань, ээж байж чадаагүйгээр үл барам биднийг огт танихгүй хүн шиг харилцаж, ач охинтойгоо уулзах боломжийг хязгаарлаж байгаад туйлын их гомдолтой байна.

Иймд *******, *******, ******* нарт 52,655,000 төгрөгийг бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч *******ээс 52,655,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* нар 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* нь *******д 40,000,000 төгрөгийг ямар нэгэн болзол, тусгай нөхцөлгүйгээр бэлэглэсэн. Уг гэрээний харилцаа нь зөвхөн *******, ******* нарын хооронд үүссэн, *******, ******* нартай бэлэглэлийн гэрээний ямар нэгэн харилцаа огт үүсээгүй.

2.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000,000 төгрөгийг хүүхдүүдийг байранд оруулах, ипотекийн зээлд хамруулах тусгай зориулалтаар хандивын журмаар, буцалтгүйгээр бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээний 1.2-т заасны дагуу ******* нь гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлж, зориулалтын дагуу байрны урьдчилгаа төлбөрт ашигласан, бэлэглэгчийг ноцтой гомдоогоогүй учир *******д шаардах эрх үүсээгүй.

2.3. Түүнчлэн ******* ипотекийн зээлд төлсөн гэх мөнгийг ******* нь бодитоор хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Ээж ******* гаргасан *******, *******, ******* нарт холбогдох 52,655,000 төгрөгийг бэлэглэсэн бэлэглэлийг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч *******ээс 52,655,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хамтран амьдрах боломжгүй болсон. ******* надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. ******* нь ипотекийн зээл авах эрхээ ашиглаж орон сууцыг өөрийн нэр дээр авсан. Одоо орон сууцанд хэн амьдарч байгааг мэдэхгүй.

4. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1. *******, ******* нар 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт зориулж бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээний харилцаа нь *******, ******* нарын хооронд үүссэн, *******той гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******ээс 52,655,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох бэлэглэлийг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 421,225 төгрөгийг гаргуулж *******д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******* нь бэлэглэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ипотекийн зээлээр ******* тоот хаягт байрлах, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 142,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Гэтэл анхан шатны шүүхээс гэрээгээр тохирсон болзол буюу зорилго биелээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

6.2. Түүнчлэн *******, ******* нар нь шүүхээр гэр бүлийн маргааныг шийдүүлээгүй, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, тусдаа харилцаа байхад анхан шатны шүүхээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох боломжгүй гэж дүгнэсэн нь энэ хэрэг маргаанд хамааралгүй, үндэслэлгүй.

*******, ******* нар маргалдсаны улмаас тус тусдаа амьдарч байсан хэдий ч гэр бүлийн харилцааг албан ёсоор дуусгавар болгоогүй, бэлэглэлийн гэрээний зорилго биелэгдээгүй нөхцөл байдал байхгүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байхад шаардах эрх үүссэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

6.3. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх заасан тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн бөгөөд уг гэрээнээс татгалзахдаа илүү нарийвчилсан зохицуулалт буюу мөн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3 дахь хэсэгт зааснаар татгалзах эрхтэй байна. Гэтэл үүргийн ерөнхий заалт болох Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн.

7.2. Хариуцагчийн зүгээс ипотекийн зээлд хамрагдаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаар уг гэрээний зорилго хангагдсан гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар 40,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ “үр хүүхдүүддээ орон сууцны урьдчилгаа” гэх утгатай шилжүүлсэн. Мөн бэлэглэлийн гэрээнд “үр хүүхдүүддээ амьдрах зориулалтаар бэлэглэлээ” гэж тусгасан. *******, ******* нар маргаан бүхий орон сууцанд амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн 5 настай зээ охин ******* 2024 оны 3 дугаар сараас хойш Багануур дүүргийн цэцэрлэгт суралцаж байгаа.

7.3. Анхан шатны шүүхээс уг бэлэглэлийн гэрээний зориулалт нь биелэгдэх боломжгүй болсон учраас тухайн бэлэглэлийн гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч *******ээс 52,655,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******, ******* нараас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагч *******ээс 52,655,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. *******, ******* нарын 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 0207 дугаартай “Бэлэглэлийн гэрээ”-гээр ******* нь “хүүхдүүдээ амьдрах зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зориулан байрны урьдчилгаа төлбөрт” гэсэн зориулалтаар 40,000,000 төгрөгийг *******д шилжүүлэх үүрэг хүлээж, уг мөнгөн хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлжээ. /хх-ийн 22-23, 26, 29 дүгээр тал/

3.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч *******ийн ******* тоот дансанд 2022 оны 4 дүгээр сарын 08, 2022 оны 8 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд байрны урьдчилгаа төлбөрийн зориулалтаар 7,755,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууцны зээлийн төлбөрт 4,900,000 төгрөг шилжүүлсэн. /хх-ийн 6, 8-14, 24-25, 27-29 дүгээр тал/  

3.3. Улмаар, ******* нь *******той 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 57.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 142,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. Уг гэрээний дагуу дээрх орон сууцны өмчлөх эрх *******ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ олгож, *******-ийн 98,500,000 төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 170 сарын хугацаатай орон сууцны зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 121-123, 126, 129 дүгээр тал/ 

3.4. Талууд дээрх үйл баримтад маргаагүй, тэдний маргааны зүйл нь бэлэглэлийн зүйлийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх, нэхэмжлэгчээс орон сууцны зээлийн төлбөрийн зориулалтаар шилжүүлсэн 4,900,000 төгрөгийг хариуцагч *******ийг хүлээн авсан гэж үзэх эсэх асуудал болжээ.  

4. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс 52,655,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

4.1. Анхан шатны шүүх *******, ******* нарын байгуулсан гэрээг *******, ******* нарыг орон сууцтай болгох зорилгод хүрсэн нөхцөлд хүчин төгөлдөр болохоор тохиролцсон тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ, *******, ******* нар хамтдаа амьдраагүй, цаашид орон сууц тэдний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох боломжгүй болсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Учир нь: 

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1, 279.3 дахь хэсэгт зааснаар тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч нь бэлэглэлээр хүрэхийг зорьсон зорилгод хүрсэн нөхцөлд хүчин төгөлдөр болох, уг зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.

Бэлэглэлийн гэрээгээр бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн өгсөн бэлгээр хөрөнгөжих бөгөөд тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээгээр бэлгийн тодорхой хэсгээр бэлэглэгчийн хүссэн зорилгыг биелүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох учиртай.

Гэтэл дээрх гэрээний талуудын хувьд хэн аль нь орон сууцыг *******, ******* нарыг амьдруулах буюу орон сууцтай болгох зорилготой худалдан авсан боловч тэд хамт амьдрахгүй байгаад хариуцагчийг буруутгах үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө бүхэлдээ орон сууц худалдан авахад зориулагдсан байна. Иймд *******, ******* нарын хооронд тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй.   

4.2. Харин 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр *******, ******* нарын хооронд хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээгээр ******* нь 40,000,000 төгрөгийг *******д бэлэглэх хүсэл зориг илэрхийлээгүй, харин *******, ******* нарт орон сууц худалдан авах зориулалтаар, *******ийн нэр дээр орон сууцны ипотекийн зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.  

Өөрөөр хэлбэл, дээрх бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид бэлэг өгөх хүсэл зориг, эрмэлзэл илэрхийлээгүй, банкны шаардлагад зориулан уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан байх ба тус гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хариуцагч ******* мэдэж байжээ.

Энэ тохиолдолд дээрх бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилго бүхий дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул уг хэлцлээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийг хүлээнэ.

4.3. Нэхэмжлэгчийн хувьд бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлэх зүйл байхгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүргийн зохицуулалтаар буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахад зориулж 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлснээс 27,000,000 төгрөгийг буцаан авч, үлдсэн 3,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 1,255,000 төгрөг, уг орон сууцны зээлийн төлбөрт зориулан 4,900,000 төгрөг нийт 12,655,000 төгрөгийг хариуцагч *******ийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх тул үүнээс 4,900,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болжээ. Иймд хариуцагч нь бусдын зардлаар хөрөнгөжих учиргүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,655,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.  

5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөг, орон сууцны төлбөрт төлсөн 12,655,000 төгрөг нийт 52,655,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах үндэслэлтэй.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/02704 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0207 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч *******ээс 52,655,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Т.ГАНДИЙМАА